2012
Сайн төлөвлөгөөнүүд амжилтгүй болох үед
долдугаар 2012


Сайн төлөвлөгөөнүүд амжилтгүй болох үед

Ирээдүйгээ төлөвлөх нь ялангуяа залуу насанд хүрэгчдэд нэн чухал юм. Гэтэл хамгийн сайн боловсруулсан төлөвлөгөө биелэхгүй бол яах вэ?

Солонгосын Жунг Сунг Юн багш болох мэргэжлийн шалгалтанд уначихжээ. АНУ-ын Ютагийн Тина албан тушаал дэвшиж, цалингаа ахиулан ажиллана гэж бодож байсан ч ажилгүй болжээ. АНУ-ын Огайогийн Тодд Шленскер гэрлэх талаараа сүнсний баталгаа хүлээн авсан ч сүй тавилт нь цуцлагдсан гэнэ. Италийн Алессия Маззоларигийн (нэрийг өөрчилсөн) өө сэвгүй, төгс юм шиг санагдаж байсан харилцаа нь тасарчээ.

Хэн ч “хоёр дахь төлөвлөгөөнд” найдвар тавих дургүй байдаг. Бидний төлөвлөгөө биелэхгүй байлаа ч гэсэн Тэнгэрлэг Эцэг биднийг ганцааранг нь орхихгүй. Амьдралыг өөд татах өдий төдий арга зам байдаг. Бидний төлөвлөгөөг өөрчилсөн сорилт бэрхшээл тодорхой хугацааны дараа нэмэлт ойлголт, туршлагыг бидэнд өгч, илүү сайн зүйл рүү хөтөлж болно (С ба Г 122:7-г үз).

Анкетыг биш, зан төлөвөө сайжруул

Сунг Юн багш болох насан туршийнхаа мөрөөдлийг биелүүлэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөжээ. “Би юм бүхэнд чадвараа дээд зэргээр дайчлан ажиллахыг хичээдэг учраас хүсэл мөрөөдөл, залбирдаг зүйл, зорилгодоо хүрч чаддаг байлаа” хэмээн тэр ярилаа. Гэвч багшийн мэргэжлийн шалгалтаа өгч чадаагүй. “Шалгалтанд унасан тэр өдөр бүх мөрөөдөл минь ингээд өнгөрдөг байж ээ гэж бодогдсон шүү” гэж тэр хэллээ.

Өөр компани түүний ажиллаж байсан компанийг орлох үед тэр тийм ч их санаа зовохоо больжээ. Шинэ байгууллага нь түүнд урт хугацаанд ажиллах албан тушаал амласан болохоор тэр шинэ ажилдаа найдвар тавьж, ажилдаа ойртон шилжиж ирээд, сэтгэл хангалуун ажиллаж байжээ. Хэдхэн сарын дараа компани нь түүнийг халахад тэр “санаагаар унаж, уймран, сэтгэл түгшүүрлэх болжээ.”

Сунг Юн, Тина хоёр анкет, хувийн хэрэгтээ бүх зүйлийг өө сөвгүй байлгахаас илүүгээр зан авираа сайжруулахад анхаарлаа төвлөрүүлж чадсан ажээ. Тэд сайн мэдээг судалж, залбирснаар тайтгарлыг олжээ.

“Төлөөлөгч Паул бол тэвчээртэй байж, сорилт бэрхшээлийг даван туулахад надад тусалсан гайхамшигт найз минь юм. Тэрээр аливаа зүйлд үргэлж сайн санаагаар хандаж, өөрийн хүссэн цагт найдвар тавих биш харин Бурхан түүгээр хийлгэх гэсэн зүйлийг хүсэл эрмэлзэлтэйгээр хүлээдэг байлаа.

Би Түүний үлгэр жишээнээс нэг зүйлийг сурсан юм. Хүлээнэ гэдэг нь зөвхөн хүссэн зүйлээ олж авахын тулд бидний хийх ёстой зүйл биш харин хийж байгаа өөрчлөлтүүдээрээ дамжуулж Тэнгэрлэг Эцэгийн хүссэн шиг хүн болох үйл явц юм” гэж Сунг Юн хэллээ.

