“5-р хичээлийн багшийн материал: Мормоны Ном гарч ирсэн нь,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)
“5-р хичээлийн багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал
5-р хичээлийн багшийн материал
Мормоны Ном гарч ирсэн нь
Мормоны Номыг гайхамшигт арга замаар авчирсан юм. Энэ хичээл нь Мормоны Номыг хэрхэн “Бурханы бэлэг ба хүчээр” орчуулсныг илүү сайн ойлгоход суралцагчдад тусална (Сургаал ба Гэрээ 135:3). Суралцагчдад мөн Мормоны Номын үнэний талаар эргэцүүлэн бодож, гэрчлэлээ хуваалцах боломж олгоно.
Заах зөвлөмж
Мормоны Ном “Бурханы бэлэг болон хүчээр” ирсэн.
Моронай ялтаснуудыг газарт булж буй зургийг үзүүл.
Энэ зурган дээр юу болж байгаа талаар мэдэх зүйлээ ярихыг суралцагчдаас хүс. Түүнчлэн энэ цэдгийн ирээдүйн хойч үед үзүүлэх нөлөөний талаар Моронай юу мэдэж байсан гэж бодож байгааг асуу.
Суралцагчдыг Мормон 8:12–16-г уншаад, Мормоны Номыг гаргаж ирэх тухайд Моронай юу заасныг олж мэдэхэд урь.
-
Моронай Мормоны Номыг гаргаж ирэх талаар юуг онцлохыг хүссэн бэ?
Мормоны Номын орчуулгын талаар асуух болгонд олон удаа давтан хэлсэн Иосеф Смитийн дараах мэдэгдлийг харуул.
Би Мормоны Номыг Бурханы бэлэг хийгээд хүч чадлаар орчуулсан юм. (Joseph Smith, in James Palmer, Journal, 75, Church History Library, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah; орчин үеийн хэлбэрээр том үсгийг өөрчилсөн болно.)
Мормоны Ном хэрхэн “Бурханы бэлэг, хүчээр” гарч ирсэн тухай бэлтгэх материалаас олж мэдсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь. (Шаардлагатай бол суралцагчдыг бэлтгэх материалын 1-р хэсгийг гүйлгэн уншихад урь.) Та мөн тэднийг Мормоны Номын орчуулгын талаар судлах үед гарч ирсэн асуултаа тавихад урьж болно.
Суралцагчдыг бэлтгэх материалын 1-р хэсгийн төгсгөлд байх Иосеф Смит, ахлагч Нийл А.Максвэлл хоёрын хэлсэн мэдэгдлээс сурч мэдсэн зүйлээ эргэн харахад урь. (Та нэг суралцагчийг тэдгээр мэдэгдлийг чанга уншихад урьж болно.)
-
Яагаад бид үүнийг “хүлээн авсан үйл явцаас” “номын агууламж”-д нь илүү анхаарах ёстой гэж та бодож байна вэ?
Бурхан Мормоны Номын баттай гэрчийг хүлээн авч болно хэмээн амласан.
Суралцагчдаас хэн нь алтан ялтаснуудыг өөрсдөө хармаар байгааг мөн яагаад гэдгийг асуу.
-
Их Эзэн яагаад ялтаснуудыг болон бусад олдворыг дэлхийд үзүүлэх замаар Мормоны Ном үнэн болохыг нотлохыг зөвшөөрөхгүй байгаа юм бэ?
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 5:3, 6–7-г уншаад, яагаад Иосеф ялтаснуудыг нотолгоо хүссэн хүмүүст үзүүлээгүйг олж мэдэхэд урь. Шүлгүүд юу заасныг тайлбарлах боломжийг суралцагчдад олго.
Мартин Харрисыг Иосефт алтан ялтаснууд байгаа гэдгийг нотлохыг хүсэхэд энэхүү илчлэлтийг Иосефт өгсөн гэдгийг тайлбарла. Мартин нь Иосефын найз байсан бөгөөд Мормоны Номыг орчуулсны дараа хэвлэн гаргахад туслах санхүүгийн чадавхтай байв. Мартины эхнэр Люси Иосеф нөхрийг нь болон бусад хүнийг санхүүгийн ашиг хонжоо олохын тулд залилсан хэмээн буруутгаж, орон нутгийн шүүхэд гомдол гаргажээ. 1829 оны 3-р сард Мартин Пеннсильвани мужийн Хармони руу явж, Иосеф Смитээс ялтаснууд байгаа гэсэн нотолгоог хүсэв.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 5:11–15-ыг уншаад, Мормоны Ном үнэн болохыг нотлох Их Эзэний нэг арга замыг хайж олоход урь. Эдгээр шүлгээс сурч мэдсэн зүйлээ тайлбарлахыг суралцагчдаас хүс.
