Амьдралаа хувийн өсөлт хөгжлийн сэтгэл хөдөлгөм аялал болгох нь
Бурханлаг чадавхдаа хүрэхийн тулд сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдарч, заах ёстой.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байна гэдэг ямар сайхан цаг үе вэ! Их Эзэний хаант улс дахь саяхнаас өрнөж буй өөрчлөлт шинчлэлтийн талаар бодоход, Бурхан биднийг арай өндөрт гарч харахгүй л бол өмнө байгаагаа ч олж харах боломжгүй тийм гайхалтай уул толгод, нуга хөндий, ойн төгөлөөр сэтгэл хөдөлгөм аялалд дагуулан явж байгаа нь илт байна.
Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд бид хайрт бошиглогчтойгоо салах ёс гүйцэтгэж, шинэ бошиглогчоо хайраар дэмжин баталсан. Бид Их Эзэний ажлыг гүйцэлдүүлэхийн тулд Халамжийн нийгэмлэг болон Мелкизедик санваарын чуулгын цуглаануудад хамтдаа зөвлөлдөхөд илүү онцгой анхаарах шинэ арга замыг ашиглах болсон. Үүнтэй адил, бид Их Эзэн дээд пристүүд болон ахлагчдыг нэг чуулгад нэгтгэхийг харж, санваартнууд болон эгч нарын Бурханы хүүхдүүдэд тохинуулах арга замд томоохон өөрчлөлт гарахыг гэрчиллээ. Хэрэв энэ нь та нарыг хангалттай гайхшируулахгүй байвал, Тэргүүн Зөвлөлийн саяхан зарласан хувиараа болон гэр бүлээрээ судраас суралцах үйл ажиллагааны явцыг дэмжих шинэ эх сурвалжууд мөн үүнтэй холбоотойгоор Хүүхдийн хэсэг болон Ням гаргийн ангийн материалуудад хийгдэж буй өөрчлөлтийг бодож үзнэ үү. Харин номлогчийн ажил, гэр бүлийн түүхийн судалгаа, ариун сүмийн ажилд гарч буй ахиц дэвшлийн талаар бүр дурдах ч хэрэггүй байх.
Өөр олон өөрчлөлт гарах нь гарцаагүй. Манай итгэлийн ес дэх тунхагт орсноор “Бурханы илчилсэн бүгдэд бид итгэ[х]” нь хийхэд хамгийн амархан хэсэг нь юм. “Бурханы хаант улсад хамаарах олон агуу хийгээд чухал зүйлийг Тэрээр цаашид илчлэх болно гэдэгт [итгэж],” юу ч байсан хүлээн авахад бэлэн байхад онцгой итгэл шаардагддаг. Хэрэв бид хүсвэл мөрөөдөл маань хэчнээн том байсан ч Бурхан биднийг очно гэж мөрөөдөж ч байгаагүй газар руу аваачих болно. Түүний бодол болон зам яаж ч бодсон биднийхээс хавьгүй өндөр билээ (Исаиа 55:8–9). Нэг талаараа, бид бошиглогч Иосеф Смитийн “Та нар эхийнхээ өвөр дээрх нялх хүүхэд лүгээ адил энэ Сүм болон хаант улсын хувь тавилангийн талаар их зүйлийг мэдэхгүй” гэж хандан хэлсэн Көртланд дахь хүмүүсээс өөр.1
Тэр бидний зүрх сэтгэлийг өөрчлөхийг хүсдэг
Тийм ч гэлээ, бид байсан газраа эргэн хараад, өөрчлөгдсөн журам, шинэ хөтөлбөр, дахин боловсруулан гаргасан гарын авлагуудаас илүү их зүйлийг олж харна байх гэж найдаж байна. Их Эзэний ажлын эцсийн зорилго бол хөтөлбөр биш, харин хүмүүс байсаар ирсэн. Тэрээр байгууллага, хуваарь эсвэл сургалтын хөтөлбөрүүдэд ямар ч өөрчлөлт хийсэн бай, үнэндээ Түүний өөрчлөхийг хүсэж буй зүйл бол та бид юм. Тэр бидний зүрх сэтгэлийг өөрчилж, ирээдүйг маань сайжруулахыг хүсдэг.
Тийм ээ, бид сорилтын дараа цаана нь байх агуу бөгөөд чухал зүйлсийг одоохондоо харж чадахгүй. Гэхдээ бид хүрэх газрынхаа талаар зарим зүйлийг мэднэ.
