“26-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Өрнөд дэх сүм,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)
“26-р хичээл: Хичээлд бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал
26-р хичээл: Хичээлд бэлтгэх материал
Өрнөд дэх сүм
Агуу Солт Лэйкийн хөндийд болон түүний ойролцоо цугларсан гэгээнтнүүд тэнд ирснийхээ дараа хэд хэдэн саад бэрхшээлтэй тулгарсан юм. Үүнд цаг агаарын эрс тэс уур амьсгал, ургац сүйтгэгч царцааны нүүдэл, ган гачиг, өлсгөлөн орж байв. Гэсэн ч Бригам Янг “ургацтай, мөнгөтэй болоход биш, харин ард түмнээ ариун үндэстэн болоход нь туслахад санаа нь илүү зовж байлаа.
Тэр шаргуу хөдөлмөрлөж, хариуцлагаа үүрснээр өсөж хөгжинө гэдгээ мэдэж байв. ‘Энэ бол гэгээнтнүүдийг бий болгох сайхан газар юм’ гэж тэрээр 1856 онд Солт Лэйк Ситид цугларсан гишүүдэд хандан хэлж байжээ (DNW [Deseret News Weekly], 10 Sept. 1856, 5)” (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 9). Ихэнх гэгээнтэн эдгээр сорилт бэрхшээлийг үл харгалзан эхний хэдэн жил Их Эзэнд агуу итгэлээ харуулсан. Харамсалтай нь, Сүмийн түүхийн энэ цаг үед амьдралдаа хэрэгжүүлж болох чухал сургамжийг зааж өгсөн Маунтэйн Мийдөүсийн аллага гэсэн эмгэнэлт үйл явдал ч бас болсон байдаг.
1-р хэсэг
Бид өнөөдөр Их Эзэнд үйлчилж мөн Түүний хаант улсыг барьж байгуулах талаар эхэн үеийн гэгээнтнүүдээс юу сурч мэдэж болох вэ?
Цаг агаар хүйтэрч, хоол хүнс тарчигхан байсан 1848–1849 оны хүндхэн өвөл зарим гэгээнтэн Калифорнид нүүн очиж, алт олборлохыг хүсэж байв. Ерөнхийлөгч Бригам Янг ийн бошиглосон.
“Зарим хүн надаас [Калифорни] руу явах талаар асуудаг. Бурхан энэ газрыг [Грейт-Бейсин] Өөрийн гэгээнтнүүдийн цугларалтад зориулахаар томилсон бөгөөд та нар алтны уурхай руу явна гэхээсээ илүү энд байвал дээр гэж би тэдэнд хэлдэг. … Бурхан энэ газрыг Өөрийн хүмүүсийг суурьшуулах газар хэмээн надад үзүүлсэн бөгөөд энд л тэд өсөж цэцэглэх болно; … Бурхан уур амьсгалыг зөөлрүүлж, бид энэ газар Бүхний дээд Бурханд зориулан хот суурин болон ариун сүмийг барьж босгох болно. Бид суурин газраа зүүн, баруун, хойд, өмнө зүг рүү сунгаж, хот, тосгодыг хэдэн зуугаар нь босгож, олон мянган гэгээнтэн дэлхийн үндэстнүүдээс энд цугларах болно.” (James S. Brown, Life of a Pioneer: Being the Autobiography of James S. Brown [1900], 121–122)
Бригам Янгийг 1877 онд нас барах үед хожмын үеийн гэгээнтнүүд энэ бошиглол гайхамшигтайгаар биелснийг аль хэдийн харсан байв. Их Эзэнд болон Түүний бошиглогчид итгэх итгэл 60-70 мянган анхдагч гэгээнтнийг Солт Лэйк Валлид цагаачлахад сүнсээр өдөөсөн бөгөөд тэд Юта, Аризона, Калифорни, Айдахо, Невада, Вайоминг мужуудад 350-400 суурин газар бий болгожээ.
Хожмын үеийн гэгээнтэн ядуу цагаачдад туслах зорилгоор байгуулагдсан Тасралтгүй Цагаачлалын Сан нь Их Британийн арлууд, Скандинав, Швейцарь, Герман, Нидерланд зэрэг орноос ирсэн 30 мянган гэгээнтний аяллын санхүүжилтэд тусалсан. Номлогчид Есүс Христийн сайн мэдээг дэлхий даяар тунхаглаж байв. Гэгээнтнүүд Солт Лэйк Сити, Логан, Сэйнт Жоржид ариун сүм барихад цаг заваа зориулж байлаа. Хамгийн гол нь гэгээнтнүүд итгэл, золиосын болон Есүс Христийн мөн Түүний сэргээгдсэн сайн мэдээний үйл хэрэгт нугаршгүй үнэнч байх өвийг үлдээсэн. (“Brigham Young,” Newsroom Topics, newsroom.churchofjesuschrist.org-ийг үзнэ үү.)
