2012
Олон нийттэй харилцах алба Сүмийг нийгэмтэй холбож байна
долдугаар 2012


Олон нийттэй харилцах алба Сүмийг нийгэмтэй холбож байна

Санваартны удирдагчид гадас, дүүргийн олон нийттэй харилцах албаны зөвлөлтэй хамтран ажилласнаар нийгмээ хөгжүүлэх болон дэлхий дээрх Бурханы хаант улсыг төлөвшүүлэхэд тусалж чадна.

Карол Витт Крисченсен Канзас мужийн Топека гадасны олон нийттэй харилцах албаны захирлаар үйлчлэхээр дуудагдахдаа гадасны удирдагчдыг төлөөлөн сонины сурвалжлагчид, редакторуудтай нүүр тулж ярилцахаас “эмээж, энэ ажил өөрт нь ахадсан” мэт санагдсан гэнэ.

“Хэвлэл мэдээллийн хүмүүстэй анх удаа харилцаа холбоо тогтооно гэхээс бага зэрэг айж байсан шүү. Тэр коллежид англи хэлээр мэргэжил эзэмшсэн ч, “хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч мэддэггүй байсан” хэмээн хэллээ.

Крисченсен хэдийгээр итгэл муутай байсан ч өөрийн гэрчлэлдээ бас амьдардаг газарт нь хүмүүс түүнийг сайн мэддэгт, түүний дуудлагыг сүнсээр нөлөөлөгдсөн санваартны удирдагчид өгсөн гэдэгт найдвар тавихаар шийджээ. Тэр Олон Нийттэй Харилцах Албаны сургалтанд сууж, “[өөрийн] үүргийг мэдэж, томилогдсон албан тушаалдаа бүхий л хичээл зүтгэлээр ажиллажээ” (С ба Г 107:99).

Крисченсен эгч орон нутгийн сонины шашны долоо хоног тутмын булангаас ашигтай мэдээлэл олох гэж анхааралтай уншдаг байлаа. Сонинд өгөх анхны ярилцлагын эцсийн хугацааг мэдэхээр тэр шашны сэдвээр бичдэг сэтгүүлч рүү утасдсан аж.

“Сонинд нийтлэгдсэн жижигхэн мэдээ уншигчдын анхаарлыг сонирхолтой хүмүүс болон сүмийн үйл ажиллагаануудад хандуулдгийг би ажигласан” хэмээн тэр хэллээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах нь аль нэг түүхийг зүгээр нэг санал болгохоос илүү чухал зүйл болохыг Крисченсен эгч мэджээ. Энэ нь бас хэвлэл мэдээллийн хэрэгслийг мэдэж, сурвалжлагчдыг ажлаа хийхэд нь дэмжлэг үзүүлэхийн сацуу Сүмийг ойлгоход нь тэдэнд туслах явдал мөн.

Нэлээд хэдэн удаа нийтлэл, түүний дотор орон нутгийн сонинд гадасны семинарын тухай өгүүлэл хэвлүүлсний дараа тэр “‘Сүмийг тодорхой бус байдлаас’ гаргах энгүй их хүсэлтэй болсон” хэмээн хэллээ (С ба Г 1:30-ийг үз). Эдүгээ олон жилийн дараа ч Крисченсен эгч гадасныхаа олон нийттэй харилцах албаны захирлаар үйлчилсэн хэвээр байгаа бөгөөд “Сүмийг олон нийтэд таниулах оргилуун хүсэл минь ундарсаар байна” гэжээ.

Тэрээр “олон нийттэй харилцах албанд бидний хийдэг ажлын ихээхэн хэсэг нь бид Есүс Христийг хайрлаж, Түүнд итгэн, Түүнийг шүтэн биширдгийг мөн оршин суугаа газрынхаа хүмүүст найз нөхөр нь байж тэдэнтэй хамтран ажиллаж, ах эгч нартаа үйлчилж, сэргээгдсэн сайн мэдээ болон Сүмийн талаар нааштай санаа бодолтой байхад нь хүмүүст тусалдгийг харуулдаг” гэж хэлжээ.

Дэлхий даяарх санваартны удирдагчид олон нийттэй харилцах албаны зохицуулагчдыг удирдан, ажилд нь дэмжлэг үзүүлж, оршин суугаа газрынхаа хүмүүстэй хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөгөө өгч, сүмийн талаарх буруу ойлголтыг нь залруулан, Сүмийн гишүүд Есүс Христийг дагадаг гэдгийг харуулдаг.

Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй харилцах нь Крисченсен эгчийн үндсэн ажил боловч Сүмийн олон нийттэй харилцах албаны зөвлөлүүд нийгмийг болон Бурханы хаант улсыг төлөвшүүлэхэд санваартны удирдагчдын сүнслэг нөлөө бүхий удирдамжийг дагадаг.

Нийгэм болон засгийн газрын байгууллагуудтай харилцах нь

Канзас мужийн Топекагаас 105 км зайтай орших Ленексад гадасны ерөнхийлөгч Брус Ф.Прайди, гадасны олон нийттэй харилцах албаны захирал Карол Дешлер эгч хоёр оршин суудаг газрынхаа нөлөө бүхий гишүүдтэй сайн харилцаа тогтоохын төлөө хамтран ажиллаж байна. Хожмын Үеийн Гэгээнтнүүд бол “нийгэмд сайн нөлөө үзүүлдэг сайн хөршүүд бөгөөд Есүс Христийн дагалдагчид мөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөд нь иргэдэд туслахыг хүсдэг” хэмээн ерөнхийлөгч Прайди хэллээ.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл болон гадасны олон нийттэй харилцах албаны зөвлөлийн бусад гишүүдтэй хамтран ажилладаг Дешлер эгч оршин суугаа бүс нутгийнхаа иргэдэд улам сайн үйлчлэхийн тулд бусад сүмүүд болон иргэний байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг эрж байна.

“Нийгмийн байгууллагуудтай хамтран ажилласнаар бидний олсон бүх амжилт тэдэнтэй бүгдтэй нь сайн хөршийн харилцаатай байсных юм” гэж Дешлер эгч ярив. Жишээ нь, өөр сүмийн нэг гишүүн, гадасных нь нэг гишүүнтэй үдийн хоол хамт идэх үеэрээ нийгэмдээ сайн үйлс бүтээх арга замуудын тухай ярилцжээ. Уг ярилцлага хоёр сүмээс тус бүр гурван хүн бүгд зургаан хүн нийлж, хамтран ажиллах санаануудыг хэлэлцэх “Хамтын хүч” хороо байгуулахад хөтөлсөн ажээ.

Тэдний хамтын ажиллагааны үр дүнд 2010 оны хандивын концертонд нэлээд хэдэн сүмийн найрал дуучид оролцжээ. Концертонд орохын тулд нэг уут хүнсний зүйл хандивлах хэрэгтэй бөгөөд ядуу хүмүүс хандивын хүнснээс үнэгүй авч гэртээ хоол хийж идэж болох ажээ. Шинээр барьсан гадасны төвд зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд тэр хавийн оршин суугчдаас 700 орчим хүн оролцсон гэнэ. Нийгмийн болон шашны удирдагчдад концертын өмнө санал бодлоо солилцох боломж олгохын тулд хүлээн авалт зохион байгуулжээ.

Концертын дараа өөр дөрвөн сүм, хотын зөвлөлийн хоёр гишүүн, цагдаагийн газрын даргаас сар бүр хуралддаг Хамтын хүч хорооны бүрэлдэхүүнд орж ажиллахыг хүсчээ. Хандивын концертыг 2011 онд дахин зохион байгуулсан ба энэ удаад тоглолтыг өөр сүм зохион байгуулж, нийт долоон сүм, 1,000 орчим иргэд оролцжээ.

“Есүс Христийн дагалдагчдад байдаг сайн санааны үйлс хийгээд эв нэгдэл сүмүүдийн дунд гайхалтай арга замаар бий болсон юм” хэмээн Дешлер эгч ярив. Ерөнхийлөгч Прайди гэрээсээ 1600 км хол нисэх онгоцны буудал дээр ирээд ийм мэдрэмжийг мэдэрчээ. Огт танихгүй нэг эмэгтэй хүрч ирээд түүнийг Хамтын хүч хорооны хандивын концертын үеэр мэддэг болсноо мөн тоглолт гайхалтай сайхан санагдсан гэдгийг хэлжээ.

Мөн тэр эмэгтэй “Би эдгээр үйл явдлуудад оролцсоноор бусад хүмүүсийг хэзээ ч хайрлаж байгаагүйгээр хайрласан. Ийм концертыг ивээн тэтгэсэнд их баярлалаа. Би өөр сүмд явдаг ч Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг гүнээ хүндэтгэн, гайхан биширдэг” гэдгээ хэлжээ.