“Бидний ямар байх нь хараахан үзэгдээгүй. Түүнийг үзэгдэх үед бид Түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид Түүнийг яг байгаагаар нь харах болно” (1 Иохан 3:2).
“Та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ? Үнэнээр би та нарт хэлье, бүр миний адил буюу” (3 Нифай 27:27).
“Та нар түүний бүрэн байдлыг хүлээн авч, мөн би Эцэгт байдаг лугаа адил надаар алдарших болно; тиймийн тул, би та нарт хэлдэг, та нар ач ивээл дээр ач ивээлийг хүлээж авах болно” (С ба Г 93:20).
Та нарт ямар байгааг би мэдэхгүй ч надад бол энэ нь урт удаан боловч баяр хөөрт аялал мэт санагдаж байна. Ийм агуу зорилго нь хэдий том байсан ч гэлээ сайн мэдээг сэтгэл татам, урам зориг төрүүлэгч болгодог гол шалтгаан юм. Сэтгэлийн маань гүнд бидний яагаад дэлхийд ирсэн гэдгийг хэлдэг дуу хоолой, ой санамж байдаг. Бид хамгийн түрүүнд Тэнгэрлэг Эцэгтэй адилхан болохыг хүссэн тул Түүний төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн. Энэ бол хүрэхэд амар бус, хэцүү зорилго гэдгийг бид мэдэж байсан. Гэхдээ бидэнд үүнээс доогуур ямар ч зүйл хангалтгүй юм. Бидний бодгаль өсөж хөгжихийн тулд бүтээгдсэн ба бид мөнх бус оршихуйн өмнөх амьдралдаа болон энд аялахад сүнслэгээр өдөөгдсөн.
Суралцахуй ба болохуй
Сайн мэдээг заах, суралцах, үүний дагуу амьдрах нь бурханлаг чадавхдаа хүрч, Тэнгэрлэг Эцэг, Эхтэйгээ адилхан болохын тулд өсөж хөгжих үйл явцын түлхүүр зарчмууд юм. Заримдаа бид энэ үйл явцыг мөнхийн өсөлт хөгжил гэж нэрлэдэг. Заримдаа бид бас үүнийг хөрвөлт гэдэг. Харин заримдаа бид зүгээр л наманчлал гэж нэрлэдэг. Бид үүнийг юу гэж ч нэрлэсэн бай, энэ нь суралцах үйл явцтай холбоотой. Бошиглогч Иосеф Смит “Та нар өөрсдөө нэгэн жижигхэн хэмжээнээс арай илүү хэмжээнд, багаахан чадвараас илүү дээд чадварт хүрэх замаар … бурхад, хаад болон Бурханы санваартнууд болохыг мэдэх шаардлагатай. …
Та шатаар өгсөх боллоо гэхэд доороос нь эхэлж, дээд талд нь гартал алхам алхмаар өгсдөг биз дээ? Сайн мэдээний зарчмуудыг эзэмших нь үүн лүгээ адил бөгөөд та нар өргөмжлөлийн анхдагч зарчмаас эхэлж, улмаар бүгдийг нь мэдэж авах ёстой” хэмээн хэлсэн.2
Тиймээс, одоо суралцахуйн талаар ярья. Багшлах дуртай надад энэ үг болон санаа таалагддаг боловч би энэ үгийг бидний хэлж заншсанаас арай илүү тодорхой болгох ёстой гэж боддог. Сайн мэдээний зорилгын хувьд мэдлэг хуримтлуулах нь үүний нэг хэсэг боловч энэ нь зөвхөн үүнээс бүрддэггүй. Энэ нь бас зүгээр л идэвхгүйгээр лекц сонсох эсвэл мэдээлэл цээжлэхийг хэлэхгүй. Миний ярьж буй суралцахуй нь өсөлт хөгжил, өөрчлөлт, сайжруулалтад хүргэдэг ойлголт, үнэнийг мэдэхэд хөтөлдөг ба энэ нь эргээд биднийг бүх үнэний Бурханд улам бүр ойртуулдаг юм.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Ариун Сүнс үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлэгчид итгэл үнэмшлийг өгдөг,” энэ нь “Бурханы зарлигуудын дагуу наманчилж, дуулгавартай байх байдлыг дэмжих” итгэлийг хөгжүүлдэг талаар заахдаа суралцахуй болон зүрх сэтгэлийн өөрчлөлтийг авчирдаг хөрвөхүйг хооронд нь холбосон. Хөрвөхүйн эдгээр чухал бүрэлдэхүүн хэсэг биднийг “дэлхийн замуудаас “зүрх сэтгэлийн агуу өөрчлөлтийг авчрагч” Их Эзэний замууд руу … эргүүлдэг.”3
Хэдийгээр, Израилийн арван хоёр овгийн нэрийг мэдэх эсвэл чидун модны ёгтлолын бүдүүвч зургийг зурж чадах хэрэгтэй байж болох ч энэ тухай биш юм. Энэ төрлийн суралцахуй нь бид Бурханы мэддэг зүйлсийн талаар ихийг мэддэг учраас өөрсдийгөө өөрчлөх, өөр байх (илүү сайн байх) тухай юм.
