2012
Санваарын адислалуудын ач холбогдол
долдугаар 2012


Санваарын адислалуудын ач холбогдол

1987 оны дөрөвдүгээр сарын ерөнхий чуулган дээр хэлсэн үгнээс.

Ахлагч Даллин Х.Өүкс

Санваарын адислалаар сүнсний зүйлсэд хамаарах хүчийг олгодог.

Санваарын адислал өгөхөд Их Эзэний үйлчлэгч Ариун Сүнсээр нөлөөлөгдөн, санваарын хүчийг ашиглаж, адислал авч байгаа хүний ашиг тусын төлөө тэнгэрийн хүчийг дууддаг. Санваарын адислалуудыг Сүмийн бүх сүнслэг адислалын түлхүүрүүдийг атгадаг Мелкизедек санваартнууд өгдөг (С ба Г 107:18, 67-г үз).

Санваарын адислалуудын жишээ

Олон төрлийн санваарын адислалууд байдаг. Хэрэгтэй байгаа бүх хүмүүст санваарын адислалыг өгч болох ч зөвхөн тэдний хүсэлтээр өгдгийг санах хэрэгтэй. Энэ талаар янз бүрийн жишээг дурдъя.

Өвчтэй хүмүүсийг эдгээх адислал өгөхөөс өмнө судруудад заасны дагуу тос түрхэх ёслолыг гүйцэтгэдэг (Иaков 5:14–15; Maрк 6:13; С ба Г 24:13–14; 42:43–48; 66:9-ийг үз). Патриархын адислалыг томилогдсон патриарх өгдөг.

Чухал шийдвэр гаргахад удирдамж авахыг хүсч байгаа хүн санваарын адислал авч болно. Хувийн сорилт бэрхшээлийг даван туулахад сүнсний нэмэлт хүч хэрэгтэй байгаа хүмүүс адислал авч болно. Сургууль болон цэрэгт явах, удаан хугацаагаар хол газар ажил, аяллаар явах зэрэгт хүүхдүүд эцгээсээ адислал авахыг хүсдэг.

Энд дурдсан адислалуудыг заримдаа тайтгарлын буюу зөвлөгөө өгөх адислал гэж нэрлэдэг. Ийм адислалуудыг эцэг буюу нөхөр нь эсвэл тухайн гэр бүлд байгаа ахлагч нар ихэвчлэн өгдөг. Тэдний өгсөн адислалуудыг гэр бүлийн цэдэгт адислал авсан хувийн сүнслэг байдлын удирдамж болгон тэмдэглэж болно.

Санваарын адислалуудыг бас санваарт томилох буюу эрэгтэй, эмэгтэйчүүдийг Сүмийн дуудлага авахад нь өгөх ёстой. Санваарын адислалын энэ хоёр төрлийг байнга өгдөг.

Биднээс олон нь шинээр ажилд орохдоо эсвэл шинэ албан тушаалд томилогдохдоо санваарын адислал авахыг хүсдэг. Би ийм адислалыг олон жилийн өмнө авсан. Адислал авсан даруйд тайтгарлыг мэдэрсэн бөгөөд энэ адислал надад олон жилийн туршид удирдамж болсон билээ.

Санваарын адислалуудын ач холбогдол

Санваарын адислал ямар ач холбогдолтой вэ? Залуу эр дэлхийд аз жаргалыг олохоор гэрээсээ хол газар явахаар бэлтгэж байна гэж бодъё. Эцэг нь түүнд луужин өгвөл тэрээр дэлхийн энэ хэрэгслийг замаа олоход ашиглаж болно. Эцэг нь түүнд мөнгө өгвөл тэр үүнийг дэлхийн зүйлсийг ялах хүчтэй байхын тулд ашиглана. Харин санваарын адислал өгвөл энэ нь сүнсний зүйлст ашиглах хүч болно. Энэхүү адислалыг гараар барих буюу жинлэх боломжгүй ч мөнх амьдралд хүрэх зам дээрх саад тотгорыг даван туулахад бидэнд тусалдгаараа агуу ач холбогдолтой.

Мелкизедек санваартан санваарын адислал өгөхдөө Их Эзэнийг төлөөлөн үг хэлдэг нь түүний хувьд ариун үүрэг хариуцлага юм. Их Эзэн өнөө үеийн нэг илчлэлтэд бидэнд хандан “Миний үг … миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил, бүгд биелэгдэх болно” (С ба Г 1:38) хэмээн хэлсэн билээ. Их Эзэний үйлчлэгчид Ариун сүнсээр нөлөөлөгдөн ярьсан үед түүний үгс “Их Эзэний таалал, … Их Эзэний оюун, … Их Эзэний, … [мөн] Их Эзэний дуу хоолой” (С ба Г 68:4) байдаг.

Гэвч адислалын үгс нь Ариун Сүнсээр өдөөгдөөгүй, зөвхөн адислал өгөгчийн хүсэл бодлыг илэрхийлж байвал уг адислал Их Эзэний хүслийг төлөөлж чадахгүй.

Зохистой Мелкизедек санваартнууд үр удамдаа адислал өгч болно. Судруудад ийм олон адислалыг, түүний дотор Адамын (С ба Г 107:53–57-г үз), Исаакийн (Эхлэл 27:28–29, 39–40; 28:3–4; Еврей 11:20), Иаковын (Эхлэл 48:9–22; 49; Еврей 11:21-ийг үз) болон Лихайн адислалыг (2 Нифай 1:28–32; 4-ийг үз) цэдэглэсэн байдаг.

