“Патрикийн уйтгартай өдөр,” Найз, 2024 оны 9-р сар, 10–11.
Патрикийн уйтгартай өдөр
Патрикийн ах нар үргэлж түүнд зав гаргадаггүй байлаа.
Энэ түүх Румынд болсон.
Патрик орон дээрээ тэрийн хэвтэж байхдаа тааз руу ширтэв. Түүнд уйтгартай байлаа. Тэр аль хэдийн амьтдын тухай номуудаа уншиж, ойдог тавцан дээрээ үсэрч, гэрийнхээ эргэн тойронд дугуйгаа уначихсан байв. Тэр одоо юу хийж болох вэ?
Патрик босоод ах Даниэлын өрөө рүү очоод “Та надтай хамт тоглох уу? гэж асуув.
“Уучлаарай би чадахгүй. Хичээлээ хийх ёстой” гэж Даниэл хариулав. Тэр уншиж байсан номоосоо толгойгоо ч өндийлгөсөнгүй.
Патрикийн зүрх зүсэгдэх шиг боллоо. Даниэл үргэлж л хичээлээ хийж байх юм. Түр завсарлаж болдоггүй юм байх даа?
За яах вэ. Даниэл завгүй ч гэсэн ах Саймонаасаа асууж болох байх. “Би уйдаад байна. Та надтай тоглох уу?” гэж Патрик асуув.
“Үгүй ээ, өнөөдөр амжихгүй. Би найзуудтайгаа гадуур гарна” гээд Саймон хүрмээ өмсөөд хаалгаар гараад явчхав.
Патрик их бухимдлаа! Түүний зүрх хурдан цохилж байв. Патрикийн ах нар үргэлж түүнд зав гаргадаггүй байлаа. Тэр унтлагынхаа өрөө рүү гүйж орон, хаалгаа савж хаагаад,
“Шударга биш байна!” гэж бодлоо.
Тэр хөлөө дэвсэлж, ор луугаа шургав. Түүний цээж бачимдаж, түүнд үнэхээр уйтгартай байлаа! Гэсэн ч тэр өөр хийх зүйл бодох ч сөхөөгүй бухимдсан байв.
Тэгтэл тэр хичээл дээрээ сурсан зүйлээ санах нь тэр. Багш нь тэдэнд гүнзгий амьсгал авах нь тайвшрахад тусална гэж заасан.
“Ууртай үедээ аливаа зүйлийг засахад хэцүү байдаг” гэж багш нь хэлжээ. Хэрэв тэр арай тайван байсан бол уйтгарлаж байгаа асуудлаа шийдэх арга замыг бодож чадах байсан.
Тэгээд Патрик уртаар амьсгаа аваад, дараа нь дахин нэг амьсгаа авав. Дахиад хэд хэд амьсгаа авсны дараа түүний цээж давчдахаа болилоо. Гэсэн ч тэр юу хийхээ мэдэхгүй л байв.
Тэр өндийгөөд ханан дээрх Есүсийн зургийг харав. Тэр Патрикаас юу хийхийг хүсэх байсан бол?
Патрик өвдөг сөгдөн “Тэнгэрлэг Эцэг минь, Даниэлд хичээлд нь туслаач. Саймонд найзуудтайгаа хөгжилтэй байхад туслаач. Мөн намайг уйтгарлахгүй байхад туслаач” гэж залбирлаа.
Патрикийг залбирч дуусахад түүнд нэг санаа төржээ. Тэр Даниэлын өрөө рүү яаран гүйн очоод,
“Даниэл, та дуусаад надтай хамт тоглож болох уу?” гэв.
Даниэл номоосоо толгой өндийж ханан дахь цаг руу хараад, “Би 30 минутын дараа түр завсарлаж болно. Тэгээд бид гадаа гарч болох юм. Чи гармаар байна уу?” гэж асуув.
“Тэгье ээ!” гээд Патрик инээмсэглээд өрөө рүүгээ буцаад гүйлээ. Тэр үзэх дуртай барын тухай амьтны номоо олов. Номоо хэсэг уншаад, өрдөг тоглоомоор тоглолоо. Удалгүй цаг өнгөрч, тэр Даниэлтай хамт гэрийнхээ ойролцоох ой мод руу явлаа.
“Чи сансрын дайчин эсвэл ширэнгэн ойн судлаач болж тогломоор байна уу?” гэж Даниэл асуув.
“Надад хамаагүй ээ. Бид хамтдаа цагийг өнгөрөөж байгаад л би баяртай байна. Энэ чинь уйтгарлаж байснаас хамаагүй дээр шүү дээ” гэж Патрик хариулав.
Даниэл мишээгээд “Чамтай тоглох чинь шалгалтад бэлдэхээс хавь илүү хөгжилтэй юм байна” гэв.
Патрик Даниэлтай хамт өвсөн дундуур мөлхөж байхдаа баяртай байлаа. Тайвшрах нь түүнд асуудлаа шийдэх талаар илүү тодорхой бодоход тусалсан. Мөн Тэнгэрлэг Эцэг түүнд Есүс Христтэй илүү адил болоход тусалжээ. Эцэстээ энэ нь сайхан өдөр болж хувирлаа.