2012
Эх зохиол нь еврей хэлээр юм байна
долдугаар 2012


Эх зохиол нь еврей хэлээр юм байна

Дерк Палфриман, Юта, АНУ

Би хэдэн жилийн өмнө Хуучин Гэрээг уншсаны дараа үүний сургаалууд, ялангуяа Исаиагийн судруудыг илүү их сонирхдог болж, энэ номыг байнга судалдаг болсон. 2010 онд би нэг удаа онгоцонд Еврейн шашны удирдагчийн хажууд сууж явсан юм. Тэгээд Исаиагийн зарим хэсгийн тухай түүнээс асууж, яриа өрнүүлэв. Бидний яриа цааш өргөжиж, Хуучин Гэрээнд өгүүлдэг санваарын эрх мэдлийн тухай ярилцлаа.

Манай сүмийн гишүүд санваарын эрх мэдлээ хаанаас авдгийг Еврейн шашны удирдагч надаас асуулаа. Би энэ далимыг ашиглан Иосеф Смитийн Анхны Үзэгдэл, Аароны болон Мелкизедек санваарын сэргээлтийн тухай түүнд ярилаа. Бид хоёр “Есүс Христийн бас нэгэн гэрээ” болох Мормоны Номын орчуулгын талаар ярилцав.

Еврейн шашны удирдагч их сонирхож байгаа бололтой. Иосеф Анхны Үзэгдлийг харахдаа хэдэн настай байсныг тэр асуулаа. Иосеф Хуучин Гэрээний Самуелтай адил 14-тэй байсан гэж намайг хэлэхэд тэрээр олон бошиглогч залуу насандаа дуудагдсан гэж хариулаад Бурхан Иосеф Смитийг идэр насанд нь дуудсан нь хэвийн зүйл гэлээ.

Би судраа нээж, Гурав ба Найман гэрчийн гэрчлэлүүдийг бид хамт уншлаа. Эдгээр гэрчүүдээс нэлээд хэд нь Сүмээс гарсан ч, алтан ялтсуудыг харснаа хэн нь ч үгүйсгээгүйг би түүнд ярилаа.

“Тэд тэнгэр элч, ялтсуудыг харсан атлаа Сүмээс гарч яаж чаддаг байна аа?” гэж тэр асуув.

“Израилын хүүхдүүд Улаан Тэнгис хага ярагдахыг харсны дараа алтан тугал хийсэн шүү дээ” гэж би хариуллаа.

Тэр 1 Нифайг гаргаад уншиж эхэлснээ зогсож, “Эх зохиол нь еврей хэлээр юм байна” гэв.

Тэгээд тэр эх бичгийг еврей хэлнээс англи хэл рүү орчуулсан нь яагаад тодорхой байгааг тайлбарлав. Энэ номыг Израилын нэг овог бичсэнийг би түүнд хэлээд Иудейн саваа, Иосефын саваа хоёрын тухай өгүүлдэг Eзекиел 37:15–20-ыг эш татав. Иудейн саваа нь Библи гэдэгт бид хоёр санал нэг байлаа. Харин Иосефын саваа бол Мормоны Ном гэдгийг би түүнд тайлбарлав.

Еврейн шашны удирдагч надтай гурван цаг ярилцсаны дараа Мормоны Номыг олж авах хүсэлтэй байгаагаа хэллээ. Би гэртээ ирээд, нүүр хуудсан дээр нь гэрчлэлээ бичсэн Мормоны Номыг түүнд илгээв. Хуучин Гэрээг судлахад хүч чармайлт гаргасан минь судруудын тухай Еврейн шашны удирдагч шинэ найзтайгаа ярилцаж, гэрчлэлээ хуваалцахад намайг бэлтгэсэнд би баярлаж явдаг билээ.