2012
Хэзээ ч бүү бууж өг
долдугаар 2012


Бидний гэр орон, гэр бүл

Хэзээ ч бүү бууж өг

Эхнэр нөхөр хоёр 35 жилийн зөрөөтэй Есүс Христийн сайн мэдээнд хөрвөсөн тухайгаа ярьж байна.

Эхнэрийнх нь түүх

Би нөхрөө Сүмийн гишүүн болохыг 35 жил хүлээсэн хүн дээ. Tэрхүү урт удаан гучин таван жил миний зүрх сэтгэлийн залбирлаар дүүрэн байсан ч чухамдаа гурван залбирал л амьдралд минь шийдвэрлэгч өөрчлөлт авчирсан юм.

Aль бид хоёр 1959 онд гэрлэсэн. Арван жилийн дараа бид хоёр гурван хүүхэдтэй болж, Канадад нэг жижигхэн хотод амьдарч байсан юм. Aль барилгын бизнес эрхэлж, би заримдаа нөхрийнхөө ажилд туслан, гэртээ хүүхдүүдээ хардаг байлаа. Долоо хоногийн амралтын өдрүүдэд Аль бид хоёр найз нартайгаа үдэшлэг зохиохдоо үргэлж архи уудаг байв. Аав маань архинд орсон болохоор би архидалтыг үзэн яддаг байсан ч архидалт бидний амьдралын томоохон хэсэг болж, найз нөхөд, танил талтай болох нэг арга зам болсон байлаа.

Миний амьдрал зогсонги байдалд орсныг мөн хүүхдүүд маань бидний өгч байгаагаас илүү зүйлийг хүртэх эрхтэй гэдгийг би 1969 онд ухаарсан юм. Нэг орой үдэшлэг дээр архи уусныхаа дараа би өвдөг сөгдөн “Хайрт Бурхан минь ээ, хэрэв Та үнэхээр байдаг бол амьдралаа өөрчлөхөд надад туслаач” хэмээн залбирч билээ. Би дахин хэзээ ч архи уухгүй хэмээн Түүнд амлаж, тэр үеэс хойш амлалтаа сахьсаар байгаа билээ.

Энэ бол миний сэтгэлд хоногшин үлдсэн анхны залбирал. Хариу нь түргэн ирсэн юм. Хадам эгчийн минь охин, миний зээ дүүг Хожмын Үеийн Гэгээнтэн найз нь Хүүхдийн Хэсэгт урьжээ. Хадам эгч маань Сүмийн тухай тодорхой мэдсэний дараа Сүмийн сэтгүүлүүдийн захиалгыг надад илгээхээр сүнслэгээр өдөөгдсөн байлаа. Уг захиалгыг би анхны залбирал хэлснээсээ хойш сарын дараа авсан. Мормон хүн гэж ямар хүн байдгийг би мэдэхгүй ч сэтгүүлүүдийн захиасыг эхнээс нь эцсийг хүртэл унших дуртай байлаа. Би Сүмийг сонирхон судлахаар шийдсэнээр асуултынхаа хариуг олж, амьдралаа өөрчлөн 1970 оны зургадугаар сарын 19-нд баптисм хүртэв.

Aль миний хүслийг хуваалцаж, дэмжсэнгүй. Түүнд бидний хуучин амьдрал таалагддаг учир амьдралаа өөрчлөхийг хүссэнгүй. Тэр хэдийгээр сайн нөхөр, эцэг, гэр бүлээ тэтгэгч хэвээр байсан ч дараагийн 35 жилд би гэрээсээ ганцаараа сайн мэдээгээр амьдарсан юм.

