2010–2019
“Миний хайр дотор бай”
2016 оны 10-р сар


15:8

“Миний хайр дотор бай”

Бурханы хайр хязгааргүй бөгөөд үүрд мөнхөд байх болно. Гэхдээ энэ нь бидний хүн нэг бүрд ямар утга учиртай байх нь Түүний хайранд ямар хариу үйлдэл үзүүлэхээс шалтгаална.

Библид “Бурхан бол хайр” хэмээн заадаг. Тэрээр хайрын төгс үлгэр жишээ бөгөөд бид тэрхүү хайрыг хэзээ ч өөрчлөгдөхгүй, бүх хүнд хүрдэг гэдэгт гүнээ итгэдэг. Ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлснээр “Хайрлуулах эрхтэй гэдгээ мэдэрч байгаа эсэхээс тань үл хамааран Бурхан та бүхнийг хайрладаг. Тэнгэрлэг Эцэг та нарыг ямар ч тохиолдолд үргэлж хайрладаг билээ.”

Тэнгэрлэг хайрын тухай тодорхойлж, ярих олон арга зам байдаг бөгөөд Бурханы хайранд нөхцөл байдаггүй гэдэг тодорхойлолтыг бид байнга сонсдог. Энэ нь хэдийгээр үнэн ч, нөхцөл байдаггүй гэдэг тодорхойлолт нь судрын хаана ч байдаггүй. Сударт Түүний хайрыг “агуу хийгээд гайхамшигт хайр,” “төгс хайр,” “гэтэлгэх хайр,” “үүрдийн хайр” гэж тодорхойлдог. Бурханы хайранд нөхцөл байдаггүй гэх тодорхойлолт нь Бурхан бүх зүйлийг хүлцэн тэвчдэг бөгөөд Түүний хайранд нөхцөл байдаггүй учраас биднийг шийтгэхгүй юм уу биднээс юу ч шаардахгүй эсвэл бүгд Бурханы тэнгэрлэг хаант улсад аврагдах болно гэх мэтээр тэнгэрлэг хайрын талаар буруу сэтгэгдэл төрүүлж болзошгүй учраас бусад тодорхойлолт нь илүү дээр юм. Бурханы хайр хязгааргүй бөгөөд үүрд мөнхөд байх болно. Гэхдээ бидний хүн нэг бүрд ямар утга учиртай байх нь Түүний хайранд ямар хариу үйлдэл үзүүлэхээс шалтгаална.

Есүс:

“Эцэг Намайг яаж хайрласан шиг Би бас та нарыг хайрласан. Миний хайр дотор байгтун.

Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, Түүний хайр дотор байдгийн адил, та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно” хэмээн хэлжээ.

Аврагчийн хайр “дотор байх” гэдэг нь Түүний ач ивээлийг хүлээн авч, үүгээр төгөлдөржих гэсэн утгатай. Бид Түүний ач ивээлийг хүлээн авахын тулд Есүс Христэд итгэлтэй байж, нүглээ наманчлан, нүглээсээ ангижрахын төлөө баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авч, Түүний зарлигуудыг дуулгавартай дагах замаар үргэлжлүүлэн явах ёстой.

Бурхан биднийг үргэлж хайрлах боловч нүгэлтэй байхад маань аварч чадахгүй. Аврагч Өөрийн хүмүүсийг нүгэлд нь гэтэлгэхгүй харин нүглээс нь гэтэлгэх болно хэмээн Зиезромд ярьсан Амюлекийн үгсийг санагтун. Учир нь нүгэл үйлдсэн үедээ бид цэвэр бус болдог ба “цэвэр бус нэг ч зүйл тэнгэрийн хаант улсыг өвлөж чадахгүй” эсвэл Бурханы оршихуйд байж чадахгүй. “Мөн [Христ] наманчлалын учир нүглүүдээс нь тэднийг гэтэлгэхээр Эцэгээс түүнд хүч өгөгдсөн буй; тиймийн тул Гэтэлгэгчийн хүчинд, бодгалиудынх нь авралд хүргэх, наманчлалын нөхцөлүүдийн мэдээг тунхаглуулахаар тэрээр тэнгэр элчүүдээ илгээсэн билээ.”

