2018
Үйлчлэлээс ирэх өсөлт хөгжил
2018 оны 12-р сар


Сүмд үйлчлэх нь

Үйлчлэлээс ирэх өсөлт хөгжил

Зохиогчид нь АНУ-ын Ютад амьдардаг.

Салбарынхаа шинэ гишүүдэд үйлчлэлээр дамжуулан өсөж хөгжих боломж олгохын тулд дуудлага хурдан өгөх ёстой гэсэн мэдрэмж бидэнд төрөв.

Kaohsiung Seventh Branch

Каошунын 7-р салбар 2001 оны 12-р сард Тайванийн Тайпей ариун сүм дээр байгаа нь.

2000 онд бид Тайванийн Каошун гадасны хамгийн жижигхэн нэгжид салбарын ерөнхийлөгч болон Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчөөр үйлчлэхээр тус тус дуудагдав. Ариун ёслолын цуглаанд манай гэр бүл, дөрвөн идэвхтэй ахлагч болон номлогчдыг оролцуулаад ойролцоогоор 20 хүн ирдэг байлаа. Бид хожим нь Их Эзэн салбарыг маань дүүргэх болно гэсэн найдлага тээн хоёр ахлагчийг номлолд явуулав.

Бид салбарынхантайгаа ажиллаж байхдаа ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) хөрвөгч бүр “найз нөхөр, дуудлагат ажил, мөн ‘Бурханы сайн үгээр тэжээгдэж байх’“1 хэрэгтэй хэмээн хэлсэн зөвлөгөөг саналаа. Шинэ гишүүдэд үйлчлэлээр дамжуулан өсөж хөгжих боломж олгохын тулд дуудлага хурдан өгөх ёстой гэсэн мэдрэмж бидэнд төрөв. Номлогчид сонирхогч бүртэйгээ биднийг танилцуулж, баптисм хүртсэнээс нь хойш хоёр долоо хоногийн дотор тэдэнд дуудлага өгч байв. Тэд бусад гишүүнтэй хамт үйлчилж байхдаа найзалж нөхөрлөдөг байсан.

Шинээр баптисм хүртсэн ах бүр сарын дотор Аароны санваараа хүртэж, бүгд ариун ёслол адисалж, түгээдэг байлаа. Бид мөн тэднийг дараагийн гадасны чуулганаар Мелкизедек санваар авахад нь бэлтгэдэг байв.

Шинэ ахлагчдад ёслолуудыг хэрхэн хийж гүйцэтгэхийг зааж, харин дараа нь тэд шинэ ахлагчдадаа заадаг байлаа. Бид үйлдсэнээр суралцаж, зааснаар сурч мэдсэнээ хадгалж үлддэг гэдэгт итгэдэг. Салбарын гишүүд бие биендээ үлгэрлэн зөвлөж, зааж бас сургаж, мөн дэмжиж туслах үүрэгтэй байв.

Бид гэрийн болон айлчлагч багшлалт, гэр бүлийн үдэш, тойргийн үйл ажиллагаа, хамтдаа хоол идэх зэргийг ашиглан шинэ хөрвөгчидтэй нөхөрлөдөг байсан. Тэд ням гарагт болон ажлын өдрүүдэд шашны зааварчилгаагаар дамжуулан Бурханы сайн үгээр тэжээгддэг байв. Институт хоёр оюутнаас 25 болтлоо өссөн. Бяцхан салбараа тэтгэх зорилгоор бид Тайванийн Тайпей ариун сүмд сар бүр орж мөн үйлчлэхийн тулд автобусаар ирж очиход 10 цаг зарцуулдаг байв. Ихэвчлэн гадас маань ариун сүм явах хоёр дахь автобусаа дүүргэх гэж хичээдэг байж билээ. Салбар маань өсөж, гэр бүлүүд маань ариун сүмийн адислалаас хүртэхээр бэлдэж эхлэх үед бид өөрсдийн автобусыг дүүргэх зорилт тавьсан юм. Гадасны бусад гишүүн ариун сүмийн нэг автобусыг дүүргэж байхад манай жижиг салбар хоёр дахь автобусыг нь эхний жил хоёр удаа дүүргэв. Удалгүй тойрог бүрийг жилд ядаж нэг удаа ариун сүмийн автобусыг дүүргэхийг гадаснаас хүсэх болсон юм.

Хоёр дахь жилдээ хөрвөгчдийн сүмдээ идэвхтэй үлдэх үзүүлэлт 30 хувиас 90 гаруй хувь болтлоо өсөж, ариун ёслолын цуглаан маань 25 идэвхтэй ахлагчийг оролцуулан 100 орчим хүнтэй болтлоо өсөв. Салбар маань тойрог болж, хуучин байрыг маань засварлаж, шинэ цуглааны байр болгосон юм.

Хөрвөгч бүр найз нөхөдтэй болж, дуудлага авч, Бурханы сайн үгээр тэжээгдэж адислагдсан тул хамгийн жижигхэн салбар маань гадасныхаа хамгийн хүчтэй тойрог болсон билээ.

Эшлэл

  1. Gordon B. Hinckley, “Converts and Young Men,” Ensign, May 1997, 47.