2023
Орхиод, сонс
2023 оны 9-р сар


“Орхиод, сонс,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 9-р сар.

Орхи мөн сонс

Надад мөрөөдөлдөө хүрэх төлөвлөгөө байсан. Гэвч би төлөвлөгөөгөө орхиж, Их Эзэнээр замаа удирдуулснаар гайхалтай адислалуудыг хүлээн авсан юм.

Байгаль

Зургийг Майкл Муллан

Би 17 нас хүрээд, удалгүй АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско руу урлагийн сургуульд сурахаар нүүсэн. Би Диснейн зураач болохыг мөрөөдөж байлаа.

Их сургуульд би урлагаас хавьгүй илүү зүйлийг сурч мэдсэн. Мөн би Тэнгэрлэг Эцэгтэй ямар холбоотойгоо ойлгож мэдсэн. Би гэрээсээ хол байсан ба ням гараг бүр намайг сүмд аваачих аав, ээж минь дэргэд байгаагүй. Намайг сайн мэдээгээр амьдарч байгаа эсэхийг хэн ч мэдэхгүй байсан. Гэвч Тэр надад хэрэгтэйг би мэдэж байлаа. Би утасны лавлах дээрээс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг хайж олов. Сүмийн барилга руу ороод, “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” (Дуулал, д. 70) дууллыг сонсох үед надад гэртээ ирсэн мэт санагдсан. Сайн мэдээ надад ямар утга учиртай болохыг мөн би яг юу хүсэж байгаагаа ойлгож эхэлсэн юм.

Их Эзэнийг амьдралдаа эн тэргүүнд тавь

Энэ үед би хийж буй бүх зүйлдээ Их Эзэнийг оролцуулахыг хүссэн. Жишээ нь: Би Түүнээс өөрийн ажил мэргэжлийн төлөвлөгөөг болон өөрийнхөө хаана байх ёстойг асууж эхлэв. Залбирч байгаад, эдгээр асуултыг асуух үед надад өөр газар очих хэрэгтэй мэт мэдрэмж төрж эхэлсэн.

Би бага зэрэг сэтгэлээр унав. Учир нь би бүх мөрөөдөл, анхаарлаа өөрийн төлөвлөгөөнд төвлөрүүлчихсэн байсан юм. Би яг хаашаа яваад, юу хийхээ бүрэн мэдчихсэн гэж бодож байв. Харин одоо би Их Эзэнийг амьдралдаа эн тэргүүнд тавихыг хүсэж байгаагаа, энэ нь надад юу юунаас ч илүү чухал байсныг ойлгосон. Явах зам минь миний төсөөлснөөс өөр байж болно гэдгийг би мэдэж байсан ч Түүний намайг гэх хайрыг мэдэрсэн болохоор би Түүний мэргэн ухаанд найдсан.

Би зураачийн мэргэжлээрээ суралцаж дуусгахаар Айдахо дахь Бригам Янгийн Их Сургууль болон Ютагийн Прово дахь Бригам Янгийн Их Сургууль руу хөтлөгдөв. Төгсөхийн өмнөхөн би тэнд байдаг тоглоомын студид дадлага хийж эхэллээ. Жилийн дараа намайг бүрэн цагийн ажилтан болоход студийг маань Дисней гэнэт худалдан авч, надад өсөж дэвших шинэ боломжийг авчирсан юм.

Хэрэгтэй гэж бодсон зүйлээ орхиж чадвал, Их Эзэн чамайг үнэхээр аз жаргалтай болгох зүйлээр зөв цаг үед чинь адислах болно. Их Эзэн чамайг хааш аваачихыг чи хэзээ ч мэдэхгүй. Зүгээр л орхиод, сонс.

Чухал зүйлүүдийг эхэнд нь тавь

Сургуульд сурч байхдаа би хичээл, даалгавар, Сүмийн дуудлагууд гээд олон үүрэг хариуцлагатай байсан. Би чухал зүйлсээ тодорхойлох шаардлагатай байсан. Би тохинуулах хүмүүстэйгээ уулзах уу эсвэл энэ шалгалтад бэлдэх үү? Би судраа унших уу эсвэл энэ даалгаврыг дуусгах уу?

Их Эзэнийг эн тэргүүнд тавьж, дуудсан ажлыг нь гүйцэтгэх үед төлөвлөснөөс ч их зүйлс гүйцэлддэг байв. Тэрээр үргэлж амласнаа биелүүлдэг. Хэрэв бид Их Эзэнийг эн тэргүүнд тавивал бүх зүйл зохих байрандаа орох болно.

Намайг цааш нь магистрт суралцахад надад мөн адил сонголт ирсэн. Би тэр үед тойргийн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч байв. Нэг өдөр надад шалгалтад бэлдэх, залуу эмэгтэйчүүдэд үйл ажиллагаа төлөвлөхөд туслах хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй болов. Би залуу эмэгтэйчүүдээ сонголоо. Үлдсэн бага цагт нь залбираад, аль болох хамгийн сайнаараа бэлдэв. Би шалгалтаа бодсоноосоо хамаагүй сайн дүнтэйгээр давсан.

Түүгээр удирдуул

Тэнгэрлэг Эцэг чамайг чиглүүлэх болно. Тэрээр чамайг хайрладаг бөгөөд ямар нөхцөлд байгааг чинь сайн мэддэг. Тэр ямар цаг үед юу чамайг хамгийн ихээр адислахыг сайн мэднэ.

Миний амьдралд өөрчлөгдсөн зүйлс их байсан. Энэ бүхэнд Тэр оролцож байсан юм. Түүний надад зориулсан удирдамжийг дагаснаар бүх зүйл гайхалтай сайхан болсон. Яг миний бодож байснаар биш ч гайхалтай.

Тэр бидний амьдралын нэг хэсэг байхыг хүсдэг. Хэрвээ бид Түүнийг амьдралдаа оруулж чадах юм бол бид бүгдийг гайхалтай бэлгүүд хүлээж байгаа. Чиний харж чадахгүй ямар зүйлсийг Тэр өгөхийг хүсэж байгаа бол?