Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Би стресстэй байна! Одоо яах вэ?
2024 оны 3-р сар


“Би стресстэй байна! Одоо яах вэ?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 3-р сар.

Стресстэй үе дэх хүч чадал

Би стресстэй байна! Одоо яах вэ?

Аврагчийн стресс бууруулах хүч чадлыг олох хэдэн санааг эндээс уншаарай.

стрессдэж буй залуу эмэгтэй

Зураг чимэглэлийг Уран Дуо

Стресс. Сэтгэл түгшүүр. Ачаалал. Дарамт Бэрхшээл. Санаа зовнил.

Үүнийг чи юу ч гэж нэрлэсэн бай энэ нь Адам Ева хоёр Едений цэцэрлэгийг орхисон үеэс эхлэн мөнх бус амьдралын нэг хэсэг байсаар ирсэн. “Стрессгүй амьдрал”-ын томьёо гэж үгүй. Үнэндээ тийм амьдрал бидний зорилгод нийцэхгүй юм. (2 Нифай 2:11–12-ыг үзнэ үү.)

Нэгэнт бид стрессийг ор мөргүй алга болгож чадахгүйгээс хойш үүнийг хэрхэн зохицуулах тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ихэнх стресс үүсгэгчийг 2 ангилж болдог. Үүнд:

  1. Чиний хянаж, зохицуулж чадах зүйлс.

  2. Чадахгүй зүйлс.

1. Чиний хянаж, зохицуулж чадах зүйлс

Олон жилийн турш өөр өөр итгэл бишрэлтэй хүмүүс “Амар тайвны залбирал” гэх дараах зүйлийг хэлж тайвшралыг олсоор ирсэн. “Бурхан минь, миний өөрчилж эс чадах юмсыг хүлээн зөвшөөрөх амар тайвныг, миний өөрчилж чадах юмсыг өөрчлөх зоригийг, мөн ялгааг мэдэх мэргэн ухааныг надад соёрхоно уу.”1

Бошиглогч Иосеф Смит үүнтэй төстэй зөвлөмжийг эхэн үеийн гэгээнтнүүдэд сорилт бэрхшээлээ даван туулахад нь туслахын тулд өгсөн байдаг. “Тиймийн тул, эрхэм хайрт ах дүүс минь, өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг хөгжил хөөртэйгөөр хийцгээе, мөн тэгээд бид бат итгэлтэйгээр бат зогсож Бурханы авралыг харна, мөн учир нь түүний гар илчлэгдэх болно” (Сургаал ба Гэрээ 123:17; тодотгол нэмсэн).

Өөрөөр хэлбэл, чадах бүхнээ хий, үлдсэнийг нь Бурханд даатга гэсэн үг. Хянаж, зохицуулж чадах зүйлдээ анхаарал хандуул. Жишээлбэл:

Залуу эрэгтэйн өмнө олон салаа зам байгаа нь

Чиний өөрийн сонголтууд

Есүс Христийн Цагаатгалын ачаар бид “үүрдийн чөлөөт, сайныг муугаас ялгаж мэдэх болсон; өөрсдийн төлөө үйлдэх мөн … өөрсөд дээрээ үйлдүүлэх нь үгүй болой” (2 Нифай 2:26). Бид сайныг үйлдэхдээ “санаа сэтгэлээ бүрэн зориулж [хүсэн тэмүүлж]” хийх хэрэгтэй (Сургаал ба Гэрээ 58:27).

өөр хандлага үзүүлж буй гурван царай

Чиний хандлага

Америкийн яруу найрагч Маяа Энжилөү ийн бичжээ: “Ямар нэг зүйл таалагдахгүй байгаа бол үүнийг өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ өөрчилж чадахгүй бол үүний талаарх бодлоо өөрчил.”2 Хүнээс болон нөхцөлд байдлаас эерэг зүйлийг олж хар. Ажил үүргээ тоглоом мэт болго. Нөхцөл байдлыг үзэн ядаж байгаадаа өөрийгөө хөөрхийлөх нь юмсыг дээрдүүлэхгүй.

тайвнаар бясалгаж буй залуу эрэгтэй

Хянаж чадахгүй зүйлст үзүүлж буй чиний хариу үйлдэл

Чи далайн шуургыг зогсоож чадахгүй ч үүнд өртсөн хүмүүст туслахаар цаг зав, мөнгө, эсвэл өөрийн хөдөлмөрийг зориулж чадна. Найзыгаа Сүмээс холдохыг нь болиулж чадахгүй ч үргэлжлүүлэн түүнийг хайрлаж, зөв үлгэр жишээ үзүүлж чадна. Хэн нэгэн чамд муухай хандахыг болиулж чадахгүй ч үүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ сонгож чадна.

Энэ бүгдийн хажуугаар үргэлж хийж чадах нэг зүйлээ санаарай. Энэ бол залбирах юм. Хийж чадахгүй зүйлээ хийхдээ, өөрчилж чадахгүй зүйлээ өөрчлөхдөө Бурханаас асууж гуй. Ямар ч үр дүн гарсан байлаа Аврагч чамайг амар тайвныг мэдрэхэд тусалж чадна.

2. Чиний хянаж, зохицуулж чадахгүй зүйлс

Энэ бол хамгийн амархан шийдвэрлэх ангилал. Учир нь шийдэх арга нь их энгийн:

Чи үүнийг хянаж чадахгүй бол, үүний талаар санаа бүү зов.

Оронд нь Есүс Христэд итгэх итгэлээ ашиглан, өөрийн хянаж чадах зүйлдээ анхаар. Санаа зовнилд автахгүй байхыг хичээ.

Мэдээж үүнийг хэлэх нь хийхээс илүү амархан. (Зүгээр л дараад асааж, унтрааж болдог “санаа зовнил”-ын унтраалгатай ч болоосой гэж чи хүсдэг үү?)

Гэвч уг асуудлыг хянаж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх нь стресстэхгүй байх эхний алхам болдог. Дараа нь Есүс Христэд итгэж найдаарай.

Чиний хянаж чадахгүй зүйлсийг ихэвчлэн доорх 2 ангилалд хуваадаг.

шуурганд өртөж буй байшин

Байгалийн юмс үзэгдэл

Өлсгөлөн, ган, байгалийн гамшиг. Цар тахал. Зарим бие махбодын болон эрүүл мэндийн нөхцөл байдал. Хүний зан авир эдгээр зүйлд нөлөөлдөг ба эдгээрт бэлтгэлтэй байж, үр нөлөөг нь бууруулахын тулд хийж болох зүйлс байдаг. Гэвч бид эдгээрийг өдөр бүр хянаж чадахгүй.

том заалтын урд буй залуу эмэгтэй, эрэгтэй хоёр

Бусад хүний сонголтууд

Цахим орчинд хүмүүс ямар зан авир гаргаж байгааг. Найзууд чинь Сүмд үлдэх үгүйг. Хүмүүс чиний араар юу гэж ярьж байгааг. Шүүх, засгийн газрын гаргасан шийдвэрүүд. Зурагтаар гарч буй зүйлс. Юмны үнэ. Чи санал бодлоо оруулж болох ч эцэстээ бусдын хийсэн сонголтууд нь чиний хяналтаас гадуур зүйл юм.

мөрөө хавчиж буй залуу эмэгтэй

Эх сурвалж

  1. Рэйнхолд Ниэбурын залбирлын эх хувилбараас авсан. The Essential Reinhold Niebuhr: Selected Essays and Addresses (1987), 251-ийг үзнэ үү.

  2. Маяа Энжилөү, Wouldn’t Take Nothing for My Journey Now (1993), 87.