2010–2019
Сүмийн төлөөлөгчид
2016 оны 10-р сар


15:22

Сүмийн төлөөлөгчид

Та бүхэн гэрийн багшийн хувьд Бурханы хүүхдүүдэд Түүний төлөөлөгч байж, өөрсдийн хариуцсан хүмүүсийг хайрлан, халамжилж, тэдний төлөө залбираасай хэмээн хүсэж байна.

Нэгэн ганц бие эгч саяхан ажлаа тараад гэртээ иртэл зоорийн хэсэг нь бүхэлдээ 5 см хэрийн гүн усанд автсан байжээ. Түүний нэрийг Молли гэж өөрчилье. Ус зайлуулах хоолойгоо дундаа хэрэглэдэг хөршийнхөн нь тэр өдөр хэт их угаалга үйлдэж, усанд орсны улмаас гэрт нь ус алдсан болохыг тэр даруй ойлгов.

Тэрээр найз руугаа утасдан, ирж туслахыг гуйгаад, тэд хувингаар ус зөөж, цэвэрлэж эхэлсэн байна. Яг тэр мөчид хаалганы хонх дуугарахад “Гэрийн багш нар чинь ирлээ!” хэмээн найз нь хашгиран хэлэв.

Молли инээгээд, “Өнөөдөр сарын сүүлчийн өдөрмөн ч гэсэн миний гэрийн багш нар биш гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна” гэж хариулжээ.

Хөл нүцгэн, нойтон өмдтэй, үсээ алчуураар боож, гоёмсог хоёр резинэн бээлий өмссөн байсан тэр чигээрээ Молли хаалгаа нээлээ. Түүний сонин хувцаслалтыг харсан зүйлтэй нь харьцуулах юм биш байлаа. “Энэ бол миний гэрийн багш нар мөнбайсан!” гэж тэр хожим нь надад хэлсэн юм.

“Тэдний манайд ирсэн нь намайг бохирын бөглөө гаргагчаар цохиод авч буй мэт цочролд оруулсан! Гэрийн багшлалтын гайхалтай зүйл нь энэ байв.” “Ах нарын Ерөнхий чуулган дээр хуваалцаад байдаг шиг л тийм гайхамшигтай гэрийн багшлалт байсан! Даанч тэднийг үнсэх үү, шалны алчуураа өгөх үү гэдгээ намайг шийдэж ядан байтал тэд ‘Өө Молли, биднийг уучлаарай. Таны завгүй байгааг бид ойлголоо. Бид саад болохгүйн тулд дараа ирье дээ’ гэж хэлээд, яваад өгсөн дөө” хэмээн тэрээр үргэлжлүүлэн хэлэв.

“Хэн байсан бэ?” гэж найзыгаа доод давхраас асуухад,

“Би ‘Гурван нифайчууд лав биш байлаа’ гэж хэлмээр байсан ч биеэ барьж, ихэд тайвнаар ‘Миний гэрийн багш нар л байна, гэвч тэд захиасаа хуваалцахад тохиромжгүй үе байна гэж бодоод явчихлаа’ гэж хариулсан гэж Молли ярьсан юм.”

Ах нар аа, хувь хүнд болон гэр бүлүүдэд зориулсан “Сүмийн тусламжийн анхдагч эх үүсвэр” хэмээн тодорхойлсон санваарын үүргийн талаар хамтдаа товчхон судалцгаая. Гэрийн багшлалтыг зохион байгуулахад, мөн дараа нь дахин зохион байгуулахад ашиглах цаасыг бүхэл бүтэн ой модыг золиослох шахам байж хангасан. Мөн гэрийн багшлалтыг дэмжихийн тулд олон мянган удаа урам зориг өгөх илтгэл, лекц хийсэн. Ямар ч алдартай сэтгэл судлаач гэрийн багшлалтын төрүүлдэг шиг гэмших мэдрэмжийг хүмүүст төрүүлж чадахгүй. Гэтэл бид санваарын гэрийн багшлалтаар дамжуулан “сүмийг ямагт харж хандах” Их Эзэний зарлигийг гүйцэлдүүлэхээр зохих хэмжээнд нь ядаж дөхүүлэх гэж зүтгэж байна.

