“Уйтгар гуниг нөмрөх үед,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 3-р сар.
Гунигтай үе дэх хүч чадал
Уйтгар гуниг нөмрөх үед
Амьдрал чамайг гунигтай болговол Есүс Христ чамд найдвар өгч, чамайг дээш өргөж чадна.
Шаргуу хөдөлмөр, шийдэмгий байдал чамайг амжилтад хүргэж чадна. Чи орой эрт унтаж, өглөө эрт босож (Сургаал ба Гэрээ 88:124-ийг үзнэ үү), өдөр бүрийг зөв дадал, хувийн сахилга баттай байдлаар дүүрэн өнгөрөөж болно.
Тэгсэн ч гэсэн зарим өдөр бусдаасаа илүү хүнд хэцүү байна.
Харин тодорхой хэдэн өдөр энэ нь бүр ч хэцүү санагдаж, сайн сайхан зүйлс хэзээ ч ирэхгүй мэт санагдаж магадгүй.
Тийм үед чи юу хийдэг вэ? Чиний хичээл зүтгэл, зөв шударга амьдрах хүчин чармайлт (залбирах, мацаг барих, судар судлах, сүмдээ явах, ариун сүмд орох гэх мэт) хангалтгүй мэт санагдахад чи яадаг вэ? Гуниг цөхрөлийг хамаг чадлаараа түлхэвч, энэ нь чамайг бүр илүү хүчтэй цохиж байгаа мэт санагдах үед яах вэ?
Мэдээж чи Есүс Христ рүү хандана. Найдвар бол сүнсний бэлэг юм (Моронай 8:26-г үзнэ үү). Бүх сүнслэг бэлэг Есүс Христээс ирдэг (Моронай 10:17-г үзнэ үү).
Чам дээр уул нуран ирж байгаа мэт амьдрал чамд хэцүү санагдвал Есүс Христэд илүү төвлөрч, найдварын сүнслэг бэлгийг авах боломжтой.
“Их Эзэн ачааг минь хөнгөлдөг”
Аль хэдийн хэцүү байсан олон вэнэсуэлчүүдийн амьдрал 2020 онд КОВИД-19 цар тахал нүүрлэснээр бүр хүндэрч, наад захын амь зуулга ч тэдний хувьд бэрх болсон. 11 настай Сэбастианд болон түүний гэр бүлд гуниг зовлонтой үед урам зоригтой байхад нь Есүс Христээс ирэх хүч чадал хэрэгтэй байв. Сэбастиан энэ талаар, “Бид хоол хүнс, хувцас хунар, эм гэх мэт наад захын хэрэглээний зүйлсээ авч чадахгүй байх нь надад их хэцүү санагдсан. Гэвч Бурхан биднийг үргэлжлүүлэн адислах болно гэдэгт би найдсаар байсан. Надад патриархын адислалаа авах адислал тохиосон. Энэ дэлхийд мэндлэхээс өмнө амлагдсан олон зүйлийг адислал маань надад хэлсэн” гэв.
Өнгөрсөн жилийн Өсвөр үеийнхний уриагаар дамжуулан (“Христээр дамжуулан би бүгдийг хийж чадна” [Филиппой 4:13]) Есүс Христэд төвлөрөх нь үнэхээр тус болсон. “Улс оронд минь хэцүү зүйл тулгарч байсан ба энэ бүхнийг ялан дийлж, Түүгээр дамжуулан бүхнийг хийхэд Христ надад тусална гэдгийг өнгөрсөн жилийн Өсвөр үеийнхний уриа сануулсан” гэж Сэбастиан хэлэв.
Тохиосон бэрхшлээлүүд нь урт удаан үргэлжилсэн ч энэ үедээ Сэбастиан болон түүний гэр бүл адислал болон итгэл найдварыг олж харсан. “Их Эзэн ачааг минь хөнгөлдөг. Гунигтай үедээ би залбирч, судраас судалж, патриархын адислалаа уншдаг. Түүний ачаар манай гэр бүлийн гурван жилийн өмнө эхэлсэн бичиг хэргийн бизнес энэ жил бүр их амжилттай байгаа. Үргэлж Есүс Христэд найдлагаа тавихад бэлэн байгаарай гэж би үе тэнгийнхэндээ хэлмээр байна. Би Түүнд найдсанаар сорилтуудаа ялан дийлэх боломжтой болсон” хэмээн Сэбастиан хэлэв.
Илүү сайн төвлөрснөөр хүчийг олох нь
Амьдралынхаа туршид үлэмж их саад бэрхшээлийг туулсан бошиглогч Нифай энэхүү үнэнийг заасан юм.
“Найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүл. Иймийн тул, хэрэв та нар урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: Та нарт мөнх амьдрал байх болно” (2 Нифай 31:20).
Бид Есүс Христэд төвлөрөх үед уйтгар гунигийг давах хүч чадлын эх үүсвэр болох найдварыг олдог. Түүнд илүү их төвлөрөх цаг ирсэн үү?