Тэрээр тэрчлэн хүчирхэг болж болохын тулд
Бид бусдыг гайхамшигт үйлчлэлд нь бэлтгэхийн тулд өргөж дэмжих үүргээ биелүүлэх болтугай гэж би залбирч байна.
Бурханы санваарыг атгаж буй хүмүүстэй хамт энэхүү хуралдаанд оролцож байгаа минь адислал билээ. Энэ эрэгтэйчүүд, хөвгүүдийн үзүүлж буй үнэнч байдал, итгэл, амь биеэ үл хайхран хийдэг үйлчлэл нь орчин үеийн гайхамшиг юм. Би өнөө орой Их Эзэн Есүс Христэд чин сэтгэлийн үйлчлэлээрээ нэгдсэн санваартнуудад хандан ярих болно.
Санваарын үүрэгтээ зохистой үйлчилдэг санваарын бүх албаны хүмүүст Их Эзэн Өөрийн хүчийг өгдөг.
Вилфорд Вудрафф Сүмийн ерөнхийлөгч байхдаа санваарын албадаасаа олж авсан туршлагаасаа хуваалцсан билээ.
“Би энэ Сүмд анхныхаа сургаалыг сонсоод, маргааш нь баптисм хүртсэн юм. … Дараа нь багшийн албанд томилогдсон ба тэр даруй миний номлол эхэлсэн. … Би энэ номлолоо хийхдээ багшийн албанд байсан юм. … Нэгэн чуулганаар намайг пристээр томилсон. … Пристээр томилогдсоныхоо дараа … би Нэгдсэн Улсын өмнөд хэсэгт номлолд үйлчлэхээр дуудагдсан ба тэр нь 1834 оны намар байсан юм. Би хамтрагчтайгаа хэтэвч ч үгүй, богц ч үгүй номлолд үйлчлэхээр явж билээ. Ганцаараа олон мянган километр явж, сайн мэдээг тунхаглаж байсан би олон хүнд баптисм хүртээсэн ч зөвхөн прист байсан учраас тэднийг гишүүнээр баталж чадаагүй. … Ахлагчаар томилогдохоосоо өмнө би хэсэг хугацаанд сайн мэдээг тунхаглахаар аялсан юм. …
“[Одоо] би Арванхоёр Төлөөлөгчийн гишүүн болоод бараг 54 жил болж байна. Энэ чуулга болон бусад чуулгатай хамт би 60 жилийн турш аялж байна. Багшийн албанд байхдаа ч, ялангуяа усан үзмийн талбайд Прист байхдаа ч Төлөөлөгч байх үетэй адил хэмжээнд Бурханы хүчээр дэмжигдэн батлагдаж байсан гэдгийг би энд цугласан хүмүүст хэлэхийг хүсэж байна. Бид үүргээ биелүүлж байгаа цагт Санваарын албадад ямар ч ялгаа байхгүй билээ.”
Энэхүү ялгаагүй байдлын гайхалтай сүнслэг боломжийг Аароны санваарын талаар Их Эзэний хэлсэн тодорхойлолтод Мелкизедек санваарын “хавсралт” хэмээн хэлжээ.Хавсралт гэдэг нь хоёр зүйл холбогдсон гэсэн үг. Санваар нь энэ дэлхийд мөн үүрд мөнхөд хүч, адислал болдог учраас энэхүү холбоо маш чухал. Учир нь энэ санваар “өдрүүдийн эхлэл буюу жилүүдийн төгсгөлгүй.”
Энэхүү санваарын холбоо нь энгийн зүйл бөгөөд Аароны санваар нь залуу эрэгтэйчүүдийг бүр илүү ариун нандин итгэмжлэлийг хүлээн авахад бэлтгэдэг.
“Дээд буюу Мелкизедек санваарын хүч хийгээд эрх мэдэл нь сүмийн сүнсний бүх адислалын түлхүүрүүдийг атгах нь болой—
Тэнгэрийн хаант улсын нууцуудыг хүлээн авах онцгой боломжтой байх, тэнгэрийг тэдэнд нээлгэх, ерөнхий хуралдай хийгээд Ууган Хүүгийн сүмтэй харьцах, мөн Бурхан Эцэг, мөн шинэ гэрээний зууч Есүстэй харьцаж мөн сэтгэл ханамжтай байх нь болой.”
