“18-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйчүүд ба Халамжийн нийгэмлэг,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)
“18-р хичээл: Хичээлд бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал
18-р хичээл: Хичээлд бэлтгэх материал
Хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйчүүд ба Халамжийн нийгэмлэг
Халамжийн нийгэмлэгийн тухай ярихдаа бошиглогч Иосеф Смит “Эмэгтэйчүүд ийм байдлаар зохион байгуулагдахгүй бол Сүм хэзээ ч төгс зохион байгуулагдахгүй” хэмээн тунхагласан (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 510). Их Эзэний Сүм дэх эмэгтэйчүүдийн байр суурийн талаар дэлхийд илгээж буй энэ мэдэгдлийн талаар бод. Эдгээр материалыг судлахдаа, Есүс Христийн сэргээгдсэн сүмд хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйчүүд ба Халамжийн нийгэмлэгийн ажил хэр чухал болох талаар эргэцүүлэн бодоорой.
1-р хэсэг
Хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйчүүд Бурханы хаант улсыг хэрхэн байгуулдаг вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйж нэгэн удаа “Эмэгтэй хүний болон эмэгтэйчүүдийн дэлхийн хамгийн том өмгөөлөгч нь Есүс Христ юм” гэж хэлж байжээ (in Daughters in My Kingdom [2011], 3).
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард ийн заасан.
Манай эгч нар Их Эзэний ажилд үргэлж амин чухал, салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Итгэлтэй эмэгтэйчүүд энэ дэлхийн үүслээс өмнө үнэн, зөв шударга байдлын төлөө тууштай хөдөлмөрлөж ирсэн. Манай эрин үе бол тэдний баатарлаг чанаргүйгээр юу ч биш билээ. (M. Russell Ballard, “Women of Righteousness,” Ensign, Apr. 2002, 69)
Бошиглогч Иосеф Смитийн эхнэр Эмма Смит Сэргээлтэд чухал үүрэг гүйцэтгэсэн хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйн үлгэр жишээ болсон юм. Их Эзэн Иосеф Смитэд өгсөн илчлэлтээрээ Эммаг “сонгогдсон хатагтай” (Сургаал ба Гэрээ 25:3-ыг үзнэ үү) гэсэн байдаг. Та энэ илчлэлтийн зарим хэсгийг уншихдаа, Их Эзэний Эммад өгсөн үүрэг хариуцлагууд болон зөвлөгөөг тэмдэглэхийг бодоорой. Их Эзэний 16-р шүлэг дээр Эммад өгсөн зөвлөгөө бид бүгдэд хамаатай гэдгийг Тэрээр тунхагласан болохыг анхаар.
Эмма, Иосеф хоёр хамт байх хугацаандаа маш их сорилтыг туулсан. Тэд бас бие биедээ маш их тайтгарал, баяр баясгаланг авчирдаг байв. Эмма дуудлагадаа үнэнч байсан тул Иосефыг маш ихээр тайвшруулж, хавчлага, хүнд хэцүү бэрхшээл дунд түүнийг дэмжиж, тайвшруулдаг байжээ. Аюулаас нуугдаж байх үед нь түүн дээр Эммагийн очсон үеийг бошиглогч дурсан, “ямар ч саад бэрхшээл тохиолдсон мохошгүй, цуцашгүй, гуйвшгүй, өөрчлөгдөшгүй, хайр татам Эмма миний дэргэд байсан” гэж бичжээ (“Journal, December 1841–December 1842,” 135, josephsmithpapers.org).
Эмма хэсэг хугацаанд Иосефын бичээчээр ажиллаж, Мормоны Номыг орчуулахад тусалж байсан. Тэр амьдралынхаа турш Мормоны Номын талаар зоригтойгоор гэрчилж байсан юм. Тэрээр нас барахынхаа өмнөхөн хүүдээ “Мормоны Ном жинхэнэ бурханлаг зүйл гэдэгт би итгэдэг. Би үүнд огтхон ч эргэлзэж байгаагүй” гэжээ (Emma Smith, in “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, Oct. 1, 1879, 290). Эмма Их Эзэний зарлигт дуулгавартай байж мөн Сүмийн анхны дууллын номыг эмхэтгэсэн.