Би хүүхдүүдээ Сүмд өсгөсөн ч ганц хоёрхон жилийн дараа тэд ням гарагт надтай хамт сүмд очихын оронд аавтайгаа завиар зугаалахаар явдаг боллоо. Иймд би их гутардаг болов. 1975 онд би гадасны ерөнхийлөгчтэйгөө ярилцаж, сүмд явах нь миний гэр бүлийг бусниулахад хүргэж байгаа учир Сүмийг орхихоор шийдсэнээ хэллээ. Тэр миний үгийг анхааралтай сонссоноо “Хийх ёстой зүйлээ хий, гэхдээ Тэнгэрлэг Эцэг сайшаах зүйлийг л хий” хэмээн хэлж билээ. Тиймээс би гэртээ ирээд мацаг барьж залбирав. Энэ бол миний сэтгэлд хоногшин үлдсэн хоёр дахь залбирал байсан юм. Би бол гэр бүлийнхээ хувьд сайн мэдээний гинжин холбоос бөгөөд хэрэв энэ холбоос тасарвал гэр бүл бүхлээрээ сүйрнэ гэсэн мэдрэмж дээрх залбирлын хариу болон ирсэн. Залбирлын хариу Бурханаас ирснийг би мэдэж байсан болохоор Сүмийг хэзээ ч орхихгүй хэмээн шийдэж, хэлсэндээ хүрсэн юм.

Итгэлээ хадгалж үлдэх нь амаргүй байсан ч Аль сайн мэдээний талаар анхаарч эхлэх хүртэл итгэлтэй хэвээр байж, тэвчээртэй хүлээхэд хэд хэдэн зүйл надад тусалсан:

  • Би Алийг үргэлж хайрлан, түүнд анхаарал халамж тавьж, арван хуруу тэгш, чин үнэнч эхнэр байхын төлөө чадах бүхнээ хийдэг байлаа.

  • Би байнга залбирдаг байсан. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр миний сайн мэдээний хамтрагчид болсон юм. Аль сайн мэдээний жишгүүдээр амьдардаггүй байсан учир түүнтэй хамт байхад надад хэцүү үе байдаг байсан. Тийм үед би Тэнгэрлэг Эцэгтээ хандан ярьж, Аврагчаа мэддэг болсон.

  • Би судруудыг болон Сүмийн бусад гарын авлага, товхимлуудыг түүний дотор Ensign, сэтгүүлийг тогтмол уншдаг болов. Судрын хоёр шүлэг ялангуяа, 3 Нифай 13:33, Сургаал ба Гэрээ 75:11 миний хувьд чухал учир холбогдолтой бөгөөд амьдралд минь онцгой нөлөө үзүүлсэн билээ. Энэ хоёр шүлэг нөхөр, хүүхдүүдийн минь зүрх сэтгэлд өөрчлөлт гарахыг хүлээх тэвчээр, хүч чадлыг надад өгсөн.

  • Би сүмд гурван хүүхдээ эргэж ирэх хүртэл ганцаараа явдаг байлаа. Өнөөдөр хүүхдүүд минь бүгдээрээ идэвхтэй байгаа. Тэднийг том болоод төрж өссөн гэрээ орхин явахад би сүмд дахиад ганцаараа явдаг болсон.

  • Бид гэр бүлийн үдшээ Альгүйгээр хийдэг байсан ч бидний юу хийж байгааг тэр мэддэг байлаа. Би хоолны цагаар аль нэг сэдвийг хөндөж яриа өрнүүлэхэд бид гэр бүлээрээ ярилцдаг байв.

  • Бас дуулгавартай байж, үргэлж зөв зүйл хийхийг хичээдэг байлаа.

  • Би санваарын адислал хүсч нэмэлт хүч чадал олж авдаг байлаа.

  • Мөн санваартны удирдагчдаас зөвлөгөө авдаг байв.

  • Сүмийн найз нартаа ч гэр бүлийн гишүүний адилаар ханддаг байсан юм.

  • Би ариун сүм рүү хувийн хишгээ авахаар явлаа. Энэ шийдвэрийг гаргахад надад олон жил шаардагдсан бөгөөд Альтай харилцах харилцааг минь улам төвөгтэй болгож мэднэ хэмээн би айж байсантай холбоотой. Эцэстээ энэ бол миний хувьд хамгийн зөв шийдвэр гэдгийг би ойлгосон. Aриун сүм явах миний шийдвэрийг Аль дэмжсэнд би хөл газарт хүрэхгүй баярлаж билээ. Хувийн хишгээ хүлээж авсны дараа би Алийг ариун сүмд явж чадахгүй байсны шалтгаан гэж үзэхээ больж, түүнд дургүйцэхээ больсон юм. Мөн би ариун сүмийн ёслолуудад оролцсон үедээ Алийн нэрийг залбирлын жагсаалтанд олон удаа оруулсан.