Их Эзэний Сүмийн ерөнхийлөгч, тэргүүлэх дээд прист болох цорын ганц хүн тухайн цаг үедээ тэдгээр санваарын түлхүүрийг бүрэн дүүрэн ашигладаг. Тийн ерөнхийлөгчийн итгэмжилснээр Мелкизедек санваартай эрэгтэй бүр Бүхнийг Чадагчийн нэрээр ярьж, үйлдэх эрх мэдлээр адислагддаг ба энэхүү хүч нь хязгааргүй юм. Энэхүү хүч нь амьдрал ба үхэл, гэр бүл ба Сүм, Бурханы агуу шинж чанар ба Түүний мөнхийн ажилд санаа тавьдаг.
Их Эзэн тэрхүү гайхамшигт Мелкизедек санваарт итгэл, хүч, талархлаар үйлчлэх ахлагчид болоход аароны санваартнуудыг бэлтгэж байгаа.
Ахлагчид санваарын бүрэн дүүрэн үйлчлэлд үүргээ биелүүлэхийн тулд гүн талархалтай байх хэрэгтэй. Илүү дээд санваартай хүмүүс та нарыг санваарын аялалд тань дэмжин, урамшуулахаар ирж байсан дикон, багш, прист байсан үеэ та бүхэн дурсан санах болно.
Мелкизедек санваартан бүрд ийм дурсамж байдаг ч он жилүүдийн урсгалд бүдгэрсэн байх магадлалтай байдаг. Энэхүү мэдрэмжийг сэргээж, нэгэнтээ хүлээн авч байсан тусламжаа өгч чадах бүх хүндээ өгөх зориг шийдэмгий байх болтугай гэж би найдаж байна.
Санваарын хүчээр эзэмшиж чадах тэрхүү чадавхыг аль хэдийн эзэмшсэн мэт надтай харьцдаг байсан нэгэн бишопыг би санаж байна. Тэр прист байх үед маань нэгэн ням гарагт намайг дуудаад, тойргийнхоо зарим гишүүнийд зочлоход миний тусламж хэрэгтэй байгааг хэлсэн юм. Тэр амжилттай байх цорын ганц найдвар нь би байсан мэт л хэлэв. Түүнд би хэрэггүй байсан. Түүний бишопын зөвлөлд гарамгай зөвлөхүүд байсан.
Бид хамтдаа нэгэн ядуу зүдүү бэлэвсэн эмэгтэйнд очсон бөгөөд тэр надаас түүний зүрх сэтгэлд хүрч, түүнийг төсөвтэй болж, үүнийгээ ашиглахад урамшуулахын зэрэгцээ асуудлуудаа давж гаран, бусдад туслах боломжтой болно гэдэг амлалтыг түүнд өгөхийг хүссэн юм.
Биднийг явах үед тэр надад “Энэ хүүхдүүд биднийг өөрсөд дээр нь хүрч ирснийг хэзээ ч мартахгүй” гэж аяархан хэлж билээ.
Дараагийн айлд очихдоо би идэвх султай хүнд тойргийн гишүүдэд хэрэгтэй байгаа гэдгийг нь мэдрүүлснээр хэрхэн Их Эзэнд эргэж ирэхэд урьж болдгийг харсан.
Мелкизедек санваартан тэр бишоп надад чадавхаа олж харахад тусалж, үлгэр жишээгээрээ урамшуулж байсан юм. Тэр надад Их Эзэний үйлчлэлд хаашаа ч хамаагүй явах хүч, зоригтой байхыг заасан. Тэрээр наснаас халин, тэнгэрлэг шагналаа хүлээн авсан ч намайг туршлагагүй Аароны санваартан байхад маань өргөж дэмжсэн учраас би түүнийг дурсан санасаар байдаг. Тухайн үед миний ойлголтоос хэтэрсэн байсан илүү агуу үүрэг хариуцлагатай санваарын дуудлагыг хийж байгаагаар тэр намайг харж байсныг би сүүлд ойлгосон юм.