Эмма үлгэр жишээгээрээ заадаг байв. “Нью Йоркт тэрээр … сайн мэдээг номлохоор дуудагдсан номлогчдод зориулан хувцас оёж байв. … Тэрээр Көртландад эмэгтэйчүүдтэй хамтран, Миссури дэх гай зовлонд нэрвэгдсэн гэгээнтнүүдэд хүргүүлэхийн тулд Сионы хуарангийн хээрийн аяныхны авч явах хөнжил, хоол хүнс, хувцас зэргийг цуглуулж байсан. Тэрээр Көртландын ариун сүмийн барилгын ажилчдад зориулан хоол хүнс бэлтгэж, оймс, өмд, хүрэм хийхэд тусалж байлаа. Мөн ариун сүмийн барилга дээр ажиллаж байсан олон хүнийг унтах орон байр, хоол хүнсээр хангаж, харин өөрөө Иосефтой хамт шалан дээр унтдаг байв. Наувугийн анхны өдрүүдэд тэрээр гэрийнх нь гадаа болон Миссиссиппи мөрний эрэг дээр байрлаж байсан хумхаа өвчинд нэрвэгдэгсдийг халамжлахад цаг заваа зориулан ажиллаж байжээ. Тэр эдгээр болон бусад хэлбэрээр үзүүлж байсан үйлчлэлээрээ олон эгч нарт үлгэр дуурайл үзүүлж байв” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 509).
2-р хэсэг
Халамжийн нийгэмлэг юугаараа онцлог вэ?
1842 оны хавар гэгээнтнүүд Наувугийн ариун сүмийг барих үед ядуу тарчиг байв. Олон эгч туслахын тулд илүү их зүйл хийхийг хүсэж байлаа. Сара Кимбалл, Маргарет Күк эгч нарын удирдсан хэсэг эгч ариун сүмийн ажилтнуудад зориулсан хувцас оёх эмэгтэйчүүдийн шинээр байгуулагдсан нийгэмлэгийн үндсэн дүрмийг боловсруулахаар цугларав. Тэднийг бошиглогч Иосеф Смиттэй зөвлөлдөх үеэр, тэрээр дүрмийг нь өөрийнх нь харж байсан “хамгийн сайн зүйл” гэсэн ч нэмж ийн хэлэв (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 510). “Энэ бол та нарын хүссэн тэр зүйл биш. Санал болгосон зүйлийг нь Их Эзэн хүлээн авсныг эгч нарт хэл. Мөн … өөр илүү чухал зүйл Түүнд байгаа. Би хэдэн ахын хамт эгч нартай бүгдтэй нь уулзахыг урьж байна. … Би санваарын загвараар, санваарын доор эмэгтэйчүүдийг зохион байгуулна” гэж хэлсэн (in Daughters in My Kingdom, 12). Элиза Р.Снөү Халамжийн нийгэмлэг “сүмд эрт үеэс байсныг Иосеф Смит заасан юм” (in Daughters in My Kingdom, 7) хэмээн дурссан байдаг.
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч асан Жюли Б.Бэк эгч санваарын загвараар зохион байгуулагдана гэдэг нь юу гэсэн үг болохыг заав.
Халамжийн нийгэмлэг “санваарын загвараар” зохион байгуулагдсан учраас онцгой юм [Joseph Smith, quoted in Sarah M. Kimball, “Auto-biography,” Woman’s Exponent, Sept. 1, 1883, 51]. … Бид санваарын арга барилаар ажилладаг тул илчлэлт эрэлхийлж, хүлээн авч, зөвлөлдөө шийдвэрүүдийг гаргадаг. Мөн бид бусдыг нэг бүрчлэн анхааран санаа тавьдаг. Бидний зорилго бол гэрээнүүдийг байгуулж, түүнийгээ сахин биелүүлснээр өөрсдийгөө мөнх амьдралын адислалуудад бэлдэх санваарын зорилго мөн. Ийм учраас санваар атгагч ах нарын нэгэн адилаар бидний зорилго бол авралын ажлуудыг гүйцэтгэх, үйлчлэх, цэвэр ариун хүмүүс болох явдал юм. (Julie B. Beck, “Relief Society: A Sacred Work,” Ensign эсвэл Liahona, Nov. 2009, 110)
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Халамжийн нийгэмлэгийн ажил нь санваарын эрх мэдлээр гүйцэлддэгийг онцолсон байна.
Тухайн үедээ Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч байсан ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит Халамжийн нийгэмлэгт хандаж, “Эгч нар санваарт томилогдоогүй байгаа нь Их Эзэнээс тэдэнд эрх мэдэл олгоогүй гэсэн үг биш юм. … Та нар эрх мэдлээр ярьж болно, учир нь Их Эзэн эрх мэдлийг та нарын дээр байрлуулсан” гэж хэлсэн. Тэрээр мөн Халамжийн нийгэмлэгт “олон агуу зүйлийг хийх хүч хийгээд эрх мэдлийг өгсөн. Тэдний хийдэг ажил тэнгэрлэг эрх мэдлээр гүйцэтгэгддэг” гэжээ [“Relief Society--An Aid to the Priesthood,” Relief Society Magazine, Jan. 1959, 4–5]. …
… Аливаа хүн алба юм уу дуудлагыг санваарын түлхүүрүүдийг атгагч нэгнээс хүлээн авснаар томилогдсон үүргүүдээ биелүүлэхдээ санваарын эрх мэдлийг ашигладаг. (Даллин Х.Өүкс, “Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 68–71)
3-р хэсэг
Бурханы болон Түүний Сүмийн зорилгыг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүд болон Халамжийн нийгэмлэг хэрхэн тусалдаг вэ?
