“Би хэзээ гэмшил, ичгүүр мэдрэхээ болих вэ?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 3-р сар.
Нүглийг ялан дийлэх хүч
Би хэзээ гэмшил, ичгүүр мэдрэхээ болих вэ?
Заримдаа Аврагчийн биднийг гэх хайрыг мэдрэхээс илүү өөрийгөө найдлагагүй нэгэн гэж мэдрэх нь амархан санагдаж болох юм—гэвч Нифайн мэдэж байсанчлан, энэ нь ийм байх албагүй.
Чи ямар нэг буруу зүйл хийхээрээ өөрийгөө бүтэлгүй амьтан, илүү сайн байж болох л байсан, хайрлуулах хувьгүй хүн гэх мэтээр бодож байсан байх.
Үнэн хэрэгтээ эдгээрийн аль нь ч үнэн биш гэдгийг чи мэднэ. Бурханы хүү, эсвэл охины хувьд чи өөрийн үнэ цэнийг мэдэж авсан ба наманчлал нь бодит, боломжтой зүйл гэдгийг чи мэднэ. Гэсэн хэдий ч чи нүгэл үйлдэж, алдаа гаргасныхаа дараа гэм буруугийн болон ичгүүрийн тухай бодлоороо өөрийгөө хэнээс ч илүү шийтгэхээр уруу татагдаж магадгүй юм.
Бүр бидний дуртай судрын баатрууд ч мөн ингэж мэдэрч байсан удаатай.
Нифай хүртэл үү?
Эцэг нь нас барсны дараа, Нифай ийн бичжээ. “Гэсэн хэдий ч, түүний агуу хийгээд гайхамшигт ажлуудыг надад үзүүлэх Их Эзэний агуу сайн сайхан байлаа ч, зүрх минь хашгирч: Ай золгүй хүн юм би! Тийм ээ зүрх минь маханбодынхоо учир харуусч; бодгаль минь миний алдсуудын учир гашуудах ажгуу. Би хүрээлэгдсэн нэгэн, намайг туйлын амархнаар хавчих тэр уруу таталтууд болон нүглүүдийн улмаас болой. Мөн намайг баясахыг хүсэхээр миний нүглүүдийн учир зүрх минь ёолно” (2 Нифай 4:17–19).
Лебенээс гуулин ялтаснуудыг авчирсан, аглаг буйдад юмхнаар нум хийсэн, хэзээ ч барьж байгаагүй усан онгоц барьсан тэрхүү Нифайн тухай бид ярьж байна. Тэр Их Эзэний сайн сайхны талаар гэрчлэлтэй байсан; гэсэн ч тэр өөрийн нүгэл болоод сул дорой чанаруудаасаа болж өөрийгөө хангалтгүй мэт мэдэрсэн.
Тэгвэл бид яах билээ? Бидний Мормоны Номын баатар гэм нүгэл, хангалтгүй байдал мэдэрсэн байхад, бид ингэж мэдрэх үедээ юу хийж чадах вэ?
Шийдэл нь Есүс Христэд төвлөрөх
Нифайн түүх үүгээр дуусаагүй. Нифайн гол шийдэл нь анхаарлаа өөрөөсөө холдуулж Есүс Христэд хандуулсан явдал байв.
Нифай ийн гашуудаж байхдаа, “Гэсэн хэдий ч, би хэнд итгэснээ мэдэж байна. Миний Бурхан миний дэмжлэг байсан” (2 Нифай 4:19–20) хэмээн хэлсэн.
Сэтгэлгээндээ энэхүү өөрчлөлтийг хийснээр судрын баатар маань алдааныхаа шаналалд төвлөрөхөө больсон юм. Оронд нь тэр Аврагчдаа баяссан! Нифайн ийн хэлэв. “Баяс, Ай зүрх сэтгэл минь, мөн Их Эзэнд залбиран гуй, мөн хэл: Ай Их Эзэн, би таныг үүрд магтан дуулах болно; тийм ээ миний сүнс танд баясна, Бурхан минь, мөн авралын минь хад билээ” (2 Нифай 4:30).
Нифайн адилаар чи Есүс Христээр дамжуулан нигүүлсэл, уучлал, мөн амар тайвныг олж чадна. Өөртөө ач ивээл үзүүлж чадахгүй мэт санагдаж байвал, үүнийг өгөгч Нэгэн байгааг санаарай. “Христийн дутууг маань нөхөхөөр өгдөг ач ивээл биднийг харуусал, нүгэл, үхлээс авраад зогсохгүй байнга өөрийгөө шүүмжлэх явдлаас авардаг”1 хэмээн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд хэлсэн.
Тиймээс чи нүгэл, мөн алдаагаа ялан дийлэх арга замаа олж харахгүй болтлоо дордвол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр чамайг хайрлахаа хэзээ ч зогсоож байгаагүй гэдгийг санаж яваарай. Аврагчдаа төвлөр. Тэр гэм нүгэл, гэмшил аль алиныг нь даван туулахад тусалж чадна.