“17-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Эсэргүүцэл, зовлон зүдгүүр учрах үед итгэлтэй хэвээр үлдэх,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)
“17-р хичээл: Хичээлд бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал
17-р хичээл: Хичээлд бэлтгэх материал
Эсэргүүцэл, зовлон зүдгүүр учрах үед итгэлтэй хэвээр үлдэх
Итгэлийг маань сорих аливаа зүйл бидэнд тохиолдож байдаг. Амьдралын сорилт бэрхшээлүүдийн нэг нь тийм хүнд хэцүү цаг үеийг даван туулахдаа Бурханд зоригтой, тууштай байх явдал юм. Дараах материалыг судлах явцдаа, итгэл тань соригдох үед таныг удирдахад туслах зарчмуудыг хайж ол.
1-р хэсэг
1830-аад оны сүүлээр Огайогийн Көртландын гэгээнтнүүдэд ямар зовлон бэрхшээл тулгарсан бэ?
“Сүмийн бат бөх итгэлтэй олон эр гуйвж, дайвж байв” гэж Бригам Янг 1837 онд Сүмийг хамарсан хямралын талаар өгүүлэв (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 359). Гэгээнтнүүд ердөө нэг жилийн өмнө Көртландын ариун сүмийг онцгойлон адислах ёслолоос амар амгаланг болон олон илчлэлт хүлээн авсан байв. Гэвч онцгойлон адисалснаас хойш хэдэн сарын дараа тухайн улсад хүчээ аваад байсан “эрсдэлтэй наймаа” гэгээнтнүүдийн дунд ч дэлгэрч эхлэв. Көртланд “их цэцэглэн хөгжиж байгаа юм шиг,” “бүгд л баян болохоор шийдсэн мэт санагдаж байв. Миний бодлоор эдгээр нь хуурамч эсвэл төсөөллийн баялгууд байсан. Энэ хөгжил цэцэглэлт олон гэгээнтнийг Их Эзэн өөрсдийг нь дэлхийн эд баялгаар баяжуулах цаг болсон гэдэгт итгэхэд хүргэж, ийн итгэх болсноор тэд ихээхэн чармайлт гаргасан ба Арван хоёрын Лайман И.Жонсон, Жон Ф.Боинтон хоёр хүртэл Нью-Йорк руу явж 20000 доллартай дүйцэхүйц бараа худалдан авч, арилжааны бизнест элсэхдээ Полли Вөүс, Бостон болон ойр хавийн бусад гэгээнтнээс их хэмжээний мөнгө зээлж, хэзээ ч буцааж төлөөгүй байна” (in Orson F. Whitney, The Life of Heber C. Kimball [1888], 111–112) хэмээн Хибэр С.Кимбалл бичиж үлдээсэн байна.
Олон гэгээнтний дунд бардамнал, нэг нэгнээсээ алдаа хайх явдал болон урвалтын сүнс тархаж эхлэв. Элиза Р.Снөү ийн дурссан байдаг.
Өдөр тутмынхаа үүргийг даруухан, итгэлтэйгээр биелүүлдэг байсан … олон хүн эдүгээ сүнсээрээ ихэмсэг болж, зүрх сэтгэлийн бардамналд хөөрдөг болсон байв. Гэгээнтнүүд дэлхийн сүнсийг хүлээн авч, үүнийг хайрладаг болох тусам Их Эзэний Сүнс тэдний зүрх сэтгэлээс алга болж байв. (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 358)
Хөгжин дэгжиж буй мэт харагдавч ариун сүм барьж, газар худалдаж авсан нь Сүмд хэдэн арван мянган долларын өр хуримтлуулахад хүргэсэн ба Сүмийн санхүүгийн дарамт өндөр байв. Энэ үед Көртланд болон Миссурийн гэгээнтнүүд Фар Вест болон Жаксон гүнлэгт илүү их газартай болж, шинэ суурингууд барих Их Эзэний зарлигийг дагахаар ихэд хичээцгээж байв. Сүмийн санхүүгийн дарамтыг хөнгөвчлөх үүднээс Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч Көртландын Аюулгүй байдлын нийгэмлэг хэмээх нэртэй жижиг банк байгуулжээ. Иосефтой нийлээд хэдэн гэгээнтэн тус шинэ банкнаас хувьцаа худалдаж авчээ. Хэрэв итгэлтэй байх юм бол ирээдүйд хөгжил цэцэглэлт, эд баялаг ирнэ гэдэгт олон гэгээнтэн итгэж байв.
Гэвч 1837 оны эхээр олныг хамарсан эдийн засгийн хямралаас болж Нэгдсэн Улс даяар олон банк дампуурсан ажээ. Көртландын Аюулгүй байдлын нийгэмлэг нээгдсэнээс хойш долоон сарын дараа гишүүн бус зарим иргэний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарснаас мөн улс орны эдийн засгийн хямралын үймээн үүнийг дампуурахад хүргэжээ. Банкинд хөрөнгө оруулсан 200 хөрөнгө оруулагч бараг бүхнээ алдсан ба тэднээс Иосеф Смит хамгийн их хохирлыг амссан байна.
Хэдийгээр гэгээнтнүүдийн ихэнх нь сорилтын энэ цаг үед итгэлээр хариулж, гэрчлэлдээ үнэнч үлдсэн ч олон хүн, Сүмийн зарим удирдагч хүртэл санхүүгийнхээ асуудлаас болоод Иосеф Смитийг буруутгаж байв. Зарим нь түүнийг унасан бошиглогч гэцгээж, түүний оронд Сүмийн шинэ ерөнхийлөгч томилохыг хүсэж байлаа.
2-р хэсэг
Итгэл маань соригдох үед хүчтэй, тууштай хэвээр үлдэхийн тулд би юу хийж чадах вэ?