Халамжийн нийгэмлэгийн анхны хурал 1842 оны 3-р сарын 17-нд Иллинойн Науву дахь Иосеф Смитийн Улаан тоосгон дэлгүүрийн дээд давхарт болсон юм. Эммаг шинэ байгууллагын ерөнхийлөгчөөр сонгож, дэмжин баталжээ. Иосеф босож зогсоод, үүгээр Их Эзэний Эммаг “миний дуудсан, сонгогдсон хатагтай” (Сургаал ба Гэрээ 25:3) хэмээн тунхагласан нь биеллээ олж буй хэрэг юм хэмээн тайлбарласан. Хэсэг хугацааны дараа бошиглогч “Энэ нийгэмлэг Бурханы тогтоосон жаягаар болон удирдахаар томилогдсон хүмүүсийн дундаас заавраа хүлээн авах ба би энэ түлхүүрийг та нарт Бурханы нэрээр өгч байна. Энэ нийгэмлэг одооноос эхлэн баяр баяслыг эдлэн, тэнгэрээс мэдлэг, оюун билиг юүлэгдэн ирэх болно” гэж хэлжээ (Daughters in My Kingdom, 14–15).
Эмма Смит эгч Сүмийн эмэгтэйчүүд хамтдаа “ер бусын ажил” гүйцэтгэх болно хэмээн тунхагласан юм (“Joseph Smith’s Teachings about Priesthood, Temple, and Women,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org). Дараах мэдэгдлүүдийг судалж байхдаа, Халамжийн нийгэмлэгийн зорилго, эрхэм зорилтын талаар чухал санагдсан зүйлээ тэмдэглэхийг бод.
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч асан Зина Д.Х.Янг ийн дурсжээ.
Халамжийн нийгэмлэг нь … ядуу болон тусламж хэрэгтэй хүмүүст материаллаг адислалыг түгээхээр зохион байгуулагдсан юм. Түүнчлэн уг байгууллага сул доройг урамшуулан дэмжиж, төөрөлдсөн нэгнийг олж тогтоон, уг эмэгтэйд хүмүүний гэр бүлийг гэтэлгэх ажлыг илүү сайн хийж гүйцэтгэх сүнслэг хүч, чадлыг олох боломжийг олгохын тулд эмэгтэйчүүдийн өрөвдөн хайрлах, энэрэх сэтгэлийг илүү сайн хөгжүүлэн, оновчтой хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан. (“First General Conference of the Relief Society,” Woman’s Exponent, Apr. 15, 1889, 172)
Бэк эгч ийн заасан.
Иосеф Смит энэ Сүмийн эмэгтэйчүүдийг “ядуу зүдүү, гачигдалтай, бэлэвсэн, өнчин хүүхдүүдийг халамжлан, мөн энэ бүх сайхан сэтгэлт зорилгуудыг хэрэгжүүлж” [in History of the Church, 4:567] мөн “зөвхөн ядууст туслаад зогсохгүй бодгалийг аврахаар” [in History of the Church, 5:25] зохион байгуулагдсан гэжээ. Энэхүү халамжийн хүчин чармайлтыг ахлагч Жон А.Видцөү “ядууст туслах, өвчтөнийг халамжлах, эргэлзээг тайлах, харанхуй бүдүүлэг байдалд туслах гээд баяр баясгалан, хөгжил дэвшилд саад болох бүхий л зүйлд туслахад оршино” хэмээн цааш тодорхойлжээ. [Evidences and Reconciliations, arr. G. Homer Durham, 3 vols. in 1 (1960), 308]
… Халамжийн нийгэмлэгээр дамжуулан бид Христийн шавь нар болж сурдаг. Бид Түүний биднээс сураасай хэмээн хүссэн зүйлсийг сурч, биднээр хийлгэхийг хүссэн зүйлсийг хийж мөн Түүний хүссэн хүмүүс болдог. (Жюли Б.Бэк, “What Latter-day Saint Women Do Best: Stand Strong and Immovable,” Ensign болон Liahona, 2007 оны 11-р сар, 111, 109)
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь яагаад Халамжийн нийгэмлэгийн зорилго, хүчийг ойлгох ёстойг тайлбарлан хэлсэн.
[Халамжийн нийгэмлэгийн] энэ байгууллагад Сионы өрх гэрүүдийг хүчирхэгжүүлж, Бурханы Хаант улсыг өсгөн бэхжүүлэхэд арай ашиглагдаагүй байгаа хүч чадал байдаг. Эгч нар болон санваартан [ах нар] энэ алсын харааг харж чадахгүй бол энэ нь тохиохгүй билээ. (Spencer W. Kimball, in Daughters in My Kingdom, 142; налуу бичилт нэмэгдсэн)