2018
Баяр тэмдэглэх шалтгаан
2018 оны 12-р сар


Баяр тэмдэглэх шалтгаан

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс
Зураг
youth at Be One celebration

Тухайн үедээ насанд хүрсэн байсан хожмын үеийн гэгээнтнүүдэд санваарын талаарх 1978 оны илчлэлт оюун ухаанд арилшгүй мөрөө үлдээсэн үйл явдал байсан юм.

I.

Энэ мэдээ хааяа нэг дуугардаг утасны дуудлагаар дамжин надад ирсэн билээ. Би Бригам Янгийн Их Сургуулийн ерөнхийлөгчийн хүнд үүрэг хариуцлагаасаа холдож амрахаар барьсан уулан дээрх гэрийнхээ хашаанд хоёр хүүтэйгээ ажиллаж байлаа. Над руу ярьсан хүн ахлагч Боид К.Пакэр байсан юм. Тэр надад дөнгөж зарлагдаад байсан санваарын талаарх илчлэлтийн тухай хэлэв. Бид хэчнээн их баярлан хөөрч байгаагаа харилцан илэрхийлсний дараа, би эргээд ажилдаа орлоо. Би зөөж байсан овоолсон шороон дээр суугаад, хөвгүүдээ дуудав. Би тэдэнд Сүмийн бүх зохистой эрэгтэй гишүүн одоо санваарт томилогдох боломжтой болсныг хэлээд, баярын нулимс дуслууллаа.

Санваарын талаарх илчлэлт яагаад ийм баяр хөөрт үйл явдал байсан бэ? Хуулийн мэргэжлээр сурч ажилладаг залуухан эр байхдаа би Нэгдсэн Улсын Баруун төв болон зүүн хэсгийн бүс нутгаар 17 жил амьдарсан юм. Би эдгээр хязгаарлалтыг өөрийн биеэр мэдэрч байсан төдийгүй тэдгээрийг дагаж мөрдөн, шүүмжилж, учир шалтгааныг олох гэсэн хүмүүсийн зовлон, мухардлыг өөрийн нүдээр харж бас хуваалцаж байсан. Би тухайн үед өгөгдсөн шалтгаануудыг судалсан ч аль ч үнэнийх нь баталгааг мэдрэхгүй байв. Би залбирч судалсныхаа үр дүнд Их Эзэн ерөнхийдөө Өөрийн үйлчлүүлэгчид өгдөг зарлиг, удирдамжуудынхаа шалтгааныг бараг өгдөггүй болохыг сурч мэдсэн. Би зөн билэгтэй удирдагчдадаа үнэнч үлдэж, эдгээр хязгаарлалтыг тавихад өгөгдсөн амлалтын дагуу бүх хүн санваар болон ариун сүмийн адислалаас хүртэх тэр өдөр ирэхийн төлөө залбирахаар шийдсэн билээ. Харин 1978 оны 6-р сарын 8-нд тэр өдөр ирэхэд би баярын нулимс унагаан, мэлмэртэл уйлж байлаа.

II.

1978 оноос хойш Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд болон гишүүдийнх нь амьдралд юу болж байгааг бодож үзэх юм бол бидэнд баярлан тэмдэглэх олон шалтгаан гарч ирэх болно.

Байгууллагын хувьд Сүм санваарын талаарх илчлэлтийг шууд ажил хэрэг болгосон. Санваар хүртээх ёслол болон ариун сүмийн эрхийн бичгийг тэр даруй өгч эхэлсэн. Тухайн хязгаарлалтыг яагаад тавьсныг тайлбарлах гэж оролдон, бүр Сүмийн нөлөө бүхий удирдагчдын өгсөн байсан шалтгаануудыг тэр даруй, олны өмнө үгүйсгэв. Их Эзэн бошиглогчоороо дамжуулан ярьсан бөгөөд Сүм ч дуулгавартай дагасан юм.

Үүнтэй харьцуулахад, энэ нь гишүүдийн зүрх сэтгэл, бодит амьдралд өөрчлөлтийг шууд, нийтэд нь авчирсангүй. Зарим нь илчлэлтийн үр нөлөөг тэр даруй талархан, элэгсэг найрсгаар хүлээн авч байхад, зарим нь бага багаар хүлээн авч, харин зарим нь бүр өнгөрсөн 40 жилийг оролцуулан хувийнхаа амьдралаас дэлхий даяарх олон хүнд зовлон шаналал авчирсан арьсны өнгөөр ялгаварлах хандлагаа хаяж чадаагүй юм. Зарим нь бүр эргэж харах, хүчингүй болсон хязгаарлалтуудын шалтгааныг эрэлхийлэх, өнгөрснийг дахин нэг шалгахад анхаарлаа хандуулахыг хүсэж байлаа. Гэхдээ ахмад удирдагчдыг оролцуулан Сүмийн дийлэнх хүн улирч өнгөрсөн зүйлд урам хугарахын оронд ирээдүйд нээгдэх боломж бололцоонд анхаарлаа төвлөрүүлсэн. Ихэнх нь Их Эзэний мэргэн ухаан, цаг хугацааны сонголтод итгэж, Түүний бошиглогчийн удирдамжийг хүлээн авсан. Ингэснээр бид Түүний “Мөн түүний хувьд нэг нь бусдын адил эрхэм болой” (Иаков 2:21) гэсэн зөнт сургаалын мөнхийн ач холбогдлыг ухааран ойлгосон билээ. Ингэснээр бид бас үүрдийн сайн мэдээг “бүх үндэстэн, ястан, хэлтнүүд хийгээд хүмүүст” (С ба Г 42:58) заах гэсэн Их Эзэн Есүс Христийн зарлигийг биелүүлэх шинэ хөшүүргийг хүлээн авсан.

