2018
Бошиглогчид Бурхан та нарт хайртай гэдгийг 3 арга замаар нотолдог
2018 оны 12-р сар


Зөвхөн дижитал хэлбэрээр

Бошиглогчид Бурхан та нарт хайртай гэдгийг 3 арга замаар нотолдог

Зохиогч нь АНУ-ын Виржини мужид амьдардаг.

Бошиглогчид бол Тэнгэрлэг Эцэгийн биднийг хэчнээн их хайрладгаа үзүүлдэг олон арга замын нэг юм.

President Nelson speaking

Бурхан өөрт чинь хайртайг та хэрхэн мэддэг вэ? Миний хувьд би үүнийг нар жаргах үзэсгэлэнт цөг мөч, судраас тухайн өдөр төгс зохицсон захиасаа олох юм уу найзуудаасаа сайхан үгтэй мессэж авахдаа мэдэрдэг. Гэхдээ өнөө үед дэлхий дээр амьд бошиглогч байгаа нь Бурханы намайг гэх хайрын илүү хүчтэй гэрч юм. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф “Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ хайртай болохоор тэднийг энэ мөнх бус амьдралд удирдамж болон чиглүүлэггүй үлдээгээгүй юм”1 гэж хэлсэн. Амьд бошиглогчдоор дамжуулан Бурханы хайрыг мэдэрч болох гурван арга зам бий.

1. Бошиглогч бүхэл дэлхийнхний төлөө төдийгүй зөвхөн миний төлөө илчлэлт хүлээн авдаг.

Бүр эхнээсээ л Бурхан бошиглогчдодоо илчлэлт байнга өгсөөр ирсэн. Их Эзэн бидэнд “харин миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил” (С ба Г 1:38) хэмээн хэлсэн. Мормоны Номыг орчуулах, хэвлэх, ариун сүмүүдийг барих, бие биедээ тохинуулахад анхаарах зэрэг орчин цагийн илчлэлтүүдийн учир Сүмийн гишүүд нийтээрээ болон хувь хүнийхээ хувьд адислагдсан.

2012 онд ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) эгч нарыг 19 насандаа номлолд үйлчилж болно хэмээн зарласан явдал миний хувьд амьдралыг минь өөрчилсөн. Тэр мөчид би Бурханаас маш их хайр, итгэл найдварыг мэдэрсэн бөгөөд энэ мэдэгдлийн ачаар би 19 нас хүрээд 6 хоногийн дараа номлолдоо явж чадсан билээ. Тэр үед гаргасан номлолд үйлчлэх шийдвэр маань миний бүхий л амьдралын замыг чиглүүлсэн юм.

Бурхан бошиглогчийн зөвлөгөөгөөр дамжуулан бидэнд онцгой захиасууд өгч, адисалснаар биднийг хайрладаг гэдгээ үзүүлдэг. Гэвч бид анхааралтай сонсож, өөрсдөөсөө “Энэ захиасын аль хэсэг нь надад зориулагдсан бэ?” гэж асуух ёстой. Миний залбирал эсвэл асуултууд бошиглогч, төлөөлөгчдийн захиасаар дамжуулан хариулагдах бүрд Бурхан намайг хайрладаг мөн намайг хэн болохыг мэддэг гэсэн мэдлэгийг Сүнс надад өгдөг.

2. Бошиглогч таны хувийн хөтөч байж чадна.

Тэнгэрлэг Эцэг бидэнд өнөө үеийн бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонг өгсөн. Хэдийгээр тэр та нараас хэдэн үеэр өндөр настай ч Бурханы мэргэн ухаан, зөвлөгөөг хуваалцахад түүний амьдралын туршлага асар том давуу тал болдог юм. Тэнгэрлэг Эцэг бидний хэрэгцээг оюун санаандаа тээсээр ерөнхийлөгч Нэлсонг манай үеийнхэнд зааж, ойлгуулах боломжийг олгохын тулд амьдралынх нь туршлагаар бэлдэж, үргэлжлүүлэн бурханлагаар удирдсаар байгаа.

