2012
Ирээдүйг итгэл найдвараар угтах нь
долдугаар 2012


Ирээдүйг итгэл найдвараар угтах нь

Ахлагч Хосе А.Тейксейра

Их Эзэн, Түүний хаант улсыг болон гэр бүлээ нэгдүгээрт тавих нь өнөөгийн болон ирээдүйн сорилт бэрхшээлүүдийг даван туулахад шаардлагатай найдварыг бидэнд өгдөг.

Арнольдо Телес Грило ах намайг 20 гаруй настай байхад миний хамгийн дотны найз нарын маань нэг болсон билээ. Тэтгэвэрт гарсан инженер Грило ах 62-тойдоо тэр үед Португалийн Оейрас хэмээн нэрлэдэг байсан дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөлд миний зөвлөхүүдийн нэгээр дуудагдаж, бид хоёр хэдэн жил хамт үйлчилсэн юм.

Санваартны залуу удирдагч надад түүний мэргэн ухаан, туршлага, зөвлөгөө үнэлж баршгүй тусламж болдог байлаа. Тэр өөдрөг үзэлтэн бөгөөд ямар ч зүйлийг гэрэл гэгээтэй талаас нь хардаг, наргианч хүн юм. Түүний зан харьцаа эргэн тойрныхоо олон хүнд, ялангуяа надад агуу сүнслэг нөлөө үзүүлдэг байв. Учир нь тэр өөрт нь тохиолдсон маш хүнд сорилт бэрхшээлүүлийг даван туулсныг би мэддэг байлаа.

Грило ах сургуулиа төгсөж инженер болсныхоо дараа Португалийн Үндэсний Хөдөө Аж Ахуйн Агентлагт судлаачаар ажилд орж, хожим нь Африк дахь Португалийн колониудын нэгэнд хөвөн тариалах судалгааны төсөл удирдахаар явсан ажээ. Уг төсөл түүнийг тус орон дахь олон улсын томоохон банкинд ахлах мэргэжилтний албан тушаалд дэвшин ажиллахад хүргэсэн ажээ. Тэр Африкт бараг 30 жил болохдоо сайхан гэр бүлтэй болж, аз жаргалтай амьдарч байтал зөрчил, сөргөлдөөн, дайны улмаас Португаль руу гэнэт буцахаас өөр аргагүй болсон гэнэ.

Хайртай оронд нь дайны учруулсан гай гамшгийг нүдээрээ харсны дараа Грило ах гэр бүлийн хамт ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон бүх зүйл—өмч хөрөнгө, хувийн эд зүйлсээ орхин нүүжээ.

Африкт өнгөрүүлсэн сүүлчийн хэдэн сард дайн дажинаар бий болсон төөрөгдөл, үймээн самууны уршгаар энх тайван, тогтвортой байдал алгуураар үгүй болсон ажээ. Грило ах Германаас худалдаж авсан үнэтэй машинаа найз нарынхаа нэгэнд өгч, түүнийг аварсан гэнэ. Машин нь түүний найзад ээжтэйгээ дайны хөлөөс зугтан гарахад тусалсан ажээ.

Хүнд хүчир хөдөлмөрийн үр дүнд Грило ах арвин их өмч хөрөнгөтэй болсон ч энэ нь түүний эн тэргүүнд анхаардаг зүйлийг өөрчлөөгүй юм. Тэр урьдын зарчмуудаа чанд баримтлан, гэр бүлээ хайрласан хэвээр байлаа.

Грило ах 52-тойдоо Португальд эргэж ирээд бүхнийг цоо шинээр эхлэхээс аргагүй болсон гэнэ. Эдгээр бүх сорилт бэрхшээл, гай зовлонгийн үед юу түүний амьдралд өөрчлөлт гаргасан юм бол? Тэр яагаад одоо болон ирээдүйн талаар өөдрөг үзэлтэй байсан юм бол? Яагаад тэр тийм их итгэлтэй байсан юм бол?

Грило ах Португальд Сүм байгуулагдсан эхэн үед сүмд хөрвөж, улс орондоо хүчтэй нөлөө бүхий анхдагч болсон ажээ. Тэрээр хоёр талдаа 4,500 км зайтай Швейцарийн ариун сүмд гэр бүлээ нэлээд хэдэн удаа авч очсон нь чин үнэнч итгэл бишрэлийн илрэл юм. Грило ах түүний эхнэр хоёр үйлчлэлийнхээ жилүүдэд хүүхдүүддээ болон өөр олон хүнд баяр баясгалан бэлэглэжээ.

Грило ахын итгэл Есүс Христ дээр түүнчлэн эцэстээ Есүс Христ ирж хаанчлах болно гэдэг мэдлэг дээр төвлөрдөг байлаа. Энэ нь одоо болон ирээдүйд итгэх итгэл найдварыг түүнд өгсөн ажээ.