“Энэ бол олон нийттэй харилцах албаны ажлын үр дүн” гэж ерөнхийлөгч Прайди хэлэв. Бид зорилгодоо хүрэх шинэ арга замуудыг эрэлхийлснээр олон сайн найз нөхөдтэй болж, бие биеийнхээ итгэлийг хүндэтгэн, бие биеэ жинхэнэ ёсоор хайрладаг болсон.”

Ийм хамтын ажиллагаанд хүрч, иргэний удирдагчдын зүгээс хүндэтгэл үзүүлсэн нь Дорнод Европт ч үр дүнгээ өгсөн юм. Украйны олон нийттэй харилцах албаны зөвлөлийн захирал Катя Сердюк олон нийттэй харилцах албаны зөвлөлийн номлогчид болон орон нутгийн санваартны удирдагчидтай хамтран Сүмээс нийгэмтэй харилцах харилцааг сайжруулахын төлөө ажиллаж байна. “Олон хүн Сүмийн талаар буруу ойлголт, мэдээлэлтэй байдаг” гэж Сердюк эгч хэллээ. “Санваартны удирдагчидтай хамтран ажилладаг олон нийттэй харилцах албаны зөвлөлийн зохицуулагчид бид иргэний байгууллагуудын удирдагчид, хэвлэл мэдээллийнхэн болон олон нийттэй ажилласнаар нийгмийн дундах буруу ойлголтыг өөрчлөхийг хичээж байна. Олон нийттэй харилцах албаны хүч чармайлт нийгмийн дунд нөлөө бүхий хүмүүс Сүмд зорилгодоо хүрэхэд нь тусалж, бид тэдэнд зорилгоо биелүүлэхэд нь туслах уур амьсгалыг бүрдүүлдэг.”

Украйны Житомирт Сүмийн гишүүдэд зориулсан хүлээн авалтыг зохион байгуулсан хотын захирагч Олександр Миколаевич Бочковский Сүмийн хүмүүнлэгийн тусламж хотын долоон сургуулийг маш их хэрэгтэй тоног төхөөрөмжөөр хангасанд талархал илэрхийлжээ. Түүнчлэн тус хотын Гагарины нэрэмжит цэцэрлэгт 2011 оны дөрөвдүгээр сард зохион байгуулсан Сүмийн үйлчлэлийг бас онцлон тэмдэглэсэн байна. Житомир салбарын ерөнхийлөгч Александр Давидов Сүмийг төлөөлөн хотын удирдлагад талархал илэрхийлжээ.

Үйл явдлыг төлөвлөх нь

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгэмтэй тогтоосон харилцаанаас гадна олон нийттэй харилцах өөр нэг боломж нь үйл явдлуудыг төлөвлөж, хэрэгжүүлэх явдал юм хэмээн Карибын тэнгисийн бүсэд олон нийттэй харилцах албаны номлолоо дуусгасан Даниел Мехр, Ребека Мехр нар ярив.

“Соёлын үйл ажиллагаа, зоогт урих, үйлчлэлийн төсөл гэхчлэн бусад уламжлалт үйл явдлуудаар дамжуулан найз нөхдөө хөгжүүлж, боловсруулахад гишүүдийг оролцуулах нь тэдний хооронд хэлхээ холбоог бий болгодог онцгой үр нөлөөтэй” гэж Мехр эгч хэллээ.

Гэвч олон нийттэй харилцах албаны зохицуулагчдын гаргаж мэдэх нэг том алдаа бол “нийгэм, хамт олны хэрэгцээг харгалзалгүйгээр санваартны удирдагчдын зөвлөмжгүйгээр үйл ажиллагаа төлөвлөж, хэрэгжүүлэх явдал” гэж Мехр ах анхаарууллаа.

Ахлагч Мехр болон Мехр эгч гадас, тойргийн санваартны удирдагчдаас зөвлөмж болгон өгсөн жил тутмын төлөвлөгөө нь үйл явдлыг эхлэлээс нь төлөвлөж, хэрэгжүүлэхэд туслах нэг арга зам мөн гэдэгт итгэдэг ажээ. Жил тутмын ийм төлөвлөгөө гаргахад стратегийн үр дагавар, нийгэм, хамт олны хэрэгцээ, орон нутгийн санваартны удирдагчдын зорилго дээр анхаарал төвлөрүүлсэн, дөрвөн алхамт төлөвлөлтийн үйл явцыг Мехр эгч санал болгож байна:

  • Нийгэмд хамгийн тулгамдсан ямар хэрэгцээ байна вэ?

