Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь
Бид амьдралаа Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой.
Хайрт ах, эгч нар аа, өнөөдөр би сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг нэгэн зарчмын талаар ярихыг хүсэж байна. Энэ зарчим бидний эргэн тойронд гай зовлон, доог тохуу ихсэх үед илүү чухал болдог юм.
Бидний энэ цаг үе хожмын өдрүүд бөгөөд хэн ч бошиглол биелж байгааг хараад гайхах хэрэггүй. Исаиа, Паул, Нифай, Мормон зэрэг олон бошиглогч хэцүү цаг ирнэ, бидний цаг үед бүхэл дэлхий үймээн самуунд байх болно, хүмүүн “өөрсдийгөө хайрлагсад, … үл хайрлагч, … Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид бол[ж], олон хүн чөтгөрийн ажлыг дэмждэг Сатаны зарц нар байх болно гэдгийг урьдаас харсан. Чухамдаа та бид хоёрын “тэмцэл бол … харанхуй ертөнцийн хүчнүүд … тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.”
Үндэстнүүд хоорондын зөрчилдөөн хурцдаж, хулчгар террористууд гэмгүй хүмүүсийг сүрдүүлж, бизнесийн хүрээнээс эхлээд засгийн газар хүртэлх бүх газарт авилга газар авч байгаа энэ үед бидэнд юу тус болох вэ? Энэ хожмын өдрүүдэд амьдарч байх үед тулгарах хувийн асуудал, хүнд хэцүү бэрхшээлүүдэд хүн нэг бүрд юу туслах вэ?
Бошиглогч Лихай сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нэгэн зарчмыг заасан. Эхлээд түүний нөхцөл байдлыг авч үзэцгээе. Тэр Иерусалимд үнэнийг номлосны төлөө хавчигдан гадуурхагдсан бөгөөд Их Эзэн түүнийг өмч хөрөнгөө орхиод, гэр бүлийнхэнтэйгээ аглаг буйд руу зугтан гарахыг тушаасан. Тэр үл мэдэх газрыг зорихдоо майханд амьдарч, замдаа олдсон хүнсээрээ амиа зогоож, Лебен, Лемүел хоёр хүүгээ Их Эзэний сургаалыг эсэргүүцэн, Нифай, Сам хоёр дүү рүүгээ дайрч давшилж байхыг харсан.
Лихайд эсэргүүцэл, айдас түгшүүр, сэтгэлийн зовлон, өвчин зовиур, урам хугаралт, уй гашуу тохиолдож байсан нь тодорхой. Гэхдээ тэр Их Эзэний илчилсэн “хүмүүн … баясгалантай байж болохын тул” гэсэн нэгэн зарчмыг зоригтой, эрс шийдэмгий тунхагласан юм. Төсөөлөөд үз дээ! Мөнх бус дэлхий дээрх бидний амьдралын мөн чанар, зорилгыг дүрсэлж болох байсан бүх үгнээс тэрээр баяр баясгалан гэдэг үгийг сонгож авчээ!
Амьдрал тойруу, мухар зам, бүхий л төрлийн сорилт, бэрхшээлээр дүүрэн. Бидний хүн нэг бүрд зовлон, шаналал, цөхрөлд бүрэн эзэмдүүлж байгаа мэт санагдаж байсан үе байсан. Гэтэл бид энд баяр баясгалантай байхын тулд ирсэн гэж үү?
Тийм ээ! Хариулт нь тийм! Гэхдээ хэрхэн ийм байх боломжтой вэ? Бид Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулсан баяр баясгалангаас хүртэхийн тулд юу хийх ёстой вэ?
