“Дартсын сэв,” Найз, 2024 оны 9-р сар, 4–5.
Дартсын сэв
Даниэлд үнэнийг хэлэх хангалттай зориг байсан уу?
Энэ түүх АНУ-д болсон.
Даниэл өвөөгийнхөө хуучин тоглоомын хайрцгийн тагийг аваад дотор нь байгаа зүйлсийг харлаа. Үеэлүүд нь харахаар цугларчээ. Тэд өвөөгийнхөө гэрт тоглох дуртай байлаа!
Хайрцаг дотор Даниэлын ээж, нагац эгч нарын хүүхэд байхдаа тоглодог байсан зөндөө олон тоглоом байв.
“Эд нар юу вэ?” гээд Даниэлын үеэл Ноа зүлгэн дээр тоглодог зургаан хуучин дартс руу заалаа. Дартсууд нь хурц үзүүртэй, улаан шар өнгөтэй байв.
Даниэл нэгийг аваад “Ээж надад эд нарын тухай хэлж өгсөн. Гадаа зүлгэн дээр цагариг тавиад, эдгээр дартсыг ээлжлэн агаарт шидээд, цагариг дотор онохыг хичээдэг” гэв.
“Янзтай!” гэж Ноа уулга алдлаа. Тэр тоглоомоо засахаар талбай руу яаран гүйв.
Удалгүй Даниэл болон үеэлүүд нь өвөөгийнхөө хашаагаар нэг төмөр дартс шидэж гарлаа. Дартс нь газарт хүчтэй унаж, өвсөн дээр зоогдох нь Даниэлд таалагдав.
“Би чинийхээс өндөр шидэж чадна гэж мөрийцье” гэж Даниэлын үеэл Лили онгирлоо.
Хүүхдүүд инээлдэж, дартсаа улам бүр өндөрт шидэж байв.
Тэгтэл Даниэлд нэгэн санаа төрж, тэр “Би дартсаа замын эсрэг талаас цагариг хүртэл шидэж чадна гэж мөрийцье” гэж ам гарав. Тэр замын нөгөө талд гүйж гараад дартсаа хүчтэй гэгч нь шидлээ.
Дартс агаарт өндөр хөөрсөн хэдий ч өвсөн дээр буусангүй. Харин нагац эгч Робилины цоо шинэ машиныг ТАС хийтэл онолоо.
“Өө, үгүй ээ” гэж Даниэл орилов.
Даниэл дартсаа авахад оносон газар нь томоо гэгчийн сэв үүссэн байлаа.
Хүүхдүүд бие бие рүүгээ айсан харцаар харав. Тэгээд тэд юу ч хэлэлгүй зүлгэн дээр дартсаа хаяад дотогш гүйн оров.
Үдээс хойш болоход бүгд гэр гэртээ харихаар машин руугаа очив. Даниэлын нагац эгч нь машин дээрх сэвийг анзаарч, “Юу болох нь энэ вэ?” гэж асуулаа.
Даниэлын дотор пал хийсэн ч юу ч хэлсэнгүй. Тэр зүгээр л машиндаа суугаад үеэлүүддээ баяртай гэж даллав.
Гэр лүүгээ явж байхдаа Даниэл арын суудалд чимээгүйхэн сууж байлаа. Тэр ном унших гэж оролдсон ч төвлөрч чадсангүй. Болсон зүйлээс болоод дотор нь таагүй байв. Тэр шударга байх нь зөв зүйл гэдгийг мэдэж байсан ч үнэнийг хэлэх нь аймшигтай байв. Эцэг эх нь түүнд үнэхээр их уурлах байв. Нагац эгч нь ч мөн адил.
Удалгүй Даниэл хамгийн дуртай судрын баатрынхаа тухай бодлоо. Хуучин Гэрээний Даниел үнэнийг сонгосныхоо төлөө арслангийн нүх рүү хаягдсан. Тэр эр зоригтой байсан. Магадгүй Даниэл ч бас зоригтой байж чадна шүү дээ.
“Ээж ээ? Би дартс шидээд нагац эгч Робилины машиныг онож, сэвтэй болгосон. Энэ миний буруу байсан” гэж Даниэл үнэнээ хэлэв.
Ээж нь түүн рүү арын толинд тусган харлаа. Даниэлын бодсон шиг тэр уурласангүй. “Надад үнэнийг хэлсэнд баярлалаа” гэв.
Даниэл гүнзгий амьсгал аваад “Би гэртээ хариад нагац эгч Робилин руу залгаж болох уу? Би уучлал гуймаар байна. Бас би машиныг нь засах мөнгө олохын тулд шаргуу ажиллах болно” гэлээ.
Ээж нь инээмсэглэж, “Ёстой сайхан санаа байна” гэв.
Дотор нь байсан муухай мэдрэмж алга болж, Даниэл амар амгаланг мэдэрлээ. Тэр үнэнийг хэлэх хангалттай зориг гаргасан юм. Есүс Христийн ачаар тэр наманчилж, алдаагаа засаж чадсан.