Ерөнхийлөгч Нэлсон илчлэлт хүлээн авах бүх түлхүүрийг атгадаг. Манай үеийнхний бэрхшээл, хэрэгцээ бүрийг мэддэг бидний Тэнгэрлэг Эцэг бидэнд хэрхэн хамгийн сайнаар зааж, удирдах талаарх илчлэлтийг ерөнхийлөгч Нэлсонд өгдөг. Ерөнхийлөгч Нэлсон “Жинхэнэ мянган жилийнхэн болох нь”2 сэдэвтэй онцгой цугларалтан дээрээ Их Эзэний мянган жилийнхэнд зориулан өгсөн зөвлөгөө, зөвлөмжийг заасан явдал бол Тэнгэрлэг Эцэг ерөнхийлөгч Нэлсонг ашиглан биднийг амьдралын маань туршид удирдан чиглүүлдэг болохын нотолгоо юм.

3. Бошиглогчид биднийг аюулаас сэрэмжлүүлдэг.

Тэнгэрлэг Эцэг биднийг маш их хайрладаг тул бие махбод болон сүнслэг байдлын хувьд аюулаас хол байлгахыг хүсдэг. Бид шуугиант дэлхийн бүх дуу хоолойноос сэрэмжлэх хэрэгтэй ч Бурхан биднийг буруу замаар удирдахыг бошиглогчдодоо хэзээ зөвшөөрөхгүй гэж хайрлангуй амласан учраас бошиглогчдын дуу хоолойд ямар ч үед итгэн найдаж болно. Ерөнхийлөгч Нэлсон биднээс Мормоны Номыг өдөр бүр уншиж, сүнслэг байдлаараа аюулгүй байхын тулд хувийн илчлэлт хүлээн авахыг хүссэн.3 Тэрээр “би таныг хувийн илчлэлт хүлээн авах одоогийн сүнслэг ур чадвараа нэмэгдүүлэхэд урьж байна”4 гэж хэлсэн.

Бошиглогчид бол Тэнгэрлэг Эцэгийн бидэнд хэчнээн их санаа тавьдаг мөн биднийг хэн болохыг мэддэгээ харуулдаг олон арга замын нэг нь юм. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Үлиссэс Соарэс “Бошиглогчдыг өгч байгаа нь Бурханы Өөрийн хүүхдүүдийг хайрлах хайрын тэмдэг юм. Тэд Бурханы болон Есүс Христийн амлалт, үнэн шинж чанарыг Тэдний хүмүүст мэдүүлдэг” хэмээн заажээ.5 Би бошиглогчдын үгсэд итгэж найдан, тэдний зөвлөгөөг анхааран сонссоноор асуултынхаа хариултыг хүлээн авсан. Би Бурханы хайрын эдгээр илрэлд талархдаг.

Эшлэлүүд

  1. Дийтр Ф.Угдорф, “Бидэнд яагаад бошиглогчид хэрэгтэй байдаг вэ?” Ensign, Mar. 2012, 4 эсвэл Liahona, 2012 оны 3-р сар, 4.)

  2. Рассэлл М.Нэлсон, “Жинхэнэ мянган жилийнхэн мэт зогс,” Ensign, 2016 оны 10-р сар, 24–31 эсвэл Лиахона, 2016 оны 10-р сар, 46–53-ыг үзнэ үү.

  3. Рассэлл M.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?” Ensign, Nov. 2017, 60–63 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55–59; “Сүмд зориулсан мөн бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign, May 2018, 93–96 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115–120-ийг үзнэ үү.

  4. Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign, May 2018, 95 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 117.

  5. Улиссэс Соарэс, “Бошиглогчид Ариун Сүнсний хүчээр ярьдаг” Ensign, May 2018, 99 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 123.