Халамжийн нийгэмлэгийн хоёр дахь ерөнхий ерөнхийлөгч Элиза Р.Снөү үүнд нэгэн сонирхолтой хариулт өгсөн юм. 1838 оны хахир өвлийн эхээр Миссурид гарсан хүн бүрийн мэдэх устгах тушаалаас болж тэрээр бусад гэгээнтний хамт мужаасаа тэр өвөлдөө багтаад, зугтан гарах хэрэгтэй болжээ. Нэг орой Элизагийн гэр бүл дүрвэсэн гэгээнтнүүдийн ашиглаж байсан жижигхэн модон байшинд шөнийг өнгөрүүлэх болов. Өмнө нь ирж буудаллаж байсан хүмүүс гуалингуудын хоорондох завсрын модыг түлээний мод болгон авч хэрэглэсэн байсан учраас зай завсраар нь муур ч мөлхөөд орчих онгорхой гарсан байлаа. Хүйтэн ч ширүүсэж, хоол хүнс нь хөлдүүс болсон байв.
Тэр шөнө 80 гаруй хүн 6,1 м.кв талбай бүхий жижиг байшинд чихцэлдэн, ихэнх нь дулаацахын тулд бүхэл шөнийг зогсоогоороо эсвэл суугаагаараа өнгөрүүлжээ. Гадаа хэдэн эрэгтэй дүрэлзэн асах галыг тойрон, дуу дуулж байхад зарим нь хөлдүү төмсөө шарж байлаа. Элиза “Хэн ч гомдоллоогүй, бүгд баяр хөөртэй байсан бөгөөд гаднаас нь харсан ямар ч хүн мужийн захирагчийн хөөн гаргасан хүмүүс биш, харин зугаалгаар яваа аялагчид гэж андуурч харахаар байсан” гэж бичжээ.
Тэр хүнд хэцүү, чөмөг царцам хүйтэн оройн талаарх Элизагийн тэмдэглэл гайхалтай өөдрөг байсан юм. Тэрээр “Тэр орой баяр хөөрөөр дүүрэн байв. Гэгээнтнүүд л ямар ч нөхцөл байдалд аз жаргалтай байж чадах буйзаа” гэж бичсэн байдаг.
Тийм ээ! Гэгээнтнүүд ямар ч нөхцөл байдалд аз жаргалтай байж чадна. Бүтэлгүй өдөр, долоо хоног, тэр бүү хэл бүтэлгүй жил байсан ч гэлээ бид баяр баясгаланг мэдрэх боломжтой!
Хайрт эх, эгч нар аа, бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдлаас биш харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой.
Бид сая Ерөнхийлөгч Томас С.Монсоны зааснаар амьдралаа Бурханы авралын төлөвлөгөө, Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой. Баяр баясгалан Түүний ачаар, Түүнээс ирдэг. Тэр бол бүхий л баяр баясгалангийн эх үүсвэр юм. Үүнийг бид Христийн мэндэлсний баяраар “Дэлхий баярлахтун, Эзэн ирлээ” хэмээн дуулж байхдаа мэдэрдэг. Бид бас жилийн туршид ч гэсэн мэдэрдэг. Яагаад гэвэл хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд Есүс Христ баяр баясгалан билээ!
Тийм болохоор манай номлогчид Түүний сайн мэдээг тунхаглахаар гэр орноо орхин явдаг. Тэд Сүмийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор явдаггүй, харин дэлхийн хүмүүст баяр баясгаланг авчрахын тулд зааж, баптисм хүртээдэг!
Аврагч “бүх оюун ухаанаас дээгүүрх” амар амгалангаас гадна эгэл хүмүүний логик сэтгэлгээ, ойлголтоос илүү хүчтэй, гүн гүнзгий, өргөн хүрээнд баяр баясгаланг мөн адил өгдөг. Жишээлбэл: хүүхэд тань эдгэршгүй өвчний улмаас зовж, ажлын байраа алдаж, хань ижил тань хууран мэхлэсэн үед баяр баясгаланг мэдрэх боломжгүй мэт санагдаж болох юм. Харин энэ үед л яг Аврагчийн бидэнд өгөхийг хүсдэг баяр баясгаланг хэрэгтэй болдог. Түүний баяр баясгалан хувиршгүй бөгөөд бидний “зовлон зүдгүүрүүд … хэсэг хугацаанд байх болно,” бидний өсөлт хөгжлийн тул ариулан адислах болно хэмээн тайвшруулдаг.