Миний ярьж буй төрлийн суралцахуй нь ангид эсвэл 45 минутын хичээлд багтахгүй тийм өргөн ойлголт юм. Гарцаагүй “бүх зүйл [Түүний] тухай гэрчилдэг” тул судар, бошиглогч, эцэг эх, нарны гэрэл, бороотой өдөр, сүнслэг өдөөлт мөн өдөр тутмын амьдралын сургалтын хөтөлбөрүүд бүгдээрээ бидэнд Бурхан болон Түүний төлөвлөгөөний талаар суралцах боломжийг олгодог (Мосе 6:63). Яваандаа Тэрээр бидэнд зөвхөн сүмд биш, харин хаана ч, хэзээ ч өөрсдийн хүүхдүүд болон найз нөхөдтэйгөө, хөршүүд эсвэл ажлынхантайгаа, автобусан дотор тааралдсан хүн эсвэл дэлгүүрт бидэнд тусалсан ажилтан гээд ердийн цаг үед буюу сурахыг хүссэн аль ч газар, аль ч цагт заахад бэлэн байдаг болохыг бид мэдэж авдаг.
Гэвч өдөр бүр Бурханы бидэнд заахыг оролддог эдгээр бүх үнэн чулуурхаг хөрсөнд эсвэл хогийн ургамлын дунд унаж, хорчийн хатаж эсвэл тэдэнд баригддаг үртэй адил тул бид Алмагийн зөвлөгөөг дагаж, үгсийг турших эсвэл Иаковын хэлснээр зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид болох хэрэгтэй (Марк 4:1–20; Иаков 1:22; Алма 32:27–43-ыг үзнэ үү). Үнэнд суралцаж, түүнийхээ дагуу үйлдэхийг сонгосноор бидний гэрчлэл өсдөг (Иохан 7:17-г үзнэ үү). Харин дараа нь, бид сорилт бэрхшээлтэй үед ч үүнийхээ дагуу амьдарч, үнэнийг өөрсдийн нэг хэсэг болгох үед энэ нь биднийг өөрчилж, үнэний Эцэгтэй илүү адилхан болгодог.4
Сайн мэдээний суралцахуй гэр төвтэй
Тийм учраас бид сайн мэдээг заах, суралцах, үүний дагуу амьдрах нь “гэр төвтэй бөгөөд Сүмийн дэмжлэгтэй” байх хэрэгтэй гэж үздэг.5 Нэгдүгээрт, гэр орон бол бидний цагаа хамгийн их өнгөрүүлдэг газар юм. Бид сүмд өнгөрүүлдэг цагаасаа илүү их хугацааг гэртээ зарцуулдаг нь үнэн (хэт их ачаалалтай ажилладаг бишопуудыг эс тооцвол). Хэчнээн сайн тэжээллэг хоол ч гэлээ, долоо хоногт ганцхан удаа хооллосноор амиа зогоох боломжгүй. Үүнтэй адил, Сүмийн нэг цагийн анги онцгой сайн анги байсан ч “Христийн үгнээс [зооглох]” (2 Нифай 31:20) үндсэн орчин маань байсан ч бид сүнслэг хоол тэжээлийн дутагдалд орох аюултай.
Хоёрдугаарт, гэр орон бол сайн мэдээнээс суралцах, үүний дагуу амьдрах хоёрыг хооронд нь өө сэвгүй, төгс хослуулдаг анги, лаборатори хоёрын аль аль нь юм. Энэхүү амьдралын лабораторийн туршлагыг зөвхөн ангид давтан хийх боломжгүй.
