2018
Амтат Христийн мэндэлсний баяр
2018 оны 12-р сар


Амт мэдрүүлсэн Христийн мэндэлсний баяр

Вилсон Коррэа дос Сантос

Бразилын Пернамбуку

Зураг
lollipops

Зураг чимэглэлийг Эниа Тодд

Гэр бүл маань Христийн мэндэлсний баярыг дурсамжтай үйл явдал болгодог байсныг би ухаан орсон цагаасаа л санадаг. Би Бразилын Порто Алегре Өмнөд номлолд үйлчлэхээр явахдаа Христийн мэндэлсний баярыг анх удаа тэднээсээ хол өнгөрүүлэх нь надад ямар хэцүү байхыг ухаараагүй юм.

Номлолын талбар дахь анхны Христийн мэндэлсний баярын үеэр би гэр бүлийнхэнтэйгээ байхыг хүссэн ч хамтрагчтайгаа хоёулхнаа байв. Би өөрийгөө ихэд өрөвдөж, уйтгар гунигт автаж билээ.

Христийн мэндэлсний баярын өмнөх орой танил гэр бүл маань хамтрагч бид хоёрыг оройн хоолонд урив. Бид үдшийг сайхан өнгөрүүлсэн ч тэдний аз жаргал намайг гэр бүлээсээ хол байгааг маань сануулав. Тэр орой бид гэртээ харьсны дараа би унтаж, маргааш Христийн мэндэлсний баярын өдөр гэдгийг мартахыг хичээсэн юм. Би амьдралдаа анх удаа Христийн мэндэлсний баяр дууссанд сэтгэл уужирч билээ.

Жилийн дараа би өнгөрсөн жилийн Христийн мэндэлсний баяраа эргэн санаж, номлолын талбарт Христийн мэндэлсний баярыг илүү сайхан тэмдэглэхийн тулд юу хийж болох талаар бодов. Өнгөрсөн жилийн уйтгарт мэдрэмжүүд Аврагч дээр биш, өөр дээрээ төвлөрснөөс ирсэн болохыг би ухаарч, Христийн мэндэлсний баяр бол Аврагчийн төрөлтийг дурсан санах цаг мөч бөгөөд Түүний төлөөлөгчийн хувьд Түүнд үйлчилж байгаадаа баярлах ёстойгоо бас ойлгосон.

Хамтрагчтайгаа ярилцаад, бид гишүүд, сонирхогчид, хүүхдүүд болон Христийн мэндэлсний баярын өдөр таарсан хүн бүрд өгөхөөр иштэй чихэр авахаар шийдэв. Бид мөн Христийн мэндэлсний баярын дууллуудыг дуулахаар бэлтгэлээ. Христийн мэндэлсний баярын өдөр хүмүүстэй уулзаж, дуулал дуулж, иштэй чихэр тарааж явахдаа миний зүрх сэтгэл баяр хөөрөөр бялхсан.

Тэр оройдоо гэр рүүгээ явж байх замдаа бид явган хүний зам дээр сууж байгаа настай эрэгтэйтэй тааралдав. Бид түүнээс тэр өдөр Христийн мэндэлсний баярын бэлэг авсан эсэхийг лавлатал тэр тийм гэж хариулаад, хол амьдардаг хүүхдүүдтэйгээ утсаар ярьснаа хэлсэн.

“Танд өгөх бас нэгэн бэлэг бидэнд байна” гэж бид хэлээд, иштэй чихрээ түүнд өглөө.

“Энэ чихэр идэхэд амттай байгаад зогсохгүй, миний сүнсийг ч бас амттанаар дайлах болно” гэж тэр хэлэв.

Би номлолдоо байхдаа зөвхөн өөртөө анхаарсны улмаас хамгийн онцгүй Христийн мэндэлсний баярыг тэмдэглэсэн байлаа. Гэхдээ би бас тэнд байхдаа өөр дээрээ биш, Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлснээр хамгийн сайхан Христийн мэндэлсний баярыг өнгөрүүлсэн юм. Бид Түүнд анхаарлаа төвлөрүүлэхэд Тэрээр Христийн мэндэлсний баяраар мөн жилийн өдөр бүр бидний сүнсийг амттанаар дайлна гэдгийг би мэднэ.