Мормоны Номоос бид Христийн зовлон шаналлын зорилго, хайрын эцсийн илэрхийлэл бол “шударга ёсыг давамгайлах тэр, мөн хүмүүнд, тэд наманчлалд итгэлтэй байх тэр замыг авчрах нигүүлслийн зүрх сэтгэлийг бий болгох нь” юм.

Мөн наманчлалд хүргэх итгэлийг бодитой болгоогүй нь шударга ёсны шаардлагын бүх л хуульд харьяалагдаж байхад нигүүлсэл нь тийн шударга ёсны шаардлагыг хангаж, мөн тэднийг аюулгүйн гараар хүрээлж чадна; тиймийн тул зөвхөн наманчлалд хүргэх итгэлтэй түүнд агуу их хийгээд гэтэлгэлийн мөнхийн төлөвлөгөө түүнд үйлчлэх” явдал гэдгийг мэдэж авдаг.

Наманчлал нь маш өндөр үнээр худалдаж аван, бидэнд өгч буй Түүний бэлэг юм.

Зарим хүн “Учир нь тэр Өөрийнхөө нарыг хорон муу болоод сайн хүмүүс дээр мандуулж, зөвт болоод зөвт бус хүмүүс дээр бороо оруулдаг” гэх Есүсийн Уулан дээрх номлолоос эш татан, Бурхан ялгаварлахгүйгээр бүх хүнийг адисалдаг гэж үзэн зөрчилддөг. Үнэхээр л Бурхан хайр, хууль, шударга ёс, нигүүлслийг зөвшөөрвөл Өөрийн өгч чадах бүхий л адислалыг бүх хүүхдийнхээ дээр цутгадаг. Тэрээр мөн бидэнд өгөөмөр байхыг зарлигладаг.

“Би та нарт хэлнэ, дайснуудаа хайрла, чамайг зүхэх тэднийг адисал, чамайг үзэн ядах тэдэнд сайныг үйлд, мөн чамайг хүнлэг бусаар ашиглах мөн чамайг хавчин гадуурхах тэдний төлөө залбир.

Та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд байж болохын тулд буюу.”

Харин Бурханы илүү агуу адислал дуулгавартай байх нөхцөлд тулгуурлан ирдэг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бурханы хайрын зүйрлэшгүй баглаа цэцэг нь мөнх амьдрал болон бидний авахаар тэнцэх ёстой адислалыг багтаадаг ч зохисгүй мөртлөө хүлээн авахыг хүсэн хүлээх адислалыг багтаадаггүй. Нүгэлтнүүд Түүний хүслийг өөрсдийнхөө хүсэлтэй нийцүүлэхээр хүчилж мөн Түүнээс нүгэлтэй байхад нь адислахыг [Aлма 11:37-г үзнэ үү] шаардах ёсгүй. Хэрэв тэд баглаа цэцгийн дэлбээ бүрээс баяр баясгаланг олохыг хүсвэл наманчлах ёстой” хэмээн тайлбарласан.

Бурханы хайр дотор байх нь наманчлагч нэгнийг “эцсийн өдөр өргөгдөх” амлалтын хамт гэм зэмгүй, толбогүй болгох төдийгүй өөр нэг чухал талтай. Түүний хайр дотор байх нь биднийг өөрсдийн бүрэн чадавхыг мэдэрч, бүр Түүнтэй адил болж чадна гэдгээ ойлгох боломжоор адисалдаг. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлснээр “Бурханы ач ивээл нь биднийг ердөө л өмнө байсантай минь адил гэм нүгэлгүй байдал руу аваачдаггүй. … Түүний зорилго бол үүнээс ч илүү чухал зүйл юм. Тэр Өөрийн охид, хөвгүүдийг Өөртэйгөө адил болгохсон гэж хүсдэг.”