Сүмийн эхэн үед Ютад цугларсан итгэлтэй гэгээнтнүүдийн дараах түүхүүдээс аль нэгийг сонго. Уг түүхийг уншаад, өнөөдөр Их Эзэнд үйлчлэх болон Түүний хаант улсыг барьж байгуулах талаар авсан сургамж юм уу олж мэдсэн зарчмаа хуваалцахаар бэлдэж ир.
Люси Мезерв Смит
Гар тэрэгтэй анхдагчдад тусламж үзүүлсэн Люси Мезерв болон бусад хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйчүүдийн энэрэнгүй сэтгэлийн талаар Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society [2011], 36–37-оос уншина уу. “Люси Мезерв Смит жишээ нь бүлэг удирдаж байв …” гэж эхэлж байгаа догол мөрнөөс эхлээд энэ бүлгийг дуустал унш.
Жон Моил
Дийтр Ф.Угдорфын “Зогсож байгаа газраасаа өргө” (2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 65) хэлсэн үгэнд ослоор хөлгүй болсон ч долоо хоног бүр ариун сүмд ажиллахаар Солт Лэйк рүү явдаг байсан Жон Моилын сүнслэгээр өдөөгдсөн түүхийг уншина уу. “Жон Роу Моилын үлгэр дуурайл” гарчигтай хэсгийг унш.
Эсвэл “Only a Stonecutter” (15:00) видео бичлэгийг үзнэ үү.
Жозэф Миллэтт
Их Эзэний өөр лүү нь хөтлөн авчирсан хүнд гурил өгөхөд бэлэн байсан Жозэф Миллэттийн талаар уншина уу. Boyd K. Packer, “A Tribute to the Rank and File of the Church,” Ensign, May 1980, 63. “Жозэф Миллэттийн тэмдэглэлээс уншихыг зөвшөөрнө үү … ” гэсэн догол мөрнөөс эхэлж, “Их Эзэн Жозэф Миллэттийг мэдэж байлаа” гэсэн догол мөрөөр дуусга.
Эсвэл “The Joseph Millett Story” (6:14) видео бичлэгийг үзнэ үү.
Чарльз Вокэр, Чарльз Рич
Гэгээнтнүүдийг цуглуулах шинэ сууринг барих дуудлагад хариулсан хоёр эрэгтэй болон тэдний гэр бүлийнхний итгэлийн талаар Our Heritage: A Brief History of The Church of Jesus Christ of Latter-day Saints (1996), 88–89-өөс уншина уу. 88-р хуудаснаас “Ерөнхий чуулганы хуралдаан дээр ерөнхийлөгч Янг … ” гэж эхэлж байгаа догол мөрнөөс эхэлж уншаад, 89-р хуудасны “Олон сорилт бэрхшээл тулгарч байв …” гэсэн догол мөрөөр дуусга.
2-р хэсэг
Юу Маунтэйн Мийдөүст алан хядлага болоход хүргэсэн бэ?
1850-аад оны үед үүссэн зөрчилдөөн, үл ойлголцол нь хожмын үеийн гэгээнтнүүд, Нэгдсэн Улсын засгийн газрын албан хаагчдын хоорондох хурцадмал байдлыг улам гүнзгийрүүлсэн юм. Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Жэймс Бьюкенен гэгээнтнүүдийг эсэргүүцэл хийх гэж байна гэж ташаа ойлгон, эсэргүүцлийг дарахаар Солт Лэйк Сити руу 1500 цэргээ илгээв.
Ерөнхийлөгч Янг болон Сүмийн бусад удирдагч гэгээнтнүүдэд хандан хэлсэн номлолдоо, ирж буй цэргүүдийг дайснууд гэж хэлжээ. Цэргүүд тэднийг Миссурийн Огайо болон Иллинойн адил Ютагийн нутаг дэвсгэрээс шахан гаргана гэж айж байв. Ерөнхийлөгч Янг, хэрэв гэгээнтнүүд цэргүүдээс зугтах шаардлага гарвал идэх хоолтой байхад бэлтгэн үр тариагаа нөөцлөхийг зааварласан байна. Ютагийн бүс нутгийн амбан захирагчийн хувьд тэрээр нутгаа хамгаалахад армийг бэлтгэх ажлыг удирджээ. Цус урсгахаас зайлсхийхийн тулд үлдсэн гэгээнтнүүд гэр орон, газар нутгаасаа нүүж, шаардлага гарвал тэднийг газрын хөрснөөс арчихад бэлэн байлаа.
