2010–2019
Аз жаргалд хүргэх төгс зам
2016 оны 10-р сар


4:40

Аз жаргалд хүргэх төгс зам

Би Эцэгийн төлөвлөгөө болох энэхүү агуу бэлгийн талаар гэрчилж байна. Энэ нь амар амгалан, аз жаргалд хүргэх цорын ганц төгс зам юм.

Энэ чуулганы төвд байгаа мөн дэлхий даяар байгаа хайрт ах, эгч нар минь, энэ өглөө та бүхэнтэй өөрийн бодол санааг хуваалцах боломжтой байгаадаа би ямар их талархаж байна гээч.

50 жилийн өмнө 1964 оны 7-р сард би Нью-Йорк хотод үүрэг даалгавар хүлээн авсан юм. Тухайн үед тэнд нэгэн олон улсын үзэсгэлэн худалдаа болж байлаа. Нэгэн өглөө эрт би тухайн үзэсгэлэн дээрх Мормон павилионд очих үед Man’s Search for Happiness, (Хүн төрөлхтний аз жаргалын эрэл) хэмээх авралын төлөвлөгөөг харуулсан нэгэн киног яг эхлэхийн өмнөхөн таарч билээ. Уг кино хожим нь Сүмд нэлээд нэртэй болсон. Би манай Сүмийн гишүүн биш, багцаалбал 35 настай байх гэмээр нэгэн залуугийн хажууд суусан ба бид товчхон яриа өрнүүлэв. Гэрэл бүдгэрч, кино ч эхэллээ.

Өгүүлэгчийг хамгийн чухал, түгээмэл асуулт болох “Би хаанаас ирсэн бэ? Би яагаад энэ дэлхийд байгаа вэ? Би энэ амьдралыг орхисныхоо дараа хаашаа явах вэ?” гэх мэт асуултыг өгүүлэх зуур бид чих тавин сонсож суулаа. Тэнд байсан бүх хүн асуултын хариуг мэдэхийг тэсэн ядан хүлээж, дэлгэцэн дээрх зураглал руу нүд салгалгүй харж байв. Мөнх бус байдлын өмнөх амьдралын зураглал, дэлхий дээрх бидний амьдралын зорилгын тайлбартай хамт гарч ирлээ. Бид нэгэн өндөр настанг энэ амьдралаас хэрхэн явж байгаа мөн өөрийг нь сүнсний дэлхийд хүлээж байгаа хайртай хүнтэйгээ хэрхэн дахин нэгдэж байгаа сэтгэл хөдлөм зураглалыг харж байв.

Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулсан төлөвлөгөөний үзэсгэлэнт зураглал дуусах үед хүмүүс чимээгүйхэн гарч явцгаасан ба уг киноны санаа олон хүнд хүрсэн нь илт байлаа. Миний хажууд сууж байсан залуу суудлаасаа боссонгүй. Би түүнээс кино таалагдсан эсэхийг асуухад тэр “Энэ бүгд үнэн!” гэсэн баттай хариултыг надад өгсөн юм.

Манай номлогчид бидний аз жаргал, авралд зориулагдсан Эцэгийн төлөвлөгөөг дэлхий даяар хуваалцаж байна. Энэхүү тэнгэрлэг захиасыг сонссон зарим хүн үүнийг хүлээн зөвшөөрч, дагадаггүй. Гэсэн ч Нью-Йоркийн үзэсгэлэн дээрх залуу найз шиг маань эрэгтэй, эмэгтэйчүүд газар сайгүй үүний үнэнийг мэдэж, гэр рүү нь аюулгүй хүргэх уг замыг дагахаар шийддэг юм. Тийнхүү тэдний амьдрал үүрд мөнхөд өөрчлөгддөг.

Бидний Аврагч, Есүс Христ энэ төлөвлөгөөний зайлшгүй нэгэн чухал хэсэг билээ. Түүний цагаатгагч золиослолгүйгээр хүн бүр төөрөлдсөн хэвээрээ үлдэх байсан. Зүгээр л Түүнд болон Түүний номлолд итгэх нь хангалтгүй юм. Бид хөдөлмөрлөж, суралцаж, эрэлхийлж мөн залбирч, наманчилж, өсөж хөгжих хэрэгтэй. Бид Бурханы хуулиудыг мэдэж, тэдгээрийн дагуу амьдрах хэрэгтэй. Бид Түүний авралын ёслолуудыг хүлээн авах хэрэгтэй. Бид эдгээрийг хийснээр л жинхэнэ, мөнхийн аз жаргалыг олж авах болно.

Бид үнэнээр адислагдсан ба уг үнэнийг хуваалцах үүрэгтэй. Эцэгийн бидэнд хадгалсан бүхнийг хүлээн авахын тулд уг үнэнээр амьдарцгаая. Түүний хийж буй бүх зүйл бидний сайн сайхны төлөө байдаг. Тэрээр “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” хэмээн бидэнд хэлсэн.

Би бодьгалынхаа бүхий л эрч хүчээр мөн даруу байдлын гүнд бидэнд зориулсан Энэ нь энэ дэлхийд болон ирэх дэлхийд амар амгалан, аз жаргалд хүргэх цорын ганц төгс зам юм.

Ах, эгч нар минь, би та бүхэнд өөрийнхөө хайр, адислалыг үлдээн, үгээ төгсгөе. Би энэ бүхнийг бидний Аврагч, Гэтэлгэгч Есүс Христийн нэрээр үлдээж байна, амен.