Өөрт нь хамгийн их хэрэгтэй байсан өөрчлөлт бол мөнхийн хэтийн төлөвийн талаарх үзэл бодлоо өөрчлөх явдал байсныг Тина ойлгожээ. “Би өөрийн үнэ цэнийг дэлхийн үнэт зүйлсээр хэмждэг байснаа ойлгоод ихэд гайхсан. Эрхэлдэг ажил, албан тушаал л намайг үнэ цэнэтэй болгосон юм шиг ойлгодог байж билээ. Гэтэл үүнийг надаас буцаагаад авчихлаа. Одоо би Тэнгэрлэг Эцэгийнхээ охин бөгөөд Бурхантай адил болох чадавх надад бий гэдэг мөнхийн үнэнүүдээр өөрийн үнэ цэнийг хэмждэг болсон. Эдгээр үнэнүүдийг надаас хэн ч, хэзээ ч булаан авч чадахгүй.”

Зан төлөвөө төгөлдөржүүлэх нь үргэлж аятайхан байдаггүй ч хүнийг өсгөн хөгжүүлдэг учраас үр жимс нь амттай гэдгийг Тина, Сунг Юн хоёр хүлээн зөвшөөрсөн юм. “Багш болох мэргэжлийн шалгалтанд унасны дараагийн жил миний хувьд сэтгэл санаагаар хамгийн их унасан, гутарч цөхөрсөн жил байсан төдийгүй бас хамгийн их үр өгөөжтэй жил байлаа. Би хүмүүст тохиолддог бэрхшээлийг ойлгодог болж, зүрх сэтгэлийн чин хүслээр тэдэнд туслах хүсэлтэй болсон” хэмээн Сунг Юн ярилаа.

Мормоны Номон дахь Аммон болон түүний ах нарын үлгэр жишээ Их Эзэн хэрхэн Тинагын итгэлийг бэхжүүлж, чадавхаа бүрэн ашиглахад нь түүнд тусалж байсныг харуулжээ. “Асуудлыг шийдэхэд илд зэвсэг ашиглахын оронд өөрсдийн ах дүүс леменчүүдийг аврах нь нифайчуудад зориулсан Их Эзэний төлөвлөгөө байсан юм” гэж тэр хэлэв. “Маш их итгэл шаардах ажлыг Мозаягийн хөвгүүдэд даалгахдаа, хэрэв тэд зовлон зүдгүүрээ тэвчээр хатуужлаар даван туулбал, амжилт олно гэдгийг тэдэнд бас амласан билээ (Aлма 26:27-г үз). Тэвчээр бол надад тулгардаг хамгийн хүнд сорилтуудын нэг юм. Учир нь би өөрийнхөө төлөвлөгөөг л хэрэгжүүлэхийг хүсдэг. Гэтэл Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө болон түүний тогтоосон цаг бидний хувьд бүхнээс чухал болохыг би ойлгосон.”

Юу ч тохиолдсон гэсэн бүх зарлигийг дагах нь

Toддыг номлолоосоо буцаж ирэхэд гэрэлт ирээдүй түүнийг угтжээ. Сургуульд байхдаа нэгэн гайхалтай залуу бүсгүйтэй тэр танилцсан гэнэ. Хэдэн сар болзон уулзаж, сүнсний баталгаа авсны дараа Тодд гэрлэх саналаа хэлэхэд тэр бүсгүй зөвшөөрчээ. Tэд зуны сүүлчээр хуримаа хийхээр төлөвлөж, хоёул хуримандаа бэлтгэхээр хичээлийн жилийг дуусгаад гэртээ эргэж ирсэн аж.

“Сургуульдаа баяртай гэж хэлээд ирснээс хойш гурван долоо хоногийн дараа тэр сүй тавилтаа цуцалсан” гэж Тодд ярилаа. “Зүрх шимшрэм гэдэг үг миний сэтгэл санааны уй гашууг дүрслэхэд хангалтгүй байлаа. Оюун ухаанд минь хариултгүй үй олон асуулт эргэлдэнэ. Нөхцөл байдал тун хүнд байлаа. Би Их Эзэний өргөөнд баталгааг хүлээн авсан атал бидний харилцаа тасарчихаад байдаг. Гэрчлэл минь хэзээ ч ингэж соригдож байсангүй.

