Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Би нийтэч биш ч гэсэн үйлчилж чадах уу?
2024 оны 3-р сар


“Би нийтэч биш ч гэсэн үйлчилж чадах уу?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 3-р сар.

Үйлчлэх хүч

Би нийтэч биш ч гэсэн үйлчилж чадах уу?

Хүмүүстэй харилцах нь хэцүү байвч Аврагч биднийг хүчирхэгжүүлж чадна.

замын хажуугаар алхаж буй залуу эмэгтэй

Ахлах сургуульд байхдаа би хүмүүстэй сайн ярилцаж чаддаггүй байсан болохоор өөрийгөө Есүс Христийн тийм ч үнэ цэнтэй шавь биш гэж боддог байлаа. Би зүгээр ч нэг дотогшоо хүн байгаад зогсоогүй хэтэрхий ичимхий байсан! Би их бүрэг байсан болохоор сургууль болон Сүм дээр найзуудтай болж, хүмүүсийн хажууд өөрийнхөөрөө байж чаддаггүй байв.

Тийм болохоор би Залуу эмэгтэйчүүдийн ангид дуудлага авахаас татгалзаж, тэгээд надаас илүү нийтэч, яриа үеийнхнээсээ сүнслэг байдлаар дутуу мэт санагддаг байсан.

Ахлах ангиа төгсөөд, номлолд гарахаар шийдэх үед би үнэхээр их айж байлаа!

Бурхан намайг үйлчлээсэй хэмээн хүсэж байгааг би мэдэж байсан ч “Яагаад над шиг хүнийг үйлчлэхийг Бурхан хүснэ вэ? Би хүмүүстэй ярьж чадахгүй шүү дээ!” гэсэн бодол эн тэргүүнд төрж байв.

Хэдий айж байсан ч би Бурханд найдан, номлолд үйлчлэхээр шийдлээ.

Христийн хүчинд найдах нь

Номлолд үйлчлэх нь эхэндээ хэцүү байсан. Гэвч үргэлжлүүлэн хичээх үед (мөн өөртөө бүтэлгүйтэхийг зөвшөөрөх үед), Их Эзэний хий гэсэн ажлуудыг хийхэд Тэр намайг хүчирхэгжүүлснийг би мэдсэн.

Мормоны Номд Их Эзэн: “Хэрэв хүмүүс надад ирэх аваас би тэдэнд өөрсдийнх нь сул доройг үзүүлэх болно. Тэд даруу байж болохын тулд би хүмүүст сул доройг өгдөг; мөн миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүмүүст миний ач ивээл хангалттай; учир нь хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө” (Ифер 12:27) хэмээн хэлсэн.

Өөрийн хүчээр биш харин Өөрийнх нь хүчээр олон гайхалтай зүйлийг Есүс Христ надтай хамт хийж болохыг би номлолдоо олж мэдсэн юм. Түүнчлэн би номлогч байсан учраас л Түүний хүч надад ирсэн юм биш, харин ахлах сургуульд байхдаа ч үүнд найдаж болох байсныг мөн ойлгосон.

Хаант улсад нь үйлчлэхэд, мөн хүчирхэг шавь нар байхын тулд бидэнд өндөр хэргэм зэрэг, урт хугацааны ажлын туршлага хэрэггүй гэдэг нь Есүс Христийн тухай тун гайхалтай зүйл юм. Хэрэв бид үйлчлэх даруу бөгөөд чин хүсэлтэй байвал Есүс Христ биднийг яг байгаагаар маань, мөн одоо байгаа нөхцөл байдалд маань хүлээн авч, Түүнд үйлчлэхэд шаардлагатай тусламж болон хүчийг өгнө.