Өнөө үеийн илчлэлтэд Сүмийн гишүүн эцэг эхчүүдэд хүүхдүүдээ “сүмийн өмнө” авчирдаг байхыг мөн ахлагч нар “Есүс Христийн нэрээр тэдэн дээр гар тавин, мөн түүний нэрээр тэднийг адислах ёстойг” (С ба Г 20:70) зарлигласан юм. Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ ариун ёслол дээр авчрахад аль нэг ахлагч, ихэвчлэн эцэг нь түүнд нэр өгч, адисалдаг билээ.

Санваарын адислал нь энд өгүүлсэн, адислал авагчийн толгой дээр гар тавих адислалуудаар хязгаарлагддаггүй. Адислалыг зарим үед олны өмнө хэлдэг. Бошиглогч Мосе нас барахынхаа өмнө Израилын бүх хүүхдүүдийг адисалсан билээ (Дэд Хууль 33:1-ийг үз). Бошиглогч Иосеф Смит Көртландын Ариун сүм дээр ажиллаж байсан “эгч нарыг адисалсан юм.” Тэр бас “цугларагсдыг” адисалжээ.1

Санваарын адислалаар бас газрыг адисалдаг. Сайн мэдээг номлохын төлөө улс үндэстнүүдийг мөн адисалдаг. Ариун сүм болон цуглааны байруудыг Их Эзэнд зориулан санваарын адислалаар онцгойлон адисалдаг. Бусад барилгуудыг Их Эзэнд үйлчлэхэд ашиглаж байгаа бол онцгойлон адисалж болно. “Сүмийн гишүүд гэр орноо Ариун Сүнс байнга орших ариун газар болгон адислуулж болно.”2 Номлогчид болон бусад санваартнууд өөрсдийг нь хүлээн авсан гэр оронд санваарын адислалаа үлдээж болно (Aлма 10:7–11; С ба Г 75:19-ийг үз). Залуу эрэгтэйчүүд ээ, богинохон хугацааны дараа ийм адислал өгөхийг та нараас хүсч болно. Та нар үүнд сүнслэгээр бэлтгэж байгаа гэдэгт би итгэлтэй байна.

Санваарын адислалын зарим туршлага

Санваарын адислалын бусад зарим жишээг дурдъя.

Зуу орчим жилийн өмнө Сара Янг Ванс эх баригчийн мэргэжилтэй болжээ. Түүнийг Аризоны эмэгтэйчүүдэд үйлчилж эхлэхийн өмнө санваартны нэг удирдагч, “үргэлж зөвийг үйлдэж, эхчүүдийн сайн сайхны төлөө чадах бүхнээ хамгийн сайнаар хийж бай” хэмээн адисалсан гэнэ. Сара 45 гаруй жилийн хугацаанд эх болон хүүхдийн нэг ч эндэгдэлгүйгээр 1500 орчим хүүхдийг эх барьж авчээ. “Хүнд асуудалтай тулгарсан үед ямар нэг зүйл надад сүнслэгээр нөлөөлж, ямар ч үед би юу зөв болохыг мэддэг байсан” гэж тэр ярилаа.3

1864 онд Жозеф A.Янг Дорнод нутагт Сүмийн бизнес эрхлэх тусгай номлолд дуудагджээ. Түүний аав Ерөнхийлөгч Бригам Янг түүнийг явж, эсэн мэнд эргэж ирэхийн төлөө адисалсан аж. Түүнийг гэртээ буцаж ирэх үеэр сууж явсан галт тэрэг нь осолд орсон ажээ. “Галт тэрэг миний сууж явсан суудлаас нэг суудлын цаагуур цуурч юу ч үгүй болтлоо эвдэрсэн ч, би ганц шалбархай ч үгүй үлдсэн юм” гэж тэр ярьжээ.4

Санваарын адислалуудын тухай яривал надад өдий төдий дурсамж байна: Манай охид, хөвгүүд амьдралдаа тохиолдсон ярвигтай асуудлуудад тусламж авахаар надаас санваарын адислал хүсдэг байсныг би санаж байна. Миний өгсөн сүнслэг адислал болон амлалтууд биелэгдэн, тэдний итгэлийг бэхжүүлдэг байсныг санаад би баярладаг. Мэргэжлийн шалгалт өгөх болсон үед сэтгэл түгшсэн нэг хүү минь намайг нь хол байсан учраас хамгийн ойрхон байсан гэр бүлийнхээ санваартан, эгчийнхээ нөхрөөс санваарын адислал хүссэнийг би хүүгийнхээ итгэлийн жишээ гэж үзэн бахархдаг. Учраа олохгүй явсан Сүмийн нэгэн залуу хөрвөгч мөхөл рүү хөтөлж буй амьдралаа өөрчлөхийн төлөө санваарын адислал авахыг хүссэнийг би санадаг. Би түүнд санваарын адислал өгөх үед өөрийнхөө хэлсэн үгсийг сонсоод ихэд гайхаж билээ.

Сүнсний хүч чадал хэрэгтэй болсон үедээ санваарын адислал хүсэхэд бүү эргэлз.

Эшлэл

  1. Иосеф Смит, History of the Church, 2:399.

  2. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 20.11.

  3. Леонард Ж.Аррингтон, Сюзан A.Мадсен, Sunbonnet Sisters: True Stories of Mormon Women and Frontier Life (1984), 105-ыг үз.

  4. Жозеф A.Янг, Letters of Brigham Young to His Sons, эмхтгэсэн Дин К.Жессий, (1974), 4.

Зураг чимэглэлийг Кейт Ларсон