“Айдсын хөндий дэх чиний Хоньчин,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 3-р сар.
Айдас, түгшүүрийг давах хүч
Айдсын хөндий дэх чиний Хоньчин
Сэтгэл түгших үедээ бид Хоньчныхоо дуу хоолойг сонсож чадна.
Хүмүүсийн хамгийн сайн мэддэг судрын хэсэг бол Дуулал 23 юм. Олон жилийн өмнө бичигдсэн эдгээр шүлэг нь дэлхий даяарх олон янзын шашны итгэгч хүмүүст тайвшралыг өгдөг билээ.
ЭЗЭН бол миний хоньчин Надад дутах зүйл үгүй.
Ургамал ногоон бэлчээрт Тэр намайг хэвтүүлж, Усны дөлгөөн тийш Тэр намайг хөтлөн
Амин сэтгэлийг минь Тэр сэргээдэг. Нэрийнхээ төлөө Та Зөвтийн замаар намайг хөтөлдөг.
Үхлийн харанхуйн хөндийг туулсан ч Хор муугаас би үл айна. Та надтай хамт агаад Тайвшруулал минь Таны саваа, Таны таяг билээ.
Өстнүүдийн минь өмнө Та надад ширээ засжээ, Өөрийн минь толгойг Тосоор бас тосолжээ. Аяга минь дүүрч бялхнам
Сайн сайхан хийгээд хайр энэрэл тань Насан туршид минь намайг лавтай яа дагана. ЭЗЭНий өргөөнд би мөнхөд оршин сууна.
Чи хонийг ойроос харж байсан уу? Тэд бага зэрэг цочимхой эсвэл ямарваа нэг чанга дуу чимээ эсвэл хөдөлгөөн гарахад үргэчихдэг. Тэд яавч эрэлхэг зоригтой биш ээ! Их Эзэн бидний хүн нэг бүр айдастай нүүр тулах болно гэдгийг мэддэг гэдэг нь бидний энэ зүйрлэлээс суралцаж болох зүйл байж болох юм. Үүнд ичих зүйл байхгүй! Энэ бол мөнх бус амьдралын нэгэн сорилт билээ. Бид тэдгээр сэтгэл түгшээсэн мөчид Хоньчныхоо дуу хоолойг сонсож чадна. Тэр биднийг амар амгалан, аюулгүй газар болох “ургамалт бэлчээрт” хөтлөхийг хичээдэг. Өөрийг нь дагахыг намуухнаар урьдаг Түүний арга замуудын талаар эндээс уншаарай.
-
Шинэ гэрээн дэх Түүний сургаал, 3 Нифай, Сургаал ба Гэрээ гэх мэт Хоньчны үгсийг агуулсан судруудыг судал. Ингэх үед бид сүнслэгээр тэжээгдэж, ирээдүйд Түүний дуу хоолойг илүү сайн таньж чадах болно.
-
Амьдралд чинь амар амгалан, тайвшрал хэрэгтэй цаг мөч бүрд Есүс Христийн нэрээр Тэнгэрлэг Эцэгт хандан залбир.
-
Эцэг эх, Сүмийн удирдагчид, найзууд, мөн эмч, мэргэжлийн хүмүүс гэх мэт олон арга хэлбэрээр Аврагчийн тусламж ирж болохыг хүлээн зөвшөөр.
-
Сүм, семинар гэх мэт газар Аврагчийг хайрладаг хүмүүстэй хамтдаа цуглар. Ингэснээр бид Аврагчийг дагахын тулд хамтдаа хичээж, Түүний тусламжаар айдас дагуулсан асуудлуудаа ялан дийлэх Гэгээнтэн хамт олонтой нэгдэж чадна.
Дуулал 23-т дурдсан шиг айдсаа ялан дийлэх нь заримдаа харанхуй хөндийгөөр аялахтай адил байдаг. Урагш тэмүүлсээр байх үед эдгэрэл ирнэ гэдгийг Бразилд амьдардаг Николас Ф. гэрчилжээ. Тэрээр айдас болон бүтэлгүйтлийн мэдрэмжтэйгээ удаан хугацаанд тэмцэлдсэн ажээ.
“Толгойноос минь муухай бодлуудыг гаргаад өгөөч, муухай мэдрэмжийг минь алга болгоод өгөөч гэж би Бурханаас ихэд гуйж залбирсан” гэж тэр хэлэв. Эргэлзээ болон хийсэн алдаанууддаа автах үеүд түүнд байсан.
“Би Бурханы хүчийг олохыг хичээсэн ч Түүний эдгэрлийг хараахан мэдрэхгүй байсан” гэж Николас хэлэв. Тэр айдсыг ялан дийлэхтэй холбоотой судруудын шүлгүүдийг хайж, тэдгээр үгээс хүч чадлыг олсон. Түүнд ээж нь болоод бусад хүн тусалжээ.
Эцэст нь нэгэн өдөр тэр бүрэн дүүрэн болж, талархлыг мэдрэв. Тэр ямар хол замыг туулснаа анзаарчээ.
Тэр: “Өмнө нь надад шоронд байгаа мэт санагддаг байсан. Харин одоо би тулаанд ялж чадах юм шиг санагдаж байна. Би Их Эзэний тусламжийг эрэлхийлэх үед итгэл найдварыг мэдэрдэг” гэв.
Амьдралын чинь энэ цаг үе нарлаг уулын бэл мэт эсвэл сүүдэрт хөндий мэт санагдаж байвч чамд Сайн Хоньчин бий, мөн тэр чамтай хамт алхах болно. Тэр чамд хайртай! Тэр чамайг энэ бүхнийг даван туулахад туслах болно. Түүнтэй ойр бай. Тэр чамайг амар тайван руу хөтөлнө.