Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Бидэнд өдөр бүр хэрэг болох гайхамшиг
2024 оны 3-р сар


“Бидэнд өдөр бүр хэрэг болох гайхамшиг,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 3-р сар.

Нүглийг ялан дийлэх хүч

Бидэнд өдөр бүр хэрэг болох гайхамшиг

Бурхан бидэнд хайртай юм бол яагаад биднийг өөрчлөгдөж, наманчил гэдэг юм бэ? Нүглийн тухай болон Есүс Христийн цагаатгах золиослолын тухай зарим үнэнийг эндээс уншаарай.

цонх угааж буй нь

Зураг чимэглэлийг Адам Хоулинг

Хэрэв чи Есүс Христийн энэ дэлхийд амьдарч байхдаа үзүүлсэн гайхамшгуудын гэрч байсан бол яах вэ? Түүний өвдсөнийг эдгээж, үхсэнийг амилуулж байгааг харсан бол яах вэ? Бид өнгөрсөн рүү очиж тэдгээр гайхамшгийг үзэж чадахгүй ч бидний өдөр бүр харж чадах Есүс Христийн нэгэн гайхамшиг бий. Энэ нь бүхнээс хамгийн чухал зүйл буюу Тэр нүглийг ялан дийлсэн тухай юм.

Нүглийн талаарх үнэн

Зарим хүн үүний чухал ач холбогдлын талаар гайхаж байж болох юм. Бид хааяа хааяа алдаа гаргадаг ч Бурхан бидэнд хайртай хэвээрээ биз дээ? Тийм ээ. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хоёулаа биднийг гүнээ хайрладаг. Гэвч биднийг хайрлах тэдний хайранд өөр утга учир мөн бий.

Аврагч нифайчуудад айлчлах үедээ, нүглийг ялан дийлэх нь яагаад чухлыг буюу “Ямар ч цэвэр бус зүйл [Бурханы] хаант улсад орж чадахгүй” (3 Нифай 27:19) тухай заасан.

Тэрээр “ганц хоёр алдааг эс тооцвол ямар ч цэвэр бус зүйл” гэж хэлээгүй. Тэр ямар ч төрлийн гэм нүгэл (санаатайгаар Бурханы зарлигийг зөрчих) биднийг Түүнтэй хамт дахин амьдрахад саад болдог хэмээн заасан.

Энэ л асуудал болж байгаа юм. Бид хараахан Бурханы зарлигуудыг төгс дагадаг болоогүй байгаа. Хамгийн зөв шударга бошиглогчоос авхуулаад хамгийн ёс бус гэмтэн хоёрын хоорондох бүх хүнд энэ хамаатай. Бид гэм нүглээ өөрсдөө арилгаж чадахгүй учир эдгээр нь биднийг Бурханы хаант улсад орох боломжгүй болгох байв.

Христийн Цагаатгалын гайхамшиг

Талархууштай нь, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд тусламж хэрэгтэйг мэдэж байлаа. Гетсеманий цэцэрлэгт болон загалмай дээр Есүс Христ бидний бүх өвдөлт, өвчин, зовлон зүдгүүр, сул дорой чанар, нүглийг өөртөө авсан юм (Алма 7:11–13-ыг үзнэ үү). Тэрээр Бурханы төгс Хүү мөн Мариагийн мөнх бус хүү байсан учраас хэний ч төлж чадахгүй төлөөсийг төлж чадсан.

Тийм учраас Тэрээр нифайчуудад “Тиймийн тул өөрсдийн итгэл, мөн өөрсдийн бүх нүглийн наманчлал, мөн төгсгөл хүртэлх өөрсдийнх нь үнэнч шударга байдлын учир миний цусанд өөрсдийн өмсгөлийг угаасан тэднээс бусад юу ч [Бурханы] амралтад орохгүй” (3 Нифай 27:19) хэмээн заасан.

Есүс Христийн ачаар бид нүглээсээ ангижрах боломжтой нь ямар гайхамшигтай вэ! Бид Аврагчийн цагаатгах золиослол бидэнд зайлшгүй хэрэгтэй гэдгийг ойлгон мэдэхдээ, Түүнд итгэн, нүглээ наманчилж, эцсийг хүртэл итгэлтэйгээр Түүнийг үргэлжлүүлэн дагах явцдаа Түүний хүч чадалд итгэл найдвараа тавьдаг. Энэ бол Түүний хүч чадалд итгэж, итгэлийнхээ дагуу үйлдэх үед өдөр бүр тохиох гайхамшиг юм!