“Дотнын хүн маань сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байх үед,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 9-р сар.
Амьдралд зориулсан тусламж
Дотнын хүн маань сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байх үед
Сэтгэл гутрал, түгшүүр эсвэл сэтгэл санааны бусад асуудлаас үүдэн зовж шаналж байгаа хэн нэгэнд туслахыг хүсвэл дараах таван санааг авч үзээрэй.
Бидний найз эсвэл гэр бүлийн хэн нэгэн маань сэтгэл гутрах, сэтгэл түгших юм уу сэтгэл зүйн бусад асуудалтай байхыг харахад хэцүү байдаг. Чи ямар нэг байдлаар тусалъя гэж бодсон ч юу хийхээ мэдэхгүй байж болно.
Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байгаа хүнд туслах дараах санаануудтай танилц.
1. Холбоо барь.
Холбогдсон нь дээр үү, хол байсан нь дээр үү гэж бодож байвал холбогдсон нь хамаагүй дээр гэж хариулъя. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байгаа хүнд ойр дотно харилцаа их тустай байдаг. Тэдэнтэй харилц. Тэдэнтэй холбогд. Энэ нь энгийн, хялбар арга байж болох ч зүгээр л холбогд.
2. Тэд чамаас тусламж хүсээгүй л бол бүү зөвлө.
Хэрэв хэн нэгэн чамаас туслалцаа хүсээгүй бол зөвлөгөө өгсний хэрэггүй. Чамаас асуух хүртэл чи зүгээр л нөхөрсөг байж, санаа тавьж, анхаарахад төвлөр.
3. Зөөлөн, эерэг, нигүүлсэнгүй бай.
Уг хүн чамаас туслалцаа хүсвэл, Аврагчийн жишээг дага. Удирдамж авахын тулд Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбир. Эерэг бай. Тэдэнтэй эелдгээр ярь. Эерэг зүйл хэл. Тэднийг ойлгож, нинжин сэтгэлээр хандаж байгаагаа илэрхийл. Тусалж дэмжихэд үргэлж бэлэн гэдгээ тэдэнд мэдэгдээрэй. Тэднийг мэргэжлийн зөвлөгөө авахад эелдгээр урамшуулан дэмжиж болно.
4. Тэвчээртэй, тууштай бай.
Асуудалтай байгаа хүмүүс заримдаа гаднаа хариу үйлдэл үзүүлэхгүй, эсвэл талархахгүй байх нь бий. Тэвчээртэй бай. Тэднийг бүү орхи. Бусдаас тусгаарлагдах нь тэдэнд маш сөргөөр нөлөөлнө. Тэд чиний хүссэнээр чамд хандахгүй бол холбоо барихаа таг зогсоож болохгүй.
5. Өөртөө бас анхаарал тавь.
Чи амьдралаас аз жаргал мэдрэхийг хичээгээрэй. Хувиараа залбирч, судраас судлахаа үргэлжлүүл. Ариун сүм рүү яв. Дуртай зүйлсээ хий. Дотнын хүнийхээ нөхцөл байдлын талаар, өөрийнхөө амьдралд нөлөөлөх хүртэл хэт санаа зовсны хэрэггүй. Шаардлагатай бол бусдаас тусламж хүс.