  • Манай бүс нутагт ямар асуудлууд Сүмийн өсөлт хөгжилтөд сайнаар бас муугаар нөлөөлдөг вэ?

  • Нийгмийн хэрэгцээ болон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бид нийгэм, хамт олны ямар удирдагчидтай хамтран ажиллаж болох вэ?

  • Бид эдгээр удирдагчидтай харилцаа, хамтын ажиллагаагаа хэрхэн сайжруулж, хөгжүүлж болох вэ?

Санваартны удирдагчид болон олон нийттэй харилцах албаны зөвлөлүүд эдгээр асуултуудад хариулахдаа ямар ч үйл ажиллагааг “зөвхөн үйл ажиллагаа явуулахын төлөө’ зохион байгуулахаас зайлсхийх ёстой” гэж Мехр эгч хэлэв. Үүний оронд зөвлөлүүд нь нийгэм, хамт олон болон санваартны удирдагчдын хооронд итгэлцлийг хөгжүүлэх үйл ажиллагаануудыг төлөвлөж хэрэгжүүлэх хэрэгтэй. Эдгээр үйл ажиллагаанууд иргэд болон Сүмийн гишүүд аль алинд нь хамтын ажиллагаа, найрамдал нөхөрлөлийг хөгжүүлэх боломжийг олгодог.

Жишээ нь, 2010 онд Бүгд Найрамдах Доминикан Улсад санваартны удирдагчид, олон нийттэй харилцах албаны зөвлөлүүд болон иргэд Мормоны Тусламжийн Гар хөтөлбөрт хамтран оролцжээ. Мехр ах, Мехр эгч хоёр өөрийн хамтран ажилладаг байсан, улс орондоо нэрд гарсан хүндтэй нэлээд хэдэн хүнийг урьжээ.

“Олон байгууллагыг төлөөлсөн нэрд гарсан хүмүүс бидний зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцсоноос гадна Сүмийн Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөл бас хүрэлцэн ирсэн.

Үйл ажиллагаа их амжилттай болсон шүү. Улам олон хотын захирагч, байгууллагууд цэвэрлэгээ хийх ажилд туслахыг биднээс хүсэх болсон. Түүнээс гадна олон байгууллага Сүмийн талаар зөв ойлголттой болж байна” гэж Мехр ах ярилаа.

Үйл явдлыг төлөвлөхөд санваартны удирдамж шийдвэрлэх ач холбогдолтой ч энэ нь аль нэг үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай цорын ганц зүйл биш юм. Kaти Марлер АНУ-ын Калифорний Сан Диегод гадас дундын олон нийттэй харилцах албаны зөвлөлд үйлчилж байна. Хожмын Үеийн Гэгээнтнүүд өөрийнхөө Сүмийн ивээн тэтгэдэг үйл ажиллагаануудад бусдыг урихдаа сайн ч бусад сүмүүдийн үйл ажиллагаанд хүмүүстэй хамтран ажилладаггүй гэж өөр сүмийн нэг найз нь түүнд хэлжээ.

Марлер эгч найздаа “Та нар зөвхөн бусдыг л урьдаг шүү дээ. Харин та нар биднээс тусламж хэрэгтэй эсэхийг асуувал тийм ээ гэж бид хариулах болно” гэжээ.

Олон нийттэй харилцах албаны зөвлөл бусдын хэрэгцээг тодорхойлсноор өөрсдөө үйл ажиллагаа зохион байгуулснаас илүүгээр нийгэмд тусалж чадна.

Харилцааны доголдол ба зохицуулалт

Олон нийттэй харилцах албаны ажлыг нийгмийн амьдралын янз бүрийн нөхцөл байдалд гадас, улс орон, Сүмийн аль нэг бүсийн хэмжээнд тохиолдсон онцгой байдлын үеэр зохион байгуулдаг ба өнгөрсөн жил Японд тохиолдсон онцгой байдлын үеэр олон нийттэй харилцах албаны ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулсан билээ.

Азийн Хойд бүсийн Ерөнхийлөгч агсан Тэргүүлэх бишоп Гари Э.Стивенсон 2011 оны газар хөдлөлтийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн хандлага маш түргэн өөрчлөгдсөнийг санадаг ажээ. “Японы зүүн хойд эргийг нэлд нь сүйрүүлсэн газар хөдлөлт, цунамиг бүх дэлхий нүд ширтэн харж, чих тавин чагнаж байлаа.

