“Аврагч сул дорой байдлыг хүчирхэгжүүлэхдээ нарийн мэргэшсэн нэгэн,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 3-р сар.
Сул дорой байх үеийн хүч
Аврагч сул дорой байдлыг хүчирхэгжүүлэхдээ нарийн мэргэшсэн нэгэн
Есүс Христ биднийг зөвхөн саад бэрхшээлийг туулаад зогсохгүй, тэдгээрийг давах явцдаа өсөж хөгжихөд маань тусалж чадна.
Мэсон өмнөх шигээ Бурханы хайрыг мэдэрч чадахгүй байлаа. Тэр хэдэн жил сэтгэл гутрал өвчинтэй тэмцэлдээд ахиц дэвшил гараагүй ба хүсэл мөрөөдөл нь хэзээ ч биелэхгүй нь хэмээн санаа зовдог.
Анна үеийнхэн нь илчлэлт хүлээн авч, гайхамшгуудыг харсан тухайгаа ярихыг сонсдог. Тэр хичээсэн ч бусад шиг асуултууддаа хариултыг хүлээн авч, сүнслэг туршлага олж авч чадахгүй байгаа мэт санагдана.
Этан дахиад цэвэр ариун, зохистой болж чадах болов уу гэдэгтээ эргэлзэнэ. Тэр тодорхой уруу таталтуудад олон удаа унасан учраас өөрийн хяналтаа алдаж, амлагдсан адислалуудаа үүрд алдсан байх вий хэмээн санаа зовдог. Тэрээр уучлагдах болов уу хэмээн эргэлзэж, Сүм дээр байхдаа их гэмтэй мэт мэдэрдэг.
Мэдисон идэх эмгэгтэйгээ тэмцэж байгаа. Оливиа суралцах бэрхшээлтэй. Коннэр ёс суртахууны сэтгэл түгшүүрээс (ёс суртахууны улигт гэмшил) болж зовж шаналдаг. Абигэйл хүчирхийлэлд өртөж байсан ба өөрийгөө үнэ цэнгүй мэт мэдэрдэг. Жэкийн эцэг эх гэрлэлтээ цуцлуулж байгаа ба энэ нь түүнийг шаналгаж, эргэлзэхэд хүргэсэн. Жэйдэн хууртагдсан бөгөөд уучилж чадна гэж бодохгүй байгаа.
Хүмүүс олон янзын зовлон бэрхшээлтэй ч шийдэл нь ганц л байдаг. Тэрхүү шийдлийг Есүс Христ гэдэг. Эдгээр хүн эргээд хүчтэй, цэвэр, жаргалтай, бүрэн бүтэн байхыг хүсдэг ч асуудлуудаа өөрсдөө шийдвэрлэх боломжгүй байдаг билээ. Гэвч Есүс Христ бидэнд тусламжийн гараа сунгадаг. Үнэндээ, сул дорой чанартай ажиллах нь Түүний нарийн мэргэшсэн зүйл юм. Түүний тусламж үргэлж бидний хүссэн цагт, хүссэн арга замаар ирдэггүй ч энэ нь заавал ирдэг.
Сул дорой чанаруудаа даван туулах үедээ Өөртэй хамт алхах (Мосе 6:34-ийг үзнэ үү) Аврагчийн урилгыг хүлээн авахад туслах зарчмуудыг эндээс уншаарай.
Амьдрал бол сорилт байх учиртай
Бурхан чиний ая тух, амар байдлаас чинь илүү чамайг хайрладаг. Чиний дуртай баатруудын хэд нь дан ганц ая тухтай байдлаар амжилтад хүрсэн бэ? Ихэнх тохиолдолд тэд байнгын хүчтэй эсэргүүцэл, хүнд бэрх зүйлтэй тулгардаг. Бидний амьдрал дахь нэгэн сорилт болж “Их Эзэн өөрийн хүмүүсийг зэмлэх нь зүйд нийцэх бөлгөө; тийм ээ, тэрээр тэдний тэвчээр мөн тэдний итгэлийг сорьдог билээ” (Мозая 23:21). Энэ нь бидэнд таалагдахгүй байж болох ч хамгийн хэцүү сорилт бэрхшээл бидэнд өсөж хөгжих ер бусын боломжийг олгодог.