Тэгвэл бид хэрхэн тэр баяр баясгаланг мэдэрч болох вэ? Бид эхлээд “санаа бодол болгондоо” “итгэлийг Эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч болох Есүс рүү хараагаа чиглүүл[ж]” болно. Түүнээс гадна бид залбирлаараа мөн Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэйгээ хийсэн гэрээгээ сахиснаар үргэлж талархаж байгаагаа илэрхийлэх боломжтой. Аврагч маань бидэнд улам бүр бодит болох тусам, баяр баясгалангаасаа өгөхийг Түүнээс гуйвал бидний баяр баясгалан өсөн нэмэгдэх болно.
Баяр баясгалан хүчтэй бөгөөд үүн дээр анхаарлаа төвлөрүүлэх нь бидний амьдралд Бурханы хүчийг авчирдаг. Есүс Христ бүхий л зүйлд бидэнд төгс үлгэр жишээ үзүүлсэн, “Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө … загалмайг тэвчсэн” нэгэн билээ. Үүнийг эргэцүүлэн бод! Аврагч маань энэ дэлхийн түүхэн дэх хамгийн их зовлон шаналлыг тэвчин гарахын тулд баяр баясгалан дээр анхаарлаа төвлөрүүлсэн!
Тэгэхлээр Түүнд ямар баяр баясгалан байсан бэ? Үүнд цэвэршүүлэх, эдгээх, биднийг хүчирхэгжүүлэхийн баяр баясгалан мөн наманчилсан бүх хүний нүглийн төлөөсийг төлөхийн, танд болон надад Тэнгэрлэг Эцэг Эх, гэр бүлдээ цэвэр, зохистой эргэн очиж, хамт амьдрах боломжийг олгохын баяр баясгалан багтах нь гарцаагүй.
Хэрэв бид өөрсдөд маань болон бидний хайрладаг хүмүүст ирэх баяр баясгалан дээр анхаарлаа төвлөрүүлвэл яг одоо давж давшгүй, зовлонтой, аймшигтай, шударга бус эсвэл ердөө боломжгүй мэт санагдаж байгаа ямар зүйлийг тэвчиж чадах вэ?
Нэгэн аав сүнслэг байдлын хувьд хэцүү байхдаа Их Эзэний өмнө цэвэр, зөв болж, гэм буруутай, ичгэвтэр байдлаасаа салж, сэтгэлийн амар амгаланг мэдрэхийн баяр баясгаланд анхаарлаа төвлөрүүлсэн байна. Энэ нь түүнд порнографын талаар мөн үүний улмаас эхнэртээ үнэнч бус байснаа эхнэр, бишоп хоёртоо хэлж, нүглээ бүрэн наманчлах зоргийг өгсөн аж. Тэр одоо бишопынхоо зөвлөсөн бүх зүйлийг хийж, хайрт эхнэрийнхээ итгэлийг дахин олж авахын тулд чин сэтгэлээсээ хичээж байгаа.
Нэгэн залуу эмэгтэй бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байснаар ирэх баяр баясгаланд илүү анхаарснаар найз нөхөд нь доог тохуу хийж байсан ч хүн бүрийн мэддэг, өдөөн хатгасан, сүнслэг байдлын хувьд аюултай нөхцөл байдлаас өөрийгөө авч гарч чадсан.
Эхнэрээ байнга басамжлан доромжилж, үр хүүхдүүддээ уур уцаараа гаргаж, бахаа хангадаг байсан нэгэн хүн Ариун Сүнсийг байнгын хамтрагчаа болгохуйц зохистой байхын баяр баясгалан дээр анхаарлаа төвлөрүүлжээ. Энэ нь түүнд үргэлж ялагддаг байсан эгэл хүнээ ялан дийлж, шаардлагатай өөрчлөлт хийх хүслийг төрүүлсэн байна.