Тэрхүү гамшиг Японд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болон сайн дурынхны үйл ажиллагааг ‘эрчимтэй өрнүүлсэн’ бөгөөд тусламж үзүүлэхэд Сүм идэвхтэй оролцсон” хэмээн бишоп Стивенсон хэлжээ.

Цунамигийн үед гамшигт нэрвэгдсэн сүмийн гишүүд, гишүүн бус хүмүүс аль алинд нь Сүм эн тэргүүний хэрэгцээт зүйлсээр тусламж үзүүлсэн юм. “Дотоодын болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл явдал бүрийг шуурхай мэдээлж байлаа” гэж бишоп Стивенсон мэдэгджээ.

Сүм 250 тонн хүмүүнлэгийн тусламжийн эд зүйлсээр хангаж, 180,000 гаруй цагийн үйлчлэл үзүүлсэн 24,000 сайн дурынхныг гамшигт нэрвэгдэгсдэд туслахаар илгээсэн юм. Тусламж үзүүлэх ажил орон нутгийн төр, засгийн удирдагчдын анхааралд ямагт байсан хэмээн бишоп Стивенсон дурсаж байна. Хүн амынх нь дөнгөж хоёр хүрэхгүй хувь нь Христэд итгэгчид энэ оронд зарим удирдагчид нь тусламжийн ажилд Сүм ямар үүрэг гүйцэтгэснийг илүү тодорхой мэдэхийг хүсч байлаа. Tэдний энэхүү сонирхлыг олон нийттэй харилцах албаны зохицуулагчид зөвхөн гамшигт нэрвэгдэгсдэд туслах төдийгүй олон нийттэй хэлхээ холбоо тогтоож, харилцан ойлголцох боломж гэж үзсэн юм хэмээн тэр ярилаа. Жишээ нь, цунами Японыг нэрвэснээс хойш долоо хоногийн дараа нэг сурвалжлагч “Мормоны Сүмийг бусдаас илүү чадвартай болгодог цорын ганц зүйл бол онцгой байдлын үед түргэн шуурхай ажилладаг чадвар нь юм. … Энэ сүм зөвхөн өөрийнхөө сүрэгт анхаарал тавьдаггүй” гэж бичжээ.1

Сонины энэхүү эерэг мэдээ олон нийттэй олон жилийн турш сайн харилцаатай байсны үр дүн юм. 2010 оны наймдугаар сард Хойд Азийн Бүсэд олон нийттэй харилцах албаны төлөөлөгчдөөр үйлчилсэн Конан Греймис, Синди Греймис нар “Япон дахь олон нийттэй харилцах албаны зөвлөл улс орныхоо төр засгийн удирдагчидтай олон жил хамтран ажиллаж байна. Энэхүү нөхөрсөг харилцаа манай тусламжийг хүлээн авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн орон нутгийн байгууллагуудыг бидэнд нээлттэй болгосон юм” гэж ярисан байна. Эхнэрийнхээ хамт Япон дахь Сүмийн олон нийттэй харилцах албаны зөвлөлийн захирлаар үйлчилж байсан Ясуо Нияама, “Японы засгийн газрын удирдагчид ч манай Сүм тусламж үзүүлэх ажилд хэрхэн шуурхай, үр ашигтай ажилладгийг мэддэг болсон” хэмээн ярьж байна.

Орон нутгийн санваартны удирдагчид алслагдсан нутаг дахь сургуулиуд дээр хоргодох байр барих шаардлагатайг тогтоосны дараа Сүм энэ ажилд цагаа олсон тусламж үзүүлснийг Японы удирдагчид өндөр үнэлжээ. Санваартны удирдагчид олон нийттэй харилцах албаны зөвлөл болон Сүмийн орон нутгийн халамжийн менежертэй хамтран цунамид нэрвэгдсэн, түр хоргодох байранд амьдарч байсан ойролцоогоор 270 хүнийг хүнс болон бусад зүйлсээр хангажээ.

Түр хоргодох байранд амьдарч байсан хүмүүс Христийн сүмээс тусламж хүлээн авсандаа эхлээд гайхсан ч Мормоны Тусламжийн Гар хөтөлбөрийн сайн дурынхан шар хантаазтайгаа хоёр дахь удаагаа туслахаар хүрч ирэхэд нэг хүүхэд “Тэд хүрээд ирлээ! Энэ удаа юу авчирсан бол!” хэмээн дуу алдсан гэдэг.

