“Есүс Христ яагаад надад хэрэгтэй вэ,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 3-р сар.
Түүнтэй харилцах хүч
Есүс Христ яагаад надад хэрэгтэй вэ
Аврагчтай харилцах харилцаагаа ойлгох нь чухал.
“Есүс Христ яагаад надад хэрэгтэй вэ?” Энэ бол өөрөөсөө асуух чухал асуулт—хүн “бүгдэд” эсвэл гэр бүл “бидэнд” гэж ерөнхийлөн хэлээгүй. Харин “надад” гэсэн байна. Үүнд би хэрхэн хариулдаг вэ?
Гэрээнүүдээ, тэр тусмаа баптисмын гэрээгээ өдөр бүр сахих, Их Эзэний дуу хоолойг Түүний Сүнсээр дамжуулан сонсож сурах гэх мэт итгэлээ бодитой болгосон үйлдлүүдээрээ энэ асуултын хариуг би өөрөө олж авсан юм. Хамгийн чухал нь буюу энэ нь Аврагчтай харилцах харилцаанд маань төвлөрсөн байсан.
Аврагчтай харилцах харилцаа
Надад яагаад миний эцэг эх, дотны найзууд хэрэгтэй вэ гэдэг шалтгаануудыг би амархан жагсааж чадна. Би тэдэнтэй харилцах харилцаагаа байнга бэхжүүлж байдаг. Тогтмол харилцан яриа, тэдний талаар илүү ихийг мэдэж авах, тэдний зөв шударга, мэргэн ухаанаас суралцах гэх мэт энгийн зүйлсээр дамжуулан тэдэнтэй ойр байхыг эрмэлзэж, цаг заваа зарцуулах үед миний амьдралд тэдний үнэ цэн маш тодорхой, харагдахуйц болдог.
Есүс Христтэй харилцах бидний харилцаа үүнтэй төстэй хэв маягтай байж болно. Тэнгэрлэг Эцэгт хандан Есүс Христийн нэрээр залбирах нь чухал зүйл. Судраас суралцаж, бошиглогч, төлөөлөгчдийн үгсийг уншин, Сүнсийг сонсох замаар Аврагчийг таньж мэдэх нь мөн чухал. Сурсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлж, зан байдалдаа шингээснээр бид тэрхүү харилцаагаа гүнзгийрүүлдэг.
Түүнчлэн, авралын төлөвлөгөөг анхаарч үзээрэй. “Авралын төлөвлөгөө” гэх нэр нь чи, би—бүх хүнд—аврал хэрэгтэй ба тэр аврал нь энэ амьдралд зориулсан төлөвлөгөөний нэг хэсэг байсан гэдгийг илтгэдэг. Бидэнд тусламж хэрэгтэй байсан бөгөөд бид өөрсдийгөө аварч чадахгүй байсан.
Бурханы оршихуйгаас биднийг тусгаарласан тэрхүү саадыг ялан дийлэх Аврагч, Есүс Христийг бидэнд өгөх болно гэсэн үүрдийн амлалтын хамтаар Бурхан биднийг энэ дэлхийд илгээсэн.1 Мөн бид Бурхантай гэрээ хийх үед бидний сонголт хийх чадварыг авахгүйгээр бидний Түүнд өгсөн ариун нандин амлалтуудад хүрэхэд тусалж, чадах бүхнээ хийнэ хэмээн Тэр амладаг.2
Тэр ойлгож байгаа гэдгийг би мэдэх хэрэгтэй байсан
Би 16 насандаа Ню Иоркод амьдарч байхдаа баптисм хүртсэн. Эхэндээ надад би шинээр олж авсан итгэл, үүний гэрээ болох Бурхантай харилцах харилцаа мөн найзуудтайгаа харилцах харилцааг зохицуулах гэж их цаг хугацааг зарцуулж буй мэт санагдсан.
Би сургууль дээрээ харьцах найзгүй болох вий хэмээн санаа зовдог байв. Гэвч найзууд минь Есүс Христийн нэрийг өөр дээрээ авахтай зөрчилдөх, мөн сүнсэнд минь аюул учруулах зүйлсийг хийхдээ дасал болсон байлаа. Есүс Христ намайг илүү зөв сонголт хийгээсэй хэмээн хүсэж байгааг би мэдэж байсан.
Гэвч намайг дотроо зөрчилдөж буйг Аврагч ойлгож байгаа гэдгийг би мэдээгүй. Сайн биш гэдгийг нь мэдэх тэдгээр зүйлийг хийгээч гэх нь өдөр ирэх тусам надад үнэхээр хэцүү санагдаж байлаа. Заримдаа тэдгээрийг аюулгүй шүү дээ гэж өөрийгөө зөвтгөдөг байсан ч ингэх нь буруу гэдгийг би мэдэж байсан.
Сайн мэдээний жишгээ бууруулснаар найзуудынхаа нэг хэсэг гэдгээ мэдрэх талаар бодож үзэх үед ямар их ганцаардаж, гэм буруутай мэт санагддагийг Аврагч ойлгож байгааг би мэдэх хэрэгтэй байсан. Надад живж буй мэт санагдаж байсан. Надад аврал хэрэгтэй байсан. Надад Есүс Христ хэрэгтэй байсан.