Би үндсэндээ Сүмийн итгэлтэй гишүүний амьдралаа үргэлжлүүлсээр байлаа. Нөхөр маань сайн мэдээг сонсох хүсэлгүй хэвээр байсан ч би түүнтэй сайн мэдээг өчүүхэн бөгөөд энгийн арга замаар хуваалцахыг хичээдэг байлаа. Ариун Сүнс зөв зүйлийг зөв арга замаар зөв цагт нөхөр, хүүхдүүддээ хэлэхэд надад нөлөөлнө гэдгийг би мэдсэн юм. Нөхөртөө үнэнч итгэлтэй байснаар Сүнс Альд үе үе хүчтэй нөлөөлдөг байсныг би хожим нь мэдсэн.

Тэр нэлээд хэдэн удаа номлогчийн хичээлүүдийг сонсохыг зөвшөөрч байв. Гэвч тэр амьдралын хуучин хэв маягтаа эргээд ордог байсан учраас миний сэтгэл зүрх шархиран өвддөг байлаа. Ийнхүү санаагаар унасан үед ч гэсэн Тэнгэрлэг Эцэг миний дээрээс харж, Түүний адислалуудыг хүлээн авахад шаардлагатай зүйлсийг надад зориулж бэлтгэдэг байлаа. Энэ бүхний үр дүнд Алийн зүрх сэтгэлд ямар нэг өөрчлөлт гарч байгааг би мэдэрсэн.

Нөхөрт минь алгуураар өөрчлөлт гарч, бүдүүлэг үг хэлэхээ больж, тамхи татахаа болив. Аль надтай урьд өмнөхөөс ч илүү сайхан харьцдаг болж, сүмд явдаг болов.

Би ч байнга залбирсаар байлаа.

Сэтгэлд хоногшин үлдсэн гурав дахь залбирлын хариу 2005 оны дөрөвдүгээр сард ирсэн юм. Аль ер нь Есүс Христийн сайн мэдээг хүлээж авах болов уу гэж бодох бүрт миний сэтгэл санаа тавгүйтдэг байсан учраас Тэнгэрлэг Эцэгээс тусламж гуйдаг байлаа. Аль 7-р сарын 9-нд баптисм хүртсэн нь зөв цаг үе нь байв.

Энэхүү баярт мөчийг иртэл надад амар байгаагүй ч итгэлгүй зүрх сэтгэлийг итгэлтэй болгон өөрчилсөн Бурханы гайхамшигт хүчийг гэрчилсэндээ би баяртай байдаг. 35 жилийн турш миний хэлсэн үй олон залбирлыг Бурхан сонсож хариулсныг би мэднэ. Миний залбиралд өгсөн Түүний хариултуудын ачаар би зүрх сэтгэл нь өөрчлөгдсөн нөхөртэйгөө хамт амьдарч байна. Нөхөр минь яг над шиг Тэнгэрлэг Эцэгтээ хайртай. Бас бид хоёр бие биеэ урьд өмнөхөөсөө ч илүү ихээр хайрладаг болсон.

Хайртай хэн нэгэн нь Сүмд ирэхийг хүлээж, найдвар тавин залбирч байгаа хүмүүс байгааг би мэднэ. “Надад ирэгтүн” (Aлма 5:34) гэсэн Аврагчийн урилгыг зөвхөн хайртай хүмүүсийнхээ төлөө төдийгүй өөрсдийнхөө төлөө хүлээн авахад нь би эдгээр ах, эгч нарыг дэмжихийг хүсдэг. Өөр юу ч өгч чадахгүй хүч чадлыг энэхүү хүсэл өгдгийг би туршлагаасаа мэднэ. Тэнгэрлэг Эцэгтээ ойр байж Түүний зарлигуудыг дуулгавартай дагаж, адислалуудыг нь хүртэх нь бидэнд аз жаргалыг авчирч, биднээр дамжуулан ажиллах боломжийг Түүнд олгодог билээ.

Бурхан бидний залбирлыг сонсдог гэдгийг би гэрчилж байна. Их Эзэний хүслийг болон залбиралд хариу өгөх Түүний тогтоосон цагийг итгэлээр тэвчээртэй хүлээх нь амаргүй ч гэсэн Түүний цаг хугацаа үргэлж зөв байдгийг би мэднэ.

