Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг
Тэр Амилсан
Есүс Христийн Амилалт үнэн бодитой тухай гэрчлэл бол итгэл найдвар хийгээд шийдвэр төгс байдлын эх сурвалж мөн. Бурханы хүүхэд бүрт Есүс Христийн Амилалт үнэн гэдэг гэрчлэл байх ёстой. 1969 оны 6-р сард ээж минь өөд болоход энэ гэрчлэл надад байсан, үргэлж байсаар ч ирсэн бөгөөд цаашид ээжтэйгээ дахин учран золгох хүртэл энэхүү гэрчлэл надад байсаар байх болно.
Түр зуурын тусгаарлалтын уйтгар гуниг тэр даруйд баяр баяслаар солигдож билээ. Энэ нь зүгээр нэг эргэн уулзалтаас илүү онцгой найдвар байсан юм. Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан маш их зүйл илчилсэн учраас, Ариун Сүнс надад Амилалуулалт үнэн гэдгийг баталсан учраас, ариуссан бөгөөд амилуулагдсан хайртай хүмүүстэйгээ эргэн уулзах нь ямархуу байхыг би оюун ухаандаа төсөөлөн бодож чадна.
“Эдгээр нь шударга хүмүүсийн амилуулалтад урагш гарч ирэх тэд бөлгөө. …
“Эдгээр нь Бурхан хийгээд Христ бүхний шүүгч байдаг тэнгэрт нэр нь бичигдсэн тэд буюу.
Эдгээр нь өөрийнхөө цус урсгалтаар энэхүү төгс цагаатгалыг хийсэн, шинэ гэрээний зууч Есүсээр дамжин төгс болгогдсон шударга хүмүүс болох тэд бөлгөө” (С ба Г 76:65, 68–69).
Есүс Христ үхлийг ялсан учраас, дэлхийд төрсөн Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдүүд хэзээ ч дахин үхэхгүй биеийг олж, амилуулагдах болно. Иймээс энэхүү алдар суут үнэний тухай миний болон та нарын гэрчлэл гэр бүлийн хайртай гишүүн буюу найз нөхрөө алдсаны уй гашууг баяртайгаар дахин уулзах найдвар хийгээд амилуулалт үнэн бодитой тухай ойлголтоор солих болно.
Их Эзэн бид бүгдэд амилуулалтын бэлгийг өгсөн юм. Амилуулалтаар бидний сүнс сул дорой байдлаас ангижирсан биетэйгээ дахин нэгдэх болно (Aлма 11:42–44-ийг үзнэ үү). Ээж минь залуухан, гэрэл гэгээ цацарсан, эрч хүчтэй байх бөгөөд насны болон бие махбодын сул дорой байдал нь байхгүй болсон байна. Амилуулалтын бэлэг түүнд бас бидэнд өгөгдөх болно.
Гэвч түүнтэй үүрд хамт байхыг хүсдэг бид бүгд тэрхүү дахин уулзалтад өөрсдийгөө тэнцэхээр болгохын тулд, Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хайртай Амилсан Хүүтэй хамт алдар сууд амьдрахын тулд зөв сонголтууд хийдэг байх ёстой. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын оршихуй бол гэр бүлийн амьдрал үүрд үргэлжилж болох цорын ганц газар мөн. Энэхүү үнэний тухай гэрчлэл нь бидний амьдралд үргэлж нөлөөлж байдаг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлд өөрийгөө болон хайртай хүмүүсээ тэнцэхээр болгохын төлөөх миний шийдвэр төгс байдлыг улам нэмэгдүүлсэн билээ (С ба Г 76:70-ыг үзнэ үү).
Их Эзэн ариун ёслолын залбирлаар дамжуулан мөнх амьдралын төлөөх миний болон та нарын эрэл хайгуулд туслах удирдамжийг бидэнд санал болгосон юм. Ариун ёслолын цуглаан бүрээр баптисмын гэрээгээ шинэчлэхэд биднийг урьдаг билээ.
Бид Аврагчийг үргэлж санана хэмээн амладаг. Тэрбээр үхлийн хүлээсийг тасалж, хэрэв бид бүх нүглээ наманчилбал биднийг уучилж, нигүүлслийг санал болгосон билээ. Бидний өмнөөс хийсэн Түүний хязгааргүй төлөөст талархалтай байхад Түүний золиослолын бэлгэдлүүд бидэнд туслах болно.
Бид Түүний зарлигуудыг сахихаар амладаг. Судруудыг болон амьд бошиглогчдын үгсийг уншиж, ариун ёслолын цуглаанууд дээр сүнсээр нөлөөлөгдсөн үг хэлэгчдийн үгсийг сонсох нь хийсэн гэрээнүүдийг маань бидэнд сануулдаг. Ариун Сүнс тухайн үед сахих нь бидэнд хамгийн их хэрэгтэй байгаа зарлигуудыг бидний оюун ухаан, зүрх сэтгэлд авчирдаг.
Бурхан Ариун Сүнсийг бидэнтэй хамт байлгахаар ариун ёслолын залбирлуудад амласан билээ (Moронай 4:3; 5:2; С ба Г 20:77, 79-ийг үзнэ үү). Тэр үед би Бурхантай хувийн ярилцлага хийж байгаа юм шиг санагддаг. Тэрбээр энэ үед миний анхаарлыг Түүнийг баярлуулах зүйлсийг хийхэд хандуулж, наманчлах болон уучлах хэрэгцээ надад байгааг сануулан, Түүний өмнөөс үйлчлэх хэрэгтэй байгаа хүмүүсийн нэрс ба нүүр царайг надад харуулдаг билээ.
Олон жилийн турш давтагдсан энэхүү туршлага итгэл найдварыг энэрлийн үйлс болгож, Аврагчийн Цагаатгал болон Амилалт нигүүлслийн үүд хаалгыг нээж өгсөнд итгэх баттай итгэлийг надад төрүүлсэн юм.
Есүс бол дахин амилсан Христ, бидний Аврагч, бидэнд төгс үлгэр жишээ үзүүлэгч бөгөөд мөнх амьдрал өөд удирдах хөтөч гэдгийг би гэрчилж байна.