Бидэнд тулгарч буй асуудлын нэг хэсэг нь Сүмийн өөрчлөгдөж буй хүн амын бүтэц юм. Манай гишүүд 188 улс орон, бүс нутагт байрлах 30 000 гаруй тойрог, салбарт тархсан. Хөршүүд бие биендээ заадаг “саахалт айлын багшлалт” гэж явагддаг байсан Сүмийн эхэн үеийнхээс илүү одоо цагт ах эгч нарынхаа гэрт айлчлан очиход ч ярвигтай болжээ.

Түүнчлэн Сүмийн олон нэгжид хязгаарлагдмал тооны санваартан гэрийн багшлаар явдаг тул тэд 18–20 эсвэл бүр олон гэр бүлд үйлчилж, анхаарал тавих хэрэгтэй болдог. Мөн хол аялдаг, тээврийн хэрэгсэл хомс явдаг, өндөр зардалтай, тухайн орон нутгийн ажлын өдөр урт, олон ажлын өдөртэй зэрэг асуудал тулгардаг. Эдгээрээс гадна айлд урилгагүй айлчлахыг цээрлэдэг ёс заншил, дэлхийн хаа сайгүй байх аюулгүй байдал зэрэгтэй холбоотой асуудлуудыг яривал энэ нь ямар нарийн түвэгтэй болохыг бид ойлгож эхэлнэ.

Ах нар аа, гэрийн багш хийхэд эдгээр бүх нөхцөл байдал тулгарсан ч айл гэр бүрд сард нэг удаа айлчлан очно гэсэн туйлын зорилгоо Сүм биелүүлэхийн төлөө хэвээр байгаа. Гэвч дэлхийн олон газарт энэхүү зорилгод хүрэх нь боломжгүй бөгөөд бодит амьдрал дээр боломжгүй байгаа зүйлийг хийхийг хүсэхэд тэдгээр ах өөрсдийгөө бүтэлгүй мэт бодоход хүргэж байгааг ойлгосны үндсэн дээр Тэргүүн Зөвлөл Сүмийн санваарын удирдагчдад хандан, 2001 оны 12-р сард дараах сүнслэгээр өдөөгдсөн, тус нэмэр болох зөвлөгөөг бичсэн юм. Тухайлбал, “Сүмийн зарим газарт айл болгонд сар бүр очиж заах нь идэвхтэй санваартнуудын тоо хангалтгүйгээс эсвэл бусад бэрхшээлийн улмаас боломжгүй байж болох юм. Энэ тохиолдолд удирдагчид байгаа нөөц боломжоо ашиглан, гишүүн бүрийг харж хандан, хүчирхэгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийдэг байх нь зүйтэй” хэмээн зөвлөжээ.

Ах нар аа, хэрэв би өөрийн тойрог, салбарт ийм нөхцөл байдалтай тулгарвал Аароны санваартан хамтрагчтайгаа хамт Тэргүүн Зөвлөлийн зөвлөгөөг (энэ нь одоо гарын авлагад бодлого болж орсон байгаа) дараах байдлаар хэрэгжүүлнэ. Үүнд: Эхлээд “гишүүн бүрийн гэрт айлчлах” гэсэн судрын зарлигийг биелүүлэхэд хэдэн сар шаардагдсан ч бай хамаагүй, тэдний гэр оронд айлчлан очих аль болох боломжтой, бодитой хуваарийг гаргана. Энэ хооронд бид хэзээ очих, хэр ойрхон уулзах зэргээ шийдэхдээ номлогчдын зааж буй сонирхогчид болон баптисм хүртсэн шинэхэн хөрвөгчид мөн өвчтэй, ганцаардсан, идэвх султай хүмүүс болон хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг ганц бие эцэг эх бүхий гэр бүлүүд зэрэг бидний тусламж хамгийн их хэрэгтэй хүмүүсийг эн тэргүүнд тавих болно.