Аав маань ч мөн адил зүйлийг хийсэн. Тэр туршлагатай, ухаалаг Мелкизедек санваартан байсан юм. Нэгэн удаа Төлөөлөгч түүнээс дэлхий хэр урт хугацаанд оршин тогтносон тухай шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо гарган, богинохон тэмдэглэл бичихийг хүссэн ажээ. Тэрээр тэмдэглэлийг нь уншсан хүмүүс дэлхий ертөнц нь шинжлэх ухааны нотолгооноос ч илүү залуухан гэсэн хүчтэй мэдрэмжийг авч болзошгүй тул тэмдэглэлээ маш хянамгай бичжээ.
Аав маань надад “Хал, энэ тэмдэглэлээ төлөөлөгч, бошиглогчид руу явуулах нь зөв зүйтэй эсэхийг мэдэх сүнслэг мэргэн ухаан чамд байгаа” гэж хэлэн, тэмдэглэлээ өгч байсныг би санадаг. Би тэмдэглэл дээр юу бичсэн байсныг сайн санахгүй байгаа ч миний харж чадаагүй сүнслэг мэргэн ухааныг надаас харсан Мелкизедек санваартанд агуу ихээр талархсанаа үргэлж санах болно.
Олон жилийн дараа, нэгэн орой намайг Төлөөлөгчөөр томилогдсоны дараа Бурханы бошиглогч намайг дуудаад, Сүмийн сургаалын тухай бичсэн нэгэн зүйлийг уншиж үзэхийг хүссэн юм. Тэрээр нэг номыг шөнөжингөө уншжээ. “Би бүгдийг нь уншиж чадахгүй нь. Намайг ажиллаж байх үед чи амарч болохгүй биз дээ” гэж тэр инээд алдан хэлсэн юм. Тэр бараг л аавын минь олон жилийн өмнө хэлсэнтэй адил “Хал, чи үүнийг унших ёстой хүн шүү. Чи үүнийг хэвлэх хэрэгтэй эсэхийг мэдэж чадна” гэж хэлсэн.
Тэдэнтэй л адил өөр нэгэн Мелкизедек санваартан нэгэн орой Сүмээс зохион байгуулсан фестиваль дээр надад адилхан урам зориг, итгэл найдвар өгч билээ. Намайг 17 настай байхад нэлээд томхон цугларалт дээр үг хэлэхийг хүссэн юм. Надаас юуг хүсэн хүлээж байгааг, бүр хэлэх үгийнхээ сэдвийг ч би мэдэхгүй байсан учраас сайн мэдээний талаарх мэдлэгээс маань давсан үгийг хэлэхээр бэлтгэв. Би үгээ хэлж байхдаа алдаа гаргасан гэдгээ ойлгосон бөгөөд үг хэлснийхээ дараа мэдэрч байсан бүтэлгүйтлээ одоо хүртэл санадаг.
Дараагийн буюу сүүлийн үг хэлэх хүн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Маттью Кавли байсан ба тэрээр Сүм даяар хайрлагдсан гайхалтай илтгэгч байсан. Би индрийн ойролцоох суудлаасаа түүн рүү харж байснаа одоо хүртэл санадаг.
Тэр хүчирхэг хоолойгоор ярьж эхлэн, миний хэлсэн үг түүнд нэгэн агуу чуулганд оролцож байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн гэдгийг инээмсэглэн хэлсэн юм. Миний бүтэлгүйтсэн гэсэн мэдрэмж тэр даруй арилан, түүний аль хэдийн намайг болчихсон мэт бодсон тэр хүн хэзээ нэгэн өдөр би болж болох юм байна гэсэн итгэл ирж билээ.