1837 оны эхээр Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Томас Б.Марш Миссури дэх Сүмийг удирдахад тусалж байв. Чуулгын зарим гишүүн Иосеф Смитэд шүүмжлэлтэй хандаж, бие биетэйгээ маргалдаж эхэлснийг олж мэдээд Томас Арван хоёрыг нэгтгэх гэж хичээн, Огайогийн Көртланд руу аялав.
Томас Көртланд руу явах замдаа, бошиглогч чуулгын хоёр хүнийг Англид номлолд үйлчлэхээр дуудсан байсныг олж мэдэв. Томас өөрийгөө Чуулгын ерөнхийлөгчийн хувьд тэднийг номлолд дуудах үүрэгтэй гэж үзэж байжээ. Томас Көртландад ирээд, Иосеф Смитэд энэ асуудлаа ярихад бошиглогч Томаст зөвлөгөө өгсөн илчлэлтийг хүлээн авсан (Revelations in Context [2016], 55–57-г үзнэ үү).
Их Эзэний Томаст хэлсэн үгийг уншихдаа, итгэлдээ эргэлзэж байгаа хүнд энэ эшлэлийн ямар зөвлөгөө болон үнэн тусалж болох талаар бодож үз. Олж мэдсэн зүйлсээ тэмдэглэх талаар бод.
3-р хэсэг
Саад бэрхшээл биднийг сурах ёстой хамгийн чухал зүйлд маань хэрхэн бэлтгэж чадах вэ?
Көртландын Сүмээс гарсан хэдэн хүн Иосеф Смитийг хөнөөхийг оролджээ. Их Эзэн Иосеф, Сидней Ригдон хоёрт илчлэлтээр сэрэмжлүүлсний дагуу тэд тэндээс шөнөөр гарч яван, Миссурийн Фар Вест рүү явж, 1838 оны 3-р сард тэнд ирсэн байна. Тэр зун, намрын туршид миссуричүүд болон Сүмийн гишүүдийн хоорондох үл ойлголцол, хурцадмал байдал Миссурийн хойд хэсэгт зэвсэгт мөргөлдөөн гарахад хүргэв. Энэхүү зөрчилдөөний талаарх хэтрүүлэгтэй мэдээлэлд түшиглэн Миссури мужийн захирагч гэгээнтнүүдийг мужаас хүчээр хөөн зайлуулах тушаал гаргажээ. Үүний дараа удалгүй 1838 оны 11-р сард бошиглогч Иосеф Смитийг болон Сүмийн бусад удирдагчийг баривчилж, улс эх орноосоо урван тэрсэлсэн хэмээн гүтгэн, эцэс сүүлд нь Миссурийн Клэй гүнлэгийн Либерти шоронд хорьсон байна.
Шоронгийн амьдрал Иосефыг туйлдуулсан юм. Үймүүлэгчид торон хамгаалалттай цонхоор түүн рүү нэг бол мэлрэн харж, нөгөө бол бүдүүлгээр харааж зандчих гэж шагайдаг байв. Түүнд болон бусад хоригдолд жаахан эрдэнэ шишийн талхнаас өөр идэх зүйл байдаггүй байлаа. 12-р сараас хойш унтахдаа ашигласан сүрэл нь ширэлдэж, тав тухгүй болжээ. Тэднийг дулаацахаар гал асаах үед гяндан утаагаар дүүрч, амьсгалж чадахгүйд хүрдэг байв.
Тэнгэрлэг дуудлагаа хүлээн авснаас хойш Иосеф Их Эзэнд дуулгавартай байж, гэгээнтнүүдийг цуглуулахыг хичээж байхдаа эсэргүүцэлтэй тулгарсан ч урагшилж байлаа. Сүм олон жилийн турш цэцэглэн хөгжиж ирсэн ч одоо нуран унах гэж байгаа мэт санагдах болов.
Танхайрагчид Жаксон гүнлэгт байсан гэгээнтнүүдийг Сионоос хөөн гаргав. Доторх хагалан бутаргагчид Көртланд дахь сүмийг хагаралдуулж, ариун сүм зээлдэгчдийн гарт оржээ. Хөршүүдтэйгээ аймшигтайгаар тулалдсаны дараа сэтгэлээр унан, гэр оронгүй болсон гэгээнтнүүд Миссиссипи мөрний зүүн эргээр тарсан байв. …
Иосеф гэгээнтнүүдийг Бурханыг хайрладаг сайн хүмүүс гэж боддог байсан. Тэд гэр орноосоо чирэгдэн, зодуулж, үхэж үлдэх ёсгүй байв. (Гэгээнтнүүд: Хожмын өдрүүд дэх Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 [2018], 384–385)
Иосеф Смит Сүмийн удирдагч, гэгээнтнүүдэд хандсан захидалдаа “Ай Бурхан минь, та хаана байна вэ? … Таны гар хэчнээн удаан хүлцэн тэвчих юм бэ, мөн таны мэлмий … өөрийн хүмүүсийн мөн өөрийн үйлчлэгчдийн буруу зүйлүүдийг мөнхийн тэнгэрээс болгоогооч, мөн тэдний гуйлтууд сонорт тань хэчнээн удаан нэвтрэх юм бэ?” (Сургаал ба Гэрээ 121:1–2) гэсэн байв.
Та зовлон бэрхшээлтэй тулгарч, Бурханаас тусламж гуйж байсан үеэ бодоорой. Либерти шоронд Их Эзэний Иосефтой ярьсан дараах үгсийг судалж байхдаа Их Эзэн өөрт тань хандан эдгээр үгийг ярьж байна гэж төсөөлөөд үз дээ. Онцгой санагдсан үг хэллэг, зарчмуудыг тэмдэглэхийг бод.