Энэ нь “Эзэн хайрладаг хүнээ сахилгажуулдаг” учраас Түүний засвар залруулгыг хүлээн авна гэсэн үг. Энэ нь Есүс биднийг хайрлаж, үйлчилсэнтэй адил бусдыг хайрлаж, үйлчилнэ гэсэн үг. Энэ нь “селестиел алдар сууг тэсэн гарахын” тулд “селестиел хаант улсын хуулийг мөрдөж” сурна гэсэн үг юм. Тэнгэрлэг Эцэг биднийг хэн болж чадах чадавхдаа хүрэх боломжтой байлгахын тулд “Ариун Сүнсний таталтанд автагдан, эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн болж, хүүхэд шиг хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн, бүр хүүхэд эцэгтээ захирагддаг шиг Их Эзэн түүн дээр ноогдуулах бүх зүйлийг хүлцэхэд бэлэн” байхыг биднээс хүсдэг.

Ахлагч Даллин Х.Өүкс “Эцсийн шүүлт нь бидний юу хийсэн буюу сайн, муу үйлсийн маань эцсийн дүгнэлт биш байх болно. Энэ нь бидний хэн болсон буюу үйлс, бодлын маань эцсийн үр дүнгийн хариу байх болно” гэж хэлсэн.

Хэлэн Кэллэрийн түүх нь хүсэлтэй байгаа бодьгалыг тэнгэрлэг хайр хэрхэн өөрчилж чаддагийг харуулсан сургаалт үлгэр шиг санагддаг. Хэлэн 1880 онд Нэгдсэн Улсын Алабама мужид төржээ. Тэрээр 19 сартай байхдаа онош нь тогтоогдоогүй өвчнөөр өвдөж, сонсголгүй, хараагүй болжээ. Тэрээр гоц ухаантай байсан ба эргэн тойрноо ойлгож, мэдрэхийг хичээхдээ сэтгэлээр унадаг байв. Тэр гэр бүлийн гишүүд нь амаараа ярьдаг болохыг мэдрээд, “тэдэнтэй харилцаж чадахгүйгээ мэдэн, маш ихээр сэтгэлээр унажээ”. Хэлэн зургаан настай байхдаа бусадтай харилцах хэрэгцээ шаардлага нь ихэссэн учраас улам бүр сэтгэлээр унаж, “өдөр бүр, заримдаа хэдэн цагаар уурладаг” болсон байна.

Хэлэний эцэг эх охиндоо Анн Сулливан нэртэй нэгэн эмэгтэй багшийг хөлсөлжээ. Есүс Христ бидний сул дорой байдлыг ойлгодог шиг Анн Сулливан сорилт бэрхшээлтэй өөрөө тэмцэж байсан учраас Хэлэний зовлонг ойлгож байв. Анн таван настай байхдаа нүдний эвэрлэг бүрхэвч нь гэмтсэнээс болж бараг л хараагүй болжээ. Анныг найман настай байхад ээж нь нас барж, аав нь түүнийг дүү Жиммийтэй нь хамт орхиж явсан байна. Тэд “гэр оронгүй хүмүүсийн орогнох байр руу” очсон бөгөөд тэндхийн нөхцөл байдал аймшигтай байсан учраас дүү нь ердөө гурван сарын дараа нас баржээ. Тэрээр маш шаргуу, цөхрөлтгүй нэгэн байсан учраас хараагүй болон харах чадвар нь муудсан хүмүүст зориулсан Перкинсийн сургуульд орж, гайхалтай амжилтад хүрч чадсан юм. Мэс засал хийлгэснээр түүний хараа сайжирч, хэвлэмэл бичгийг уншиж чаддаг болсон байв. Хэлэний аав Перкинсийн сургуультай холбоо тогтоож, охиндоо багшлах хүнийг хайснаар Анн сонгогджээ.

