Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Христийн ач ивээлээс ирдэг эерэг өөрчлөлт
2024 оны 3-р сар


“Христийн ач ивээлээс ирдэг эерэг өөрчлөлт,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 3-р сар.

Нүглийг ялан дийлэх хүч

Христийн ач ивээлээс ирдэг эерэг өөрчлөлт

Бид Аврагчийн ач ивээл бол олж авдаг зүйл биш харин бүгдэд үргэлж нээлттэй байдаг зүйл гэдгийг ойлгох үед амьдралд маань гайхалтай зүйлс тохиох боломжтой.

төөрдөг байшинд буй залуу эрэгтэй

Зураг чимэглэлийг Жаром Вогэлн

Бишопоор үйлчилж байх үедээ би залуу хүмүүс наманчлалынхаа нэг хэсэг болгож надтай уулзаж нүглээ хүлээснээрээ тайвшралыг мэдэрч байгааг харах үнэхээр гайхалтай байдаг байсан. Гэвч би нэгэн давтагдсан хэв маягийг олж хардаг байсан. Энэ нь залуу хүмүүс нүглээ хүлээн, тайтгарлыг олж, дараа нь—тэд сайныг бодож, зорьж байсан ч—дахиад асуудалд орчихдог. Тэгээд нүглээ хүлээж, дээрдсэнийхээ дараа дахиад асуудалд ордог. Энэ мэтээр гурваас дөрвөн удаа давтагдахад тэд ихэвчлэн бууж өгөх талдаа байдаг байв.

Эдгээр залуу хүн Есүс Христээр болон Түүний Цагаатгалаар дамжуулан наманчилж, шинээр эхлэх боломжтойг сурч мэдсэн байдагт нь би талархаж байсан. Гэсэн хэдий ч тэд магадгүй Аврагчийн өөр нэгэн адислал болох Түүний ач ивээл—боломж олгох хүч1 буюу “биднийг сул дорой, хязгаарлагдмал байдлаас өргөмжлөгдсөн байдал руу ороход өгөгдөх тэнгэрлэг тусламж мөн хүч чадлын бэлэг”2-ийг хангалттай ойлгоогүй юм болов уу гэж би санаа зовнидог байлаа.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны зааснаар буюу “наманчлал … бол үйл явц”3, үүнд цаг хугацаа, байнгын хичээл зүтгэл хэрэгтэй4 гэдгийг би илүү тодорхой заахаар шийдсэн. Бурхан биднийг байгаагаар маань хүлээн авч, хэдий хугацаанд ч байсан, төгөлдөржих үйл явцын бүхий л үе шатанд бидэнд туслахаар ач ивээлээ өгч байдаг тухай тойргийн маань гишүүд мэдээсэй гэж би хүссэн юм.

Ач ивээлийг ойлгох нь чамд хэрхэн туслах вэ

Хэдэн жилийн өмнө, Бригам Янгийн Их Сургуулийн 600 залууг хамруулсан судалгаагаар, ач ивээлийг мэдэж, ойлгодог хүмүүсийн сэтгэл гутрал, түгшүүр, ичгүүр, өөртөө өндөр шаардлага тавих байдлын түвшин бага байсныг харуулсан.5 Дараагийн судалгаагаар, ач ивээлд итгэх итгэл нь талархал, өөрийгөө үнэлэх үнэлэмж, амьдралын утга учир, сэтгэл хангалуун байдал, мөн өөдрөг үзэл өндөр түвшинд байхтай холбоотойг харуулжээ.6

Өөрөөр хэлбэл, ач ивээл нь үүнийг хүртэхүйц зохистой байх үед ирдэг зүйл бус, харин энэ нь яг энд, яг одоо бүгдэд боломжтой зүйл гэдгийг ойлгосон хүмүүс ичгүүрийг бага мэдэрч, өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөртэй байдаг ажээ. Бид ямар ч зүйл хийсэн, мөн Түүний урмыг хэчнээн олон удаа хугалсан мэт санагдахаас үл хамааран Бурхан бидэнд туслах болно гэдгийг мэдэх үед бид үргэлжлүүлэн хичээх урмыг авдаг.7

“Би Тэнгэрлэг Эцэгийн урмыг хугалсан”

Саяхан нэгэн номлогч бэлтгэлийн өдрийнхөө спорт үйл ажиллагааны үеэр бэртэж, эмчилгээ хийлгүүлэхээр гэр лүүгээ явсан. Тэрээр бие махбодын хэрэгтэй тусламжаа авсныхаа дараа эргээд номлолдоо гарах том зорилго тавьсан байв. Гэсэн хэдий ч, тэр хэтэрхий их цагийг ганцаараа, зохион байгуулалтгүйгээр өнгөрүүлснээс болж хуучин зуршлууддаа эргэн орчихжээ.

Номлолд гарахынхаа өмнө наманчилж мөн орхисон гэж бодсон гэм нүгэлдээ тэр автав. Тэрээр өөрийгөө хянаж чадаагүйдээ шантарч, гонсойв. Сэтгэлээр унах тусмаа, тэр муу зуршлууддаа автсаар байв. Энэхүү доош чиглэсэн тойрог нь түүнийг буруу зүг рүү хурдан чирж байжээ.

“Би Тэнгэрлэг Эцэгийн урмыг хугалсан юм шиг санагдаж байна” хэмээн өнөөх залуу санваарын удирдагчдаа хэлэв. Мөн тэр “Би үүнийг өмнө нь наманчилсан. Бурхан намайг уучилсан. Үүнийг дахиж хэзээ ч хийхгүй гэж би амласан. Гэвч би одоо энд өмнө нь ерөөсөө наманчлаагүй мэт байж байна. Би Бурханы өршөөл эсвэл тусламжийг хүртэх эрхгүй. Одоо ч бас хэзээ ч эрхгүй” гэв.

Санваарын удирдагч хариуд нь, “Ач ивээл нь бэлэг гэдгийг мэдэх нь чамд сайхан санагдахгүй байна уу? Чи үүнийг олж авах, эсвэл үүнийг олж авахуйц зохистой байх шаардлагагүй. Гагцхүү үргэлжлүүлэн хичээж, бууж өгөлгүйгээр үүнийг хүлээн авахыг сонгох хэрэгтэй” гэв.8 Мөн тэрхүү удирдагч, “Бид заримдаа алдаагаа давтаж мэдэх ч тэр даруй өвдөг сөгдөн даруухнаар өршөөл гуйн, наманчлан залбирч, зөв чигт дахин хөдөлцгөөе”9 гэсэн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны үгийг хуваалцав.

төөрдөг байшингаас гарч буй залуу эрэгтэй

Өнөөх залуу эр дахин тэнгэр өөд хандаж, тэндээс Аврагчийн тусламжийг авсан юм. Биеийн гэмтэл нь эдгэрэхээс гадна түүний зүрх сэтгэл мөн илаарьшжээ. Бага багаар зорилго тавин, Есүс Христээр дамжин боломжтой болсон тэрхүү ач ивээлээр тэр сайжирч эхэлсэн. Удалгүй тэр талархал, өөрийгөө үнэлэх үнэлэмж, утга учир, амьдралын сэтгэл ханамж, өөдрөг байдал дүүрэн номлолдоо эргэн гарсан юм. Энэ бол Христийн ач ивээлээс ирдэг эерэг өөрчлөлт билээ.