Нөхрийнх нь түүх

35 жилд олон хүн сайн мэдээг надтай хуваалцсан. Сайн мэдээний тухай ярих боломжийг эхнэр минь хэзээ ч алддаггүй байснаас гадна, Мормоны Ном эсвэл Ensign сэтгүүлийг ил харагдах газарт тавьдаг байлаа. Мэдээж хэрэг би тэдгээрийг огт сөхөж хардаггүй байсан. Эхнэр минь олон үйл явдлыг тохиолдуулан номлогчдыг урьсан. Тэднээс хоёр, гурав нь бүр номлогчийн хичээлийг заасан гээч.

Гэвч баптисмын усанд ороход намайг юу саатуулж байсан юм бол?

Би үргэлж шалтаг олдог байсан. Олон цагаар ажилладаг байсан болохоор сайн мэдээнд зориулах цаг огт гардаггүй байлаа. Мөнгө олох гээд би ихэд завгүй байлаа. Тиймээс би Евад “Ажил төрөл гайгүй болж, завтай болсон үедээ Мормоны Номыг уншина” гэдэг байв.

Гэвч би Мормоны Номыг уншаагүй юм. Түүнээс гадна би ном огт уншдаггүй байсан. Тиймээс Библийг унших гэж хэчнээн хичээсэн ч нэг л болж өгдөггүй байлаа. Гэвч би ийм байдалд цэг тавьж чадсан.

Сүмд нэгдэхэд надад саад болсон илүү ноцтой өөр нэг зүйл байсан нь миний амьдрал нүглээр дүүрэн байсан явдал юм. “Тэрээр Ариун Сүнсний таталтанд [автагдахгүй бол] … эгэл хүн бол Бурханы дайсан” (Moзая 3:19) гэдгийг Хаан Бенжамин бидэнд сургасан билээ. Би сайн мэдээг хүлээн авах эсэхээ шийдэж чадалгүй тээнэгэлзсээр байлаа. “Надтай хамт байдаггүй хүн Миний эсрэг байна” (Maтай 12:30) хэмээн Аврагч хэлсэн юм. Өнгөрсөн амьдралаа бодож үзээд би үнэхээр Түүний эсрэг байснаа ойлгосон бөгөөд амьдралаа өөрчлөх хэрэгтэй байв.

Сайн мэдээгээр амьдардаг хань минь дэргэд байсан атал би сайн мэдээгээр амьдарч байсангүй харин олон жил өнгөрсөн хойно Сүнсийг мэдэрсэн юм. Би архиддаг үдэшлэгт оролцохоо больсон. Ийм өөрчлөлт хийсэн үед Сүнсийг улам ихээр мэдрэх болсон. Гэвч өөрчлөх ёстой зүйл надад олон байсан. Миний хэл яриа тийм ч зохистой биш, зарим муу зуршлаасаа салж чадаагүй байсан ч аажмаар надад өөрчлөлт гарч байсан юм.

Тэгтэл нэг өдөр би боодолтой зүйл хүлээн авлаа. Үүнийг охин Линда минь явуулжээ. Энэ нь олон шүлэг, судруудыг дээр нь тэмдэглэж тодотгосон Мормоны Ном, Библи хоёр байлаа. Охин минь надад хэчнээн их хайртайгаа бас өөрийнхөө мэддэг зүйлийг намайг мэдээсэй гэж хүсдэг тухайгаа бичжээ.

“Есүс Христийн сайн мэдээ үнэн үү гэдгийг мэдэх цорын ганц арга бол чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр Бурханаас асуух явдал мөн” хэмээн охин минь бичжээ.

Линда минь олон судрыг надтай хуваалцсан бөгөөд эдгээр судрууд намайг залбирахад мөн судар судлахад хөтөлсөн юм.

“Аврагч болон Тэнгэрлэг Эцэгээ мэддэг болсон миний цорын ганц арга зам бол залбирч, Тэдний тухай судруудаас уншсан явдал” гэж Линда бичсэн байлаа.