Магадгүй хамгийн чухал нь, гэр орон бол энд гүйцэлдүүлэхээр ирсэн мөнхийн зорилгыг сануулдаг тэнгэрийн цуурай буюу ийм цуурай байж болно. Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг энэ талаар ийн хэлсэн. “Дэлхий дээрх гэр бүлүүд төгс биш ч энэ нь тэнгэрт мэдэрч байсан хайртай нь хамгийн ойр дөхөж очих эцэг эхийн хайраар Бурханы хүүхдүүдийг дэлхийд угтан авах хамгийн сайхан боломжийг өгдөг. Түүнээс гадна гэр бүл нь Бурханы оршихуйд эргэн очиход хөтлөх ёс суртахууны үнэт зүйлс, үнэн зарчмуудыг хадгалж, уламжлуулан үлдээх хамгийн сайн арга зам юм”6 гэжээ.
Эцэг эхчүүд та нарыг би айлгачихав уу даа? Тэгээгүй гэж найдаж байна. Гэр орондоо зааж, суралцаж, амьдрахыг ийнхүү онцолж байгаа нь хувь хүн болон гэр бүлүүдэд нэмэлт ачаа дарамт өгөхийг хүссэндээ биш юм. Үнэндээ энэ нь үүний эсрэг буюу бид гэр орондоо гаргаж буй хүчин чармайлтыг хүлээн зөвшөөрч, дэмжин тусалснаар та нарын үүрч буй ачаа дарамтыг ямар нэгэн хэмжээгээр хөнгөлж чадна. Эсвэл бүр түүнээс дээр, бид “[үүнийг] амархан дааж чадахын тулд” (Мозая 24:15) та нарыг хүчирхэгжүүлж болох юм.
Сүмд сайн мэдээнээс суралцах үйл явцыг дэмжих нь
Сайн мэдээг ангиас гадуур хүлээн авах энэхүү өргөн ойлголт нь ангид суралцахыг чухал биш гэж байгаа юм биш ээ. Мэдээж, утга учиртай суралцах үйл явц сүм дээр цаашид явагдсан хэвээр байгаасай гэж бид найддаг. Үнэндээ гэр төвтэй суралцах үйл явцад Сүмийн хичээлийн туслах үүрэг маш чухал. Гэхдээ амьдралыг өөрчлөхөд туслахын тулд сүм дээр заах үйл явц тэр хүмүүсийн амьдралд болж буй зүйлээс салангид байж болохгүй. Энэ нь багш, суралцагч хоёрын аль алиных нь туршлагатай холбоотой бөгөөд тэдгээрт тулгуурласан байх ёстой.
Тиймээс гарын авлага, самбар эсвэл сандлуудын байрлалд юм уу харилцан ярианы зарим сайн асуултад анхаарлаа төвлөрүүлэх нь буруу гэдэг нь тодорхой. Тухайн хүн Бурханы хүүхэд бөгөөд түүний мөнхийн өсөлт хөгжил бидний хичээл зүтгэл, хайр халамжийн төвд байх ёстой. Бид хүмүүсийн амьдралд хүрэхийг хичээж байгаа бөгөөд сандал, шохой эсвэл дуу бичлэгийн тоног төхөөрөмж нь зөвхөн тэдний амьдралд хүрэхэд туслах үед л тэр зорилгодоо хүрнэ. Аврагчийн хэлснийг дахин хэлье. Багш эсвэл анги нь дэлхийн хамгийн агуу сургаалын толилуулгыг танилцуулж байгаа ч аль ч сургаал гишүүний буюу Бурханы аварч, өргөмжлөхийг ихэд хүсэж буй тэр хүний амьдралд мөн хайранд болон бодол санаа, мэдрэмжинд илрэхгүй бол ямар ашиг тустай байх билээ?