Тухайн үед Арканзасаас Калифорни орохоор баруун зүг рүү аялж байсан цагаачдын морин тэрэгнийхэн Юта руу орж ирэв. Бүхээгт тэрэгний цувааны зарим гишүүн маш их хэрэгтэй байсан буудайгаа гэгээнтнүүдээс худалдаж авч чадахгүй байгаадаа ихэд ундууцжээ.
Сөргөлдөөн Калифорни явах чиглэлийн Юта дахь хамгийн сүүлчийн суурин болох Седар хотод эцсийн цэгтээ тулсан байна. Зөрчилдөөн үүсэж, бүхээгт тэрэгний цувааны зарим гишүүн гэгээнтнүүдийн эсрэг ирж яваа засгийн газрын цэрэгтэй нэгдэнэ гэж айлган сүрдүүлжээ. Бүхээгт тэрэгний цувааны бүлгийнхнийг хотоос гарсны дараа Седар хотын зарим оршин суугч, удирдагч тэднийг сүрдүүлж бас гомдоосон эрчүүдийг шийтгэхээр хойноос нь мөшгөв.
Седар хотын дарга, цагдаагийн хошууч мөн гадасны ерөнхийлөгч Исаак Хайт ойролцоо орших Парованы суурингийн цагдаагийн захирагч Виллиам Дэймээс цагдаагийн цэргүүдийг дуудан, бүхээгт тэрэгний цувааны хэрүүл маргаан хийсэн хүмүүстэй тулах зөвшөөрлийг хүсжээ. Харин Дэйм тэдний хүсэлтийг хүлээн аваагүй ба цагаачдын заналхийллийг тоохгүй байхыг зааварлав.
Исаак Хайт болон Седар хотын зарим удирдагч энэ зааврыг дагалгүй, оронд нь цагаачдыг шийтгэхээр морин тэрэг рүү дайрч, үхрүүдийг нь хулгайлж, зарим эсвэл бүх хүнийг алуулахаар нутгийн пайут индианчуудыг ятгахаар төлөвлөжээ. Исаак Хайт орон нутгийн Сүмийн гишүүн, цагдаагийн хошууч Жон Д.Лийгээс пайутчуудыг удирдан дайрахыг хүссэн байна. Тэд энэ үйлдэлдээ пайутчуудыг буруутгахаар хуйвалдсан байв.
Исаак Хайт өөрийн төлөвлөгөөг Сүмийн орон нутгийн зөвлөл, олон нийт болон цагдаагийн дарга нарт танилцуулжээ. Зөвлөлийн зарим гишүүн Хайтын төлөвлөгөөг хүчтэй эсэргүүцэж, ерөнхийлөгч Бригам Янгтай зөвлөлдсөн эсэхийг асуув. Хайт хэлээгүй гээд, нөхцөл байдлыг тайлбарласан мөн юу хийхээ асуусан захидлыг Солт Лэйк Сити рүү элчээр явуулна хэмээн тохирсон байна. Элч Солт Лэйк Ситид хүрч, ерөнхийлөгч Янгаас заавар авчиртал долоо хоног шаардагдах байв.
Гэвч элчийг илгээхээс өмнөхөн Жон Д.Лий ба хэсэг индианчууд Маунтэйн Мийдөүс хэмээх газарт цагаачдын хуаран руу болоогүй байхад халджээ. Лий зөвхөн орон нутгийн пайутчууд оролцсон юм шиг харуулахыг хичээж байв. Цагаачдын зарим нь алагдаж, зарим нь шархадсан ч үлдсэн нь халдаж дайрсан хүмүүсийн эсрэг тэмцэж, Лий болон пайутчуудыг ухрахад хүргэжээ. Өөрсдийгөө хамгаалахаар цагаачид бүхээгт тэргүүдээ маш хурдан татаж, зай гаргалгүй тойруулсан байна.
Нэг удаа Седар хотын цагдаа нарыг хоёр цагаач харсан байв. Цэргийнхэн тэдэн рүү гал нээж, нэгийг нь алж, нөгөөх нь зугтжээ.