Хоргодох байрны зохицуулагч тусламж хүлээн аваад, “Газар хөдлөлтийн дараа бидний идсэн анхны хоол, шинэ ногоог танай сүмээс авчирч өгсөн” гэж Ахлагч Греймис, Греймис эгч хоёрт хэлсэн ажээ.

“Зөвхөн түр хоргодох байранд төдийгүй, тусламж хэрэгтэй хүмүүст дэмжлэг үзүүлэхийн тулд маш хүнд нөхцөлд ажиллаж байсан санваартны удирдагчдад тусалсан нь сайхан санагдсан” хэмээн Греймис эгч хэллээ.

Олон нийттэй харилцах зөвлөлийн ажлын үр дүнгийн тухай Ахлагч Нияама: “Сүмийн тусламжийн үйл ажиллагааны тухай мэдээллийг гишүүд болон сүмийн бус байгууллагын нэр хүнд бүхий удирдагчидтай хуваалцах нь олон нийттэй харилцах албаны зөвлөлийн зорилгыг биелүүлэхэд нэн чухал юм байна” хэмээн тайлбарлажээ. Өнөөдөр Японд сүмийн гишүүн бус хүмүүс Сүмийн талаар нааштай бодол санаатай болж, гишүүд Сүмийн хүч чадалд илүү итгэлтэй болжээ.”

Олон нийттэй харилцах албаны ажил бол орон нутгийн санваартны удирдагчдын хувьд чухал арга хэрэгсэл мөн

Дэлхий даяар олон нийттэй харилцах үйлсэд чухал үүрэг гүйцэтгэдэг санваартны удирдагчдад орон нутгийн нөхцөл байдлыг сайн мэддэг бөгөөд нийгэм, хамт олны хэрэгцээнд тохируулан үйлчлэх чадвартай олон нийттэй харилцах албаны зөвлөлүүд тусалж чадна. “Санваартны удирдагчид олон нийттэй харилцах албаны ажлыг зорилгодоо хүрэх зэмсэг болгон хэрхэн чадварлагаар ашиглаж байгааг харах нь үнэхээр сайхан байдаг. Мормоны Тусламжийн Гар хөтөлбөрөөр дамжуулан нийгэмд үйлчлэх нь тойрог, салбарын гишүүдийн эв нэгдлийг бэхжүүлэхийн хамт Сүм болон орон нутгийн иргэдийн хооронд ойр дотно харилцааг хөгжүүлэхэд тусалдаг” гэж Украйны Сердюк эгч хэллээ.

Эшлэл

  1. Kaри Хьюс, “In Japan, the Mormon Network Gathers the Flock,” НБС Ньюсийн Дэлхийн Блог, 2011 оны 3-р сарын 18, http://worldblog.msnbc.msn.com/_news/2011/03/18/6292170-in-japan-the-mormon-network-gathers-the-flock.

Гэрэл зураг чимэглэлийг Давид Стокер

Нэгдсэн Улсын Канзасын Ленекса Гадас хандивын концертыг зохион байгуулахдаа сүүлийн хоёр жил бүс нутгийн бусад сүмүүдтэй хамтран ажиллаж байна. Концертын тасалбарын төлбөрт нэг уут хүнсний зүйл өгөх ёстой бөгөөд үүнийг орон нутгийн ядуу хүмүүст үнэгүй өгдөг ажээ. 2011 онд ойролцоогоор 1,000 орчим иргэд, сүмийн болон төр засгийн удирдах ажилтнуудаас хандивын концертыг үзжээ.

Гэрэл зургуудыг Карол Дешлер

Японд 2011 онд болсон газар хөдлөлтийн дараа санваартны удирдагчид Мормоны Тусламжийн Гар хөтөлбөрөөр дамжуулан олон нийттэй харилцах албаны зохицуулагчидтай хамтран тусламжийн үйл ажиллагааг зохион байгуулжээ. Хүмүүнлэгийн тусламжийн тухай нэг сурвалжлагч ийн бичжээ: “Мормоны Сүмийг бусдаас илүү чадвартай болгодог цорын ганц зүйл бол онцгой байдлын үед түргэн шуурхай ажилладаг чадвар нь юм.”

Гэрэл зургуудыг Конан Греймис