Хэдэн сар болсон ч хамаагүй, гаргасан хуваарийнхаа дагуу гэрт нь айлчлах үедээ бид өөрсдийн жагсаалтад байгаа хувь хүн, гэр бүлүүдтэй Их Эзэний хангаж өгсөн өөр бусад арга замаар холбогдож болох юм. Бид ямар ч байсан Сүмийнхээ хариуцсан гэр бүлүүдээ харж хандан, сударт хэлснээр “өөр хоорондоо бодгалиудынхаа аз жаргалын талаар ярих” болно. Үүнээс гадна бид утсаар ярих, э-мэйл, мессеж илгээх, тэр ч бүү хэл бидэнд байгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслийн аль нэгээр нь мэндчилгээ илгээх боломжтой. Бид онцгой хэрэгцээг нь шийдвэрлэхэд туслахын тулд судрын хэсгийг эсвэл Ерөнхий чуулганы үгээс нэг мөрийг юм уу LDS.org дээр байгаа асар их материалаас Мормон захиас зэргийг сонгон явуулж болно. Тэргүүн Зөвлөлийн хэлснээр бид тулгарсан нөхцөл байдалд өөрсдөдөө байгаа нөөц боломжоо ашиглан, чадах бүхнээ хийнэ.

Ах нар аа, миний та нараас энэ үдэш гуйж буй зүйл бол гэрийн багшийн тухай ойлголтоо сайжруулахад уриалж байна. Өөрсдийгөө Их Эзэний хүүхдүүд рүүгээ илгээсэн төлөөлөгч хэмээн илүү шинэ, илүү сайхнаархарна уу. Энэ нь тухайн гэр бүл аль хэдийн уншчихсан байсан Сүмийн сэтгүүлд бичигдсэн захиасыг хам хум хуваалцаад гардаг хэт хуучинсаг, Мосегийн хууль мэт, сарын төгсгөлд л хийх ёстой гэсэн уламжлалт хуваариа ардаа орхино гэсэн үг. Харин бид та бүхнийг гишүүдэд сайн мэдээ рүү чиглэсэн анхаарал халамжийг чин сэтгэлээсээ тавьж, бие биенээ өрөвч энэрэнгүй сэтгэлээр харж хандан, сүнслэг болон материаллаг хэрэгцээг боломжтой бүхий л туслах аргаар чадах чинээгээрээ шийдвэрлэдэг тийм цаг үеийг авчирна байх гэж найдаж байна.

Таны хийсэн ямар ч сайн үйлс гэрийн багшийн ажилд “тооцогдох” тул бүх хийсэн зүйлээ тайландаа бич. Чухамдаа энэ тайланд таны хариуцсан хүмүүсээ хэрхэн адисалж, халамжилсан нь чухал болохоос биш, тодорхой нэг очсон цаг юм уу газар үнэндээ ач холбогдолгүй юм. Та хариуцсан хүмүүсээ хайрлаж, “сүмийг ямагт харж хандах” зарлигийг биелүүлсэн байхад л хамгийн гол зорилго нь оршино.

Өнгөрсөн жилийн 5-р сарын 30-нд Трой Рассэлл гэдэг найз маань Дезерет Индастрийс хэмээх хямд үнийн дэлгүүрт эд бараа хандивлахаар бага оврын ачааны машинаа гараашнаасаа гаргажээ. Тэр машиных нь хойд дугуй нэгэн товгор зүйл дээгүүр гарахыг мэдэрсэн аж. Машинаас нь ямар нэг зүйл унасан байх гэж бодоод, буугаад очтол өөрийнх нь хайртай, есөн настай Остэн хүү зам дээр доошоо харан хэвтэж байхыг харав. Уйлаан хашгираан, санваарын адислал, түргэн тусламж, эмнэлгийн ажилтнууд гээд юу ч тус болсонгүй. Остэн нас баржээ.

Трой унтаж ч, амар амгалан байж ч мөн тайтгарч ч чадахгүй байв. Тэр энэ явдал өөрийнх нь хэрээс хэтэрсэн, дааж давшгүй хүнд хэцүү байсныг хэлж байсан. Гэвч тэрхүү зовлон шаналлын үед гурван гэтэлгэгч хүч ирсэн юм.

