Сүмд үйлчилсэн нь
Зүрх сэтгэлд хоногшин үлдсэн хичээл
Бид суралцагч бүрийн гайхалтай чадварыг хүлээн зөвшөөрснөөр тэднийг Бурхан яаж хардагтай адилаар харж эхэлдэг.
Эхнэр бид хоёр Перугийн Каскод томилолтоор очсон үедээ Нийгмийн Халамжийн Бүлэг, Санваартнуудын нэгдсэн хичээлд суусан юм. Тэр өдөр хичээл заасан багш нь Сайн мэдээний сургаалын багш байлаа. Эхний хоёр хичээлээр заасан сэдэв том байсан учраас бэлтгэсэн хичээлээ заахад тэр багшид ердөө 20 орчим минут л үлдсэн байлаа.
Тэрээр сүүлийн хоёр жилийн дотор Сүмд элссэн бүх гишүүдийг босохыг хүссэнээр хичээлээ эхлэв. Таван гишүүн бослоо. Багш 5-ын тоог самбар дээр бичээд “Ах, эгч нар аа, Сүмд элсээд удаагүй байгаа таван гишүүн бидэнтэй хамт байгаа нь ямар сайхан хэрэг вэ. Харин нэг асуудал байгаа нь сүүлийн хоёр жилд бид тойрогтоо 16 шинэ хөрвөгчид баптисм хүртээсэн” гэлээ.
Тэгээд тэр 16-гийн тоог 5-ын тооны дараа бичээд, “Ах, эгч нар минь ээ, одоо бид яах вэ? Юу хийе гэж бодож байна?” гэж чин сэтгэлээсээ асуув.
Нэг эгч гараа өргөөд “Бид тэднийг олж, сүмдээ эргүүлэн авчрах хэрэгтэй” гэлээ.
Багш зөвшөөрч, аврах гэдэг үгийг самбар дээр бичлээ. “Бид 11 шинэ гишүүнийг сүмдээ эргүүлэн авчрах хэрэгтэй байна шүү дээ” гэж багш хэллээ.
Тэгээд тэр аврах ажил хэчнээн чухал болох талаар Ерөнхийлөгч Томас С.Монсонгийн үгнээс эш татав. Багш бас Шинэ Гэрээнээс Аврагч алдагдсан нэг хонио эрэхээр хэрхэн явсан тухай суралцагчдад уншиж өглөө (Лук 15:6-г үз). Тэрээр “Бид тэднийг яаж эргүүлэн авчрах вэ?” гэж асуулаа.
Олон хүн гараа өргөхөд тэр нэг нэгээр дуудаж асуув. Тэд гэр бүлээрээ болон хувиараа шинэ хөрвөгчдийг сүмд эргүүлж авчрахад туслахын тулд хэрхэн хамтран ажиллаж болох тухай саналаа хэллээ. Дараа нь багш ингэж асуув. “Хэрэв таныг гудамжаар явж байтал зүс таних саяхны хөрвөгч гудамжны нөгөө талд явж байвал та яах вэ?” “Тэгвэл би гудамж хөндлөн гарч түүнтэй мэндлээд, таныг сүмдээ эргэж ирэн бидэнтэй хамт байхыг бид маш их хүсэн хүлээж байна, та бидэнд их хэрэгтэй байна” хэмээн түүнд хэлнэ гэж нэг гишүүн хариуллаа.
Ангийн бусад гишүүд түүнтэй санал нэг байснаас гадна идэвх султай буюу идэвхгүй болсон гишүүдэд туслах тухай өөр саналуудыг хэллээ. Анги дахь уур амьсгал өөдрөг өрнүүн болж, баптисм хийлгээд удаагүй байгаа хөрвөгчдөд бүрэн идэвхтэй болж, сүмдээ эргэж ирэхэд нь туслахын тулд ангийн гишүүд шаардлагатай ажлыг хийх шийдвэр төгс байлаа.
Эхнэр бид хоёр Сүмд дахин идэвхтэй болоход нь хэн нэгэнд туслахын тулд ямар нэг зүйл хийх өрнүүн хүсэлтэйгээр энэ хичээлээс гарч билээ. Ангид байсан хүн бүр ингэж бодсон гэдэгт би итгэлтэй байна. Би энэ хичээлийн тухай эргэцүүлэн бодоод: Энэ богинохон хичээлийг юу ийм их үр өгөөжтэй болгов оо? хэмээн өөрөөсөө асууж билээ. Яагаад хүн бүр тэр хичээлээс гарч явахдаа сайн мэдээгээр улам бүрэн дүүрэн амьдрах өрнүүн хүсэл эрмэлзэлтэй болсон юм бол?
Би энэ хоёр асуултыг эргэцүүлэн бодоод уг хичээлийг үр өгөөжтэй сурах, заах туршлага болгосон дөрвөн зарчим байна гэж үзсэн юм:
-
Хичээлийн зорилго нь хөрвөлт байлаа.
-
Хайр бол хөрвөлтийн хөдөлгөгч хүч мөн.
-
Сургаал бол хичээлийн түлхүүр.
-
Сүнс бол багш нь юм.
