Биднийг дахин уулзтал
Дэлхийгээс бохирдолгүй
Бүх зүйл ийм сайхан цэвэрхэн байхад би яах гэж ариун сүмийг цэвэрлэх гэж ирсэндээ гайхаж билээ. Гэвч цэвэрлэгээ хамгийн чухал зүйл биш байсныг удалгүй ойлгов.
Хэдэн жилийн өмнө би Ютагийн Баунтифул ариун сүмд шөнө орой болсон хойно цэвэрлэгээ хийхээр очиж билээ. Цэвэрлэгээ хийхээр нэлээд олон хүн ирснийг хараад заримыг нь гэр рүү нь буцаамаар юм гэсэн бодол толгойд зурсхийн орж ирэв. Би сайн дураараа гэртээ харихад бэлэн байлаа. Тэгснээ “Биднийг цагаас өмнө юу гэж явуулах вэ дээ. Тэд биднийг энд бүтэн хоёр цаг барьж байхыг үүргээ гэж бодоод биднээр хийлгэх ямар нэг хар бор ажил олж л таарна” хэмээн бодож билээ. Өмнөх цэвэрлэгээний үеэр би бүтэн цаг гаруй тоос арчиж, тоосны алчуураа буцааж өгөхөд юу ч арчаагүй юм шиг цэвэрхэн байсныг саналаа. Цэвэрлэх огт хэрэггүй юм шиг харагдаж байсан юмсыг цэвэрлэхэд бүтэн хоёр цаг зарцуулахад би өөрийгөө бэлтгэсэн юм. Мэдээж хэрэг, тэр шөнө би үйлчлэх хүсэл гэхээс илүүгээр үүрэг хариуцлагаа мэдрэхгүйгээр ариун сүм дээр хүрч ирсэн ажээ.
Нэг бүлгийг онцгой цугларалтад оролцуулахаар цуглааны жижигхэн байр руу явууллаа. Онцгой цугларалтыг хөтлөн явуулсан жижүүр нэг зүйл хэлсэн нь ариун сүмийн цэвэрлэгээний талаарх миний үзэл бодлыг бүр мөсөн өөрчилсөн юм. Тэр бидэнтэй эелдэгхэн мэндэлсний дараа бид энд цэвэрлэх шаардлагагүй юмсыг цэвэрлэхээр ирээгүй харин Их Эзэний өргөөг ямар нэг байдлаар бохирдохоос хамгаалах гэж ирснийг тайлбарлав. Дэлхий дээрх хамгийн ариун газруудын нэгнийх нь эзэмшигчид болсон бид энэхүү ариун өргөөг бохирдуулахгүй байх үүрэгтэй.
Түүний үг миний зүрх сэтгэлийн гүнд нэвтэрч, Их Эзэний өргөөг хамгаалахын тулд өөртөө даалгаж өгсөн талбайг шинэ урам зоригоор цэвэрлэж эхэллээ. Би зөөлөн үстэй зургийн багсаар хаалганы хүрээний нарийнхан ховил, сандал, ширээний хөлийн тоосыг хоёр цагийн турш нямбай арчлаа. Хэрэв өмнөх цэвэрлэгээний үед надад ийм ажил даалгасан бол би үүнд дооглонгуй хандаж, завгүй хүний дүр исгэн, хариуцуулсан талбайгаа хайш яйш арчсан болоод өнгөрөх байсан биз ээ. Гэвч би энэ удаа багсныхаа үсийг өчүүхэн нарийн зай завсар бүр лүү оруулан тоосыг арчиж билээ.
Энэ ажил биеийн болон оюун санааны аль алиных нь хүч чармайлтыг шаардсан учраас ажиллаж байхдаа тунгаан бодох цагаар намайг адисалсан юм. Би гэрээ цэвэрлэхдээ хэзээ ч ийм нарийн чимхлүүр ажил хийж байгаагүйгээ бас энд миний цэвэрлэсэн зүйлсийг бусад хүмүүс эхлээд харна, харин гэр орондоо миний хийсэн цэвэрлэгээг зөвхөн би өөрөө болон гэр бүлийн бусад гишүүд л харах юм чинь яахав гээд тоодоггүй байснаа анх удаа ухаарч билээ.
Ариун сүмийг болон гэр орноо цэвэрлэдэг байсан миний хандлага сайн мэдээгээр амьдрахад бас илэрдэг байсныг би үүний дараа ойлгосон юм. Эргэн тойрныхоо хүмүүсийн нүдэнд илт тодорхой харагдах зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлж, ийм ажил үүргийг биелүүлдэг атлаа зөвхөн өөрийнхөө болон хамт амьдардаг гэр бүлийн гишүүдийн мэдэх зүйлд би тоомжиргүй ханддаг байжээ. Би сүмийн цуглаануудад оролцож, дуудлага болон даалгасан бусад ажил үүргийг биелүүлэн, айлчлагч багшаар явдаг байсан нь тойргийн гишүүдийн нүдэнд ил харагддаг зүйлс юм. Гэвч ариун сүмд тогтмол орж байх, хувиараа болон гэр бүлээрээ судар судалж, залбирах, гэр бүлийн үдэш хийхэд хайхрамжгүй ханддаг байлаа. Би сүм дээр хичээл зааж, цуглаанууд дээр үг хэлдэг байсан ч заримдаа бусад хүмүүстэй харилцах буюу хамтран ажиллахад миний зүрх сэтгэлд жинхэнэ энэрэл үгүйлэгддэг байлаа.
Тэр шөнө би ариун сүм дээр зургийн зөөлөн үстэй багс гартаа бариад “Илүү их анхаарал тавих ёстой ямар жижигхэн зай завсарууд миний амьдралд байна?” гэж өөрөөсөө асууж билээ. Би өөрийн амьдралд байгаа анхаарал тавих шаардлагатай зүйлсийг дахин дахин цэвэрлэж, тэдгээрийг хэзээ ч бохир болгохгүй хэмээн хатуу шийдсэн юм.
Ариун сүмийг цэвэрлэхэд миний авсан энэхүү сургамж “дэлхийгээс бохирдолгүй” (Иaков 1:27) байхыг бидэнд үргэлж сануулдаг билээ.