Христийн мэндэлсний баярын бэлгийн жагсаалтдаа Сүнсний бэлгүүдийг нэмэх нь
Би үргэлж гайхалтай сайхан бяслагтай жигнэсэн хачиртай талх хийдэг. Энэ сайхан хоол болон цөөн тооны бусад жороор хийсэн хоолны хамт би өөрийгөө номлолынхоо турш эрийн цээнд хүртлээ амьд сэрүүн, эрүүл саруул байлгаж чадсан юм. Харин дараа нь би гэрлэж, бүгд өөр өөрийн гэсэн амттанд дуртай хүүхдүүдтэй болов. Би хоолныхоо цэсийг баяжуулах хэрэгтэй болж билээ!
Гэсэн хэдий ч оройн хоол хийх ээлжтэй үедээ шинэ хоол хийж туршиж үзэх нь миний хувьд үнэхээр хэцүү байлаа. Юуны өмнө, орой надад цаг бага байдаг байв. Хэдийгээр би олон төрлийн хоол хийхийг хүссэн ч дандаа асуудал гарч ирдэг байлаа. Орцонд ордог зүйлсээ олохгүй эсвэл зарим нь бүр байдаггүй байв. Би ихэнхдээ төлөвлөсөн оройн хоолоо болиод, оронд нь хурдан, амархан хоол хийчихдэг байлаа.
Тэгэхдээ л би энэ тал дээрээ ажиллаж, сайжруулахыг хүсдэг байв. Тиймээс би урьд нь хэзээ ч хийж байгаагүй зүйлээ хийхээр шийдэв. Би сүнслэг бэлгээ нэрээр нь дуудан хэлж, залбирсан юм.
Нэг бэлэг, олон хэрэглээ
Ялангуяа би эмх цэгцтэй байх бэлгийн төлөө залбирав. Тийм ээ, эмх цэгцтэй байх! Бидэнд амтлагчийн тавиур байдаг байсан. Бидэнд мөн халбага сэрээгээ хийдэг шургуулга ч байдаг байлаа. Тийм зүйлс байсаар байхад яагаад ч юм би хоол хийхээсээ илүү хэрэгтэй зүйлээ хайхад хавьгүй их цаг зарцуулж байв.
Би энэ бэлгийн төлөө уйгагүй залбирснаар надад тодорхой санаанууд орж ирэх болсон. Хананд өлгөдөг амтлагчийн тавиур амтлагчуудыг эмх цэгцтэй, гарын доор байлгана. Соронзтой тогтоогчинд (мөн хананд өлгөдөг) хутга болон бусад төмөр халбага, шанагыг тогтоож болно. Эдгээр болон бусад санаагаа хэрэгжүүлснээр хоол хийх ажил маань ихэд хөнгөрөв. Ганга хэрэгтэй юү? Сармистай давс уу? Нунтаг сармис хэрэг болсон уу? Би олоод өгч чадна шүү!
Гэтэл нэгэн хөгжилтэй явдал тохиолдов. Амьдралынхаа өөр хэсгийг бага багаар илүү эмх цэгцэнд оруулах энгийн арга замууд санаанд минь орж ирэх боллоо. Жишээлбэл, гараараа хийсэн гурван давхар угаалгын тавцан маань гэр бүлийг маань амлагдсан нутагт аваачихгүй ч Нифай хүртэл үүнийг барьсан арга замыг үнэлэх байсан. Би үүнийг бага багаар надад орж ирсэн өдөөлтүүдээ даган хийж билээ.
Эмхлэн цэгцлэх сүнслэг бэлэг миний болон гэр бүлийнхний маань амьдралыг төсөөлж байснаас минь хавьгүй ихээр сайжруулсан.
Би асуусан учраас л энэ бүхэн надад ирсэн юм.
Олон бэлэг байгаа ч асуудаг нь цөөн
Төлөөлөгч Паул итгэл, эдгээх бэлэг зэрэг сүнсний олон бэлгийн заримынх нь тухай коринтчуудад заасан (1 Коринт 12:5–11-ийг үзнэ үү). Дараа нь тэрээр “үлэмж агуу бэлгүүдийг хүсэн тэмүүлэхийг” (1 Коринт 12:31) тэдэнд зааварласан.
Хүсэн тэмүүлэх санаа нь яагаад сайн зүйл болох талаар ойлгоход хэцүү байж болох ч энэ тохиолдолд бол хүсэн тэмүүлэх нь зөв зүйтэй зүйл юм. Бусдаас харж болох сүнслэг бэлгүүдийг олж харан, мөн адил бэлгээр адислахыг Бурханаас хүсэж болох тухай бидэнд зааварласан. Үүнийг хийж байгаа бидний итгэл найдвар бол бусдад илүү сайн үйлчилж мөн Бурханы хаант улсыг барих явдал юм (C ба Г 46:26–29-ийг үзнэ үү).
Маш олон бэлэг, бүр сударт цэдэглэгдсэнээс ч хавьгүй олон бэлэг байгаа. Тэвчээртэй байх нь сүнслэг бэлэг юм. Өөдрөг үзэл ч мөн адил. Эр зориг, амар тайвныг тогтоогч байх бэлэг ч бас бий. Далын ахлагч Ларри Р.Лорэнс “Заримдаа би тэнгэрт сүнсний бэлгүүдээр дүүрэн маш том агуулах байгаа бөгөөд асуух итгэлтэй бүх гэгээнтэн хүлээн авах боломжтой гэж төсөөлөн боддог. Харамсалтай нь, ихэнх нь асуудаггүй тул агуулах үргэлж илүүдэл нөөцтэй байдаг”1 хэмээн зааж билээ.
Ахлагч Лорэнс энэрлийн бэлгийн төлөө залбирахаар шийдсэн найзынхаа талаар ярьсан. Тэрээр найзад нь тохиолдсон явдлыг: “Найз маань ‘Би хэдэн сарын турш энэрлээ өсгөн нэмэгдүүлэхийн төлөө онцгойлон залбирсан юм. … Аажмаар, бусдын талаарх миний ойлголт өөрчлөгдсөн. … Би эргэн тойрныхоо хүмүүсийг зүгээр нэг хайрлаад зогсохгүй тэдэнтэй хамт цагийг сайхан өнгөрүүлэх болсон. Өмнө нь би хүмүүсээс зайгаа барьдаг байсан бол одоо хүн бүрийг үнэн сэтгэлээсээ сонирхох болсон’ гэж бичсэн байсан”2 гэж ярив.
Бэлгүүд тань бэлэн, таныг хүлээж байна
Сүнслэг бэлгүүд нь материаллаг бэлгүүдээ бодвол илүү үнэ цэнтэй. Тэдгээр нь үнэндээ хамгийн сайн бэлгүүд юм. Бидэнд судар дээр “хамгийн шилдэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийл” (C ба Г 46:8) хэмээн зарлигласан байдаг.
Христийн мэндэлсний баярын өглөө онгойлгохыг хүсэж байгаа бэлгээс тань гадна хэдэн “хамгийн сайн бэлгийг” онгойлгохыг танаас хүлээж байна гэж төсөөлөн бодно уу. Тэдгээрийг аль хэдийн боож, таныг болон таны эргэн тойрон дахь хүмүүсийг адислахад бэлэн болсон байгаа.
Тиймээс цаг алдалгүй, гуй.