“Стресстэй, түгшүүртэй эсвэл гунигтай байна уу?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 9-р сар.
Амьдралд зориулсан тусламж
Стресстэй, түгшүүртэй эсвэл гунигтай байна уу?
Үүнийг давахын тулд чиний хийж болох зарим зүйлийг харуулав.
Стрессийн сорил
Чи хэр их гуниг, стресстэй байна вэ?
Хэрвээ чи цөхрөл, айдас, эсвэл удаан хугацааны турш сэтгэл гутрал, түгшүүр мэдэрч байгаа бол итгэл даах насанд хүрсэн хүнтэй ярилцаж туслалцаа аваарай. Түүнчлэн шар хэсэгт байгаа зөвлөгөөг туршиж үзэж болно (ялангуяа анхдагч алхмуудыг!). Гэхдээ заримдаа бидэнд үүнээс илүү гүнзгий тусламж авах хэрэг гардаг бөгөөд ингэх нь зүгээр шүү.
Хэрэв чамд амиа хорлох мэдрэмж төрж байгаа бол яаралтай тусламж авахаар эрэлхийл. Чи орон нутгийнхаа яаралтай тусламжийн утас, цагдаа, эсвэл эмнэлэгтэй холбогдоорой.
Хааяа нэг түгших, гуниглах эсвэл стрессдэх нь энгийн зүйл юм. Эдгээр мэдрэмж амьдралын нөхцөл байдлаас үүддэг бөгөөд амьдралын өөрчлөлтүүдтэй зэрэгцэн үүсэж мөн алга болдог. Чамд тус болох зарим зөвлөгөөг хэрэгжүүлэхээр оролдоод үзээрэй.
Анхдагч алхмууд
-
Тэнгэрлэг Эцэгтээ ханд. Тэр чиний залбирлыг сонсож, хариулдаг. Тэрээр чамд тохиох сорилтуудтай нүүр тулахад тусална.
-
Есүс Христэд төвлөр. “Бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдлаас биш, харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой.”1
-
Бусдад үйлчил. “Бусдад үйлчлэн, өөрсдийгөө мартахад бид өөрсдийн амьдрал болон аз жаргалаа олдог.”2
-
Сүнсээ эрүүл байлга. Судраас өдөр бүр уншиж, боломжоороо ариун сүмд орж, ариун ёслолоос хүртэж, гэрээгээ сахиж, өдөр бүр наманчлаарай. Шаардлагатай үед санваарын адислал хүс.
-
Биеэ эрүүл байлга. Хангалттай унтаж, дасгал сургуулилт хийж, Мэргэн ухааны үгийг дага.
Хэрэв чиний сэтгэл түгшүүртэй байгаа бол
-
Одоо цаг үед төвлөр. Ирээдүйдээ санаа зовж, өнгөрснөө бодон сэтгэл түгших нь чамд тус болохгүй. Одоогийн энэ цаг мөчийг л чи өөрчилж чадна.
-
Амрах цаг гарга. “Учир нь хүн өөрт нь буй хүчнээс илүү хурдан гүйх шаардлагагүй” (Мозая 4:27).
-
Аливааг өөдрөгөөр бод. Сөрөг зүйлс бодох нь сөрөг мэдрэмж төрүүлдэг. Өөдрөг бодолтой байх нь чамд айдас эсвэл түгшүүрийг багасгахад тусална.
Хэрэв чи гуниглаж байгаа бол
-
Сорилтууд бол төлөвлөгөөний нэг хэсэг гэдгийг ойлгоорой. Хэцүү нөхцөл байдалд байна гэдэг нь чи ямар нэг зүйлийг тэр бүр буруу хийж байна гэсэн үг биш. Тэнгэрлэг Эцэг чамайг хүчирхэгжүүлж, чамд ирсэн сорилтууд эцэст нь чиний сайн сайхны тулд ажиллах болно гэдэгт найд (Сургаал ба Гэрээ 90:24-ийг мөн Ром 8:28; Сургаал ба Гэрээ 122:5–9-г үзнэ үү).
-
Талархалд төвлөр. Талархаж байгаа зүйлсээ өдөр бүр тэмдэглэж, Тэнгэрлэг Эцэгтээ заавал талархлаа илэрхийлээрэй (Сургаал ба Гэрээ 98:1-ийг үзнэ үү).
-
Дуртай зүйлсээ хий. Найз нөхөд, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлж, шинэ хоббитой болж, урам зориг өгөх хөгжим сонсож эсвэл хөгжилтэй үйл ажиллагаа төлөвлөж болно.
Хэрвээ чи хангалттай сайн байж чадахгүй байна гэж мэдэрч байгаа бол
-
Чи төгс байх шаардлагагүй гэдгийг ойлгоорой. “Мөнх бус амьдралд төгс төгөлдөр болох үйл явц ‘хараахан гүйцэлдэхгүй’.”3 Амьдрал дээр эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийгөө бусадтай бүү зүйрлэ.
-
Өөртөө эелдэг ханд. Найздаа сайхан ханддаг шигээ өөртөө ч бас тэгж ханд. Ариун Сүнс ч гэсэн чамтай эелдгээр ярьж, чамайг хэзээ ч шоолохгүй мөн басамжлахгүй.
-
Чиний сул чанарыг Аврагч нөхдөгийг ойлгоорой. Есүс Христ бидний гэм нүглийн төлөө зовж шаналахаас гадна Өөр дээрээ бидний өвчин шаналал, сул дорой байдлыг авсан (Алма 7:11–12-ыг үзнэ үү). Биднийг даруухан байвал Тэрээр “сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгоно” (Ифер 12:27) гэж амласан. Бид дангаараа хангалттай сайн байж чадахгүй байж болно, харин Түүнтэй хамт бид хангалттай сайн байж чадна.
Дүгнэлт
Чамд өөртөө итгэлтэй байж, амьдралын сорилтуудтай тулгарахад бэлэн гэдгээ мэдрэх олон өдөр байх болно. Хэчнээн өөртөө итгэлтэй байсан ч гэсэн анхдагч алхмуудыг заавал дагаж хэвшээрэй.
Амьдрал амархан мэт санагдах үед Тэнгэрлэг Эцэгт хандан залбир. Амьдрал чинь сайн сайхан байх үед ч Аврагчийн чиний төлөө хийсэн зүйлсэд мөн Түүний амьдрал, сургаалд төвлөрөөрэй. Тэгвэл хэцүү мэдрэмж чамд төрөх үед эдгээрийг даван туулахдаа чи илүү бэлтгэлтэй байх болно.