2012
Toмасын гэрчлэл
долдугаар 2012


Toмасын гэрчлэл

“Үнэний тухай гэрчлэлийг Их Эзэн бибээр та нарт өгч байна” (С ба Г 67:4).

Гэр бүлийн үдэшт хүн бүр ямар нэг зүйл хийх хэрэгтэй байлаа. Ээж гэр бүлийн үдшийг хөтлөн явуулж, аав хичээл заах болов. Томасаас бусад хүүхдүүд залбирал хэлж, хөгжим тоглон, үйл ажиллагаа зохион байгуулав. Энэ долоо хоногт гэрчлэлээ хэлэх нь Томасын ээлж байсан ч тэр ичээд байсан гэнэ.

Toмас өмнө нь гэрчлэлээ хуваалцсанаас хойш урт хугацаа өнгөрсөн болохоор юу гэж хэлснээ санахгүй байжээ. Тиймээс нээлтийн дуу дуусч, залбирал хэлсний дараа Томас дуугарсангүй.

“Чиний ээлж боллоо” гэж ээж нь түүнд сануулав.

Цонхоор харагдах мөнх ногоон мод юу гэж хэлэхийг нь түүнд хэлэх юм шиг Toмас гадагш харлаа.

Аав нь Томасын дэргэд суугаад юу болсныг асуув.

“Гэрчлэл гэж юу болохыг би мэдэхгүй байна” гэж Томас аяархнаар хэллээ.

“Би чамд тусалъя” гэж аав нь хэллээ. “Гэрчлэлээ хэлнэ гэдэг чинь чи мэддэг эсвэл итгэдэг юмсынхаа тухай бидэнд хэлнэ гэсэн үг. Судар яагаад унших дуртайгаа бидэнд хэлж болно. Судар унших нь Сүнсийг мэдрэхэд үргэлж тусалдаг шүү дээ.”

Гэвч Томас бэлэн биш байв. Хүн бүр түүнийг ямар нэг юм хэлэх байх гэж хүлээж байлаа. Тэр толгой сэгсрэв. “Чадахгүй нь ээ. Гэрчлэл гэж юу болохыг би мэдэхгүй.”

Аав нь Томасын мөрийг илээд, “За, яахав. Гэрчлэлээ дараа хэл дээ” гэв.

Томас тэр орой Мормоны Номыг барин орон дээрээ сууж байлаа. Аавын зөв байсан ба судар уншихад үргэлж сайхан байдаг. Томас өдөрт нэг бүлэг уншихыг хичээдэг байсан ч хэтэрхий урт санагддаг байлаа. Тэр судраа 1 Нифай 17 дээр нээв.

“Яасан урт юм бэ, энэ чинь!” гэж Томас шивнэлээ. Тэгээд Тэнгэрлэг Эцэгт хандан товчхон залбирал хэлж, тусламж хүсэв. Тэгтэл цаг хэчнээн амархан өнгөрсөнд тэр их гайхлаа.

Томасыг гэрлээ унтраахаас өмнөхөн аав нь тавтай нойрсоорой гэж хэлэхээр орж ирэв.

“Аав аа, юу болсон гээч?”

“юу болсон юм бэ, миний хүү?”

“Бүлгүүд нь дэндүү урт болохоор би бүтэн долоо хоног судар уншаагүй. Харин өнөө орой би судар уншмаар санагдаад залбирал хэлсэн чинь Тэнгэрлэг Эцэг надад тусаллаа. Бүх бүлгийг уншихад ердөө таван минут л өнгөрсөн юм шиг санагдлаа. Залбирах сайхан юм.”

“Toмас, чи сая юу гэж хэлснээ мэдэж байна уу?” гэж аав нь инээмсэглэн асуугаад, “Чи гэрчлэлээ хуваалцлаа шүү дээ!” гэв.

“Тийм үү?” гэж Томас асуув. “Энэ чинь юу гэсэн үг вэ?”

“Чи залбирлын тухай бас залбирал чамд хэрхэн тусалсан тухай ярилаа. Энэ чинь л залбирлын тухай гэрчлэл шүү дээ.”

Toмас амаа ангайн таг дуугүй болов. Хүмүүс гэрчлэлийн тухай түүнд заасан бүх үеийн тухай бодлоо. Тэр үнэхээр гэрчлэлээ хуваалцсанаа мэдлээ!

Томаст сайхан санагдаж, аавыгаа чанга тэврэв.

“Яасан гоё вэ? Би гэрчлэлээ хэлсэн байна ш дээ!” гэж Томас дуу алдлаа. “Аав аа би ирэх долоо хоногт гэр бүлийн үдшээр гэрчлэлээ хуваалцаж болох уу? Миний ээлж биш л дээ. Харин би залбирлын тухай яримаар байна.”

“Тэг л дээ. Ёстой сайхан санаа байна” гэж аав нь хэллээ.

Аавыгаа өрөөнөөс нь гарсны дараа Томас болсон явдлын тухай тэр оройжингоо боджээ. Тэр гэр бүлийнхээ төлөө, судрууд, залбирал, бусад олон зүйлийн төлөө, ялангуяа гэрчлэлийнхээ төлөө бүр ч их талархалтай байлаа. Одоо тэр гэрчлэл гэж юу байдгийг болон гэрчлэлээ хэрхэн хуваалцдагийг мэддэг болжээ.

Зураг чимэглэлийг Maтт Смит