Хичээлийн зорилго нь хөрвөлт байлаа.
“Мэдээллийг зүгээр л ангийн гишүүдийн оюун ухаанд юүлэхийг” хичээх биш харин дээрх багш шиг “аль нэг зүйлийн талаар эргэцүүлэн бодоход хүмүүст сүнслэгээр нөлөөлж, улмаар сайн мэдээний зарчмуудаар амьдрахын тулд ямар нэг зүйл хийхэд нь тэднийг өдөөдөг байхыг Ерөнхийлөгч Монсон бидэнд анхааруулсан билээ.”1
Товчоор өгүүлбэл, энэ багшийн зорилго нь ангийн гишүүдэд тэдний хийгээгүй ямар нэг зүйлийг эсвээс хичээлд ирээгүй хүмүүст зориулж ямар нэг зүйл хийхэд нь туслах явдал байлаа. Тийнхүү хийх зүйл нь Аврагчийн жинхэнэ шавь болоход нь хүн бүрт туслах явдал байв.
Ийм байдлаар заахын зорилго нь хөрвөлт юм. Хөрвөлт гэдэг үг нь шинэ үзэл бодол, зан суртахуунтай болж, шинэ байдлаар амьдрах гэсэн утгатай. Хөрвөлт буюу жинхэнэ шавь болох нь нэг удаагийн үйл явдал биш tЭнэ хичээл дээр ангийн гишүүд ямар нэг зүйлийг хийх нь зөвхөн ангийн гишүүдэд төдийгүй идэвхжүүлэхийг хүсч буй саяхны хөрвөгчдөд туслах явдал байлаа. Бид сайн мэдээгээр бүрэн дүүрэн амьдарсан үед хэн нэгэн нь шууд буюу шууд бусаар адислагддаг. Энэ шалтгааны улмаас сайн мэдээнээс суралцах болон заах нь нэн өвөрмөц онцлогтой юм. Сайн мэдээнээс суралцах нь хүнийг зөвхөн мэдлэг эзэмшихэд төдийгүй бас хөрвөлт рүү хөтөлдөг.
Хайр бол хөрвөлтийн хөдөлгөгч хүч
Би Перуд ням гарагийн хичээлд сууж байхдаа тэр багш хичээлдээ ирсэн болон идэвхжүүлэхийг ангийн гишүүдээс хүссэн саяхны хөрвөгчдийг аль алиныг нь хайрладаг болохыг мэдэрсэн юм. Хичээлийн танхимд хайр нь багшаас суралцагчид, суралцагчаас багшид, нэг суралцагчаас нөгөөд, нийт суралцагчдаас саяхны хөрвөгчдөд гэхчлэн шилжиж байх шиг мэдрэгдэж билээ.
Хэрэв Аврагч хичээлийн танхимд байсан бол яаж заах байсны адилаар заахад хайр бидэнд тусалдаг. “Хичээлдээ няхуур бэлтгэж, үр өгөөжтэй заахад чухамдаа хайр бидний хөдөлгөгч хүч болдог билээ.”3
Багш нар хичээл заахдаа суралцагч бүрийн хэрэгцээг харгалзахаас илүүгээр хичээлийн материал дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Перугийн тэр багш хичээлийн бүх материалыг заах гэж хичээх хэрэггүйг харуулсан юм. Тэрээр ах эгч нартаа хайраар туслахад нь ангийн гишүүдэд сүнслэгээр нөлөөлөхийг л хүссэн. Их Эзэнийг хайрлах хайр, бие биеэ хайрлах хайр хичээлийн танхимд чиглүүлэгч хүч болж байлаа. Хайр тэр хичээлийн хөдөлгөгч хүч байлаа. Хайр бидний хөдөлгөгч хүч болсон үед Их Эзэн хүүхдүүддээ туслах зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бидэнд хүч чадал өгөх болно. Бид багшийн хувьд юуг хэрхэн заахад Тэрбээр бидэнд сүнслэгээр нөлөөлөх болно.
Сургаал бол хичээлийн түлхүүр
Перугийн багш хичээлээ заахдаа гарын авлагаас уншуулсангүй. Тэр багш хичээлдээ бэлтгэхдээ гарын авлага, чуулган дээр хэлсэн үгсийг ашиглаад харин хичээлээ судруудаас заадаг юм байна гэдэгт би итгэсэн. Тэр төөрсөн хонины тухай түүхийг дурдаад дараах шүлгийг уншиж билээ: “Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул” (Лук 22:32). Замаасаа хазайсан хүмүүсийг аврахад Сүмийн бүх гишүүдийг урьсан Ерөнхийлөгч Монсонгийн урилгыг тэр хуваалцсан. Энэ хичээлийн гол сургаал нь итгэл, энэрэл байлаа. Үгийг үйлдэл болгох хангалттай итгэл ангийн гишүүдэд хэрэгтэй байлаа. Тиймээс тэд үйлдлээ хайраар хэрэгжүүлэх хэрэгтэй байв.
Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний сургаалыг амьдралын тодорхой жишээн дээр итгэл үнэмшилтэйгээр заасан үед Их Эзэн багш, суралцагч хоёуланд нь хүч чадал өгдөг. Ангийн гишүүд идэвх султай ах эгч нартаа туслах саналуудыг гаргах тусам дэлхийн үйлчлэлийнхээ үед бусдад үргэлж тусалдаг байсан Аврагчид улам ойр дотно болж байлаа. Сургаал бол сайн мэдээнээс үр ашигтай суралцах болон заах түлхүүр юм. Мөн энэ нь зүрх сэтгэл, оюун ухааныг нээдэг түлхүүр юм. Энэ түлхүүр хичээлд оролцсон хүн бүрт сүнслэгээр нөлөөлөх замыг Бурханы Сүнсэнд нээж өгдөг.
Сүнс бол хичээл дээрх жинхэнэ багш нь
Сайн мэдээний хамгийн шилдэг багш нар өөрсдийгөө хичээл дээрх жинхэнэ багш нар гэж үздэггүй. Сайн мэдээг Сүнсээр дамжуулан зааж, Сүнсээр дамжуулан суралцаж ойлгодог билээ. Сүнсгүйгээр сайн мэдээний үнэнүүдийг заах нь сурч, мэдэхэд хөтөлдөггүй (С ба Г 42:14-ийг үз). Багш үгийг үйлдэл болгох сүнслэг нөлөө бүхий урилгыг хэдий чинээ их өгнө, хичээл дээр Сүнс төдий чинээ их байх болно. Перугийн багш сүнслэг нөлөө бүхий урилгыг суралцагчдадаа өгснөөр ангийн гишүүд идэвх султай ах, эгч нараа идэвхжүүлэх саналаа хэлэхэд Сүнсийг мэдрэх нь улам өсөн нэмэгдэж, хүн бүрд хүч чадал өгч байлаа.
Тэр багш хичээлийн бүх материалыг нэгд нэгэнгүй заахыг хичээсэнгүй. Харин суралцагчдын мэддэг зүйлийг идэвх султай ах эгч нараа сүмд эргүүлж авчрах үйлдэл болгохыг хичээсэн юм. Ангийн гишүүдийг Сүнсний хүчээр дамжуулан урьснаар багш үг яриаг үйлдэл болгох буюу ах, эгч нартаа хайраар туслах хүслээ хэрэгжүүлэхэд тэдэнд тусалсан. Ангийн гишүүд санаа бодлоо хуваалцсанаар бие биедээ сүнслэгээр нөлөөлсөн. Учир нь тэд Сүнсээр улам ойртон нэгдэж байлаа.
Бид эргэн тойрныхоо хүмүүст тусалж, сайн мэдээгээр амьдрахыг хичээвэл Их Эзэн бидний хийх ёстой зүйлд сүнслэг нөлөө үзүүлэх болно. Хичээлийн танхимд Сүнсийг аль болохоор их байлгах нь багш нар бидний үүрэг мөн. Иймд бид ангийн гишүүдийг сайн мэдээгээр улам бүрэн дүүрэн амьдрахыг урих хэрэгтэй. Бид сайн мэдээний аль нэг зарчмаар бүрэн дүүрэн амьдрах шийдвэр төгс байвал Бурханд улам ойртож, Бурхан бидэнд улам ойртох болно (С ба Г 88:63-ыг үз).
Суралцагч бүрийн чадавхийг дайчил
Бид сайн мэдээг зөвхөн мэдлэг олгох зорилгоор заадаггүй мөн ийм зорилгоор ч суралцдаггүй. Харин өргөмжлөлд хүрэхийн тулд сайн мэдээг зааж, үүнд суралцдаг. Сайн мэдээнээс суралцах болон заах нь мэдээ баримтуудыг мэдэж эзэмших биш харин Христийн шавь нар болоход суралцах явдал мөн. Бид гэртээ хүүхдүүдэд эсвэл тойрог, салбарын гишүүдэд анги танхимд зааж байна уу ялгаагүй хичээл маань л суралцагчийн сэтгэлд хоногшин үлдэх ёстойг санах хэрэгтэй. Эцэг эх, багш байх бидний үүрэг бол зүрх сэтгэлийн мэдрэмж, оюун ухааны чадавхаа илрүүлж, үйлдэл болгоход нь суралцагчдад туслах явдал мөн.
Бид суралцагч бүрийн гайхалтай чадварыг хүлээн зөвшөөрснөөр тэднийг Бурхан яаж хардагтай адилаар харж эхэлдэг. Ингэсэн тохиолдолд Түүний хэлүүлэхийг хүссэн зүйлийг бид хэлж чадна мөн Түүний хийлгэх гэсэн зүйлийг бид хийж чадна. Бид суралцах болон заах энэхүү замаар замнасан үед хөрвөлт бидний зорилго, хайр биднийг хөдөлгөгч хүч, сургаал энэ бүхний түлхүүр, Сүнс багш нь байх болно. Бид ийнхүү суралцаж, заасан үед “бүгдээрээ бүхнээс сэнхэрсэн байж болохын тулд” (С ба Г 88:122) Их Эзэн багш, суралцагч хоёуланг нь адислах болно.