Мормоны Ном: Онцгой бэлэг
Клодэт Байби Бөрт
АНУ-ын Вашингтон
Би нөхөртэйгөө хамт Филиппинийн Манила ариун сүмийн номлогчоор үйлчилж байхдаа 2016 оны Христийн мэндэлсний баярын өмнөх орой хэн нэгэнд Мормоны Ном өгөхийг хүсэв. Би уг номын хавтасны дотор талд гэрчлэлээ бичээд, дотор нь Сүмийн талаар хаанаас илүү ихийг олж мэдэх тухай мэдээллийг оруулсан Манила ариун сүмийн ил захидлыг хийв. Тэгээд би өвдөг сөгдөн залбирч, Их Эзэнээс Өөрийн бэлтгэсэн хэн нэгэн рүү намайг хөтлөн аваачихыг гуйв.
Би байрнаасаа гараад, гудамж хөндлөн гарав. Ойролцоох номлогчдыг бэлтгэх төвийн харуул хоёр эрэгтэйтэй ярьж байлаа. Түүнийг “Христийн мэндэлсний баярын мэнд хүргэе!” гэж чанга хэлэхэд надад тэдэнтэй уулзах ёстой мэт мэдрэмж төрж, би тэдний зүг явлаа.
Намайг өөрийгөө танилцуулсны дараа тэр хоёр эрэгтэйн нэг нь номлогчдыг бэлтгэх төвийн цэцэрлэгч, нөгөө нь фермер болохыг би олж мэдэв. Тэд хоёулаа Сүмийн гишүүн байв.
Би тэднээс Мормоны Номыг Христийн мэндэлсний баярын бэлэг болгон авахыг сонирхож байж болох хэн нэгнийг мэдэх эсэхийг асуув. Фермер гайхсан байдалтай хараад, хэдхэн минутын дараа түүнтэй уулзахаар найз нь ариун сүмийн талбайд ирнэ гэдгийг хэлэв. Тэр найздаа Мормоны Ном өгөхийг хүссэн ч түүнд олдохгүй байжээ. Би ч сэтгэл хөдлөн Мормоны Номыг цүнхнээсээ гаргаж ирээд, тэдэнд залбирлынхаа талаар хэлж, фермерт номоо өгөв.
Бид бүгд Сүнсийг мэдэрсэн бөгөөд найз нь Мормоны Номыг уншиж, сайн мэдээг хүлээн авна гэдэгт найдаж байгаагаа фермер илэрхийллээ. Би байр руугаа буцаж явах замдаа Их Эзэнд талархаж, фермерийн найз нь ариун сүмийн талбайд ирнэ гэсэн амлалтаа биелүүлээсэй гэж залбирав.
Ойролцоогоор 15 минутын дараа би НБТ-ийн харуулын үүднээс дуудлага хүлээн авав. Фермерийн найз иржээ. Би түүнтэй уулзахаар тэр даруй явлаа. Тэр худалдааны онгоцны ахмад байсан бөгөөд хоёр хоногийн дараа далайд эргэн гарах гэж байгаа аж. Тэрээр Мормоны Ном өгсөнд надад талархаад, номыг онгоцондоо авч явна гэдгээ хэллээ. Би салах ёс хийхийнхээ өмнө түүний нүд рүү хараад, “Энэ ном үнэн” гэж хэлэв. Ийн хэлэхэд Сүнс надад үнэн болохыг баталж өгсөн юм.
Тухайн Христийн мэндэлсний баяраар би Мормоны Номыг уг ном үнэн гэсэн гэрчлэлийн хамт онцгой бэлэг болгон өгсөн билээ. Би ч бас онцгой бэлэг хүлээн авсан. Энэ нь Их Эзэн залбиралд минь хариулж, сайн мэдээг хуваалцах боломжоор намайг адисалсан явдал байсан юм.