“Харамсалтай нь, тэрхүү гунигт явдлаас хойш олон жил өнгөрсөн ч сэтгэл зүрхний шаналал арилсангүй. Би дахин ийм баталгаанд итгэж чадах эсэхээ мэдэхгүй байлаа. Би Их Эзэнд үргэлж итгэж, зарлигуудыг сахихын тулд чадах бүхнээ хийхийг хичээдэг байлаа. Гэтэл энэ бүхэн юу ч биш юм шиг санагдах болов” хэмээн тэр ярив.

Алессия ч гэсэн залуу эрэгтэйтэй харилцах харилцаа нь ямар байх ёстой талаар боддог болжээ. “Бидний харилцаа маш сайхан байсан, хайр сэтгэлтэй хосуудад тохиолддог ердийн хүндрэл бэрхшээл байсан ч, бидний харилцаа хэзээ ч тасрахгүй гэж бодож байлаа” хэмээн Алессия өгүүлэв.

Найз залуу нь номлолд явсны дараа түүнээс хол байх нь Алессияд хэцүү байсан ч, бодож байснаас нь өөр нэг шалтгаан бас байсан гэнэ. “Түүнийг номлолд явсан хойгуур би өөрийгөө илүү сайн мэддэг болсон. Амьдралд минь олон зүйл зөв биш байгааг, өөрийгөө даруусгаж, бодит байдлыг зөвөөр үнэлэхийн оронд зарим нэгэн мунхаг бодол өвөрлөж явснаа би мэдсэн.” “Би чухамдаа үлгэрт гардаг шиг л хийсвэр санаа бодлоор амьдарч байжээ. Хүнд хайр сэтгэлтэй л болчихвол бүх зүйл зөвөөр эргэх юм шиг санагддаг байсан нь хамгийн чухал зарим зүйлийг олж харж чадахгүйд хүргэдэг байлаа” хэмээн тэрээр ярьж байна.

Алессия найз залуугаа номлолоос ирэхэд нь баяртай угтаж, харилцаагаа үргэлжлүүлнэ гэж бодож байсан гэнэ. Гэтэл түүнийг номлолоос эргэж ирсний дараа тэр хоёр ердөө хэдхэн удаа болзож, дараа нь салсан гэнэ. “Энэ явдал миний хувьд хамгийн сэтгэл эмзэглэм хором байлаа” хэмээн Алессия хэлэв.

Амьдрал дахь хамгийн чухал харилцаа нь өөрчлөгдсөн ч, Их Эзэнд үнэнч, дуулгавартай байхаа больж чадахгүйгээ Тодд, Алессия хоёр өөрсдийн туршлагаас мэдсэн ажээ. Юмс өөрчлөгдөж, тодорхой бус байдал бий болсон ч Их Эзэн бүх зүйлд тэдний өмөг түшиг болдог байлаа.

“Би гэрлэх талаар сүнсний баталгаа хүлээж авсан атал энэ нь яагаад бүтэлгүйтсэнийг огт ойлгоогүй” гэж Тодд ярилаа. Гэвч энэ нь чухал биш байлаа. Хамгийн чухал нь би Христэд итгэсэн хэвээр байсан бөгөөд Их Эзэн надад зориулж нөөцөлсөн бүх зүйлд итгэдэг байлаа.”

Их Эзэнд бие сэтгэлээ бүрэн зориулснаар өөрт нь хэрэгтэй хүч чадал ирэх болно гэдгийг Алессия мэддэг байв. “Ямар хүн болохоо шийдэх цаг ирснийг, цаашдаа өөх ч биш, булчирхай ч биш байдлаар амьдрах уу эсвэл Христийн жинхэнэ шавь байх зам дээр гарах эсэхээ шийдэх хэрэгтэйгээ би ойлгосон” хэмээн тэр ярилаа. Зөвхөн зүрх сэтгэлийнхээ гүнд төдийгүй ажил үйлсээрээ чин шударга байж, Түүнийг гүн гүнзгий мэдэж, чин сэтгэлээсээ хайрлан, бүх зарлигуудыг нь биелүүлснээр илүү сайн хүн болохыг хүсдэг байлаа.”

Ирээдүйд болон Христэд итгэх итгэл найдварыг хөгжүүлэх нь

Санаанд оромгүй сорилт бэрхшээлтэй тулгарсан залуу насанд хүрэгч энэ дөрвөн хүн цаг үеэ ухааран амьдрахын төлөө тэмцэж, ирээдүйгээ дахин төлөвлөхөөр чармайж байна. Харин Их Эзэнд итгэх тэдний итгэл улам өсчээ.