Бас даруу зан хэчнээн чухал болохыг дурдаж, хэрэв амьдралд нь Бурхан байгаагүй бол охин минь амар амгаланг мэдэрч чадахгүй байснаа бичжээ. Тэгээд эцэст нь, “Ямар ч юмыг бүү хойшлуулж бай. Танд маш их зүйл өгөгдсөн. Одоо Тэнгэрлэг Эцэгтээ эргүүлж өгөх цаг болжээ. Энэ бол жинхэнэ аз жаргалд хүрэх цорын ганц зам” гэж тэр бичсэн байлаа.

Үүнээс хойш би аливаа шалтаг заахаа больсон юм. Ажил төрлөө зохицуулж, өөртөө зориулан цаг гаргадаг болов. Охиныхоо тэмдэглэж ирүүлсэн судруудыг уншиж, судалдаг болсон нь Мормоны Номыг бүхэлд нь унших хүслийг надад төрүүлсэн юм. Гэвч миний ойлгохгүй өдий төдий зүйл судруудад байлаа.

Энэ үед эхнэр минь надад сүмд очиж, дэргэд нь суувал мөн ч сайхан байхсан гэж хэлсэн учраас би ариун ёслолын цуглаанд явдаг болов. Тэр бас Сургаал ба Гэрээг уншихыг надад зөвлөв. Би судрын энэ номыг уншаад нэлээд сайн ойлгосон юм. Дараа нь эхнэрийнхээ тусламжтайгаар Мормоны Номыг уншиж, судруудыг амьдралдаа хэрэгжүүлэх тухай бага ч гэсэн ойлголттой боллоо. Олон удаа залбирсны дараа Сүнс надад хүчтэй нөлөөлж эхлэв.

Надад ямар өөрчлөлт гарав? Ариун Сүнс болон судруудын мэдлэг. Энэ хоёр зүйл надад амьдралаа өөрчилж, Сүмд нэгдэхэд саад болж байсан нүглүүдийг уучлахыг Бурханаас гуйх зоригийг өгсөн.

Нүглээ хүлээх нь маш хэцүү байлаа. Би сэтгэлийн шаналал зовлонд автаж, гурван өдөр орондоо хэвтэхэд хүрсэн юм. Гэвч би Есүс Христийн Цагаатгалын ачаар уучлагдсан билээ. Сэтгэлийн зовлонгоо орхиж шинэ амьдралаа эхлэх хүч чадлыг Тэнгэрлэг Эцэг надад өгсөн.

Миний хүү Кевин 2005 оны 7-р сарын 9-нд надад баптисм хүртээв. Хэдэн арван жилийн өмнө миний эхнэрт заасан номлогчдын нэг нь баптисмын ёслолд оролцов. Хоёр жилийн дараа би гэр бүлээ Калифорний Сан Диегогийн Ариун сүм рүү авч явж, бид тэнд энэ амьдралд болон үүрд мөнхөд лацдан холбуулсан билээ.

Сүүлчийн долоон жил миний амьдралын хамгийн аз жаргалтай үе байлаа. Эдүгээ би гэр бүлийнхээ патриарх болон сүнслэг байдлын удирдагчийн үүргээ биелүүлж, эхнэр, хүүхдүүд, есөн ач зээ нартайгаа сайн мэдээг хуваалцаж байна. Гэр бүлийн энэхүү нэгдмэл байдал хүн бүрийн сүнслэг байдлыг өсгөн нэмэгдүүлсэн юм. Нэг хүргэн маань Сүмд нэгдлээ. Манай ач, зээ нараас дөрөв нь номлолд үйлчилсэн буюу үйлчилж байна. Сүм дэх миний амьдрал чухамдаа гайхамшиг юм. Сүм миний амьдралд ийм агуу аз жаргал, өсөлт хөгжилтийг авчирна гэж би үнэндээ санаагүй.

Надад хоёр дахь боломж олдсонд би их баяртай байдаг. Бурханы ажлыг хийх байсан ч дэмий өнгөрөөсөн олон жилийг нөхөж чадсандаа би баяртай байдаг.

Би охиныхоо захиаг уншаад цаашид шалтаг заах аргагүй болсноо мэдлээ.

Бид сайн мэдээнд нэгдсэн учраас бидний амьдралд агуу аз жаргал ирсэн юм.

Гэрэл зургийн чимэглэлийг Крейг Даймонд