Эхэндээ энэ нь тийм ч таатай туршлага байсангүй. Хэлэн багшийгаа цохиж, чимхэж, өшиглөж, нэг удаа бүр шүдийг нь унатал цохижээ. [Анн] Кэллэрийн эдлэн газар дахь жижигхэн байшин руу Хэлэнтэй хамт нүүснээр, эцэст нь хяналтыг гартаа авсан байна. Тэрээр шаргуу бөгөөд цөхрөлтгүй тууштай байснаар охины хайр, итгэлийг хүлээж чаджээ.” Биднийг тэнгэрлэг Багшаа эсэргүүцэхийн оронд итгэж найдах үед Тэрээр бидэнд зааж, биднийг илүү дээр болж өсөж хөгжихөд туслахын тулд бидэнтэй хамт ажиллаж чадна.

Хэлэнд шинэ үг сурахад нь туслахын тулд Анн дотно танил зүйлсийн нэрийг гарынх нь алган дээр хуруугаараа үсэглэн бичдэг байв. “[Хэлэн] ингэж ‘хуруугаараа бичихэд’ дуртай байсан боловч сайн ойлгодоггүй байлаа. Анн “у-с” гэж үсэглэн, [Хэлэний] гар дээр цоргоос ус гоожуулах тэр гайхамшигтай мөчид тэр ойлгосон юм. [Хэлэн] хожим нь

“‘Гэнэт л урьд хожид мартагдсан байсан зүйлийг мэдэж эхэлж байгаа мэт санагдсан. … Урьд нь ойлгодоггүй байсан хэлийг би ойлгосон юм. Миний гар руу урсаж байгаа “у-с” нь ямар нэгэн гайхалтай хүйтэн шингэн зүйл байна гэдгийг би мэдсэн. Энэхүү хүчирхэг үг миний бодьгалыг сэргээж, гэрэл, найдвар, баяр баясгалан, эрх чөлөөг авчирсан юм. … Бүх зүйлд нэр байдаг бөгөөд нэр бүр миний оюун санаанд шинэхэн ойлголтыг авчирч байв. Биднийг гэр рүүгээ буцаж ирэх үед миний хүрч байгаа бүх зүйл амь орж байгаа мэт санагдаж байсан’” гэж бичжээ.

Хэлэн Кэллэр, Анн Сулливан хоёр

Хэлэн Кэллэр насанд хүрээд, хэлэнд дурладгаараа болон бичгийн авьяасаараа мөн уран илтгэгч гэдгээрээ нэрд гарчээ.

Хэлэн Кэллэрийн амьдралаас сэдэвлэсэн кинон дээр эцэг эх нь оройн хоолны үеэр эелдэг байх, жирийн хүн шиг хооллох, хоолны дараа амны алчуураа эвхдэг болох хүртэл зэрлэг догшин охиныг нь номхруулж өгсөн Анн Сулливаны ажилд хэрхэн сэтгэл хангалуун байгааг харуулдаг. Гэхдээ Хэлэнд илүү их зүйл хийх чадавх байгааг мөн чухал дэмжлэг тус хүргэх ёстойгоо Анн мэдэж байв. Бид амьдралдаа хийж бүтээсэн зүйлдээ мөн одоо байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж чадна. Харин Аврагч Багш маань бидний зөвхөн “толинд бүдэг бадаг” хардаг гайхамшигт чадавхыг ухаж ойлгодог. Бид бүгдээрээ Хэллэн Кэллэрийн үг амилж, бодьгалд нь гэрэл, эрх чөлөөг өгөх үед мэдэрсэн баяр баясгалантай адил бурханлаг чадавх бидний дотор өсөж байгааг мэдэрч чадна. Бидний хүн нэг бүр Бурханыг хайрлаж, үйлчлэн, хөршөө адислах хүчийг авч чадна. “Нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй, хүний санаанд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” хэмээн бичиглэсэн ёсоор болжээ.