Түүнтэй харилцах харилцаа минь гүнзгийрэх үед
Есүс Христ яагаад надад хэрэгтэйг би өөрөө ойлгож авах үед миний Түүнтэй харилцах харилцаа гүнзгийрсэн. Сайн мэдээний дагуу амьдрах ёстой гэдэг ойлголтоос, яагаад би сайн мэдээний дагуу амьдрахыг хүсэж байна вэ гэдэг ойлголт руу шилжиж, мөн ингэхийн тулд тусламж гуйснаар энэ зүйл тохиосон юм. Тэр намайг болон асуудлуудыг минь анхаарч үздэг, авралын төлөвлөгөө нь надад туслахаар бүтээгдсэн, мөн миний аз жаргал бол энэ төлөвлөгөөний нэг хэсэг гэсэн найдвар тээн, би өвдөг сөхрөн Бурханд хандан зүрх сэтгэлээ нээсэн.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Та бид Бурхантай гэрээ байгуулсан л бол Түүнтэй харилцах харилцаа маань бидний гэрээ хийхээс өмнөх үеийнхээс ч илүү дотно болно. … Бид Бурхантай гэрээнд орсноор Тэр бидэнд туслах хүчин чармайлтдаа хэзээ ч бууж өгөхгүй бөгөөд Түүний бидэнд хандсан нигүүлсэнгүй тэвчээр хэзээ ч дундрахгүй” хэмээн заасан.3
Гэм буруутай мэт санагдаж буйгаа, мөн хэрхэн өөрийн жишгийг найз нөхдийнхөө хамт хадгалж үлдэх талаар Тэнгэрлэг Эцэгтэй би ярилцсан. Аз жаргалгүй байгаагаа, мөн Түүний тусламж үнэхээр их хэрэгтэй байгааг би Түүнд хэлсэн.
Өвдөг сөхөрч байхдаа би амар тайвныг мэдэрч эхэлсэн. Энэхүү амар амгалан мэдрэмжээр би Аврагч миний юу мэдэрч байгааг мэддэгийг, мөн Тэр намайг ямар их харж халамжилдгийг ойлгож авсан.
Өсөж том болоод, ойлголт маань тэлсэн үед, Бурханаас тусламж гуйн эсвэл наманчлах бүрдээ, биднийг Бурханаас тусгаарласан гэм нүгэл, алдаа бүрийн төлөө Аврагч бие болон сүнсний аль алинаар зовж, өвчиндөө тарчилж байсан тэрхүү Гетсеманий цэцэрлэгт очсон мэт санагддаг болсныг анзаарсан.4 Юу туулж байгааг минь хэнээс ч илүүтэй Тэр ойлгож байгаа гэдгийг энэ надад сануулдаг.
Ганцаараа биш
Дээш босох үед Сүнс надад зарим зүйлийг ойлгоход тусалж, зөв зүйлийг хийхэд зоригжуулсан. Эхлээд, найзуудын маань нэг нь муслим шашинтай, түүнд хийж болохгүй зүйлс байдгийг, мөн түүний итгэл бишрэлийг бид хүндэтгэдэг учир жишгээ бууруулахыг бид түүнээс хэзээ ч хүсэж байгаагүйг би санасан. Тэд намайг илүү ойлгож, миний шинэ жишгүүд надад яагаад чухал болохыг мэдүүлэхийн тулд би шинэ итгэл бишрэлийнхээ тухай найзууддаа хэлэх урам зоригийг авсан.
Би багаас эхэллээ. Ямар хэцүү байгаагаа нэг найздаа хэлэв. Тэр эелдгээр, хүндэлж хүлээж авав. Өөр бусад найздаа хэлэхэд тэр надад тусалсан. Бүгд ойлгоогүй ч, цаг хугацаа өнгөрөх тусам Бурханд өгсөн амлалтуудаа зөрчихгүйгээр хамтдаа хийж болох зүйлсийг тэд төлөвлөдөг болсон.
Дэлхийн байнгын нөлөөг эсэргүүцэх илүү их хүчийг бид бүгд ашиглах хэрэгтэйг би мэднэ. Гэрээнүүдээ сахих нь үүнд тусалдаг ба Есүс Христ бол бидний гэрээнүүдийн төв билээ.5 Есүс Христ яагаад надад хэрэгтэйг би ингэж өөрөө ойлгож авсан юм.
Бурханд гэртээ ирэхийг би ганцаараа хийж чадахгүй. Гэр лүүгээ харих аяллын үеэр би—мөн бид бүгдээрээ—маш олон жижиг алхам, өдөр тутмын зүйлсийг хийдэг. Гэвч тэнд хүрэх хүртэл Бурхан “бидэнд туслах хүчин чармайлтдаа хэзээ ч бууж өгөхгүй” гэдэг нь гэрээ хийж, гэрээгээ сахидаг бидэнд ямар их адислал вэ.