“Санаа зовоосон зүйлсийн хайрцаг,” Найз, 2024 оны 9-р сар, 36–37.
Санаа зовоосон зүйлсийн хайрцаг
Оливиа санааг нь зовоодог зүйлсийн талаар байнга боддог байв.
Энэ түүх АНУ-д болсон.
Оливиа хичээл тарахаас өмнө ангиасаа яаран гарлаа. Тэр хэн нэгэнтэй харц тулгарахгүй байхыг хичээв.
Энэ бол Оливиагийн эмчилгээний эхний өдөр байлаа. Санааг нь зовоосон зүйлд туслах эмчтэй уулзана гэдгийг ээж нь түүнд тайлбарлав. Оливиа маш их санаа зовж байв. Заримдаа тэр унтаж чадахгүй, найзуудтайгаа хөгжилдөж ч чадахгүй болтлоо санаа зовдог байлаа.
Оливиа ээжтэйгээ хамт машинд орж, суудалдаа нугдайн суув.
“Чи зүгээр үү?” гэж ээж нь асуулаа.
Оливиа хэсэг хугацаанд хариу өгөлгүй байснаа, “Яагаад би эмч рүү очих ёстой юм бэ? гэж асуув.
Ээж нь жолоодож эхлэнгээ “Тэнгэрлэг Эцэг бидэнд туслахын тулд найз нөхөд, судрууд гэх зэрэг бусад зүйлийг өгдөг шигээ бидэнд туслуулахаар эмч нарыг өгсөн. Хамтдаа хийсэн судрын хэлхээгээ санаж байна уу?” гэв.
Оливиа толгой дохилоо. Санаа нь зовсон үед түүнд туслах судрын шүлгийг олоход ээж нь түүнд тусалсан. Ээж нь шүлэг тус бүр дээр дараагийн шүлгээ хаанаас олохыг бичсэн аж. Оливиа шөнө санаа зовсон үедээ залбирч, судраас нэг шүлэг олдог байв. Дараа нь тэр унтах хүртлээ хэлхээн дээрх бусад шүлгийг уншдаг байлаа.
Оливиаг ээжтэйгээ Пөүси эмчийн өрөөнд ороход эмч өөрийгөө танилцуулав. Тэр Оливиагаас сэтгэл нь хэр байгааг асуухад Оливиа санаа зовдог зүйлсийнхээ талаар бага зэрэг ярилаа.
“Олон хүн сэтгэл түгшүүр гэх зүйлсийг мэдэрдэг” гэж Пөүси эмч тайлбарлав. “Тэд яг чам шиг санаа нь ихэд зовдог. Гэхдээ чамайг санаа зовохгүй байхад туслах зүйлсийг чи хийж болно. Чи надтай хамт нэгийг туршиж үзэх үү?” гэж эмч асуулаа.
Оливиа доошоо гутал руугаа хараад толгой дохив.
Пөүси эмч Оливиад нэг жижиг хайрцаг өгөөд “Энэ бол санаа зовоосон зүйлсийн хайрцаг. Энд бидний санаа зовоосон зүйлс аюулгүй байдаг ба бид эдгээрийн талаар бодох шаардлагагүй болдог” гэв.
Оливиа хайрцгийг гартаа эргүүлж тойруулахад гоц гойд зүйл харагдсангүй.
“Дараагийн удаа айсан үедээ цаасан дээр санаа зовж буй зүйлээ бичээд энэ хайрцагт хийгээрэй” гэж Пөүси эмч хэлэв. “Тэгээд өдөр бүр санаа зовоосон зүйлсийн цаг буюу хайрцгийг нээх цагийг сонго. Хэрэв чи энэ цагаас өмнө ямар нэг зүйлд санаа зовбол ‘Би үүний талаар одоо санаа зовох шаардлагагүй’ гэж хэлээрэй.”
“Ойлголоо” гэж Оливиа хэлэв. Пөүси эмч түүнд хамгийн их санаа зовдог зүйлсээ бичихэд тусалж, Оливиа бичсэнээ хайрцагт шургуулав.
Тэр өдрийн үдээс хойш Оливиагийн санааг зовоосон нэг зүйл толгойд нь орж ирэв. Энэ чинь санаа зовоосон зүйлсийн хайрцагт байгаа гэж тэр өөрөө өөртөө хэлэв. Үүнд би дараа санаа зовж болно. Тэр энэ талаар бодохгүй байхыг хичээж, оронд нь дүүтэйгээ тоглолоо.
Унтах цаг болоход, Оливиа түгшив. Учир нь тэр шөнө дунд хамгийн их санаа зовдог байлаа. Тэр орныхоо хажууд санаа зовоосон зүйлсийнхээ хайрцаг болон судруудаа тавиад ээжийгээ дуудав.
“Хэрэв энэ бүтэхгүй бол яах вэ? гэж тэр асуулаа.
Ээж нь түүнийг тэврээд, “тэгвэл бид үргэлжлүүлэн хичээнэ. Тэнгэрлэг Эцэг чамд тус болох өөр арга замыг олоход туслах болно” гэв.
Оливиа толгой дохиж, “Үүнийг ч бас би санаа зовоосон зүйлсийн хайрцагтаа бичих хэрэгтэй байх” гэлээ.
“Гайхалтай санаа байна!” гэж ээж нь хэлэв. Ээж нь Оливиатай хамт залбирч, ингэснээр түүний сэтгэл санаа арай дээрдлээ.
Ээж нь гэрэл унтраагаад удаагүй байтал Оливиагийн толгойд санаа зовоосон зүйл орж ирэв. Тэр гэрлээ асаагаад санаа зовоосон зүйлээ бичиж, дараа нь хайрцагтаа хийлээ. Тэр тайвшрахын тулд дахин Тэнгэрлэг Эцэгт хандан залбирав.
Дараа нь тэр судраа нээгээд судрын хэлхээ дээрх тодруулсан нэг шүлгийг хайж олов. Түүний олсон эхний судар бол “Би чамтай хамт, чи битгий ай!” Исаиа 41:10 хэмээх судар байв.
Уг шүлгийн хажууд ээж нь “Сургаал ба Гэрээ 6:36” гэж бичсэн байлаа. Оливиа тэр судрыг хайж олоод чангаар уншив. “Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай.”
Оливиа амар амгаланг мэдэрчээ. Тэр өөрийгөө өөр зүйлсэд санаа зовно гэдгийг мэдэж байв. Гэсэн ч Тэнгэрлэг Эцэг түүнд илүү сайхан зүйлсийг бодоход туслах олон зүйлийг өгсөн билээ. Тэр түүний залбиралд хариулсаар байсан ба энэ нь түүнд их тус болсон шүү!