“Одоо мөн үргэлж Түүний хүчийг олох нь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 3-р сар.
Бүх цаг үеийн хүч
Одоо мөн үргэлж Түүний хүчийг олох нь
Чи Есүс Христийн хүч мөн тусламжийг авах зохистой нэгэн.
Чи ойгоор зугаалж явахдаа, бүдэрч унаад унасан мөчрүүдэд орооцолдсон хүүтэй таарлаа гэж төсөөл дөө. Тэр мөчрүүдийн нэг нь их хүнд учир тэр өөрөө дийлэхээргүй байв.
Чи туслах уу? Эсвэл дэргэд нь суугаад тэр чиний тусламжийг авах зохистой эсэхийг бодож үзэх үү?
Мэдээж чи тусална! Тэр хүүд туслах эсэхээ бодон хүлээнэ гэдэг чамд утгагүй санагдаж байгаа байх. Гэсэн хэдий ч бид өөрсдийнхөө тухай ингэж боддог бөгөөд энэ тохиолдолд бид тэрхүү тусламж хэрэгтэй хүүхэд юм.
Чи аврагдахуйц зохистой
Чи хэдэн ч настай байлаа гэсэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харьцуулахад чи хүүхэд билээ. (Үнэндээ, чи жинхэнээсээ Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд юм.) Мөн чиний бие махбод, сэтгэл хөдлөл, сүнс, оюун санааны хүч чадал Тэднийхтэй харьцуулшгүй. Бидний ихэнх нь үүнийг сайн ойлгодог. Гэвч бид ямар нэг шалтгаанаар бүдчих үедээ хүлээн авахуйц болохоос нааш тусламж авч чадахгүй гэж мэдрэх нь элбэг. Энэ бол худал.
Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх асан ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф нэг удаа Лук 15-д гардаг алдагдсан хонины сургаалт зүйрлэлийн тухай ийн ярьсан.
“Хонь газарзүйн солбицлоо тооцоолохоор өнцөг хэмжигчийг хэрхэн хэрэглэхийг мэдэх хэрэгтэй юү? Тэр байршлаа тогтоохын тулд GPS хэрэглэж чаддаг байх хэрэгтэй юү? Тэр тусламж дууддаг программ зохиох туршлагатай байх хэрэгтэй юү? Сайн Хоньчныг аврахаар ирэхээс өмнө хонинд ивээн тэтгэгчийн баталгаа хэрэгтэй юү?” гэж тэр асуусан.
“Үгүй ээ. Мэдээж, үгүй! Сайн Хоньчин түүнийг хайрладаг учраас хонь нь тэнгэрлэг авралыг авах зохистой юм.
Миний хувьд алдагдсан хонины сургаалт зүйрлэл нь бүх судрын дотроос хамгийн итгэл найдвар төрүүлдэг хэсгүүдийн нэг билээ.”1
Янз бүрийн шалтгаанаар бидний хэн нь ч төөрч, алдагдаж болно. Мөн бидний хүн нэг бүрийн хувьд бурханлаг тусламж аль хэдийн биднийг хайж байгаа байх.
Тусламж авах нь үргэлж боломжтой
Бид зөвхөн гэм нүгэл үйлдсэн үедээ бус харин хамгийн сайнаараа амьдарч байхдаа ч тусламж авах боломжтой. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан.
“Бид Цагаатгалын энэхүү хүчирхэгжүүлэгч нөлөөг амьдралдаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөг билүү? Бид бас ачаагаа цор ганцаараа, өөрсдийнхөө хүсэл зоригийн хүч болоод сахилга батаар, өөрсдийнхөө илэрхий хязгаарлагдмал хүчээр үүрч яваа хэмээн буруугаар сэтгэдэг юм биш биз хэмээн би боддог.
“Есүс Христ бидний төлөө амиа өгөхөөр энэ дэлхийд ирснийг мэдэх нь нэг хэрэг. Харин Их Эзэн Өөрийн Цагаатгалаар болон Ариун Сүнсний хүчээр дамжуулан бидэнд баяр баясал өгч, биднийг зөвхөн удирдаад зогсохгүй бас хүчирхэгжүүлж, эдгээхийг хүсдэгийнх нь төлөө бид талархалтай байх хэрэгтэй.”2
Чи Түүний тусламжийг авах зохистой! Чиний саяхан ямар замаар явснаас үл хамааран, Есүс Христ чамтай хамт алхахад бэлэн байдаг.