Их Эзэн Мартин Харрисыг “мэхийж,” “хүчирхэг залбирал хийгээд итгэлд өөрийгөө даруусгах” (Сургаал ба Гэрээ 5:24) аваас Гурван гэрчийн нэг болж болно хэмээн илчилснийг тайлбарла. Гурван сарын дараа Иосеф Мартин Харрисыг Оливер Каудери, Давид Витмер хоёртой хамт Их Эзэний амласан онцгой гэрчийг эрэлхийлэхэд урьсан юм.
Бэлтгэх материал дээрх Иосеф Смит гурван гэрчийн хамт зургийг үзүүлээд, энэ эрчүүдийг ялтаснуудын талаар гэрчлэл олж авахаар залбирах үед юу болсон талаар ярьж өгөхийг ангийнхнаас хүс.
-
Гурван гэрчид ялтаснуудыг харуулах үед Иосефт ямар байсан бэ? (Шаардлагатай бол бэлтгэх материал дээрх Люси Мак Смитийн хэлсэн үгийг суралцагчдаар уншуул.)
-
Хэдийгээр гурван гэрч гурвуулаа бошиглогчоос болон Сүмээс холдсон ч гэсэн тэд өөрсдийн гэрчийг хэзээ ч үгүйсгээгүй нь Гурван гэрчийн гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ?
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 5:15–16 болон Моронай 10:3–5-ыг уншаад, бүх хүн хэрхэн Мормоны Ном үнэн гэдэг гэрчлэлийг олж авах боломжтой болохыг олж мэдэхэд урь. Суралцагчдыг эдгээр судрын хэсгээс сурч мэдсэн зүйлээ тайлбарлах хооронд, Их Эзэн гэрчийг эрэлхийлэх хэнд ч Мормоны Ном үнэн гэдгийг Ариун Сүнсээр дамжуулан мэдүүлэх болно гэсэнтэй төстэй зарчмыг тодорхойлоход тэдэнд тусал.
-
Ариун Сүнсний гэрчийг ялтаснуудыг харах эсвэл Мормоны Номын орчуулгын талаарх бүх нарийн ширийн мэдээллийг мэдэх гэх мэт биет нотолгоотой харьцуулахад адилхан байж чадах уу?
Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгч асан Тэд Р.Каллистэр ахын дараах түүхийг чанга уншихад нэг суралцагчийг урь.
Сайн, ухаалаг найзуудын маань нэг нь хэсэг хугацаанд Сүмийг орхисон. Тэрээр саяхан надад Сүмд эргэж ирсэн тухайгаа бичсэн юм. “Эхэндээ би Мормоны Номыг түүх, газар зүй, хэл, соёлын талаас нь нотлохыг хүсэж байсан. Гэвч би Есүс Христийн сайн мэдээ, Түүний аврах зорилгын талаар заадаг зүйлд анхаарал хандуулснаар энэ нь үнэн болох талаар гэрчлэлтэй болж эхэлсэн. Нэг өдөр би Мормоны Номыг өрөөндөө уншиж байгаад түр азнаж, өвдөг сөгдөн, чин сэтгэлээсээ залбирч, Тэнгэрлэг Эцэг Сүм болон Мормоны Ном гарцаагүй үнэн хэмээн миний сүнсэнд цуурайтуулан шивнэхийг мэдэрсэн юм. Би Сүмийг гурван жил хагасын хугацаанд дахин сонирхсоны эцэст үнэн гэдгийг нь бүх зүрх сэтгэлээрээ, бүрэн дүүрэн мэдэж авсан.”
Ямар ч хүн миний найзтай адил, Мормоны Номыг даруухнаар уншиж, тунгаан бодох цаг гаргаж, Сүнсний сайн үр жимсийг анхааралтай ажиглах аваас хүссэн гэрчээ хүлээн авах болно.
Мормоны Ном бол Бурханы бидэнд өгсөн үнэлж баршгүй бэлгүүдийн нэг мөн. Тэд Р.Каллистэр, “Бурханы няцаашгүй гэрч: Мормоны Ном,” Ensign, Nov. 2017, 109 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 108)
-
Мормоны Ном үнэн гэдгийг мэдэхэд ямар туршлага танд тусалсан бэ? (Суралцагчдад бэлтгэх материалын 2-р хэсгийн төгсгөлд бичсэн зүйлээ хуваалцах боломжийг олго.)
Хэдийгээр бид алтан ялтаснуудыг харж, Мормоны Номыг орчуулж байх үед хажууд нь байгаагүй ч энэ номыг уншиж, судлан, энэ нь үнэхээр Бурханы үг гэсэн сүнсний гэрчийг өөрсдөдөө олж авах боломжтой талаар гэрчлэлээ хуваалц.
Дараагийн хичээлээр
Их Эзэний Сүмийг шүүмжлэгчид яагаад Мормоны Ном руу дайран довтолдог талаар бодоход суралцагчдыг урь. Ангийнхныг дараагийн хичээлд бэлтгэх материалыг судалж, Мормоны Номыг хамгаалах чадвараа хэрхэн нэмэгдүүлж болохыг олж мэдэхэд урь.