Институт
2-р хичээлийн багшийн материал: Анхны үзэгдэл


“2-р хичээлийн багшийн материал: Анхны үзэгдэл,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“2-р хичээлийн багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

2-р хичээлийн багшийн материал

Анхны үзэгдэл

1820 онд Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдсэн. Энэ хичээл нь Иосефын Анхны үзэгдлийн тухай мэдээлэлтэй танилцаж, түүний үзэгдлээс сурч мэдэж болох сургаал, зарчмуудыг тодорхойлох мөн Иосеф Смит Эцэг, Хүү хоёрыг харсан хэмээх гэрчлэлээ бэхжүүлэхэд нь суралцагчдад туслах зорилготой.

Тэмдэглэл: Иосеф Смит—Түүх 1:5–13-т өгүүлсэн Иосеф Смитийн үнэнийг эрэлхийлсэн тухай түүхийг бид энэ цуврал хичээлийн 3-р хичээл дээр илүү дэлгэрэнгүй авч үзнэ.

Заах зөвлөмж

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдсэн.

Иосеф Смит—Түүх 1:21 дээрх дараах мэдэгдлийг үзүүл.

“Эдүгээ үзэгдэл буюу илчлэлт мэтийн юмс байдаггүй.”

  • Энэхүү мэдэгдлийн талаар та юу гэж бодож байна вэ?

  • Та энэ мэдэгдэлд итгэдэг байсан бол амьдрал тань хэр өөр байх байсан бэ?

Бага залуу Иосеф Смитийг Анхны үзэгдлийнхээ талаар методист номлогчид хэлэхэд тэр энэ мэдэгдлийг хэлсэн гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Иосеф Смит—Түүх 1:15–19-ийг уншаад, Иосефт тохиолдсон үйл явдал энэ номлогчийн хэлсэн зүйлийг хэрхэн няцааж байгааг бодохыг хүс. Суралцагчдыг уншсаны дараа, бодол санаагаа хуваалцахад урь.

ЗААХ, СУРАЛЦАХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ

Суралцагчдыг ангид чанга уншихад урь. Ангид хэд хэдэн арга замаар уншиж болно. Жишээлбэл, суралцагчид судраа дотроо унших, нэг суралцагч чангаар унших, суралцагчид судрын шүлгийг ээлжлэн унших, чангаар хамтдаа зэрэг унших гэх мэт.

Бурхан Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдэж, түүнтэй ярьсан хэмээх үнэнийг самбарт бич.

Анхны үзэгдлийн талаарх өөрийн гэрчлэлийг хуваалцах хүсэлтэй хэдэн суралцагчийг дараах асуултад хариулахад урь.

  • Анхны үзэгдлийн талаарх сүнслэг гэрч танд хэрхэн ирсэн бэ?

Бид Анхны үзэгдлийн тухай чухал үнэнүүдээс суралцана.

Иосеф Смит бидний мэдэх Анхны үзэгдлийн талаар 4 өөр тэмдэглэл үлдээснийг суралцагчдад сануул. Бидэнд мөн энэ талаар Иосефын ярьж байхыг сонссон хүмүүсийн бичсэн 5 нэмэлт тэмдэглэл бий. Матай, Марк, Лук, Иоханы номд бичигдсэн Аврагчийн амьдралын талаарх цэдгүүд өөр хоорондоо ялгаатай байдгийн адил Иосефын Анхны үзэгдлийн тухай тэмдэглэл түүнд тохиолдсон үйл явдлын янз бүрийн хэсгийг онцолсон байдаг. Гэхдээ тэдгээрт өгүүлсэн Иосефын үзэж, сонссон зүйлийн чухал хэсгүүд бүгд адилхан. Зарим хүн янз бүрийн тэмдэглэлүүдийг өөр хоорондоо ялгаатай байдгаас болж Анхны үзэгдлийг үгүйсгэх гэж оролддог. (Жишээлбэл, 1832 оны тэмдэглэлд Иосефыг нүглээсээ өршөөгдөхийг хүсэж байсныг онцолсон байдаг ба Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг тус тусад нь бус, харин “Их Эзэн” гэдэг нэг нэрийг ашигласан байдаг. 1835 оны тэмдэглэлд эхлээд Тэнгэрлэг Эцэг, дараа нь Аврагч гарч ирснийг дүрсэлсэн байдаг.)

Эдгээр тэмдэглэл яагаад өөр хоорондоо ялгаатай болохыг тайлбарлахын тулд суралцагчдаас амьдралд нь тохиолдсон чухал эсвэл утга учиртай үйл явдлынхаа талаар бодохыг хүс.

  • Тэрхүү үйл явдлын талаар ярих нь сонсох хүмүүсээс тань шалтгаалан хэрхэн өөр өөр байж болох вэ? Энэ нь мөн тухайн үйл явдлын талаар хэзээ буюу яагаад ярих болсноос шалтгаалан хэрхэн өөрчлөгдөж болох вэ?

  • Анхны үзэгдлийн талаарх янз бүрийн тэмдэглэл өөр хоорондоо ялгаатай байгаа нь Иосефт тохиолдсон үйл явдал бодит амьдрал дээр болсон үйл явдал гэдэгт эргэлзэхэд хүргэж байна гэж хэлж байгаа хүнд та ямар хариулт өгөх вэ? (Шаардлагатай бол суралцагчдыг бэлтгэх материалын 2-р хэсгээс олж мэдсэн зүйлээ бодоход урь.)

Бид Анхны үзэгдлээс … болохыг мэдэж авсан гэсэн дутуу мэдэгдлийг харуул.

