“Бурханаар хайрлагдсан,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 9-р сар.
Ирээд, Намайг дага
Бурханаар хайрлагдсан
Бурханы аз жаргалын төлөвлөгөөнд залуу эмэгтэй, залуу эрэгтэй бүр тэнгэрлэг зорилготой байдаг төдийгүй та нар бүгдээрээ хайрлагддаг мөн хэрэгтэй байдаг.
Бүх хөгжмийн зэмсэг адилхан дуугардаг байсан бол дуу хөгжим ямар байхыг төсөөл дөө. Төгөлдөр хуурын товчлуур бүр адил ноот дуугаргаж эсвэл найрал дууны хоолой бүр яг адилхан байсан бол яах вэ? Ингэвэл дуу хөгжим маш уйтгартай байх байсан.
Хөгжмийн зэмсгүүд болон найрал дууны хоолойнууд өөр хөг эгшиг, өөр өнгөөр дуугардаг нь юутай сайхан билээ. Төгөлдөр хуурын товчлуурууд өөр аяс гаргаж, найрал дуучид баялаг хоршил үүсгэдэг. Франц бүрээ, нарийн бүрээ, хийл, бөмбөр зэрэг нь оркестрын бүрдэлд давтагдашгүй өнгө аяс нэмдэг.
Хүчтэй тал ба бэлэг
Хөгжимтэй адилаар, Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүд болох хайрт охид, хөвгүүдийнхээ янз бүрийн авьяас чадвар, зан ааш, туршлагад баясдаг. Чи ямар ч нөхцөл байдалтай байсан; дэлхийн олон улс, үндэстэн, ард түмний хаа ч амьдардаг байсан; Тэнгэрлэг Эцэг чиний хязгааргүй боломж, дуулгавартай байдал, ач ивээл, хайраар дамжуулан хэн болж чадахад чинь баяртай байдаг.
Тэрээр та нарыг тэнгэрлэг хувь заяагаа олж мэдэн, тэнгэрлэг зорилгоо биелүүлэхийг агуу хайраар урьдаг. Тэр та бүгдийг сүнслэг бэлгүүд, бурханлаг зан чанар болон асар их боломжуудаа хөгжүүлэхийг урамшуулан дэмждэг. Мөн тэрээр эргэн тойрныхоо хүмүүсийг харж ойлгон, тэдэнд Есүс Христтэй адил үйлчлэх боломжийг өдөр бүр олгож байдаг.
Бурханы тэнгэрлэг төлөвлөгөөнд бид энэ дэлхийд аав, ээжээрээ дамжин ирдэг. Гэр бүлд аль аль нь хэрэгтэй. Хамтдаа, тэгш эрхтэй хамтрагчийн хувиар, эцэг эхчүүд гэр бүлээ өсгөж халамжилдаг. Манай гэр бүлүүдэд аавууд болон нөхрүүд эелдэг зөөлөн, номхон дөлгөөнөөр мөн чин сэтгэлийн хайраар тэргүүлдэг бөгөөд эдгээр шударга зан чанар бидний бүх харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүст хэрэгтэй байдаг. Аливаа харилцаанд эрэгтэй, эмэгтэй хоёрын аль аль талаас хүчирхийлэл, эзэгнэл эсвэл ямар нэг төрлийн дарамт шахалт байхад Тэнгэр уйлдаг. Сэнхрүүлэл, тэсвэр тэвчээр, эелдэг зөөлөн байдал, цэвэр мэдлэг бол бидний хүн нэг бүрийн эрэлхийлдэг Христийнхтэй адил зан чанарууд юм.
Мэдээж, хэн ч мөн ямар ч гэр бүл төгс биш. Чиний нөхцөл байдал ямар ч байсан бай, эцэг эхээ хүндэлж, одоо байгаа болон ирээдүйн гэр бүлээ хайрлаарай. Аврагч маань эргэн тойрныхоо хүмүүсийг ойлгож, уучилж, урам дэм өгөхөд чамд тусалж чадна. Чи чадах бүхнээ хийвэл Их Эзэн чамд тусалж, удирдан чиглүүлнэ. Их Эзэний болон Сүмийн өмнө ямар байр суурьтай байх чинь чиний хувийн зан чанараас мөн Бурхантай байгуулсан гэрээгээ зөв шударгаар сахиж байгаа эсэхээс шалтгаална гэдгийг санаж яваарай.
Санваар ба Бурханы төлөвлөгөө
Бурхан биднийг өөрсдөөс маань илүү мэддэг төдийгүй хайрладаг. Түүний санваарын эрх мэдэл Түүний хүүхдүүдийг адислахын тулд өгөгдсөн. Зохистой ах нар санваарыг атгадаг боловч тэд бол санваар биш юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Санваарын сэргээлт ямар ч эрэгтэй хүнд чухал байдаг шиг [эмэгтэй хүнд] ч бас чухал” гэж заасан. Санваар нь эмэгтэй, эрэгтэй хүмүүст “Их Эзэний Өөрийн хүүхдүүдэд бэлдсэн бүх сүнслэг эрдэнэсийг хүлээн авах боломж олгодог.”1
Хамт үйлчлэх
Их Эзэний Сүмд бид хамт үйлчлэхдээ зөвлөлд орж зөвлөлддөг. Манай зөвлөлүүдэд удирдагчид бүх хүнээс санал бодлыг нь сонсохыг эрэлхийлдэг бөгөөд үүнд залуу эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд бас ордог. Тухайн тохиолдол бүрд, Их Эзэний ажлыг хийж байгаа ах эгч нарын хувьд бид нэг нэгнийхээ хувь нэмрийг үнэлж, хамтдаа ажиллах үедээ Түүний үйлчлэлд илүү амжилт, илүү сайн шийдвэрт хүрдэг.
