“Бүжиглэх цаг,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 9-р сар.
Бүжиглэх цаг
Эдгээр өсвөр үеийнхэн айдсаа дарж, авьяас чадвараа бусадтай хуваалцсанаар баяр хөөртэй байх болсон.
Арван дөрвөн настай Эмо-Она И ба Жакс С. хоёр нэг зүйлээр адилхан. Тэд Ютагийн Провод болсон ӨҮБББТ чуулганы авьяасын үзүүлбэр дээр хоёул бүжиглэсэн.
Олон мянган хүүхдийн өмнө гарч бүжиглэнэ гэдэг хэн хэнд нь тийм ч амар байгаагүй. Тэгсэн ч тэд авьяас чадвараа хөгжүүлж, бусадтай хуваалцахыг эрэлхийлснээр “Есүс Христтэй илүү адил болохыг мөн хэрхэн өөрийгөө болон бусад хүнийг, бүр дэлхийг илүү сайн болгох” илчлэлт хүлээн авч, өсөж хөгжсөн юм (Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж [2019], 1).
Эмо-Онагийн цагаригт бүжиг
Эмо-Она үндэснийхээ буюу Америкийн уугуул үндэстний бүжиг болох цагаригт бүжиг бүжиглэж үзүүлэхээр шийджээ. “ӨҮБББТ чуулганд надаас өмнө явсан нэг найз маань авьяас шоуны талаар надад ярьж, намайг оролцох хэрэгтэй гэсэн.
Би бага зэрэг сандарч байсан болохоор үзэгчид дээр төвлөрөхгүй байхыг хичээсэн ч бараг боломжгүй байсан! Бүгд сэтгэлийн хэт хөөрөлтэй байгааг нь би анзаарсан. Тэдний чанга чимээ шуугианд би хөгжмөө арайхийн сонсож, хэмнэлээ алдчихгүйг хичээж байлаа!” гэж тэр ярив.
Эмо-Она цагаригт бүжиг сайн бүжиж сурах гэж их хичээл зүтгэл гаргажээ. “Үүнийг сурахад эхэндээ их хэцүү байсан” гэж тэр хэлэв. Гэвч тэр давтан хичээллэх тусам өөрийнхөө тухай илүү ихийг олж мэдсэн байна.
Авьяаслаг түүх хүүрнэгч
Цагаригт бүжиг нь хувийн түүх хүүрнэх нэг хэлбэр юм. “Чиний эхлэлийг төлөөлсөн нэг цагаригаар бүжгээ эхэлж, амьдралынхаа түүхийг харуулсан өөр өөр цагаригуудыг нэмдэг. Миний бүжгээс та нар эрвээхэй, бүргэд, ковбой зэргийг харж болно” гэж Эмо-Она хэлэв. “Түүхээ хүүрнэх үед надад суралцсан хүмүүс, үзсэн туршлагуудынхаа талаар ярьж байгаа мэт санагддаг.”
Эмо-Она Оклахома мужийн Шаэйн, Арапахо омгууд болон Форт Пэкийн Сиү, Ассинибоин омгуудаас гаралтай ажээ. “Би бусдаас тэс өөр юм шиг санагддаг байсан, энэ нь заримдаа надад таагүй байдаг байсан” гэж тэр хэлсэн. Харин цагаригт бүжиг нь хувь хүний онцлог чанарыг шингээдэг. Бүжигчин бүр өөрийн бүжгийг зохион дэглэдэг бөгөөд “энэ нь үүнийг онцгой, хувийн чанартай болгодог” гэж тэр хуваалцсан.
Авьяас чадвар чамайг хүчирхэгжүүлж чадна
Эмо-Она залбирч, судраас уншиж, Есүс Христийг дагахыг хичээхдээ Бурханд ойртож байгаагаа мэдэрдэг. Үүнчлэн авьяас чадвараа хөгжүүлэхийг хичээхдээ тэр Бурханд ойр байгаагаа мэдэрдэг. “Би цагаригуудаа аваад, бүжиглэхдээ аз жаргалтай байдаг. Авьяас чадвараа ашиглан өөрийгөө болон бусдыг хүчирхэгжүүлэхийн тулд хийх дуртай зүйлс болон чамд туслах сайн хүмүүсийг олоорой. Бусдад үйлчилснээр чи Есүс Христийн тухай гэрчлэлээ хүчирхэгжүүлж чадна” гэж тэр зөвлөж байна.