Хичээл хэр сайхан явагдсан, цагийг хэр сайн ашигласан, хичээлийн дараа багш хэр их магтаал сайшаал хүртсэн эсвэл хэдэн ангийн гишүүн хичээлд оролцсон зэрэг нь амжилтын жинхэнэ хэмжүүр биш юм. Амжилт нь тухайн суралцагчийн амьдралд юу болж байгаагаас хамаарна. Хэррэро ах тулгараад байсан асуудлаа шийдвэрлэхэд өөрт нь тусалсан ямар зүйлийг өнгөрсөн долоо хоногийн хичээлийнхээ судраас олсон бэ? Эсвэл ангид тохиолдсон ямар нэгэн явдал өөрт хэрэгтэй хариултаа долоо хоногийн явцад олох чадварыг нь сайжруулсан уу? Түүнийг өөрийн тэрхүү туршлагыг энэ долоо хоногт хуваалцахад Шмидт эгч Бурхан өөрт нь ч гэсэн тусална гэдэгт итгэхэд хэрэгтэй итгэл найдвараа олж авсан уу? (“Бусдыг харснаар та чийрэг болохгүй”-г үзнэ үү.)
Хэрэв та багш бол манай аль нэгэн шинэ сургалтын материалууд дээрээс харах зүйлс тань манай хуучин гарын авлагаас хардаг байсан зүйлээс тань арай өөр байгааг олж харах болно. Та юу хийх мөн хэрхэн хийх талаар тодорхой бус ерөнхий зааврыг олох болно. Энэ нь таныг өөрийн болон зааж буй хүмүүсийнхээ туршлага, сүнслэг өдөөлтийн талаар залбирч, эрж хайх, ашиглахад уриалах зорилготой юм. (“Та найрал дуунд гоцолж байна уу эсвэл удирдаж байна уу?”-г үзнэ үү)
Тэгэхээр, суралцах хичээл нь Шинэ Гэрээ бөгөөд өөрийгөө Ням гаргийн ангийн багш гэж бодъё. Би Матай 5-ын түүхэн цаг үеийн тухай бөөн баримт мэдээлэл, Уулан дээрх номлолын талаар мэргэдийн хэлсэн сүнслэг эшлэл мөн хэрхэн амар тайвныг тогтоогч байх талаар бүтээлч үйл ажиллагаатай ирж, бүгдийг нь хичээл эхлэхээс тав ч хүрэхгүй минутад эмхэлж цэгцлэх шаардлагагүй. Харин үүний оронд би суралцагчдын хийх ёстой зүйлийг буюу Матай 5 дээрх зарчмуудыг судалж, тэдгээрийн дагуу амьдрах ёстой. Цорын ганц ялгаа нь би үүнийг хийхдээ ангийн гишүүн нэг бүрийн талаар, мөн эдгээр зарчим тэдний хувьд ямар утга учиртай байж болох талаар илүү сайн бодож, залбирахад оршино. Дараа нь би ангид, Сүнсний нөлөөн доор, тэднийг Матай 5-ыг судалж, үүний дагуу амьдрахад нэг нэгнээ сэнхрүүлж, дэмжихэд уриална. Би тэдэнд амьдрал, судар дээрх үнэт сургаалуудын хоорондох холбоог харахад тусална. Юуны түрүүнд, би баримт мэдээг итгэл, асуултыг эрэл хайгуул болгохын тулд тухайн цаг мөчид сүнслэг өдөөлт хүлээн авахаар залбирна.
Мэдээж, Хүүхдийн хэсэгт гүйцэтгэх миний үүрэг арай өөр байна. Гэхдээ миний зорилго бол багачуудыг 45 минутын турш зугаацуулах эсвэл хэлэх зүйлээ тасалдуулалгүй хэлэхийн тулд тэднийг чимээгүй байлгах явдал биш юм. Миний зорилго бол тэднийг суралцагч гэдэг үүднээс биеийг нь даалгаж, амьдрал нь сайн мэдээний үнэнүүдээр хэрхэн баяжиж байгааг олж харахад тусалж, тэдний хамгийн чухал сайн мэдээний багш нар болох эцэг эхийг нь дэмжиж туслах явдал юм.
Одоо би эцэг эхчүүдийг гайхшируулсныхаа дараа багш нарыг айлгасан байж магадгүй. Хэрэв тийм бол, би та нарт хоёр зүйлийг батлан хэлье. (1) Та нар хүмүүст зааж байгаа бөгөөд та хүмүүсийг ямар ч хичээлийн гарын авлагаас илүү сайн мэддэг. (2) Сайн мэдээнээс суралцаж, үүнийхээ дагуу амьдрахын тулд гаргаж буй хувийн хүчин чармайлт тань бусдад сайн мэдээг заахад бэлтгэх хамгийн сайн арга зам юм. Амьдралдаа болон заах үйл явцдаа Сүнсийг урин авчрах хамгийн шилдэг арга бол өөрсдөө сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрах явдал гэдгийг сана. Сүнс бол энэ Сүмийн гол багш бөгөөд аз болоход тэр нөлөөнд хязгаар гэж үгүй.
