2012
Би Есүсийн өвөр дээр суухыг хүсдэг.
долдугаар 2012


Би Есүсийн өвөр дээр суухыг хүсдэг

Нэрийг нууцлав

Манай ач хүүг замын хажуу талаас цагдаа олоход тэр дөнгөж дөрөвтэй байлаа. Ач хүү минь таван бээр (8 км) орчим зайтай эмээгийнхээ гэр рүү явж байна гэж цагдаад хэлсэн ажээ.

Ач хүү минь гэрийнхээ аз жаргалгүй байдлаасаа зугтаж, над дээр хүрч ирэх гэж хоёр дахь удаагаа оролдсон нь энэ юм. Ач хүүгээ хоёр эмэгтэй дүүтэй нь өсгөн хүмүүжүүлэх үүрэг миний мөрөн дээр ирж болзошгүй болсныг би дараагийн хэдэн сард нь ойлголоо. Үүнийг би баяртай хүлээн аваагүй.

Нөхөр бид хоёр хүүхдүүдээ сайн мэдээний зарчмуудаар өсгөн хүмүүжүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн ч эцэстээ тэд тэдгээр зарчмуудаас татгалзсан юм. Тавь гарсан үедээ би одоо өөрийгөө л бодъё, ингэх ч эрх надад байгаа гэж бодох болов. Нөхрөө тэтгэвэрт гарахаар хоёулаа номлолд үйлчлэх зорилго тавьсан нь надад урам зориг хайрласан юм. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдтэй хүнсний дэлгүүрээр явах, хоол ундыг нь хийж, хувцсыг нь угаалганд өгч, тэдэнтэй зууралдана гэж бодохоос хальширч, нулимс аяндаа урсах гээд байлаа.

Гэвч ямар нэг зүйл миний зүрх сэтгэлийг өөрчлөв. Ямар нэг шальгүй зүйл ач хүүг минь гомдоосон бололтой. Иймээс би түүнийг өвөр дээрээ авч, нулимсыг нь арчлаа. Би ач хүүгээ өвөр дээрээ аваад Есүс түүнд хэчнээн их хайртай тухай хоёул ярилцлаа. Миний дэргэд Аврагчийн зурагтай ханын хуанли байсан болохоор бид хоёр тэр гоё зураг руу ээлжлэн харж байлаа.

Аврагч хүрэн үстэй бяцхан охиныг өвөр дээрээ авч, чулуун довжоон дээр сууж байгаа зургийг ач хүү минь бүр их сонирхож байлаа. Зураг дээр Аврагч, бяцхан охин хоёрын аль алиных нь царайд амар амгалангийн мэдрэмж гэрэлтэж байна. Ач хүү минь зургийг бүр ойроос ширтэн харж, охиныг заагаад түүнийг эмэгтэй дүүгийнхээ нэрээр дуудаж билээ.

“Кати яагаад Есүсийн өвөр дээр сууж байгаа юм бэ, эмээ?” гэж тэр асуув. “Би ч бас Түүний өвөр дээр суумаар байна ш дээ!”

“Чи одоо Есүсийн өвөр дээр сууж чадахгүй ээ, миний хүү, харин миний өвөр дээр сууж болно” гэж би хэллээ. “Есүс бяцхан хүүхдүүдийг хайрлаж, асран хүмүүжүүлэх эмээ нарыг тэдэнд өгсөн юм.”

Гурван хөөрхөн ачийг минь Аврагч яаж хайрлах байсны адил тийм хайр зүрх сэтгэлийг минь гэнэт эзэмдлээ. Би тэдэнд хэрэгтэй шүү дээ. Одоо миний гурван ач надад ачаа дарамт биш харин тэднийг адисалж, Их Эзэнд үйлчлэх гайхамшигтай боломж болон харагдаж байна.

Тэр орой Их Эзэн надад үзүүлсэн нигүүлслийн төлөө би үүрд талархаж явах болно. Энэ нь миний амьдралыг өөрчилж, гэр бүлийг минь хүчирхэгжүүлж, адисалсаар байгаа билээ.