Тэр оройн дурсамж намайг Аароны санваартнуудыг ярих үед анхаарал тавин сонсдог болоход удирдсаар байгаа билээ. Ахлагч Кавлигийн миний төлөө хийсэн зүйлийн ачаар би үргэлж тэднээс Бурханы үгийг сонсох болно гэж хүсэн хүлээдэг болсон. Тэднийг ярих үед би маш цөөхөн тохиолдолд л сэтгэлээр унадаг ба ихэвчлэн гайхаж, бишрэн, ахлагч Кавлигийн адил инээмсэглэхгүй байж чаддаггүй юм.
Олон зүйл залуу ах нарт санваартаа хүчирхэгжихэд тусалдаг ч санваарын үйлчлэлдээ Бурханы хүчинд найдаж болно гэдэг итгэл, найдварыг хөгжүүлэхэд тэдэнд туслахаас илүү хүчтэй зүйл байхгүй.
Энэхүү итгэл, найдвар нь бүр хамгийн чадварлаг Мелкизедек санваартан байсан ч цорын ганц туршлагаар ирдэг зүйл биш юм. Эдгээр хүчинд итгэж найдах чадвар нь санваартаа илүү туршлагатай тэдгээрийн олон удаагийн итгэлийн илэрхийллээр ирдэг.
Ариун Сүнсээр дамжуулан Их Эзэнээс ирэх урам зориг, засвар залруулга Аароны санваартнуудад өдөр бүр, бүр цаг бүр хэрэгтэй байх болно. Тэд санваарыг эзэмших зохистой байхыг сонгосноор тэдгээрийг авах боломжтой болно. Энэ нь тэдний хийх сонголтуудаас шалтгаална.
Тиймээс л бид агуу Мелкизедек санваарын удирдагч, хаан Бенжамины хэлсэн үнэн үгсийг үлгэр жишээ, гэрчлэлээрээ заах ёстой. Тэдгээр үг нь Их Эзэний нэрээр хэлсэн хайрын үгс байсан бөгөөд Их Эзэн Өөрөө энэ санваарын эзэн билээ. Хаан Бенжамин Их Эзэнээс урам зориг, засвар залруулга авахаар хангалттай цэвэр байхын тулд биднээс юу шаардагддаг тухай заасан.
“Мөн эцэст нь, та нар тэгснээр нүгэл үйлдэж болох зүйлийг бүгдийг би та нарт хэлж чадахгүй; учир нь маш олон янзын зам мөн аргууд бий, бүр тэдгээрийг би тоолж чадахааргүй тийм олон бөлгөө.
Гэвч өдий зэргийг би та нарт хэлж чадна, хэрэв та нар өөрсдийгөө, мөн бодлуудаа, мөн үгсээ, мөн үйлүүдээ хянаж, мөн Бурханы зарлигуудыг мөрдөж, бас Их Эзэний маань ирэлтийн талаар сонссон түүндээ үргэлж итгэлтэй байж, бүр амьдралынхаа эцсийг хүртэл ингэхгүй аваас, та нар мөхөх ёстой болно.”
Бидний маш их хайрладаг залуу санваартнууд руу ирж буй аюулт догшин салхи лугаа зөв шударгын дайсны галт сумын талаар бид бүхэн мэддэг. Бидний хувьд тэд өөрсдийгөө Хиламаны хөвгүүд гэж нэрлэдэг залуу дайчид шиг санагддаг. Хэрэв тэд хаан Бенжамины тэдэнд ухуулснаар өөрсдийгөө аюулгүй байлгах аваас тэдгээр залуу цэрэгтэй адил амьд үлдэж чадна.
Хиламаны хөвгүүдэд эргэлзээ байгаагүй. Тэд ээжүүдийнхээ үгэнд итгэсэн учраас зоригтой тулалдаж, дайснаа ялсан билээ. Бид мөн хайраар дүүрэн ээжүүдийн итгэлийн хүчийг ойлгож ухаардаг. Өнөөдөр ээжүүд тэрхүү агуу дэмжлэгийг хөвгүүддээ өгч байна. Бид санваартны хувьд хөрвөгдсөн үедээ ах нараа батжуулах ёстой гэсэн дуудлагад хариулах шийдэмгий байдлаар энэхүү дэмжлэг дээр өөрсдийнхөө хувь нэмрийг нэмж чадна мөн нэмэх ч ёстой.