Шинэ Гэрээ агуу итгэл найдварын захиасаар төгсдөг.1 Илчлэгч Иохан зэрэг бошиглогчид ирээдүйд тохиох зүйлсийг харж, хэрэв бид зөв шударга байж, эцсийг хүртэл тэвчвэл бидний хүлээн авч болох олон агуу адислалыг угтан харсан юм.

Иохан долоон тамгатай ном буюу долоон үеийг харж, Сатан хэрхэн зөв шударга хүмүүсийн эсрэг үргэлж тэмцдэгийг дүрсэлжээ (Илчлэлт 5:1–5; 6-г үз). Сатан хүлэгдэж, Христ хэрхэн ялгууснаар хаанчлахыг Иохан бас харсан ажээ (Илчлэлт 19:1–9; 20:1–11-ийг үз). Зөв шударга хүмүүс Эцсийн Шүүлтийн дараа Бурхантай хамт амьдрах болно гэдгийг тэр мөн харжээ (Илчлэлт 20:12–15).

Өнөө үеийн агуу сорилтуудын нэг бол хүнд сорилт, уруу таталтуудыг даван туулахын тулд айдас, цөхрөлийг хэрхэн ялахыг мэдэх явдал мөн. Өдөр бүр гардаг гэмт хэрэг, байгалийн гамшгийн тухай сонины буюу вэб хуудсыг нээж харах, радио, зурагтын мэдээ, нэвтрүүлгийг үзэж сонсоход бидэнд хэдхэн хором хангалттай.

Их Эзэн нүгэл хилэнц алдаа дутагдлыг хэрхэн ялах тухай судрууд дахь амлалтыг ойлгож ирээдүйг итгэл найдвар, өөдрөг үзлээр угтахад бидэнд тусалж чадна. Бид өнөөгийн дэлхийд дайн дажин, байгалийн гамшиг, эдийн засгийн хямралын гэрч болж байна. Бид заримдаа эдгээр зүйлсийг холоос ажигладаг төдийгүй бас бидэнд шууд нөлөөлдөг зүйлс ч байдаг.

Бид дэлхийн өмч хөрөнгөө алдсандаа харамсах буюу материаллаг эд зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй. Эдгээр зүйлс амьдралын энгийн атлаа гайхан биширмээр зүйлсээс ирдэг баяр баясгаланг биднээс булааж болно.

Би Арнальдо Телес Грило ахын үлгэр жишээнд баярлан талархаж явдаг билээ. Тэр сүнсний зүйлсийг, “эцсийн өдрүүдэд [бидэнд] агуу чухал” (2 Нифай 25:8), болох зүйлсийг, түүний дотор гэр бүлийн харилцаа болон бусдад үзүүлэх үйлчлэлийг эрхэмлэдэг байлаа.

Нүгэл хилэнцийн хүч ялагдах болно гэдгийг бид мэддэг учраас ирээдүйг итгэл найдвараар угтах ёстой. Өнөөдөр бидэнд судрууд, амьд бошиглогчдын сургаал, санваарын эрх мэдэл, ариун сүмүүд байгаа учраас бас Сүмийн гишүүд бие биеэ үргэлж дэмждэг учраас бид тулгарсан сорилт бэрхшээлүүдийг ялах болно гэсэн өөдрөг үзэл бодолтой байх хэрэгтэй. Бид бүхэн залбирлын ачаар “ялж гарах” (С ба Г 10:5) ёстой. Бид Их Эзэний цагаатгагч төгс золиослолын улмаас мөнх амьдралын итгэл найдвартай байх нь хамгийн чухал юм (Moронай 7:41-ийг үз).

Бидний эн тэргүүнд анхаарах зүйлс зөв байвал амьдрал маань баялаг агуулгатай, сайн сайхан байх болно. Их Эзэнийг болон Түүний хаант улсыг, гэр бүлээ нэгдүгээрт тавих нь өнөө үеийн болон ирээдүйн сорилт бэрхшээлүүдийг даван туулахад хэрэгтэй итгэл найдварыг бидэнд өгөх болно.

Эшлэл

  1. Илчлэлт 19–22; мөн New Testament Gospel Doctrine Teacher’s Manual (1997), 46-р хичээлийг үз.

Баруун тал дахь зургийг Арнольдо Телес Грило ах 1956 онд авахуулжээ. Дээд талын зургийг дайны хөлөөс зугтахад нь тусалж, найздаа өгсөн машинтайгаа 1960 оны орчим авахуулсан ажээ. Тэр хөдөлмөрлөж олсон бүхнээ орхисон ч, баримталж ирсэн зарчмууддаа болон Есүс Христэд итгэх итгэлдээ чин үнэнч, гэр бүлдээ хайртай хэвээр үлджээ.

Хоёр дахь Ирэлт Харри Андерсон © IRI

Зүүн талд: гэрэл зургуудыг Ахлагч Тейксейрагийн зөвшөөрлөөр нийтлэв; баруун тал: Швейцарийн Бернийн Ариун сүмийн гэрэл зураг