Сул дорой байдал нь Бурхан сайшаахгүй байгаагийн илрэл биш
Эрт цагийн олон хүн бие махбод, сэтгэцийн эмгэгийг Бурханы шийтгэлийн илрэл гэж итгэдэг байсан (Иохан 9:2-ыг үзнэ үү). Гэвч сул дорой байдал нь Уналтаас үүдсэн амьдралын нэг хэсэг юм. Сорилтыг туулах нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний энгийн бөгөөд салшгүй хэсэг ч гэсэн тэдгээр бэрхшээлийг ганцаараа туулах шаардлагагүй. Есүс Христ биднийг яллахын тулд илгээгдээгүй; Тэр бид бүгдийг буюу—төөрсөн, сул дорой, ганцаардсан хүмүүсийг хайрлаж, тэдэнд туслахын тулд илгээгдсэн (Иохан 3:16–17; Лук 15-ыг үзнэ үү).
Сул дорой зүйлс Христээр дамжин хүчтэй болдог
Бид төгс бус байдлаараа бус харин Христтэй байгуулсан гэрээнийхээ холболтоор болон Түүний төгс байдалд найдах найдвараар өөрсдийгөө тодорхойлох нь чухал. Есүс Христ Өөрийг нь итгэлтэйгээр эрэлхийлэх сул дорой хүмүүсээс хэзээ ч нүүрээ бууруулахгүй. “Тэд даруу байж болохын тулд [Бурхан] хүмүүст сул доройг өгдөг; мөн [Түүний] өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүмүүст [Түүний] ач ивээл хангалттай; … [Түүнд] итгэлтэй байх аваас, тэгвэл [Тэр] тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө” (Ифер 12:27). Бид харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр бэрхшээлүүдээ Их Эзэнд авчрах үед (3 Нифай 9:20-ийг үзнэ үү) Тэр тэдгээрийг шууд алга болгох нь үгүй, харин Тэр бидэнд тусалж, биднийг хүчирхэгжүүлнэ.
Өөртөө тэвчээртэй ханд
Гэрээний зам нь богино зайн гүйлт бус, харин урт хугацааны аялал юм. Тэрхүү замыг дагах нь амьдралын олон мушгираа, эргэлттэй, өгсүүр, уруу, чичиргээтэй, аюултай замаар төдийгүй нартай, шуургатай аль ч үеийг даван туулахад тусалдаг. Энэхүү аяллын алхам бүрээс бид олон сургамжийг авч чадна. Есүс Христийн ач ивээл нь зөвхөн ганцаардсан үед эсвэл гайхамшигт үйл явдлын үед бус харин цаг хугацааны туршид үргэлж илчлэгдсээр байдаг.
Христтэй холбогд
Хэрэв чи сул доройг мэдэрч, тэмцэж байгаа бол “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая” гэх Аврагчийн урилгыг хүлээн аваарай (Матай 11:28). Түүнтэй холбогдоход туслах арга замуудыг ол. Түүнд хандах үед Тэр чам руу гараа сунгаж байсныг мөн чамайг хэзээ ч орхихгүйг чи олж мэдэх болно! Амьдрал аливаа сул дорой байдал, өвчин, саад бэрхшээлээс ангид, төгс байх нь үгүй. Гэхдээ дэргэд чинь, чамайг унасан үед өргөж босгох, шархыг чинь боож өгөх, үүрдийн аз жаргал руу хөтлөх замд чамайг удирдах Төгс Эдгээгчтэй байх нь илүү дээр билээ.
Есүс Христ сул дорой байдлыг хүчирхэгжүүлэхдээ нарийн мэргэшсэн. Тэр чамтай хамтран хөдөлмөрлөхөд нарийн мэргэшсэн нэгэн!