Шалгалтанд унасны дараа юмсыг шинээр хийх гэж хичээх нь хэцүү байсныг Сунг Юн санадаг ажээ. Гэвч дараа нь шийдвэрлэгч ач холбогдолтой нэг зүйлийг мэджээ: “Жинхэнэ бүтэлгүйтэл бол өнгөрсөн үеэрээ амьдарч, өөрчлөлт гаргахын төлөө үл хичээх явдал мөн гэдгийг би ойлгосон. Би зовлонгоо сэтгэлдээ тээж явснаас энэхүү хүнд үеийг суралцах боломж болгон хувиргахаар шийдсэн юм. Амьдралыг ойлгох миний чадвар ерөнхийдөө өргөжин, гүнзгийрч, нэг зүйлийн төгсгөл үргэлж өөр нэг зүйлийн эхлэл байдгийг ойлгосон билээ.” Тэр шалгалтаа дахин өгч, амжилттай дүн аваад одоо “сурагчидтайгаа өдөр бүрийг хамт өнгөрүүлдэг аз жаргалтай багш болоод байгаа ажээ”.

Тодорхой бус ирээдүйтэй учрах нь Тинад хэцүү байсан ч өөрийг нь хүлээж буй зүйлд тэр итгэхийг сонгожээ. “Би урлаг, технологийн чиглэлээр сургуульд дахин орж суралцахыг хүссэн ч үүнд шаардлагатай ур чадварыг эзэмшээгүй байлаа. Би Тэнгэрлэг Эцэгийнхээ мэргэн ухааны ачаар илүү сайн нэгэн аяллыг эхлүүлэхэд бэлэн байлаа.”

Toдд зургаан жилийн турш болзохоо үргэлжлүүлж, Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлэхийн төлөө шаргуу ажиллажээ. Хэдийгээр тэр биширмээр сайхан эмэгтэйчүүдтэй тааралдаж байсан ч ирээдүйн найдварыг нь бусниулсан өнгөрсөн үеийн эргэлзээтэйгээ тэмцэлдсээр байлаа. “Эргэлзээндээ ялагдахгүй байх сэтгэлийн хаттай болохын төлөө зургаан жил тэмцсэн нь амаргүй байлаа” гэж тэр хэллээ. “Гэвч би өмнө нь Их Эзэнд уурлан бухимддаг байсан ч Түүнд болон Түүний өдөөлтүүдэд чин үнэнчээр итгэдэг байхад бие сэтгэл бүхнээ зориулахыг хичээдэг болсон.” Шинэ харилцаа нь эцэстээ ариун сүмийн гэрлэлт рүү хөтөлжээ.

“Сүнсний өдөөлтүүдэд итгэдэг болохын төлөө өөртэйгөө удаан тэмцэлдсэн намайг Их Эзэн яагаад ийм сайхан эхнэрээр адисалсан юм бол гэж би олонтоо гайхдаг байлаа” хэмээн Тодд ярилаа. “Их Эзэн биднийг Өөрийн тогтоосон цагт адислахаар үргэлж хүлээж байдгийг би гэрчилж байна.”

Aлессия Их Эзэнд бие сэтгэл бүхнээ дахин зориулдаг болж, бат бөх гэрчлэлтэй болсон ажээ. “Авралын төлөвлөгөө миний хувьд бодит зүйл бөгөөд гэрээнүүд надад илүү их хариуцлага хүлээлгэж, ач холбогдол нь өсөн нэмэгдсэн юм. Христийн Цагаатгал миний уншсан ямар нэг онол, хийсвэр зүйл биш. Зүрх сэтгэлийн өөрчлөлт дотоод сэтгэлд гардаг. Иймээс би хүчтэй гэрчлэлтэй болсон билээ.” Өнөөдөр тэр шинэ хүн болсноо мэдэрдэг ажээ.

Амьдралын аянд огцом эргэлт гарч болох ч эцсийн хүрэх газар мөнх амьдрал бол Тэнгэрлэг Эцэгээс хүүхдүүддээ зориулсан Төлөвлөгөө юм (Moсе 1:39-ийг үз). Зарим нь бүр “хоёр дахь төлөвлөгөө” бол “Нэг дэх төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх энгийн арга зам гэж бодож болох юм.

Зураг чимэглэлийг Нейл Вебб