III.

Илчлэгдээгүй зүйлс юм уу өмнө нь өгөгдсөн тайлбаруудыг өөрсдийн хязгаарлагдмал ойлголтоор ойлгох гэж хичээх нь гагцхүү хоосон таамаглал, урам хугаралтад хүргэнэ. Ийм зүйлд санаа зовж байгаа хүмүүст бид хайраа мөн доорх онцгой урилгыг өргөн барья. Бүгдээрээ итгэлдээ нэгдмэл байж, урагш харцгааж, “мөн тэрээр бүгд өөрт нь ирж мөн өөрийнх нь сайн сайхныг хүртэхийг урьдаг; мөн тэрээр хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм, түүнд ирэх хэнээс боловч үл татгалздаг” (2 Нифай 26:33) хэмээх Их Эзэний амлалтад найдацгаая.

Биднийг ирээдүй рүү харахад санваарын илчлэлтийн үзүүлсэн хамгийн чухал нөлөөнүүдийн нэг бол Бурханы хүүхдүүдийн эсрэг аливаа гадуурхах хандлагыг үгүй хийх бурханлаг дуудлага юм. Өнөө үед арьс өнгөөр ялгаварлах нь гадуурхлын хамгийн түгээмэл эх сурвалж бөгөөд бид бүгд үүнд наманчлахаар дуудагдсан. Гэхдээ түүхийн туршид, Бурханы олон бүлэг хүүхэд яс үндэс, соёл, үндэстэн, боловсрол эсвэл санхүүгийн байдлаасаа болж гадуурхан хавчигдаж, хохирсоор ирсэн билээ.

Бид Бурханы авралын агуу төлөвлөгөөний талаар мэдлэгтэй, үүрэг хариуцлагыг нь үүрсэн Түүний үйлчлэгчдийн хувьд мөн байгууллага болон хувь хүнийхээ хувьд хувийн бүх гадуурхах үзлээсээ салахад өөрсдийн хандлага, үйлдлийг яаралтай бэлдэх ёстой. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Өнгөт Арьстан Хүмүүсийн Дэвшлийн Төлөөх Үндэсний Холбооны албаны хүмүүстэй саяхан хийсэн уулзалт дээр: “Бид хамтдаа бүх хүн, байгууллага, мөн засгийн газр[ууд]ыг бүх төрлийн гадуурхах үзлээс салж, илүү боловсон ажиллахад уриалж байна”1 гэж хэлсэн.

Бид гадуурхах хандлага, үйлдлээс салахаар нэгдсэн ч ариун сүмд ороход зохистой байхад тавигддаг Их Эзэний шаардлагыг дагах дүрмүүдийг өгч байгаа нь Сүмийн хувьд гадуурхаж байгаа хэрэг биш гэдгийг санах ёстой. Их Эзэн гэрээ, зарлигуудад дуулгавартай байх нь ариун нандин адислалуудаас хүртэхэд зайлшгүй шаардлагатай гэдгийг тунхагласан. Мөнх амьдрал, мөнхийн гэр бүлд тавигддаг бурханлаг шаардлагуудыг арилгах гэсэн аливаа оролдлого бол Сатаны “бүгд аврагдах болно” гэсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг хичээхтэй адил юм. Мөнх бус бид Сатаны төлөвлөгөөг мөнх бус байдлын өмнөх амьдралдаа аль хэдийн хүлээн зөвшөөрөөгүй. Бид бүгдэд адил тэгш үйлчилдэг сонгох эрхийг болон мөнхийн гэрээ, зарлигуудыг сахих боломж олгодог Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөөг сонгосон. Бурханы тэгш эрхийн үр дагавар бүгдэд адил байхгүй ч бүгдэд адил тэгш боломж олгоно гэсэн үг юм.

IV.

Энэ ойн хөтөлбөрийн зорилго бол санваарын тухай илчлэлт өгөгдсөний 40 жилийн ойг урагш харан тэмдэглэх явдал юм. Ингэхдээ бид африк гаралтай, ялангуяа гадуурхлыг үгүй хийх шилжилтийн хүнд хэцүү үед итгэлтэй, үнэнч хэвээр үлдсэн Америкийн африк гайхалтай гишүүддээ онцгой талархал илэрхийлж байна. Одоо бид хамтдаа дэлхий даяарх Бурханы хүүхдүүдийг адисалсан 1978 оны илчлэлтийн дараа үзүүлсэн гайхамшигт үр дагаварт анхаарлаа хандуулцгаая. Тухайн үед зөн билэгт удирдагчид маань ингэж тунхаглажээ.

“Их Эзэн эрх мэдэл бүхий үйлчлэгчдийнх нь дуу хоолойг анхааралтай сонсож, сайн мэдээний адислал бүрийг хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэх дэлхий даяарх бүх хүүхдээ адислах Өөрийн тааллыг [мэдүүллээ].”2

Одоо гивлүүрийн хоёр талд байгаа Бурханы хүүхдүүдийг адислах ариун сүм олон улс оронд баригдаж байна. Дэлхий дээр ч тэнгэрт ч бид хамтдаа баясан цэнгэх болно. Энэ бол Мормоны Номын бошиглогчоор дамжуулан “тэрээр хэнд ч өөрийн авралыг бүү хүрт хэмээн үл зарлигладаг билээ” (2 Нифай 26:24) хэмээн тунхагласан, мөн өнөө үеийн бошиглогчоор дамжуулан “хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой” (C ба Г 38:27) гэж тунхагласан Түүний Хоёр дахь ирэлтийн бэлтгэлийн нэг хэсэг юм.