Мелкизедек санваартан бүр Их Эзэний санал болгож буй боломжийг хүлээн авах болтугай хэмээн би залбирч байна.
“Мөн хэрэв та нарын дунд хэн нэгэн нь Сүнсэнд хүчтэй байх аваас, тэрээр сул дорой болох түүнийг, тэрээр бүхий л номхон дөлгөөн байдалд сэнхэрч болохын тулд, тэрээр тэрчлэн хүчирхэг болж болохын тулд өөртэйгөө хамт авч яваг.
Тиймийн тул, доод санваарт томилогддог тэднийг өөрсөдтэйгөө хамт авч яв, мөн тэднийг өөрсдийнхөө өмнө уулзалтыг товлуулахаар мөн замыг бэлтгэхээр, мөн та нар өөрсдөө хийх боломжгүй товлогдсон уулзалтуудыг хийлгүүлэхээр илгээгтүн.
Болгоогтун, энэ бол эрт дээр үед миний төлөөлөгчид миний сүмийг надад өсгөн бэхжүүлдэг байсан тэрхүү зам бөлгөө.”
Санваарын удирдагчид, Аароны санваартнуудын аав та нар гайхамшгуудыг үйлдэж чадна. Та нар сайн мэдээг тунхаглах дуудлагыг хүлээн авч, итгэлтэйгээр үйлддэг залуу эрэгтэйчүүдтэй хамт тэдгээр итгэлтэй ахлагчийн тоонд орж чадна. Та нарын өргөн дэмжиж, урамшуулсан олон эрэгтэй итгэлтэй байж, ариун сүмд зохистойгоор гэрлэн, хариуд нь бусдыг өргөж, бэлтгэхийг та нар нүдээрээ харах болно.
Ингэхийн тулд үйл ажиллагааны шинэ хөтөлбөр, сайжруулсан заах материал, илүү дээр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл шаардлагагүй. Энэ нь та нарт одоо байгаа дуудлагаас илүү дуудлагыг шаардахгүй. Санваарын тангараг ба гэрээ та нарт хүч чадал, эрх мэдэл, удирдамж чиглүүлгийг өгдөг. Та нар гэртээ хариад, Сургаал ба Гэрээ 84-р хэсэгт гардаг санваарын тангараг, гэрээний талаар анхааралтай судална гэдэгт би найдаж байна.
Илүү олон залуу эрэгтэй Аароны санваартан байхдаа Есүс Христийн сайн мэдээг хөрвүүлэгч хүчээр зааж байсан Вилфорд Вудраффтай адил туршлагуудыг олж авах болно гэдэгт бид бүгд найдаж байна.
Бид бусдыг гайхамшигт үйлчлэлд нь бэлтгэхийн тулд өргөж дэмжих үүргээ биелүүлэх болтугай гэж би залбирч байна. Намайг өргөж дэмжин, бусдыг хэрхэн хайрлаж мөн өргөн дэмжихийг харуулсан гайхалтай хүмүүст би бүх зүрх сэтгэлээсээ талархаж байна.
Ерөнхийлөгч Томас С.Монсон энэ цаг үед дэлхий дээрх санваарын бүх түлхүүрийг атгадаг гэдгийг би гэрчилж байна. Тэр амьдралынхаа турш үйлчлэхдээ Мелкизедек санваартны хувьд бусдыг өргөн дэмжихийн үлгэр жишээ байсан гэдгийг би гэрчилж байна. Намайг өргөн дэмжиж мөн бусдыг хэрхэн өргөн дэмжихийг харуулсан түүний арга замд хувь хүнийхээ үүднээс би талархаж байна.
Бурхан Эцэг амьд. Есүс бол Христ. Энэ бол Түүний Сүм, Түүний хаант улс. Энэ бол Түүний санваар. Би үүнийг Ариун Сүнсний хүчээр мэдэж авсан. Есүс Христийн нэрээр, амен.