2023
Бошиглогчид бошиглогчдыг дагаж байна
2023 оны 9-р сар


“Бошиглогчид бошиглогчдыг дагаж байна,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 9-р сар.

Ерөнхий чуулганд бэлтгэх

Бошиглогчид бошиглогчдыг дагаж байна

Ямар ч хүн бошиглогчийг дагаснаар адислагдана. Үүнд төлөөлөгчид ч бас орно.

Биднээс бошиглогчийг дагахыг байнга хүсдэг. Гэвч зарим хүн бошиглогчийн дуу хоолойг дагах нь яагаад ийм чухал юм бол гэж бодож магадгүй.

2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр тэр үед бошиглогч байсан ерөнхийлөгч Томас С.Монсон Сүмийн гишүүдийг Мормоны Номыг өдөр бүр уншаад зогсохгүй судлахыг хүсжээ. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг хоёр бошиглогчийн зөвлөгөөг дагаад, ямар үр дүн гарсныг ярьцгаав.

Дуулгавартай төлөөлөгч

Рассэлл М.Нэлсон

Ерөнхийлөгч Нэлсон: “Би [ерөнхийлөгч Монсоны] зөвлөгөөг дагахыг хичээсэн. Бусад олон зүйлийн хамт би Мормоны Ном гэж юу болох, юуг нотолдог, няцаадаг, гүйцэлдүүлдэг, тодруулдаг, илчилдэг талаар жагсаалт гаргасан юм. Мормоны Номыг ийм аргаар харах нь илүү гүн ойлголт болоод сүнслэг өдөөлт өгсөн туршлага байлаа!”1 гэж хэлсэн юм.

Ерөнхийлөгч Нэлсон цааш үргэлжлүүлэхдээ, дээрхтэй адил асуултуудыг бусдаас асуухад ерөнхийлөгч Монсоны зөвлөгөөг дагасан маш олон хүний амьдрал өөрчлөгдсөн тухай тайлбарлав. Их Эзэн бид бүхнийг бидний бошиглогчдоор болон судруудаар мөн хувийн илчлэлтээр дамжуулан удирдан чиглүүлдэг.

Итгэлтэй төлөөлөгч

Хэнри Б.Айринг

Ерөнхийлөгч Айринг: “Би Мормоны Номыг 50 гаруй жилийн турш өдөр бүр уншиж байна. Иймээс би ерөнхийлөгч Монсоны үгсийг өөр хэн нэгэнд зориулагдсан юм байна гэж бодож болох байсан ч бошиглогчийн урам дэм, амлалт намайг илүү агуу хичээл зүтгэл гаргахад урьж байгааг та нартай адил мэдэрсэн” гэжээ.

Ерөнхийлөгч Айринг цааш үргэлжлүүлэн, “Ерөнхийлөгч Монсоны зөвлөгөөг сонсох нь надад хоёр гайхамшигт үр дүнг авчирсан юм. Нэгдүгээрт, дэлхий улам бүр ёс бус болж байгаа ч гэсэн түүний амласан Сүнс ирээдүйн талаар өөдрөг үзэлтэй болгосон. Хоёрдугаарт, Их Эзэн надад мөн та нарт зовж шаналж буй хүмүүсийг хайрлах илүү агуу хайрыг өгсөн”2 хэмээв.

Хүн бүр

Ерөнхий чуулган дээр өгөх бошиглогчийн зөвлөгөөг хүн бүр дагаж чадах бөгөөд дагах хэрэгтэй. Чи төлөөлөгч ч бай, шинэ хөрвөгч ч бай, эсвэл энэ хоёрын дундах хэн ч байлаа гэсэн сүнслэг замналын тань аль ч үед танд үргэлж сайжрах боломж байдаг. Энэ нь бидний хувийн илчлэлт авах хэрэгцээг бууруулахгүй. Энэ бол Бурханы биднийг адислах нэг арга зам юм. Төлөөлөгчид хүртэл энэ арга замаар адислал олж авч байхад, бид ч бас чадах нь ойлгомжтой.