Хамт ажилладаг хүн маань өнгөрсөн хорин жилийн турш туулсан хүнд зовлон бэрхшээлийхээ талаар надад хэлсэн юм. Тэр “Би зовлонг баяр баясалтайгаар туулж сурсан. Миний зовлон шаналал Христийн баяр баяслаар залгигдсан юм” гэж хэлсэн.
Бид “өмнө тавигдсан” баяр баясгалан дээр анхаарлаа төвлөрүүлбэл юуг тэсвэрлэн гарч чадах вэ? Хэрхэн наманчлах боломжтой вэ? Ямар сул дорой байдал маань хүчирхэгжих вэ? Ямар зэмлэл адислал болох вэ? Ямар таагүй байдал, тэр ч байтугай эмгэнэлт үйл явдлууд бидний сайн сайхны төлөө болж хувирах вэ? Бид ямар чадал сорьсон үйлчлэлийг Их Эзэнд үзүүлэх боломжтой вэ?
Бид эхлээд Аврагч дээр, дараа нь баяр баясгалантай байхад анхаарлаа төвлөрүүлэх загварыг дагах явцдаа баярлаж баясахад маань саад болох хүчин зүйлүүдээс зайлсхийж байвал зохино. Христийн эсрэг тэмцдэг Корихорыг сана. Тэр дээд пристийн өмнө хүргэгдэж, “Та яагаад Их Эзэний замуудыг гажуудуулан явдаг билээ? Та яагаад энэ хүмүүст тэдний баяслыг сарниулахаар Христ гэж үгүй хэмээн заадаг билээ?” гэж асуугдах хүртлээ энэ тэрүүгээр хэсүүчлэн, Аврагчийн тухай худал хуурмаг мэдээлэл тарааж явсан.
Христийн болон Түүний сургаалын эсрэг байдаг бүх зүйл бидний баяр баясгаланд саад болдог. Үүнд онлайн болон блогоор дүүрэн буй хүмүүний сургаал орох бөгөөд энэ нь Корихорын хийж байсантай яг адил зүйлийг хийдэг.
Бид дэлхийнхнийг харж, тэдний аз жаргалын томъёоллыг дагавал хэзээ ч баяр баясгаланг мэдрэхгүй. Шударга бус хүмүүс олон төрлийн сэтгэл хөдлөл, мэдрэмжийг мэдэрч болох ч хэзээ ч баяр баясгаланг мэдрэхгүй! Баяр баясгалан бол итгэлтэй хүмүүст өгдөг бэлэг юм. Энэ бол Есүс Христийн заасны дагуу, өөрийн хүслээр шударга амьдрахыг хичээснээр ирдэг бэлэг юм.
Тэр бидэнд хэрхэн баяр баясгалантай байхыг заасан. Бид Тэнгэрлэг Эцэгийг Бурханаа болгох үед Аврагчийн Цагаатгал бидний амьдралд нөлөөлж байгааг мэдэрч, баяр баясгалангаар дүүрэн байна. Бид хань ижлээ хайрлан халамжилж, үр хүүхдүүдээ удирдан залж, хэн нэгнийг уучлан эсвэл хэн нэгнээс уучлалт гуйх болгондоо баяр баясгаланг мэдэрч чадна.
Та бид өдөр бүр селестиел хуулиар амьдарч, гэрээнүүдээ сахиж эсвэл бусдад гэрээгээ сахихад нь тусалж амьдрах юм бол баяр баясгалан биднийх байх болно.
Дууллын нэгэн зохиогчийн “Би Эзэнийг өөрийн өмнө үргэлж байхаар тавьсан. Тэр миний баруун гар талд байгаа учраас би ганхахгүй. … [Түүний] өмнө л баяр хөөр дүүрэн байдаг” гэсэн үгийг чих тавин сонс. Энэ зарчим бидний зүрх сэтгэлд бичигдэх юм бол өдөр бүр баярын мөн баяслын өдөр байж чадна. Би ийнхүү Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.