Эхнийх нь Тэнгэр дэх Эцэгийн хайр болон тайтгаруулагч сүнс байсан бөгөөд энэ нь Тройг тайтгаруулж байсан Ариун Сүнсээр дамжин мэдрэгдэж, түүнд Бурхан гайхалтай сайхан, төгс Хүүгээ алдах ямар байдгийг бүгдийг мэддэг хэмээн хайр энэрлээр шивнэх мэт заажээ. Хоёр дахь нь түүний эхнэр Дийдра байсан бөгөөд тэр Тройг тэвэрч, хайрлаж, өөрөө ч мөн хүүгээ алдсан гэдгийг сануулж, нөхрөө бас алдмааргүй байгаагаа хэлжээ. Гурав дахь нь гайхалтай гэрийн багш Жон Мэннинг байсан.

Би Жон залуу хамтрагчтайгаа хамт Рассэллийн гэрт ямар хуваариар айлчлан очсон болон очоод ямар захиас хуваалцсан эсвэл туршлагаа хэрхэн тайландаа бичсэнийг мэдэхгүй. Би өнгөрсөн хавар Жон Мэннинг ах Трой Рассэллийг тэрхүү зам дээрээс яг бяцхан Остэнийг өргөж буй мэтээр өргөн авсан гэдгийг л мэдэж байна. Жон гэрийн багш, харж ханддаг харуул, сайн мэдээн дэх ахын хувьд Трой Рассэллийг санваарын халамж, хамгаалалтандаа авсан юм. Тэр эхлээд “Трой, Остэн чамайг буцаад хөл дээрээ, мөн сагсан бөмбөгийн талбай дээрээ зогсоосой гэж хүсэж байгаа. Би энд өглөө бүр 5 цаг 15 минутад хүлээж байх болно. Бэлэн байгаарай. Би танайд орж, чамайг сэрээмээргүй байна. Дийдра ч бас тийм зүйлийг хүсэхгүй байгаа ” гэж хэлжээ.

“Би явахыг хүсээгүй” гэж Трой надад хожим нь хэлээд, “Яагаад гэвэл би өглөө бүр Остэнийг авч гардаг байсан тул тэрхүү дурсамж зүрх шимшрүүлэм гэдгийг мэдэж байсан. Гэвч Жоныг гуйсан болохоор би явсан. Эхний өдрөөс авахуулаад бид буцах замдаа ярилцаж, яг үнэндээ миний ярихыг Жон сонсох болсон. Сүм рүү явахдаа ч, буцаад гэртээ харихдаа ч би л ганцаараа ярьдаг байв. Заримдаа бид зам дагуу машинаа байрлуулж, Лас Вегасын дээгүүр наран мандахыг харангаа бас л би ярьдаг байлаа. Эхэндээ ингэх нь хэцүү байсан боловч цаг хугацаа өнгөрөх тусам би үнэхээр маруухан шиддэг, метр 88 см-ийн өндөртэй, Сүмийн нэгэн тааруухан сагсан бөмбөгчин хэдий ч амьдралд маань нар дахин мандтал намайг хайрлаж, намайг сонсдог байсан тэр л хүний ачаар би хүч чадлаа эргэн олж авсныг ойлгосон билээ” гэж ярьсан билээ.

Санваартан ах нар минь, бид гэрийн багшлалт хийх, халамж анхаарал тавих, санваарын үйлчлэл хувиараа хийх гээд та бүхэн юу ч гэж дуудаж болох тэрхүү зүйлийг ярих бүрдээ чухамдаа энэ тухай л яриад байгаа юм шүү дээ. Та бүхэн гэрийн багшийн хувьд Бурханы хүүхдүүдэд Түүний Сүмийн төлөөлөгч байж, бид та бүхнийг хайрлаж, халамжилж, та нарын төлөө залбирдгийн нэгэн адил өөрсдийн хариуцсан хүмүүсийг хайрлаж, халамжлан, тэдний төлөө залбираасай хэмээн хүсэж байна. Та бүхэн Бурханы сүргийг халамжлахдаа өөрийн нөхцөл байдалд тохируулан сэргэг байгаасай хэмээн бид бүхний Сайн Хоньчин болох Их Эзэн Есүс Христийн нэрээр би гэрчилж залбирч байна, амен.