Жакс ба ирланд үндэсний бүжиг
ӨҮБББТ чуулганы авьяасын үзүүлбэр дээр Жакс өөрийн авьяасыг үзүүлж, ирланд үндэсний бүжиг бүжиглэхдээ маш их сандарч байжээ. “Би маш их айж байсан. Яг л могойн үүрэнд орох гэж буй мэт айсан. Би тайзан дээр гарахаасаа өмнө залбирсан боловч айсан хэвээр л байсан. Гэтэл хөгжим дуугарч эхэлсэн. Би тэнд хэн ч байхгүй мэтээр төсөөлж, тэгээд зүгээр л бүжиглэж эхэлсэн” гэж тэр ярилаа.
Жакс ирланд үндэсний бүжгийн хөдөлгөөнөөр хөлөө хөдөлгөн цовхчиж гарав. Жаксын хөөрсөн царайг харсан хүмүүс өнөөдрийг хүртэл ямар зам туулсныг нь таахгүй нь лавтай.
Стрессийг зохицуулах авьяас чадвартай болох
“2020 онд би сэтгэл санаагаар маш их хямарч, амиа хорлох бодол хүртэл төрж байсан. Тэгээд би сэтгэцийн эмнэлэгт сар хэвтсэн. Би бага тархины үрэвсэлтэй мөн аутизмтай болохоо олж мэдсэн. Надад үнэхээр хэцүү байсан” гэж Жакс ярив.
Жаксыг сэтгэцийн эрүүл мэндийн эмчилгээ хийлгэж дууссаны дараа ээж нь түүнд стрессийг зохицуулахад туслах ямар нэг хөдөлгөөнтэй зүйл олж хийхийг зөвлөжээ. Тэрээр юу хийж болох тухай хувийн илчлэлт эрэлхийлэхээр шийдсэн байна.
“Би үүний талаар залбирч, тусламж хүссэн” гэж тэр хэлээд, “Тэгээд авга эгч маань ирланд үндэсний бүжиг заадгийг санасан. Тэгээд Христийн мэндэлсний баярын тоглолтын өмнөхөн хичээл заалгаж эхэлсэн. Би хоёрхон долоо хоногийн дотор таван бүжиг сурах хэрэгтэй байлаа. Үнэхээр хөгжилтэй байсан” гэж Жакс хошигнов. Удалгүй ирланд бүжиг түүний амьдралд маш том адислал болжээ. “Энэ нь миний стрессийн түвшнийг бууруулж, харанхуй бодлуудаас холдуулсан” гэж тэр хэлсэн.
Авьяас чадвараа хуваалцсан нь
ӨҮБББТ чуулган дээр Жаксын бүлгийнхэн түүнээс авьяасын үзүүлбэр дээр үзүүлэх авьяас байгаа юу гэж асуужээ. Тэгэхэд тэр тэдэнд явган зам дээр бүжиглэж үзүүлсэн аж. Түүнийг энэ үзүүлбэрээ үзүүлэх хэрэгтэй гэхэд, “Өө яана аа” гэх бодол Жаксад шууд төрөв. Хэдий айж байсан ч тэр авьяасаа үзүүлэхээр шийджээ.
ӨҮБББТ чуулган дээр бүжиглэж байгаа бичлэгээ хараад, тэр өөрийн эрхгүй инээд алдсан. “Би эхний хэсэгт их төв царай гаргасан байсан. Тэгээд хүмүүсийг дэмжиж эхлэхэд би инээмсэглэж эхэлсэн” гэж тэр хэлсэн юм.
Асуудалтай байгаа өсвөр үеийнхэнд Жакс дараах зөвлөгөөг өгч байна. “Асуудлаа над шиг бусдаас нуухын оронд бусадтай ярилцсан нь дээр. Их Эзэн чамайг хэн гэдгийг чинь мэддэг бөгөөд чамд туслахад бэлэн байх болно. Их Эзэн чамд туслахыг хүсдэг.”
Ирланд бүжиг сурсан нь Тэнгэрлэг Эцэгээс ирсэн адислал байсан гэж Жакс боддог.
Чи бол онцгой нэгэн
Их Эзэнд хандвал чи ч бас шинэ авьяас чадварт суралцахаар өдөөгдөхийг үгүйсгэхгүй шүү дээ.
Эмо-Она, Жакс хоёрт тохиолдсон шиг Ариун Сүнс чамд авьяас чадвараа танихад тусалж чадна. Авьяас чадвараа хөгжүүлж, бусадтай хуваалцан, Аврагчтай адил болохыг хичээхдээ чи тусламжуудыг авч чадна.
Чи ямар авьяас чадвараа хөгжүүлж, үүнийгээ бусадтай хуваалцаж чадах вэ?