Манай тойрог, салбаруудад залуу эмэгтэйчүүд болон залуу эрэгтэйчүүд анги, чуулгуудыг удирддаг. Тойргийн өсвөр үеийн зөвлөлд манай өсвөр үеийн удирдагчид хамтдаа өсвөр үеийн хүүхэд бүрийг тэнгэртэй мөн Сүмийн удирдагчид болон бусад өсвөр үеийнхэнтэй холбогдоход тусалдаг. Насанд хүрэгчидтэй хамт тохинуулахдаа манай залуу эрэгтэй, эмэгтэйчүүд олон хүний амьдралыг адисалдаг. Үйлчилж байхдаа бид хамтдаа байдаг.
Залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн хувьд сэргээгдсэн сайн мэдээний ёслолуудын гэрч болон үйлчлэх нь сайхан адислал билээ. Та нар бол амьд хүмүүсийн баптисмын болон ариун сүмд өвөг дээдсийн төлөө гүйцэтгэдэг баптисмын гэрчүүд юм. Та нар Их Эзэний өргөөнд өөр газруудад ч бас үйлчилдэг.
Бурхантай байгуулсан гэрээнээс ирэх адислал
Залуу эмэгтэй, эрэгтэй бүр тус тусдаа Бурхантай ариун нандин гэрээ байгуулдаг. Итгэлтэйгээр сахих юм бол Бурхантай байгуулсан гэрээнүүд маань бидний төсөөлснөөс ч илүүгээр Түүний адислалуудыг авчирдаг. Бурхантай байгуулсан бидний гэрээ бидний хүсэл зорилго, үйлдлийг ариусгах боломжтой. Бидний гэрээнүүд мөн Христийн Цагаатгал биднийг даруу, тэвчээртэй, хайраар дүүрэн Бурханы хүүхэд болоход тусална (Мозая 3:19-ийг үзнэ үү). Хийх бүх зүйлээ бид Есүс Христээс эхэлдэг. Бид өмнөө буй олон сонголтоос Түүнийг эхэлж сонгон, сонгосон сонголт бүрдээ Түүнийг эхэнд тавьдаг.
Аврагчид ханд
Чи сайн мэдээнээс суралцах, үйлчлэх, үйл ажиллагаанд оролцох, хөгжиж дэвших, сайныг сонгох үйлсийнхээ төвд Есүс Христийг тавивал аз жаргалтай, зүрх сэтгэлдээ халуун дулаан мэдрэмжтэй байх болно. Христэд төвлөрсөн хичээл зүтгэл чинь бусдад чин сэтгэлээсээ, хайраар туслах үед хөгжил хөөр болон адислалыг дагуулах болно.
Залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийг Их Эзэнийг хайрлаж, хамтдаа нийцтэй, нэгдмэл байдалд үйлчлэх үед гайхамшигтай зүйлс тохиодог. Энэ нь семинар болон өсвөр үеийнхний байнгын үйл ажиллагаан дээр мөн ӨҮБББТ чуулган дээр харагддаг.
Тэнгэрлэг Эцэг бүх залуу эмэгтэй, эрэгтэйг хязгааргүй хайраараа “Түүнд ирж, Түүний сайн сайхнаас хүртэхэд урьдаг бөгөөд Түүнд ирэх хэнээс ч татгалздаггүй” (2 Нифай 26:33).
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр чамд хайртай. Тэд чамд үнэхээр аз жаргалтай байхад чинь тусалж, адислах болно. Бидний Аврагч Есүс Христийг эн тэргүүнд тавьж байгаарай. Бурханд найдаж, эргэн тойрныхоо хүмүүстэй хамт байхдаа Есүс Христ дотор нэгдмэл байхыг хичээгээрэй. Бурханы хайртай хүүхдийн хувьд чи Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээх Түүний сэргээгдсэн Сүмийн гэгээнтнүүдтэй холбогдож, нэгдэн нийлж чадна. Чиний хэн болох мөн хэн болж байгаа чинь өнөөгийн дэлхийд хэрэгтэй байна. Чи гэр бүлдээ, Түүний сэргээгдсэн Сүмд мөн дэлхийд ямар их өөрчлөлт гаргаж чадна гээч.
Есүс Христ дотор сайн болох бүх зүйл боломжтой. Есүс Христ дотор Бурханы цаг хугацаа, арга замаар бүх үнэн зүйл улиран тохиох болно. Би Түүний онцгой гэрчийн хувьд үүнийг гэрчилж, амлаж байна.