2023
Иосеф Смитийн өсвөр наснаас суралцах 3 сургамж
2023 оны 9-р сар


“Иосеф Смитийн өсвөр наснаас суралцах 3 сургамж,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 9-р сар.

Иосеф Смитийн өсвөр наснаас суралцах 3 сургамж

200-аад жилийн өмнөх Иосеф Смитийн туршлагаас та нар юу сурч болохоо үзээрэй.

Залуу эрэгтэй

Та түүхэн хүмүүстэй өөрийгөө адилтгахад хэцүү гэж бодож байсан уу? Тэд их олон жилийн өмнө амьдарч байсан тул танд амьдралын тань талаар ямар нэг юм зааж чадна гэж үү? Тийм ээ! Иосеф Смит бол үүний маш тод жишээ. Тэрээр 18 нас хүрэхдээ залбиралдаа хариулт авах талаар мөн Тэнгэрлэг Эцэгтэй ямар харилцаатай талаар хэд хэдэн зүйл мэдсэн байсан. Эдгээр сургамж нь өнөөдөр та нарт тусалж чадна.

1-р сургамж: Заримдаа хариултаа авахад цаг хугацаа шаардагддаг.

Залбирлын хариу дандаа тэр даруй ирээд байдаггүй. Бараг бүх асуултын хариултыг интернэтээс тэр даруй олох боломж байхад хариултаа хүлээнэ гэдэг хэцүү.

Хэрэв чи Бурханаас хариулт авахад уддаг гэж бодож байвал чи ганцаараа тэгж боддоггүй. Иосеф Смит 12 настай байхдаа “бодгалийнхаа сайн сайхны төлөө ихэд”1 боддог болжээ. Дараагийн хоёр жилийн турш тэрээр хувийн зохистой байдал болон дэлхийн ёс бус байдлын талаар ихэд бодлогошрох болов. Хоёр жилийн турш тунгаан бодож, судраас судалж, дээрх асуултуудын хариуг эрэлхийлсний эцэст Бурхан, Есүс Христ хоёр түүнд Ариун төгөлд үзэгдсэн юм.

Бидэнд ч мөн үүнтэй яг адил. Бидэнд асуулт байвал хариултаа автал хэдэн хоног, сар, бүр жил шаардагдаж болно. Энэ нь байдаг л зүйл. Бид хүлээх зуураа өөрсдөөс шалтгаалах зүйлсээ хийх нь чухал. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд: “үүний жимсийг итгэлийн нүдээр хүсэн хүлээж боловсрохыг нь хүлээх ёстой”2 гэж заасан.

Иосеф Смит Иаковын захидлыг уншиж байгаа нь

2-р сургамж: Бурхан биднийг нэрээр маань мэддэг.

18 нас хүрэхээс нь өмнө Иосеф дээр Бурхан Эцэг, Есүс Христ, тэнгэр элч Моронай гурав айлчлан ирсэн. Гайхалтай биш гэж үү! Энэ тэнгэрлэг хүмүүс бүгд Иосефын нэрийг мэдэж байсан. Тэд түүнийг хувь хүнийх нь хувьд мэдэж байв.

Бурхан чамайг ч бас хэн болохыг чинь мэднэ. Чи бол Түүний хүүхэд. Тэр чиний нэрийг мэддэг. Тэрээр Өөрийн бүтээлүүдийн талаар дараах үнэнийг заасан. “Бүх зүйл надад тоологддог буюу, учир нь тэдгээр нь минийх бөгөөд мөн би тэдгээрийг мэддэг” (Moсе 1:35).

Иосефоос шаардсан зүйлсийг гүйцэтгэх итгэл найдвар түүнд байсан нэг шалтгаан бол тэрээр өөрийг нь мэддэг Бурханы хүүхэд гэдгээ ойлгож байсных юм.

Иосеф Смит Ариун төгөлд

3-р сургамж: Бид наманчилснаар сүнслэг туршлага авахад өөрсдийгөө нээдэг.

Иосефын Ариун төгөл рүү явсан шалтгаануудын нэг нь нүглээ наманчлах явдал байсан. Тэнгэр элч Моронай түүнд үзэгддэг шөнө тэрээр мөн ийм шалтгаанаар “түүний бүх нүглүүд хийгээд тэнэглэлүүдийг өршөөнө үү” (Иосеф Смит—Түүх 1:29) хэмээн гуйж залбирсан юм. Энэ нь бидэнд хоёр зүйлийг заадаг.

Нэгдүгээрт, хэрэв бид алдаа гаргасан бол залбирах нь зохисгүй гэж бодож болохгүй. Иосеф “нүгэл болон алдсыг” үйлдсэн боловч залбирч, өршөөл хүртэх боломжтойгоо мэдэж байсан.

Хоёрдугаарт, бид наманчилснаар Сүнсийг илүү хүчтэй мэдэрнэ. Далын ахлагч Жорг Клэбингат: “Таныг нүглээ дураараа, мөн баяр баясгалантай наманчилж, Есүс Христийн Цагаатгалыг хэрэгжүүлэх үед сүнслэг итгэлтэй байдал тань өсдөг”3 гэж тайлбарлажээ.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон наманчлал бидэнд Аврагчтай адил болоход тусалдаг хэмээн заасан. Бид наманчилснаар тэнгэрийн үүдийг нээдэг. “Бид сүнслэг байдлын хувьд өсөж хөгжин, баяр баясгаланг хүлээн авах буюу Түүнд байдаг гэтэлгэлийн баяр баяслыг мэдрэх сонголтыг хийдэг.”4

Тиймээс хэрэв чамд наманчлах шаардлага байгаа бол даруйхан наманчил! Энэ нь чамд амар амгаланг авчирч, Аврагчтай адил болоход туслаад зогсохгүй, Ариун Сүнсийг илүү хүчтэй мэдэрч, залбирлынхаа хариуг авахад тусална.

Иосеф Смит олон жилийн тэртээ амьдарч байсан ч түүний өсвөр насандаа сурсан зүйлс чамд өнөөдөр ч гэсэн хэрэг болно. Энэ нь бошиглогч Иосеф Смитэд талархах бас нэгэн шалтгаан юм.