Бид Иосефын Анхны үзэгдлийн тухай бүх тэмдэглэлээс гайхамшигтай үнэнийг мэдэж авч болно гэдгийг тайлбарла. Эдгээр Анхны үзэгдлийн талаарх тэмдэглэлээс тодорхойлсон үнэнийг жагсааж бичих замаар энэ хичээлд бэлдэхэд урьсныг суралцагчдад сануул. Шаардлагатай бол суралцагчдад тэмдэглэсэн үнэнүүдээ эргэж харах хугацааг гаргаж өг. (Хэрэв та эхний хоёр хичээлийг нэгтгэн зааж, суралцагчдад хичээлдээ бэлдэх боломж гаргаагүй бол тэмдэглэлүүдийг ангид судлах цаг гаргаж өгөх хэрэгтэй байж болох юм.)

Олж мэдсэн зарим үнэнээ мөн тэдгээр үнэнийг заадаг шүлэг эсвэл судрын хэсгийг хуваалцахад суралцагчдыг урь. Суралцагчдын хариултыг самбарт, саяхан үзүүлсэн дутуу мэдэгдлийн доор бич.

Тэмдэглэл: Иосеф Смитийн Анхны үзэгдлээс сурч мэдэж болох зарим үнэний жишээг олохын тулд бэлтгэх материалын Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу? хэсэгт эш татсан Далын ахлагч Ричард Ж.Мэйнсийн “The First Vision: Key to Truth” үгийг үзнэ үү (Ensign, June 2017, 60–65) .

Суралцагчдыг олж мэдсэн үнэнээ хуваалцсаны дараа, доорх нэмэлт асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг асууж болно.

  • Яагаад энэ үнэнийг мэдэж, ойлгох нь чухал гэж та бодож байна вэ?

  • Энэ үнэнийг мэдэх нь таныг хэрхэн адисалсан бэ?

  • Та Анхны үзэгдлийн талаар судалсан зүйлээсээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу олж мэдсэн бэ?

Бид Анхны үзэгдлийн талаарх гэрчлэлээ гүнзгийрүүлж чадна.

Иосефын амьдарч байсан газрын хүмүүс түүний харсан, сонссон гэх гэрчлэлээс татгалзаж, мөн үүнийх нь төлөө олон хүн хавчин гадуурхдаг байсныг тайлбарла (Иосеф Смит—Түүх 1:21–23-ыг үзнэ үү).

Суралцагчдыг Иосеф Смит—Түүх 1:24–25-ыг уншаад, түүний үзэгдэл үзсэн тухай гэрчлэлийг шоолсон хүмүүст бошиглогч Иосеф Смит хэрхэн хариулсныг олж мэдэхэд урь.

  • Иосеф Смитийн гэрчлэлийн ямар үг хэллэг танд онцгой санагдаж байна вэ? Яагаад?

  • Анхны үзэгдэл болон Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний тухай таны гэрчлэлийг шоолох эсвэл үгүйсгэх үед Иосеф Смитийн үзүүлсэн жишээ танд хэрхэн туслах вэ?

Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгийг үзүүлж эсвэл тараах материалаар тарааж өгөөд, нэг суралцагчийг чанга уншихад урь.

150 гаруй жилийн туршид дайснууд болон шүүмжлэгчид мөн зарим эрдэмтэн судлаач уг үзэгдлийн үнэн зөв байдлыг үгүйсгэхийг хичээн амьдралаа үрсэн. Мэдээж, тэд үүнийг ойлгохгүй. Бурханы зүйлсийг Бурханы Сүнсээр л ойлгох боломжтой. Бурханы Хүү мөнх бус байдалд дэлхий дээр алхаж байснаас хойш үүнтэй адил өөр ямар ч агуу зүйл болоогүй. Бидний итгэлийн мөн байгууллагын үндэс суурь болсон энэ үйл явдалгүйгээр бид байхгүй байх байсан. Энэ байгаа тул бидэнд бүх зүйл бий.

Үүнийг тайлбарлахын тулд их ч зүйл бичигдсэн, их ч зүйл цаашид бичигдэх болно. … Гэвч тэр үйл явдал болж өнгөрснөөс хойш олон жилийн турш тоолж баршгүй олон хүний мэдэрсэн Ариун Сүнсний гэрчлэл энэ нь үнэн бөгөөд Иосеф Смитийн хэлснээр тохиосон гэдгийг гэрчилдэг. (Gordon B. Hinckley, “Four Cornerstones of Faith,” Ensign, Feb. 2004, 5)

Иосеф Смитийн тухай болон Анхны үзэгдлийн талаар илүү гүнзгий гэрчлэлтэй болохыг хүсэж буй суралцагчдыг эдгээр тэмдэглэлийг үргэлжлүүлэн судалж, Ариун Сүнсээр дамжуулан Анхны үзэгдлийн үнэн бодит байдлыг тэдэнд батлахыг Бурханаас хүсэх замаар үнэнийг эрэлхийлэх Иосефын загварыг дагахад урамшуулан дэмж. Та Анхны үзэгдэл болон бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн сайн мэдээний талаар гэрчлэлээ ангийнхантай хуваалцаж, хичээлээ өндөрлө.

Дараагийн хичээлээр

Суралцагчдаас Сүмийн сургаал, зан үйл эсвэл түүхийн талаар тэдэнд болон бусдад байгаа хэцүү асуултуудын тухай бодохыг хүс. Дараагийн хичээлээр тэд хүнд асуулт, асуудал гарч ирвэл юу хийхэд суралцахыг тайлбарла. Суралцагчдыг 3-р хичээлийн бэлтгэх материалыг судалж, илүү их сүнслэг мэдлэг олж авахад туслах зарчмуудыг ангид ярилцахад бэлдэж ирэхэд урамшуулан дэмж.