“Шинжлэх ухааны үзүүлэн,” Найз, 2024 оны 9-р сар, 18–19.
Шинжлэх ухааны үзүүлэн
“Тэнгэрлэг Эцэг биднийг үргэлжлүүлэн хичээгээсэй хэмээн хүсдэг.”
Энэ түүх АНУ-д болсон.
Брэдли хувиндаа дахин нэг аяга дүүрэн элс хийв. Түүнд маш их элс хэрэгтэй байв!
Сургуулийнх нь шинжлэх ухааны үзэсгэлэн удахгүй болох гэж байлаа. Брэдли цунами хэрхэн бүтдэгийг харуулсан загвар хийх гэж байв. Цунами бол далайд болсон газар хөдлөлтийн улмаас үүссэн усны том давлагаа гэдгийг тэр олж мэдэв. Тэр энэ үзүүлэнгээ төгс болоосой гэж хүсжээ. Магадгүй тэр шагнал ч авах юм билүү!
Брэдли хувин нь дүүрэн болоход хэдэн саваа цуглуулав. Тэгээд тэр хуванцар сав, зарим жижиг тоглоомон байшин зэргийг доод давхраас олов.
Брэдли газар хийхийн тулд савандаа элс цутгаж, болгоомжтойгоор байшин болон моддыг байрлууллаа. Дараа нь хамгийн сэтгэл хөдөлгөсөн зүйл болох ус! Усаа юүлмэгцээ тэр давлагаа үүсгэхийн тулд картон цаасаар усыг түрэв.
Гэхдээ тэр нэг том алдаа гаргаж орхив. Тэр хэтэрхий их ус юүлчих нь тэр! Түүнийг давлагаа үүсгэж амжаагүй байхад байшингууд үерт автчихав. Нойтон элс наалдамхай, шавхайтай замбараагүй байдлыг бий болголоо.
Брэдли гал тогоонд байсан ээжийгээ дуудаад, “Би одоо яах ёстой вэ? Би хэтэрхий их ус хийчихлээ” гэв.
“Зүгээр дээ. Чи дахиад эхнээс нь хийж болно шүү дээ. Хамтдаа хийж, бага багаар хэмжицгээе” гэж ээж нь хэлэв.
Брэдли “За” гээд, толгойгоо гудайлган илүү их элс авахаар гадагш гарав.
Энэ удаад тэд усаа болгоомжтойгоор зөв хэмжээд юүллээ. Брэдли картон цаасаа хөдөлгөж, элсийг цохих давлагааг ажиглав. Болчихлоо!
Дараа нь Брэдли ээжтэйгээ зурагт хуудсаа хийлээ. Тэр цунамигийн тухай хэдэн хөгжилтэй баримт бичиж эхлэв. Гэтэл үгнүүд нь хуудсан дээрээ багтсангүй.
“Би энэ бүгдийг дахиад бичмээргүй байна!” гэж Брэдли гомдоллов. Түүний толгой нь өвдөж эхлэв.
Ээж нь “бид бүгдийг нь дахиад бичих шаардлагагүй. Зүгээр л хуудсанд багтах үгсийг бичиж болно” гэлээ.
Брэдли санаа алдав. Зурагт хуудас нь түүний хүссэн шиг огтхон ч харагдахгүй байлаа. “Би үүнийг хиймээргүй байна. Үгнүүдээ төгс багтаахгүй бол муухай харагдана” гэв.
“Сурах нь хэцүү байж болно” гээд ээж нь түүнийг тэврэв. “Заримдаа бид алдаа гаргана. Гэхдээ хамгийн чухал зүйл нь бид бууж өгөхгүй байх явдал юм. Тэнгэрлэг Эцэг биднийг үргэлжлүүлэн оролдоосой хэмээн хүсдэг. Тийм болохоор түр завсарлаад өглөө дуусгацгаая.”
Маргааш өглөө нь тэд түүний зурагт хуудсыг дуусгав. Төгс сайхан болоогүй ч Брэдлид арай дээр санагдаж байлаа.
Эцэст нь шинжлэх ухааны үзэсгэлэн болох өдөр боллоо. Ээж нь Брэдлиг сургуульд нь хүргэж өгөөд, “Чи үзүүлэн дээрээ шаргуу ажиллаж, их зүйл сурч мэдсэн. Энэ чинь л чухал гэдгийг санаарай” гэж урамшуулав.
Брэдли үзүүлэнгээ том заал руу зөөлөө. Тэнд дүүрэн үзүүлэн, зурагт хуудаснууд байв. Бүх дөрөвдүгээр ангийн хүүхэд өөрсдийн үзүүлэнг танилцуулах ээлжээ хүлээн сууцгааж байлаа.
Удалгүй Брэдлигийн ээлж болов. Тэр урагш гарах үед зүрх нь хурдан цохиллоо. Бүх зүйл буруугаар эргэвэл яах вэ?
Брэдли картон цаасаар усыг түрж, давлагаа хэрхэн эргээ цохидгийг харуулав.
“Далайд энэ том давлагаануудыг юу үүсгэдэг вэ?” гэж шүүгчдийн нэг асуув.
“Том давлагаануудыг үүсгэдэг зүйл нь …” гээд Брэдлигийн толгойд юу ч орж ирсэнгүй. “Би санахгүй байна. Гэхдээ би цунамигийн тухай хөгжилтэй баримтыг та нарт хэлж өгч чадна” гээд тэр зурагт хуудас дээрх баримтуудыг тэдэнд уншиж өгөв.
Хичээлийн дараа Брэдли үзүүлэнгээ бариад машинд үсрэн суув.
“Хэр байсан бэ?” гэж ээж нь асуухад
“Яг миний хүсэж байгаагаар болсонгүй. Гэхдээ би хамгийн сайнаараа хичээсэн бас хичээсээр байх болно” гээд Брэдли мишээлээ.