“Аврагч та хоёр хамтдаа ертөнцийн эсрэг,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 3-р сар.
Ертөнцийг ялан дийлэх хүч чадал
Аврагч та хоёр хамтдаа ертөнцийн эсрэг
Сатаарал, уруу таталт, хавчин гадуурхалт гэх мэт дэлхийн зүйлсийг Есүс Христ даван туулсан ба чамайг ч мөн тэдгээрийг ялан дийлэхэд хүчирхэгжүүлж чадна.
Есүс Христ энэ ертөнцийг ялан дийлсэн ба Тэр чамайг ч мөн ингэхийг урьдаг. Гэвч “ертөнц” гэдэг нь юу вэ, мөн ялан дийлэх гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон үүнийг ийн тайлбарласан. “[Ертөнцийг ялан дийлэх гэдэг нь] Бурханы зүйлээс илүү энэ ертөнцийн зүйлд санаа тавих уруу таталтыг ялан дийлэхийг хэлнэ.”1
“Энэ ертөнцийн зүйлд” эд хөрөнгө, алдар хүнд, хүч чадал, магтаал, тааламжтай байдал гэх зэрэг мөнх бус амьдралд эгэл хүний таалж болох бүхэн багтаж болно. Эдгээрийн зарим нь үргэлж муу биш ч дэлхийн зүйлүүдэд илүү ач холбогдол өгч, Бурханд төвлөрөх анхаарлаа алдвал бид урт хугацааны хэцүү байдалд ордог.
Ертөнцийг ялан дийлэх үед бид эсэргүүцэл, хавчин гадуурхалттай нүүр тулах болно хэмээн Есүс Христ заасан (Иохан 15:18–21-ийг үзнэ үү). Гэсэн ч Тэр эхлээд ертөнцийг ялсан учир бид амар амгалан, мөн “зоригтой” байж чадна (Иохан 16:33).
Дэлхийн саад бэрхшээлийг даван туулахын тулд эдгээр өсвөр үеийнхэн Есүс Христэд хүч чадлыг олсон. Чи ч мөн хүч чадлыг олж чадна!
Дэлхийн сатаарал
Би олон жилийн турш өдөр бүр олон цагийг компьютер тоглоом тоглож өнгөрөөдөг байсан. Найзуудтай болж, улмаар би чухал хүн болсон мэт надад санагдаж байсан. Гэвч тоглож дууссаны дараа надад хоосон, нэг зүйл дутуу мэт мэдрэмж төрдөг байв. Би бүрэн дүүрэн аз жаргалтай биш байлаа.
Намайг жинхэнээсээ аз жаргалтай болгох, намайг сайжруулах тийм зүйлсэд би анхаарлаа хандуулахыг хүссэн. Тэгээд би ойр ойрхон залбирч эхлэв. Би зүрх сэтгэлдээ мэдэрч буй зүйлээ Тэнгэрлэг Эцэгт хэлэх үед хайрыг хүчтэй мэдэрсэн.
Намайг Христэд илүү ойртуулах зүйлсийг би хийхийг хүссэн. Тиймээс би өдөр бүр судраас судлах, залбирах, сүнслэг хүмүүстэй хамт цагийг өнгөрөөх, Ариун Сүнсийг холдуулах зүйлсэд сатаарахгүй байх гэх мэт энгийн зүйлсэд анхаарлаа хандуулсан. Миний амьдрал өөрчлөгдсөн. Амьдрал минь илүү аз жаргалтай санагдах болсон.
Би компьютер тоглоомоос илүүтэй намайг үнэхээр аз жаргалтай болгох өөр чухал зүйлс байдгийг Христэд ойртох үедээ ойлгосон. Тэдгээр нь мөнхийн зүйлс юм.
Алина У., 18 настай, Литва
Ертөнцийн нөхцөл байдал
Би сургууль дээрээ итгэл үнэмшлээсээ болж гадуурхагдаж, дээрэлхүүлдэг байсан. Энэ болон өөр бусад сорилтоос болж дэлхий хөмөрч байгаа мэт санагддаг байв. Ээж минь надад Есүс Христ миний зовлонг ойлгож, надад амар амгалан, тайвшралыг өгч чадах учир Түүний Цагаатгалд найдахыг зөвлөсөн (Сургаал ба Гэрээ 19:23-ыг үзнэ үү).
Би тогтмол мацаг барихаа Тэнгэрлэг Эцэгт амлахаар шийдсэн. Сул дорой байдал, бэрхшээлүүдэд минь туслаач хэмээн гуйсан гуйлтад минь Тэр хариулсаар ирсэн.
Мацаг барих нь намайг Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд илүү ойртуулсан. Тэд үргэлж дэргэд минь байж, сорилтуудыг давах хүчийг өгч, жинхэнэ аз жаргалыг олоход тусална гэдгийг би мэднэ. Есүс Христ шархыг минь эдгээж, Тэнгэрлэг Эцэгтээ буцаж ирэхэд тусалдаг.
Вэра Р., 17 настай, Бразилын Бразилиа