Бурханы гайхамшигт хайр ямар үнэ төлөөсөөр ирснийг бодож үзээрэй. Есүс бидний нүглийг цагаатгаж, бие махбодын болон сүнсний үхлээс гэтэлгэхийн тулд Түүний зовлон шаналал “бүр бүхнээс агуу Бурхан намайг өвдөхийн улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэх, мөн бие хийгээд сүнсний аль алиныг нь зовоход хүргэсэн тэрхүү зовлон нь—мөн намайг тэрхүү гашуун аяганаас уухгүй, мөн айснаас эргэн буцахад хүргэж болохоор байсан” гэдгийг илчилсэн юм. Гетсеманид болон загалмай дээрх Түүний зовлон шаналал ямар ч мөнх бус хүмүүний тэвчиж чадахаас илүү их байсан. Гэсэн хэдий ч Христ Өөрийнхөө Эцэгийг мөн биднийг хайрладаг учраас энэ бүгдийг тэвчсэн бөгөөд үр дүнд нь бидэнд үхэшгүй, мөнх амьдралыг санал болгох боломжтой болсон.

Чидун жимсний шахагч

Есүс чидун жимс шахдаг газар болох Гетсеманид зовж шаналах үед “сүв бүрээс цус шүүрч” байсан нь гүн гүнзгий бэлгэдлийн чанартай байдаг. Аврагчийн үед чидун жимснээс тос гаргаж авахын тулд эхлээд чидун жимсийг нэгэн том чулуугаар дээрээс нь бяцалдаг байжээ. Гарч ирсэн нухшийг зөөлөн, давхарлан тавьсан сул нэхээстэй сагсанд хийдэг байв. Давхарлан тавьсан сагсны жин хамгийн сайн, шинэ тосыг шахаж гаргадаг. Овоолсон сагсан дээр том дүнз тавин, дахин нэг удаа тос гаргахаар шахдаг байв. Эцэст нь хамгийн сүүлийн дусал тосыг шавхахын тулд дүнзний хоёр талд чулуу өлгөн, бяцалдаг байж. Чидун жимсний тос анх гарч ирэхдээ яг л цус шиг улаан байдаг.

Чидун жимсний тостой шахагч

Аврагчийн тухай Матайн цэдэглэсэн түүхийн талаар би боддог. Тэрхүү шийдвэрлэх орой Аврагч Гетсемани руу явж, “зовж, шаналж эхэлсэн. …

Тэндээс жаахан цаашаа яваад, нүүрээрээ унаж, Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог гэж залбир[сан]”

Зовлон шаналал нь улам бүр ихсэх үед Тэрээр хоёр дахь удаагаа тусламж гуйсан. Эцэст нь зовлон шаналлынхаа оргил үед гурав дахь удаагаа тусламж гуйсан билээ. Тэрээр эцсийн дусал цусаа шавхан, шударга ёс гүйцэлдэх хүртэл энэ зовлон шаналлыг тэвчсэн юм. Тэрээр үүнийг таны төлөө, миний төлөө хийсэн.

Тэнгэрлэг хайр хэчнээн үнэ цэнтэй бэлэг вэ! Хайраар дүүрэн Есүс “би та нарыг эдгээж болохын тулд та нар надад эргэж ирж, мөн нүглүүдээ наманчилж, мөн хөрвүүлэгдэхгүй гэж үү?” хэмээн асуусан. Тэрээр “Болгоогтун, миний нигүүлслийн мутар та нарын зүг сунгаастай байна, мөн ирэх хэнийг боловч … би хүлээн авах болно; мөн надад ирэх тэд адислагдсан болой” хэмээн нигүүлсэнгүй батлан айлдсан.

Эхлээд таныг хайрласан Түүнийг та хайрлах уу? Тэгвэл Түүний зарлигуудыг сахь. Найзынхаа төлөө Өөрийнхөө амьдралыг өгсөн найзаа та хайрлах уу? Тэгвэл Түүний зарлигуудыг сахь. Түүний хайр дотор та байж, өгөөмрөөр танд санал болгож байгаа бүхнийг хүлээн авах уу? Тэгвэл Түүний зарлигуудыг сахь. Бид Түүний хайр дотор бүрэн дүүрэн байх болтугай хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.