Сүмийн гишүүд дайралтад оролцсон гэсэн мэдээ тархахаас сэрэмжлэн, Исаак Хайт, Жон Д.Лий, орон нутгийн Сүмийн болон цагдаагийн дарга нар жаахан хүүхдүүдээс бусад бүх цагаачийг алахаар төлөвлөв. “Тэд дахиад Дэймийг дуудаж, цагдаа нарыг дуудах зөвшөөрөл авлаа. Дэйм дахин … зөвлөл байгуулж, уг зөвлөлөөр бүслэгдсэн цагаачдыг тайван орхин, өөрсдийн замаар цааш нь явахад нь туслах хүмүүс илгээхээр шийдэв. Хайт дараа нь ‘Надад зөвлөлийн шийдвэрийг дагах боломж ахин олддог ч болоосой. Би үүний төлөө бүхнийг өгөхсөн’ хэмээн халагласан гэдэг (Richard E. Turley Jr., “The Mountain Meadows Massacre,” Ensign, Sept. 2007, 18).
Зөвлөлийн хурлын дараа Исаак Хайт зөвлөлийн шийдвэрийг дахин бодож үзэхэд Дэймийг ятгаж чадсан бөгөөд Хайт төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд цэргийг ашиглах зөвшөөрөл авсан гэж бодон, тэндээс гарчээ. Жон Д.Лий цагаачид руу эвлэрлийн цагаан туган доор дөхөж очоод, цагдаагийнхан тэднийг Седар хот руу аюулгүй хүргэж өгөн, цаашид гарах дайралтаас хамгаална гэж хэлжээ.
Шилжин суурьшигчдыг Седар хот руу явж байхад цагдаагийн цэргүүд эргэн харж, тэдэн рүү буудаж эхлэв. Оршин суугчдын элсүүлсэн индианчууд нуугдсан газраасаа гарч ирэн, дайралтад нэгдсэн байна. Бүхээгт тэрэгний цувааны 140 орчим цагаачаас ердөө 17 жаахан хүүхэд амьд гарчээ.
Алан хядлага болсноос хойш хоёр өдрийн дараа бүхээгт тэрэгний цувааг амар жимэр явуул гэсэн ерөнхийлөгч Бригамын заавар бүхий хариу ирэв. “Хайт Янгийн үгийг уншаад, хүүхэд адил уйлан, ‘Хэт оройтлоо, хэт оройтлоо’ гэх хэдхэн үгээс өөр юу ч хэлж чадаагүй аж” (Richard E. Turley Jr., “The Mountain Meadows Massacre,” Ensign, Sept. 2007, 20).
Өмнөд Юта дахь Сүмийн зарим удирдагч, оршин суугчдын хийсэн сонголт Маунтэйн Мийдөүст эмгэнэлтэй алан хядлага болоход хүргэсэн юм. Үүний эсрэгээр, 1858 онд Солт Лэйк Сити дэх Сүмийн болон бүс нутгийн удирдагчид үүссэн сөргөлдөөнийг Нэгдсэн Улсын засгийн газартай тайван замаар ярьж, хэлэлцэн шийджээ. Хожим нь Ютагийн дайн гэж нэрлэгдсэн энэ зөрчилдөөний үеэр Нэгдсэн Улсын цэргүүд, Ютагийн цагдаагийнхан дайралт хийсэн ч огт тулалдаагүй юм.
2007 оны 9-р сарын 11-нд Маунтэйн Мийдөүст алан хядлага болсон газарт ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийнхүү хэлсэн.
Бидний эрхэмлэдэг Есүс Христийн сайн мэдээ нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг хороосон хүйтэн цуст аллагыг жигшдэг. Үнэн хэрэгтээ, энэ нь энх тайван болон өршөөлийг дэмждэг. Олон жилийн өмнө манай Сүмийн гишүүдийн [энд] үйлдсэн зүйл Христэд итгэгчдийн сургаал болон биеэ авч явах байдлаас аймшигтайгаар, уучлахын аргагүй холдсоныг харуулж байгаа юм. … Бид энэ хөндийд алан хядлагад өртсөн хохирогчдын төлөө болоод дараа нь тэдний хамаатан садны өнөөг хүртэл амссан цаглашгүй, үгээр илэрхийлэхийн аргагүй зовлон шаналалд гүнээ харамсаж байна. (Henry B. Eyring, “150th Anniversary of Mountain Meadows Massacre,” newsroom.ChurchofJesusChrist.org)