Тэрээр замыг тавьж, зааж чиглүүлсэн
Их Эзэн биднийг сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрах шинэ арга замаар дамжуулан сүнслэг байдлын хувьд өсөлт хөгжлийн шинэ түвшинд өргөн гаргаасай хэмээн бид хүсдэг билээ. Түүний тусламжтайгаар бид сайн мэдээг найз нөхөдтэйгөө хуваалцах болно. Бид үүнийг заавал биелүүлэх үүргийн хувьд биш, харин сайн мэдээ бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг бөгөөд сайн мэдээний зарим үнэнийг хуваалцалгүйгээр амаа нээж чадахгүйдээ хийнэ. Үнэндээ, өөр шашин шүтлэгтэй найзууд маань бидний амьдралд өсөн нэмэгдэх гэрлийг хараад, харсан зүйлсийнхээ заримыг нь ч болов гэр бүлдээ олж авахын тулд номлогчдыг өөрсдийг нь олохоос өмнө өөрсдөө тэднийг олж очих болно. Ариун сүмийн гэрлэлт, гэр бүлийн түүхийн ажил, санваарын хүч болон ёслолууд, ёс суртахууны цэвэр ариун байдал, ядуусыг асран халамжлах зэрэг нь бүгд Христийн гүн гүнзгий хөрвөгдсөн шавь нар Ням гаргийн ангийн бүрэн дүүрэн, зохистой, тогтмол дэмжлэгтэйгээр сайн мэдээнээс өдөр бүр суралцаж, үүнийхээ дагуу амьдарсны үр дүн байх болно. Их Эзэн биднийг үүн рүү удирдан чиглүүлж байгаа бөгөөд энэ нь үнэхээр сэтгэл хөдөлгөм аялал билээ!
Бид “Аврагчийн арга барилаар заах нь” гэдэг хэллэгийг хэрэглэдэг боловч энэ нь улиг домог болсон, нэгэн хэвийн хэллэг хэзээ ч битгий болоосой гэж би найддаг. Үнэндээ бид багш, суралцагчдын хувьд Христтэй адил болж, Түүний заасан арга барилаар сайн мэдээг хуваалцахыг хичээх хэрэгтэй гэдгийг үүгээр дамжуулан илэрхийлж байгаа юм. Энэ бол шавь нартай нэгдэн, Есүстэй хамт том болон жижиг замаар явж, алдагдсан нэгнийг хайж олох боломж. Энэ нь Бийтитудс уул руу олны хамт авиран гарч, Галилейн эрэг дээр бүгдтэй хамт суух боломж. Энэ нь бидний хүн нэг бүрийн хувьд Эзэний хувцасны захад хүрч, эдгээгдэх боломж юм.
Сүмийн хамгийн сэтгэл хөдөлгөм дууллын нэг болох Элэйза Р.Снөүгийн үзэглэсэн дараах шүлгийн үгс надад үргэлж таалагдсаар ирсэн.
Тэр замыг тавьж, зааж чиглүүлэн,
Бүхнийг тодорхойлж,
Бурхны оршихуй бүрэн гэрэлтэх тэнд
Гэрэл, амьдрал, эцэс төгсгөлгүй өдрүүдийг өгнө.7
Ах, эгч нар аа, Тэнгэрлэг Эцэгийн бидэнд бэлдсэн алдар суут ирээдүй рүү та нартай хамт алхаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Би та нарын зүрх сэтгэлийг мэднэ. Та нар Их Эзэнд хайртай мөн Түүний хүслийг гүйцэлдүүлэхийг хүсдэг гэдгийг би мэднэ. Бид Түүний тааллын талаар суралцан, гэрэл ба үнэнийг цуглуулж, өдөр бүр өөрсдийн нэгэн хэсэг болгох юм бол тэрхүү гэрэл бидэн дотор “төгс өдрийг хүртэл улам улам хурц” (С ба Г 50:24; тодотгол нэмэгдсэн) болон өсөн нэмэгдсээр бид Их Эзэнтэй адилхан болсон байх учир Түүнтэй хамт байх боломжтой болно гэдгийг гэрчилж байна.